Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 793

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,улсын яллагч Б.Ундрах (томилолтоор), шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908025200794 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт О-ийн Б, 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний үйлдвэрийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эгч, ах, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 67 дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар*** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын *** тоот С.С-ийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 32 инчийн Хайер маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт О-ийн Б нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын *** тоотод оршин суух С.С-ийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, 32 инч хэмжээтэй“Haier”загварын зурагтыг нууцаар авч явж, бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч О.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг,

2. Хохирогч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ гараад орой 20 цаг 30 минутын үед ирэхэд манай гэрийн цоожны цүүг хашин хаалгыг бага зэрэг эвдэн гэрийн  хойморт байрлуулсан цагаан өнгийн тавиур дээр  байсан зурагтын антеныг салган, зурагтыг удирдлагатай нь авч явсан байсан. Тэр зурагтыг баруун орны ард байрлах зурагтын хайрцагт хийгээд явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас),

3. Иргэний нэхэмжлэгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хишигт ломбардад ажилладаг ба цагаан сараал өнгийн ноосон цамцтай залуу орж ирээд 32 инчийн Haierзагварын зурагтыг 120,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэр залуу ажил явдал гараад мөнгөний хэрэг байна гэж яриад байсан санагдаж байна. Би тэр залууг харвал танина. Зээлийн гэрээг нь харахад О овогтой Б гэх хүн байсан /***/. Тухайн өдөр манай камер ажиллаагүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас),

4. Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын *** тоот хаягтай хашаатай...5 ханатай монгол гэрт: Уг гэрийн хаалганы рам хэсэгт Стилар гэсэн бичигтэй цоож дүүжлээтэй байх ба уг хаалганы цүү нь мултарч хадаас нь гарч онгойсон байх ба хаалганы онгойх хэсгээс доош чиглэлд  28см сэтэрч хагарсан байдалтай байсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3дугаар хуудас),

5. Шүүгдэгч О.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй өөрийн төрсөн эгч Э түүний нөхөр 2 хүүхдийн хамт тавуулаа амьдардаг. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би гэрээсээ гараад С эгчийн гэрт очсон. Тэгэхэд гэрт нь хүн байхгүй, хаалга нь цоожтой байдалтай байхаар нь хаалганых нь  цоожтой хэсгийг  чанга татахад хаалганы цүү байдаг хэсэг нь салчихсан. Тэгээд дотогш ороод гэрийнх нь хойморт тавиур дээр байх хар өнгийн 32 инчийн хэмжээтэй Haier загварын зурагтыг антенаас нь салгаад тэгээд зүүн талд байх орны ардаас нь зурагтынхайрцгийг нь гаргаж ирээд зурагтаа хийгээд удирдлагыг нь аваад гарсан. Тэгээд хаалгыг нь онгорхой орхиж гараад Хархорин захын буудал дээр буугаад Хишиг нэртэй ломбардад хайрцаг, удирдлага бүх юмтай нь 120,000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. Тэгээд мөнгө аваад өөрөө хэрэглээд, хоол унданд ороод дууссан. С эгч бол надтай яг төрөл садны холбоо хамаарал байхгүй. Би уг нь мөнгө асуух гэж очсон юм. Тэгээд байхгүй болохоор нь мөнгөтэй болох зорилгоор хулгай хийсэн. Надад тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан бөгөөд би хүнд өртэй байсан. Түүнийгээ өгөх гэж байсан. Би өмнө тэднийд орохдоо зурагт байдаг, хайрцаг орон доор нь байдаг гэж мэдэж байсан. Тэгээд л гэнэт зурагтыг нь авчихъя гэж бодож авсан юм. Би ганцаараа дээрх гэмт хэргийг үйлдсэн. Би хохирогчид учирсан хохирол болох зурагтыг өгсөн. Мөн тухайн ломбардын 120,000 төгрөгийг өгсөн байгаа....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 63 дугаар хуудас),

6. Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...1 гэсэн дугаарын зурган дээр байгаа залуу манай ломбардад зурагт тавьсан...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 38 дугаар хуудас),

7. Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний “...32 инч хэмжээтэй Haier загварын зурагтыг 350.000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн тайлан (хх-ийн 46 дугаар хуудас),

8. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 42-43 дугаар хуудас), “Хишигт” зээлийн үйлчилгээний тасалбар (хх-ийн 44 дүгээр хуудас), шүүгдэгч О.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 67 дугаар хуудас),оршин суух газрын тодорхойлолт (хх-ийн 70 дугаар хуудас), урьд дөрвөн удаа ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 72 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хх-ийн 73 дугаар хуудас) зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаасхулгайлагдсан эд зүйл болох 32 инчийн “Haier”загварын зурагтыг 350,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тулгэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 350,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч О.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч С.С-ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн“хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Б хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дээр дурдсан нотлох баримтуудаар батлагдсан тул түүнийг яллах үндэслэл болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч О.Б-ийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.С нь хулгайлагдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээн авсан, иргэний нэхэмжлэгч болох Хишигт ломбард ньөөрт учирсан гэм хороо арилгуулж, зээлийн төлбөрөө хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч О.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

            Шүүгдэгч О.Б нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б-д хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Б нь бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй,тэрээрбусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,“цагдан хорих”таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт О-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасанхулгайлах” гэмт хэргийгхүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч О.Б-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан нэгжилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Шийтгэх тогтоолыггардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчгомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-д авсан “цагдан хорих”таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА