Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 111

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б д холбогдох эрүүгийн 1915001790109 дугаартай 163/2019/0110/Э индэкстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 04 сарын 14-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Шинэ технологи ХХК-д жолооч, Булган аймгийн ... оршин суух хаягтай, Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 77 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйлд зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Б Овогт Т.Б,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн ... “О” гэдэг газраас иргэн Б.Т ын 1 тооны ямааг хулгайлан авч 60000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.                                                                                    

1915001790109 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Т.Б ын өгсөн: 2019.04.19-ний өдөр 17 цагт би нар шингэхээс өмнө бяруугаа хөнгөлөх гээд ажлаасаа гарч яваад найз Э Г нартай таарсан тэр хоёр нэг мотоцикль дээр сундалчихсан явж байсан. Тэгээд би тэр 2-ыг цуг яваад бяруу хөнгөлөөд өгөөч гэж гуйсан чинь тэр хоёр зөвшөөрсөн. Тэгээд бид гурав манай бярууг хөнгөлөх гээд ... гэх газарт байдаг манай аавын төрсөн дүү Т ахынхруу явсан бид 3 замдаа нэг Нийслэл нэртэй 2.5 л пиво уугаад цааш манай ахынхруу яваад ахын гэрт очтол Т  ахын гэрт хүн байхгүй болохоор нь хашааны гадаа байсан хонинд дундаас хар халзан зүсмийн эр ямааг би барьж аваад найз Э , Г  тэр хоёрын голд дүүрч өгөөд манай гэрт аваачаад өгчих би араас чинь үхэрээ бүртэгчихээд яваад очье гэж хэлээд тэр 2-ыг явуулсан. Би үхэрээ бүртэгчихээд тэр хоёрын араас гэрлүүгээ явж байтал төвтэй ойролцоох уулын энгэрт буюу бид нар малчдын хороо гэж нэрлэсэн газарт нэг хэсэг хүмүүс сууж байсан миний урьдхан талд явж байсан Э , Г тэр хоёр хэсэг хүмүүсрүү очоод зогссон би араас нь очтол цаахан талд манай аавын гэр байдаг тэгтэл цаанаас манай ээж мотоцикльтой хүрч ирээд намайг чи наана юу хийгээд байгаа юм бэ чи гэрлүүгээ харь гэж загнахаар нь би харих гэж яваад замдаа ээжийн хамтаар аавынд очсон чинь ээж надад уурлаад чи бяруугаа хөнгөлсөн юм уу юу ямаа яриад байгаа юм эмээ чинь утсаар яриад байна гэж хэлэхээр нь би тухайн үед ээ пиво уусан байсан болохоор айгаад би мэдэхгүй гэж хэлчихээд гэрлүүгээ хариад унтаад байж байтал орой 23 цагийн үед найз Э , Г  тэр хоёр гэрт хүрч ирээд тэр ямаа юун ямаа юм танай ямаа мөн юм уу цагдаа хурааж авлаа өглөө хүрч ирээд асуудлаа шийдвэрлүүл гэж хэлсэн гэж тэр хоёр надад хэлэхээр нь би өглөө очиж уулзая уул нь манайх янзлая идэх гэж байгаа юм гэж хэлсэн чинь найз Э , Г хоёр тэгвэл өглөө цагдаа дээр уулзая гэж хэлээд яваад өгсөн. Би тэгээд маргааш сумынхаа цагдаа дээр очсон гэх мэдүүлэг /хх-29 тал/

Хохирогч Б.Т ын өгсөн: ““Манай гэр Тэшиг сумын төвөөс 5 орчим километр зайтай газар ... гэдэг газар хаваржаад 2 сар орчим болж байгаа юм. Би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн үед хонио бэлчээр дээрээс нь гэрлүүгээ ойртуулчихаад ээжтэйгээ цуг автомашинтай Тэшиг сумын төв орж дүүгийнхээ 2 хүүхдийг сургуулиас нь аваад гэрлүүгээ явж байтал манай ямаатай адилхан хар халзан эр ямааг мотоцикль дээр 2 хүн ачаад аваад явахыг нь харчихаад гэртээ очоод хонио хашиж оруулахдаа тоолж бүртгэж үзэхэд 1 тооны хар халзан ямаа алга болчихсон байсан. ...би ямаа гэрээс очоод аваарай гэж хэлээгүй. Манай гэрийг эзэнгүй байхад очиж авчихаад орой нь ээжээр нь асуулгахад би аваагүй гээд байсан. Хэрэв цагдаатай ямаа ачиж явсан хүн нь тааралдаж баригдаагүй байсан бол бид нар хэн авсаныг нь мэдэхгүй өнгөрөх байсан” гэх мэдүүлэг/хх-н 14-15 тал/

Гэрч Б.Л гийн өгсөн: "... гэрлүүгээ явж байтал манай ямаатай адилхан том хар халзан эр ямааг мотоцикль дээр 2 хүн ачаад аваад явахыг нь харчихаад арай манай ямаа биш байгаадаа гэж тухайн үед бодчихоод ямар хүмүүс явааг нь таних гэсэн боловч хол зөрөөд өнгөрсөн болохоор нь хэн явж байгааг нь таниагүй тэгээд гэртээ очоод хонио хашиж оруулахдаа тоолж бүртгэж үзэхэд 1 тооны хар халзан ямаа алга болчихсон байсан. ...ямаа алга болдог өдөр манай том хүү Б. Т.хүүхэд Т.Б  ямаа ачиж явсан хүмүүсийн араас мотоцикльтой явж байхыг нь би таньчихаад ээж рүү нь утсаар залгаад танай хүүхдийн урд талд ямаа ачиж явсан 2 хүнийг таньсан уу гээд асуугаад өгөөч манай 1 тооны ямааг хүн хулгайлаад аваад явчихлаа гэж хэлэхэд Б.Б ас ээж Л.У  нь чи Л  эмээгийнхээсээ ямаа аваад хүнд өгсөн үү гэж асуухад би Л  эмээгийнд очоогүй би юу гэж авдаг юм мөн ямар хүмүүс миний урд явсныг нь би мэдээгүй гээд байна гэж бэр маань надад хэлсэн” гэх мэдүулэг /хх-н 17 тал/

Гэрч Б.М ын өгсөн: “...Б.Т ын мал дотор манай мал гэж байхгүй. Т.Б  2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ орж ирээд надад юм хэлээгүй унтаад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 20-ны өглөө 09 цагийн орчим Э  гэрт орж ирээд мотоциклоо цагдаад журамлуулчихлаа чиний айлаас авч өгсөн ямаа ямар учиртай юм бэ цагдаа асуугаад байна гэхээр нь Б  би гэрээсээ авсан юм цагдаа дээр очоод учрыг нь олоод өгий гээд гэрээс гараад явсан' гэх мэдүүлэг/хх-н 18 тал/

Гэрч Б.Э ын өгсөн: “Би Тэшиг сумын төвд 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 12 цагийн үед хөдөө гэрээсээ орж ирээд Б тай таарсан чинь бяруу засаад өгөөч гэж хэлэхээр нь Г  гэдэг найзыгаа дагуулаад сумын төвийн урд уулын энгэрт очиж 2.5 литрийн “Нийслэл” пиво гуравуулаа хувааж уучихаад сумын төвөөс хойш 3 орчим километр зайтай байдаг Л  эмээгийнд очиход гэрт нь хүн байхгүй байсан тул бяруугаа засахаа болилоо гээд Б  тэр айлаас нэг ямаа хонин дотроос нь барьж өгөөд манай гэрт аваачаад өгчих гэж хэлэхээр нь миний мотоциклийг Г  жолоодоод дундаа ямаагаа ачаад Тэшиг сумын төв рүү орж ирсэн. Хархалзан зүсмийн эр ямаа байсан. Би хэний ямаа юм бэ гэж асуухад манай мал энэ айлд байдаг миний ямаа байгаа юм гэж Б  надад тухайн үед хэлж байсан” гэх мэдүүлэг/хх-н 19 тал/

Гэрч Л.У ийн өгсөн: “...урд уул руу дурангаар хартал хэдэн хүмүүстэй миний хүү Т.Б  архи уучихсан сууж байхаар нь очоод хадам ээж над руу яриад байна чи ямаа гэрээс нь авсан юмуу гээд уурлаад загнатал би эмээгийнд очиход засах бяруу маань байхгүй байсан би ямарч ямаа аваагүй гэхээр нь чиний урд 2 хүн 1 тооны ямаа мотоцикл дээр ачаад явсан хэн байсан бэ гэж асуухад би мэдэхгүй гээд байхаар нь гэрлүү нь хүргэж өгчихөөд хадам ээж рүү залгаад Б  тэр хүмүүсийг мэдэхгүй ямаа аваагүй гээд байна гэж хэлсэн... манай эзэмшлийн 40 тооны ямаа хадам ээжийнд байдаг тэгэхдээ хүн байхгүй байхад нь тоотой данстай ямааг хадам ээжийн гэрээс авах ёсгүй” гэх мэдүүлэг /хх-н 20 тал/

Гэрч Г.Г ын өгсөн: “Б.Э тай цуг морины хөлс аваад явж байтал Т.Б  таараад бид 2-ыг бяруу хөнгөлөхөд туслаач гэхлээр нь зөвшөөрөөд сумын төвийн урд зүгт байдаг овооны өвөрт 2.5 литрийн Боргио нэртэй пиво 3-уулаа хувааж уучихаад ахынхаа гадна ирээд манай ах байхгүй байна дараа сайн өдөр хөнгөлий гэж хэлчихээд гэрийн гадна байсан хонин дотроос хар халзан ямаа барьж аваад Б.Э  бид 2-ын мотоцикль дээр тавьж өгөөд манай гэрт хүргээд өгчих гэхлээр сумын төв рүү явж байтал “Тэшиг” нэртэй самбарын хажууд 2 хүн сууж байхаар очиж зогстол Т.Б  бид 2-ын араас ирээд дөнгөж зогстол ээж нь ирээд архи уучихлаа гэх мэтээр загнаад гэрлүүгээ аваад явсан юм. Тэгээд Б.Э  бид 2 сумын төв рүү орж яваад цагдаад баригдсан... Т.Б  манай ах байхгүй байна гээд байхаар нь хөдөө бас өвөлжөө нь байдаг юм болов уу гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-н 21 тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /хх-01-02 тал/, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Тэшиг сумын малын үнэлгээ /хх-24 тал/, Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 77 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйлд зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолын хуулбар болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.     

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын ... гэдэг газраас иргэн Б.Т ын 1 тооны ямааг хулгайлан авч 60000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.        

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг  хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.Т  мэдүүлэг, гэрч Б.Л , Б.М , Б.Э , Л.У , Г.Г  нарын  мэдүүлэг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Тэшиг сумын малын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.           

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.     

Иймд  хэргийн талаар нотолвол зохих зүйл бүрэн нотлогдсон, мал хулгайлах гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан  байх тул бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Т.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т т 60000 төгрөгийн хохирол учирсан байна.   

 Шүүгдэгч Т.Б  нь 1 тооны ямааг  биет байдлаар буцаан төлсөн байх тул хохирол хор уршиг арилсан бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Т.Б д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Б ын нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар  хулгайлах зан үйлээ засах дадал олгох сургалтанд хамруулах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б Овогт Т.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б ыг 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

3. Шүүгдэгч Т.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар  хулгайлах зан үйлээ засах дадал олгох сургалтанд хамруулах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох  албадлагын арга хэмжээ авсугай.

4.Шүүгдэгч  Т.Б  нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөнүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНДУЛАМ