| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0800/Э |
| Дугаар | 803 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 803
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,улсын яллагч Ц.Гансүлд, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908029421007 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-ын О, Монгол Улсын иргэн,1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Э” ХХК-д жолооч ажилтай, ам бүл дөрөв, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3а хэсэг, Улиастайн гудамжны **** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Д-ын гар утасны сим картыг өөрийн гар утсанд хийж, мобайл банкийг нь ашиглан түүний Хаан банкны дансанд байсан 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн банкны данс руу шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Б-ын О нь2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Д-ын гар утасны сим картыг өөрийн гар утсанд хийж, түүний мобайл банкийг ашиглан Хаан банкин дахь данснаас нь 400,000 төгрөгийг зөвшөөрөлгүйгээр өөрийн данс руу шилжүүлэн авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Хохирогчийн мобайл банк нь 2 данстай байсан бөгөөд нэг данс нь мөнгөгүй байсан юм билээ. Харин түүнийг явсны дараа би нөгөө дансыг нь шалгахад мөнгөтэй байхаар нь өөрийнхөө данс руу шилжүүлсэн юм. Би гэм буруугаа сайн дураараахүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр гэртээ байж байтал манай дүү магнай манай машиныг аваад хот уруу орохоор яваад буцаж ирэхдээ О залууг дагуулаад ирсэн. Тэгээд дүүг ирэхээр нь 19 цагийн үед машиндаа суугаад шатахуун түгээх станцруу бензин хийхээр очсон ба мөнгөө өгөх гэтэл утасны цэнэг дуусчихсан байхаар нь О гэх залуугийн утсанд сим картаа хийж 40,000 төгрөг авах гэсэн чинь үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн. Тэгээд сим картаа авах гэтэл таны сим картыг хаячихсан гэхээр нь яаж байгаад хаячихсан юм бэ гэхэд сим картыг чинь утаснаасаа авчхаад алга болгочихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би тоогоогүй явсан бөгөөд маргааш нь сим картаа сэргээсэн чинь утсанд 2019 оны 05 дугаар сарын 19-ны орой 20 цагийн үед 5033369294 гэсэн данс уруу 400,000 төгрөг шилжүүлсэн зурвас ирсэн. Тэгээд би Хаан банкнаас лавлаж асуухад О гэдэг хүний данс руу шилжиж орсон байна гэж хэлсэн. Тэгээд би дүү Б-гаас О гэх залууг асуухад би сайн танихгүй халуун усны газрын үүдэнд байхаар нь танилцсан хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би цагдаад өргөдөл гаргаж өгсөн юм. Миний мобайл банкны нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй бөгөөд тухайн өдөр мөнгө шилжүүлэх гэж О гэх залууд хэлж байсан. Тэр залуу нь өөрийгөө автобусны жолооч гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас);
3. Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О гэх хүнийг сайн танихгүй. Би тухайн өдөр нэлээд согтуу байсан болохоор Нисэх орох замдаа танилцаад гэртээ дагуулж ирсэн юм. Би тухайн өдөр нэлээд согтуу байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байгаа. Маргааш нь Д ах намайг сэрээгээд Одбаяр гэх хүн таних уу Миний данснаас мөнгө авсан байна гэж ярьж байсан. Тухайн өдөр Д ах бие өвдөөд байна гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Д, О бид гурав шатахуун түгээх станц дээр очоод бензин аваад мөнгө шилжүүлэх гэсэн чинь утасны цэнэг дуусчихлаа гээд О-ын утсанд сим картаа хийгээд мобайл банкны нууц үгээ хэлж байсныг санаж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас);
4. 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Д-ын “Хаан” банкны 5019464183 дугаартай данснаас Б.О-ын “Хаан” банкны 5033369291 дугаартай данс руу 400,000 төгрөг шилжсэн тухай баримтууд(хх-ийн 31, 36дугаар хуудас);
5. Шүүгдэгч Б.О-ын яллагдагчаар өгсөн: “....тухайн үед согтуу байсан тул унааны 40,000 төгрөг авах гэж байгаад 400,000 төгрөг шилжүүлээд авсан юм. Би хэнд ч хэлэхгүйгээр өөрөө нууцаар авсан. Шатахуун түгээх станцаас бензин авах үед надад нууц дугаараа хэлж байсан. Тэгээд би мэдэж байсан тул дахиад өөрөө хийхэд орж байсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52-53 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 39 дүгээр хуудас),“Эрдэм Транс” ХХК-ийн тодорхойлолт (хх-ийн 117 дүгээр хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44 дүгээр хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Д нь өөрт учирсан хохирлоо бүрэн бүтэн хүлээж авсан, гомдол саналгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт (хх-ийн 59 дүгээр хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоонөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж 5 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдалд тохирсон бөгөөдтүүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнгэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан Шүүгдэгч Б.О-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахьзаалтад зааснаар шүүгдэгч Б.О-т 5 (тав) сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Б.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыггардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчгомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О-т урьд авсан “хувийн баталгаа гаргах”таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА