Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2016/00485

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, *****регистрийн дугаартай, Б овогт С-ы Жын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1983 оны 09 дүгээр сарын 15-наас 1994 оны 4-р сарын 30-ны хүртэл бульдозерчин /тракторчин/-оор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч С.Ж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие Усны аж ахуйн удирдах газарт бульдозерчин /тракторчин/-оор 1983 оны 09 дүгээр сарын 15-наас 1994 оны 4 дүгээр сарын 30-ны хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй архиваас гарахгүй байна. Хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох учир нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1983 оны 09 дүгээр сарын 15-наас 1994 оны 4-р сарын 30-ны хүртэл 10 жил 5 сар 15 хоног бульдозерчин /тракторчин/-оор ажиллсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Анх шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг тодруулж Баян-Өлгий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1983 оны 09 дүгээр сарын 15-наас 1994 оны 4 дүгээр сарын 30-ны хүртэл хүнд мехнизмын жолооч, бригадын дарга, бульдозерчин /тракторчин/-оор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Ж нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг тодруулж Баян-Өлгий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1983 оны 09 дүгээр сарын 15-наас 1994 оны 4 дүгээр сарын 30-ны хүртэл хүнд механизмын жолооч, бригадын дарга, бульдозерчин /тракторчин/-оор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 318 дугаар архивын лавлагаанд: ... УААУГ-ын 1994 оны тушаалыг архивт шилжүүлээгүй тул С.Жт холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэсэн боловч хүсэлт гаргагч С.Ж нь Баян-Өлгий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1983 оны 09 дүгээр сарын 15-наас 1994 оны 4-р сарын 30-ны хүртэл хүнд механизмын жолооч, бригадын дарга, бульдозерчин /тракторчин/-оор ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:

-Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон 1983 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн БНМАУ Баян-Өлгий аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 149 дугаар тушаалын 2 дахь заалтад ...Жыг 09 дүгээр сарын 15-наас хүнд механизмын жолоочоор ... томилсон байдал,

-1991 оны 07 дугаар сарын 15-ний өдрийн БНМАУ Баян-Өлгий аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын Ажлаас чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулах тухай 87 дугаар тушаалын 2 дахь заалтад бэлчээр усжуулалтын хэсэгт усжуулагч-бульдезорчиноор ажиллаж байгаа С.Жыг бригадын дарга, бульдозорчинаар ... 1991 оны 07 дугаар сарын 01-нээс ажиллуулсан байдал,

- 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БНМАУ Баян-Өлгий аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын Ажлаас чөлөөлөх ба шилжүүлэн ажиллуулах хослон ажиллуулах тухай 119 дугаар тушаалын 1 дэх заалтад ...өөр ажил шилжин ажиллах болсон тул ... бэлчээр усжуулалтын хэсгийн угсрагч Д.Ө, бригадын дарга бульдезорчин С.Ж нарыг 10 дугаар сарын 25-наас ... үүрэгт ажлаас нь чөлөөлж , уг тушаалын 2 дахь заалтаар ... 10 дугаар сарын 28-наас бэлчээр усжуулалтын хэсэгт бригадын дарга угсрагчаар Д.Ө, бульдезорчингаар С.Ж нарыг ... шилжүүлэн ажиллуулсан байдал,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 318 дугаар архивын лавлагаагаар Усны аж ахуйн конторын цалин хөлсний баримтаас тракторчин С.Жын 1993,1994 оны цалин хөлсний баримтыг маягтад тодорхойлж хүргүүлэв гэсэн ба С.Ж нь тракторчиноор 1993 оны 01-04,11-12, 1994 онд 01-04 дүгээр сар хүртэл ажилласан хоног, авч байсан цалингийн талаар тодорхойлолт,

-1977 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн №381919 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхэд: С Жулбарс, 1961 онд төрсөн, гишүүнд элссэн 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, гишүүний гарын үсэгтэй, ҮЭ-ийн зөвлөлийн дарга Д гэж нэрээ бичиж тамга дарж 1983 оны 08 дугаар сараас 1989 он хүртэл татвар төлсөн байдал,

-1989 оны 07 дугаар сарын 08-ний өдөр УААБУКонторын намын үүр, захиргаа, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн үүр зэрэг байгууллагаас олгосон Баярын бичиг, 1986 оны 05 дугаар сард МАХН-ын Төв хороо, МҮЭ-ийн төв зөвлөл, БНМАУ-ын сайд нарын зөвлөл, МХЗЭ-ийн төв хорооноос олгож байсан Диплом, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн 1990 оны 12-р сарын 30-ны өдрийн 04-р тогтоолоор олгосон VIII таван жилийн гавшгайч цол тэмдэг, үнэмлэхийн хамт, орон нутгийн сонинд гарсан мэдээлэл,

-1985 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээлгэсэн №131478 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд С Ж, 1961 оны 02 дугаар сарын 17-ний өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, экскваторчин, бульдезорчин, хөдөлмөрийн дэвтэр олгосон УААУГазрын боловсон хүчний даргын туслах Т.Шопан гэж бичиж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна. Уг дэвтрийн 4-5 дугаар хуудсанд УААУГазрын даргын 1983 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 149 тоот тушаалаар 09 дүгээр сарын 15-ны өдрөөс Усны аж ахуйг удирдах газарт механизм тракторчиноор авч ажиллуулсан гэж бичсэн боловч аймгийн архиваас хуулбарлаж олгосон уг тушаалд С.Жыг механизм тракторчиноор биш хүнд механизмын жолоочоор томилсон байна.

-1979 оны 06 дугаар сарын 28-ний өдөр БНМАУ Сайд нарын Зөвөлийн Улсын тусгай дунд, техник-мэргэжлийн боловсролын хорооноос №002135 дугаартай бульдозерч экскаваторч скреперч грейдерчин үнэмлэх олгосон байна.

-Хамт ажилласан гэх ****регистрийн дугаартай М.С, ****регистрийн дугаартай Ж.Ш нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: С.Ж нь Усны аж ахуйн барилга угсралтын конторт 1983 оны 09-р сарын 15-наас Булдозерчин-механизатороор орж ажиллаж байсан юм. Ажиллаж байх хугацаанд Улаандэл, Мандах, Харгант, их булан, зэрэг усжалтын системийн газар шорооны ажлуудыг хийж гүйцэтгэж байсан нь үнэн болохыг тодорхойлов. Тухайн үед М.С миний бие тус конторын ерөнхий инженерийн албан тушаалтай ажиллаж байсан болно гэх,

Хамт ажилласан гэх ******регистрийн дугаартай М.Сын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 1943 онд төрсөн. Баян-Өлгий аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1972 онд ерөнхий нягтлан бодогчоор, 1991 оноос УАА-н ХХК-д захирлаар, 1998 он хүртэл ажиллаж байсан. 1983 оны 09-р сараас С.Ж нь хүнд механизмийн механизатоор, бульдозерчинаар Усны аж ахуйн усжуулалтын системийн отрядад 1994 оны 5-р сар хүртэл ажиллаж байгаад ажлын хүрээ багасаж ажилгүй болсны улмаас орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн нь үнэн болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч С.Жын Баян-Өлгий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1983 оны 09 дүгээр сарын 15-наас 1994 оны 4 дүгээр сарын 30-ны хүртэл хүнд механизмийн жолооч, бригадын дарга, бульдозерчин /тракторчин/-оор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *****регистрийн дугаартай, Б овогт Сы Ж нь Баян-Өлгий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1983 оны 09 дүгээр сарын 15-наас 1994 оны 4 дүгээр сарын 30-ны хүртэл хүнд механизмийн жолооч, бригадын дарга, бульдозерчин /тракторчин/ ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ