Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01521

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/04450 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******-д тус тус холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

*******, ******* нар нь зарын дагуу *******, түүний захирал *******тэй холбогдоод 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчтай очиж уулзаж, тухайн орон сууцыг үзэж сонирхоход барилгын гадна хэсгийн угсралт бүрэн дууссан, барилгын дотоод засал, засварын ажил үлдсэн байдалтай байсан. Хариуцагч нарын зүгээс уг орон сууц 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад орно гэсэн тул хариуцагч ******* болон ******* нартай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ташгайн аманд баригдаж буй ******* хотхоны В блок 1 давхрын В тоот 62 м.кв талбай бүхий орон сууцыг террасын хамт 105,000,000 төгрөгөөр тооцон худалдан авахаар тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу “Орон сууц захиалан бариулах” гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нар нь гэрээний 3.2-т заасны дагуу миний бие 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч ******* эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс руу 50,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 75,000,000 төгрөг буюу орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж барагдуулсан. Гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 30,000,000 төгрөгийг орон сууцны гэрчилгээ гарсны дараа төлөх ёстой байсан боловч хариуцагч ******* нь орон сууцны дотоод заслыг хийхэд мөнгө шаардлагатай байна гэсний дагуу дахин 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нийт 85,000,000 төгрөгийг *******-ийн захирал ******* Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ бид зохих ёсоор биелүүлсэн. Нэхэмжлэгч нарын зүгээс орон сууцны үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа болно.

Гэтэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр танай шүүхэд гаргасан хариу тайлбартаа дээрх орон сууцыг ашиглалтад оруулах боломжгүй гэдгийг мэдэгдсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 3.2-т худалдагч тал *******-ийн 9011576080/6012914 нэгж талбарын дугаартай газар дээр баригдаж байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Ташгайн ам хаягт байрлах 86 м.кв байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө гаргаж өгнө. Үндсэн захиалгын дагуу гэрчилгээ гарах хүртэл хугацаанд дэд захиалгын энэхүү 86 м.кв орон сууцыг худалдан авагч ямар нэг нэмэлт төлбөр төлөхгүйгээр эзэмшинэ. Үндсэн захиалгын 62 м.кв орон сууцны гэрчилгээ гарахгүй болох нь тодорхой болсон тохиолдолд ямар нэг нэмэлт төлбөргүйгээр дэд захиалгын 86 м.кв байрыг худалдан авагч эзэмшинэ гэж тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу 2022 оны 02 сарын 14-ний өдөр дээрх Хан- Уул дүүрэг, 8-р хороо, Морин тойруулга наадамчдын талбай *******т байрлах ******* улсын бүртгэлийн дугаартай 85 м.кв талбайтай АОС-ын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар 2022/02-14 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г мөн байгуулсан бөгөөд уг гэрээнд дээрх үл хөдлөх хөрөнгийн хаягийг 981/15 гэж, талбайн хэмжээг 86 м.кв гэж бичигдсэн байдаг. Учир нь гэрээ байгуулж байх үед уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ гарах үед хаяг, талбайн хэмжээ өөрчлөгдөж гарсан байна. 62 м.кв байрны гэрчилгээ гарах боломжгүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул дээрх гэрээний 3.2-т заасан дээрх заалтын дагуу Хан-Уул дүүрэг, 8 дугаар Морин тойруулга наадамчдын талбай 981/*******т байрлах ******* улсын бүртгэлийн дугаартай 85 м.кв талбайтай АОС-ын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэж үзэж байна. Дээрх орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Тус хэрэгт хариуцагч талаас барилгын дотоод засал шал болон таазны угсралтын ажлыг эхлүүлэх, халаалт дулааныг төвийн шугамд холбуулах зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж байгаа боловч зарим нөхцөл байдлын улмаас хугацаа алдаж байгаа нь үнэн. Учир нь ус, дулаанаа холбуулахын тулд төрийн байгууллагын шат дараалсан зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэл зэрэг олон төрлийн баримтуудыг шаарддаг бөгөөд манай зүгээс энэхүү баримтуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлэн зохих байгууллагад нь гаргасан байгаа. Бидний зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, холбогдох зөвшөөрөл, бичиг баримтуудыг бүрдүүлэн дулааны улирал эхэлж барилгын дотор ажил хийх боломж бүрдсэний дараагаар дотоод заслын ажлуудыг гүйцээн дуусгаж, ашиглалтад оруулан захиалагч нартаа хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа. Иймд урин дулааны цаг ирж дотор заслын ажлыг эхлүүлэх боломжгүй энэ цаг хугацаанд шүүхэд хандаж нэхэмжлэл гарган, улмаар дулааны улирал эхлээгүй байхад албадан дотор заслын ажлыг эхлүүлж, барилгын ажлыг дуусгаж, мөн дуусаагүй байгаа барилгыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарыг Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга наадамчдын талбай ******* хаягт байрлах, 85 м.кв талбайтай АОС-ны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж, нэхэмжлэлээс уг үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн барьж ашиглалтад оруулахыг хариуцагч нарт даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 753,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Тус иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт товлогдсон боловч хариуцагчийн өмгөөлөгч ******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт *******-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох болсон тухайгаа дурдаж, хурал давхардсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаартай албан бичиг болон шүүх хуралдааны товын хамт шүүхэд хүргүүлсэн.

Хариуцагч нарын төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд өмгөөлөгч *******ий хамтаар оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өмгөөлөгчийн хүсэлтийг танилцуулсан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр өмгөөлүүлэх эрхийг минь ноцтой зөрчиж, өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхардсан эсэхийг, мөн миний өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчим болон шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

 Хариуцагч нь өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар гаргаагүй. ******* өмгөөлөгч нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө шүүх хуралдаанд хэргийн материал танилцах хүсэлт гаргаж хойшлуулсан, товыг мэдэж байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ******* өмгөөлөгчийн давхацсан шүүх хуралдаан нь энэ хэргийн шүүх хуралдааны дараа товлогдсон байх учир өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга наадамчдын талбай 981/*******т байрлах, 85 м.кв талбайтай АОС-ны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нараас эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ташгайн аманд байрлах газарт баригдсан ******* хотхоны В блок 1 давхар 62 м.кв 1 өрөө орон сууц /террас дагалдах/-ыг ашиглалтад оруулахыг хариуцагч нарт даалгах, нэхэмжлэгч нарыг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

1.2. Хариуцагч талаас барилгын дотоод засал шал болон таазны угсралтын ажлыг эхлүүлэх, халаалт дулааныг төвийн шугамд холбуулах зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж байгаа боловч зарим нөхцөл байдлын улмаас хугацаа алдаж байгаа нь үнэн. Гэхдээ шаардлагатай арга хэмжээ авч холбогдох зөвшөөрөл бичиг баримтуудыг бүрдүүлэн дулааны улирал эхэлж барилгын дотор ажил эхлэх боломж бүрдсэний дараа дотоод заслын ажлыг гүйцээн ашиглалтад оруулан захиалагч нартаа хүлээлгэн өгөх тухай тайлбар гаргасан.

 

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга наадамчдын талбай ******* хаягт байрлах, ******* улсын бүртгэлийн дугаартай 85 м.кв талбайтай АОС-ын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн ашиглалтад оруулахыг даалгах, өмчлөгчөөр тогтоолгох тухай өөрчилсөн шаардлага /хх39-41/ гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гардан авсан  боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. *******, ******* нар нь *******-тай байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ташгайн аманд байрлах газарт баригдсан ******* хотхоны В блок 1 давхар 62 м.кв 1 өрөө орон сууцыг /террас дагалдах/ дэд бүтцийн хамт 2022 оны 2 улиралд ашиглалтад оруулж, 105,000,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаанд 75,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа төлөхөөр;

 

Мөн гэрээний 3.2-т “үндсэн захиалгын 62 м.кв орон сууцны гэрчилгээ гарахгүй болох нь тодорхой болсон тохиолдолд ямар нэг нэмэлт төлбөргүйгээр дэд захиалгын 86 м.кв байрыг худалдан авагч эзэмшинэ. Худалдагч тал *******-ийн 9011576080/6012914 нэгж талбарын дугаартай газар дээр баригдаж байгаа ХУД 8-р хороо Ташгайтын ам хаягт байрлах 86 м.кв байрны ҮХХ-ийн гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр 2022 оны 2-р сарын 25-ны өдрөөс өмнө гаргаж өгнө” гэж талууд харилцан тохиролцсон. /хх12-14/

 

2.2. Зохигчид 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дээрх гэрээнээс гадна Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулга, наадамчдын талбай/17101/, архивчдын гудамж 981/15 тоот хаягт байрлах 86 м.кв амины орон сууцыг дэд бүтцийн хамт 105,000,000 төгрөгөөр 2022 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах гэрээг байгуулсан./хх43-44/

 

2.3. Нэхэмжлэгч *******гоос хариуцагч ******* эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансанд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 25,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. /хх16-18/

 

2.4. Зохигчдын гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга Наадамчдын талбай ******* хаягт байршилтай 85 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт ******* өмчлөлд бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон байна./хх60/

 

3. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нар нь *******-тай гэрээ байгуулсан боловч гэрээний үнийг хариуцагч Т.Сонин-эрдэнэ хувийн дансанд шилжүүлэн авсан, мөн гэрээний зүйл нь ******* өмчлөлд бүртгэлтэй байгаа зэрэг байдлуудаас түүнийг уг гэрээний оролцогч тал гэж үзэхээр байна.

 

4. Анхан шатны шүүх, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь, талуудын хооронд байгуулсан гэрээгээр худалдагч талаас тодорхой эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хууль хэрэглээний алдааг  залруулан өөрчилнө.

 

4.1. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас гэрээний үүргийн биелэлтийг шаардсан ба гэрээг цуцлах болон татгалзах, хохирол шаардах талаар нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүхээс ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, хохирол шаардах эрхийн талаар дүгнэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг хассан өөрчлөлт оруулна.

 

5. Хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ташгайн аманд байрлах газарт баригдсан ******* хотхоны В блок 1 давхар 62 м.кв 1 өрөө орон сууц /террас дагалдах/-ыг гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 2 дугаар улиралд багтааж тухайн гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй байх ба үүний шалтгааныг “ус, дулаанаа холбуулахын тулд төрийн байгууллагын шат дараалсан зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэл зэрэг олон төрлийн баримтуудыг шаарддаг бөгөөд манай зүгээс энэхүү баримтуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлэн зохих байгууллагад нь гаргасан байгаа, холбогдох зөвшөөрөл, бичиг баримтуудыг бүрдүүлэн дулааны улирал эхэлж барилгын дотор ажил хийх боломж бүрдсэний дараагаар дотоод заслын ажлуудыг гүйцээн дуусгаж, ашиглалтад оруулан захиалагч нартаа хүлээлгэн өгнө” гэх тайлбар гаргаснаас үзэхэд уг орон сууц ус, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, мөн дотоод заслын ажил хийгдээгүй болох нь тогтоогдсон байх ба гэрээний 3.2-т заасан “үндсэн захиалгын 62 м.кв орон сууцны гэрчилгээ гарахгүй болох нь тодорхой болсон” гэх нөхцөл байдал бий болсон гэж дүгнэх үндэслэлтэй.

 

5.1. Иймээс нэхэмжлэгч нараас гэрээний 3.2-т заасан “дэд захиалга”, холбогдох орон сууц захиалах гэрээг үндэслэн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга наадамчдын талбай ******* хаягт байрлах ******* улсын бүртгэлийн дугаартай 85 м.кв талбайтай АОС-ын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч талаас худалдах, худалдан авах гэрээнд тохиролцсон хуваарийн дагуу 85,000,000 төгрөгийг төлсөн, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа үлдэх хэсгийг төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч талаас гэрээний үүргийн зөрчилгүй байна. Харин, нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хариуцагч нар биелүүлээгүй байна.

 

5.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан ба хариуцагч нар нь үндсэн захиалга хэрэгжих боломжгүй нөхцөлд дэд захиалгын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхээр тохиролцсон нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцжээ.

 

5.3. Иймд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Морин тойруулга наадамчдын талбай ******* хаягт байрлах 85 м.кв талбайтай АОС-ын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******, ******* нарыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

6. Нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулахыг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Тодруулбал, нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг ашиглалтад оруулахад хариуцагч талаас ямар ажил гүйцэтгэх шаардлагатай буюу хариуцагч үүргээ ямар хэмжээнд гүйцэтгээгүй талаар нотлох баримтгүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь:

 

Хариуцагч талаас 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүгчийн 192/ШЗ2025/07198 дугаар захирамжаар,/хх32-33/,

 

Хариуцагч талаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 192/ШЗ2025/10397 дугаартай захирамжаар,/хх52-53/

 

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжид хариуцагч талаас гомдол гаргасан үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан хойшилж шүүгчийн 192/ШЗ2025/12654 дугаартай захирамжаар,/хх62/

 

Хариуцагч талаас 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохигчид эвлэрэх хүсэлт гаргасныг шүүгчийн 192/ШЗ2025/18671 дугаар захирамжаар, /хх69-70/

 

Хариуцагч талаас 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд ******* өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүгчийн 192/ШЗ2025/20336 дугаар захирамжаар тус тус хангаж шийдвэрлэсэн байна. /хх72-75/

 

7.1. Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгч *******ээс 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг, шүүгчийн 192/ШЗ2025/23681 дугаар захирамжаар “хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч тус шүүх хуралдаан нь давхацсан гэх шүүх хуралдаанаас өмнө товлогдсон, мөн удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /хх78,83/

 

7.2. Иймд, шүүх хариуцагч талыг өмгөөлүүлэх, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байх тул хариуцагч талын өмгөөлүүлэх, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/04450 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 753,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ