Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01668

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04338 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэх болон гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 56,784,000 төгрөг шилжүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Талуудын хооронд 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ******* болон ******* дугаартай орон сууц захиалгын гэрээнүүдийг бичгээр байгуулсан. Гэрээгээр ******* ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь гэрээгээр хэлэлцэж тохирсон төлбөрийг төлж, орон сууцыг хүлээн авахаар харилцан тохиролцсон. Уг орон сууцны 1 м.кв-ыг 1,800,000 төгрөг, нийт төлбөр 127,764,000 төгрөг байх ба орон сууцны төлбөрөөс 99,372,000 төгрөгийг төлж, үлдэх 28,392,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.

1.2. Гэрээгээр захиалагч талаас төлбөрийн үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр гүйцэтгэгч тал өөрөө урьдчилан бий болгож мэдээлэл, баримтаар хангах үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь төлбөр төлөх ажлын явц ямар байдалтай явагдаж байгаа талаар нэхэмжлэгчид тодорхой мэдээлэл өгөөгүй, гэрээнд заасны дагуу ажлын явцтай шууд холбоотойгоор тухай бүр төлбөрийг хэсэгчлэн төлөх мэдэгдэл өгөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.10-т энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан төлбөрийн хугацааг хэтрүүлсэн, төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаар захиалагчид гэрээнд заасан утас, мессеж, мэйл илгээх, шуудан илгээх зэргээр мэдэгдэж сануулна. Ийнхүү үүргээ биелүүлэх ёстой байсан хугацаанаас хойш захиалагч төлбөрийг төлөлгүй хуанлийн 14 хоногийн хугацаа өнгөрвөл захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж барьцаанаас чөлөөлөх улсын бүртгэлд гэрчилгээ гаргуулах үүргийг гүйцэтгэгч хүлээхгүй гэж заасан. Захиалагчаас төлбөр төлөх үүргийн гэрээний нөхцөлийг гүйцэтгэгч тал өөрөө бүрдүүлээгүй тул төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

1.3. Гүйцэтгэгч талаас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №24/110, №24/111 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг захиалагч талд ирүүлсэн бөгөөд захиалагч талаас 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* болон ******* дугаартай орон сууц захиалгын гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох 28,392,000 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлж төлбөр тооцоог бүрэн дуусгасан. Тодруулбал, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №24/110 болон №24/111 дугаартай мэдэгдэл ирүүлсэн өдрөөс хойш гэрээнүүдийн 3.10-т заасны дагуу хуанлийн 14 хоногт багтаан төлбөрийг төлж дуусгасан. Гэтэл гүйцэтгэгч талаас үлдэгдэл төлбөрийг төлбөр төлсөн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлсэн нь гэрээний дээрх тохиролцоонд нийцэхгүй, үндэслэлгүй мэдэгдлийг ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх гэрээнүүдийн 3.22-д гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгө оруулалт буюу төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй гэж заасан ба энэ үүрэг нь хугацаагаар тодорхойлогдоогүй, харин гэрээгээр хийж гүйцэтгэх ажлын тодорхой үйл явцтай холбоотойгоор төлөхөөр талууд заасан. Энэхүү тохиролцооны үйл явцтай холбоотойгоор төлбөр төлөх нөхцөлүүдийг гүйцэтгэгч бүрдүүлээгүй тул үүнд захиалагч буюу нэхэмжлэгч тал буруугүй. Мөн гэрээний 4.1-д талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах тухай санал гаргавал саналаа нөгөө талдаа хуанлийн 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэн, харилцан тохиролцож бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж, гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна гэж заасан бөгөөд гүйцэтгэгч буюу хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 124/110 болон 124/111 дугаартай мэдэгдэл ирүүлснээс хойш 30 хоногт багтаан захиалагч тал гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул гэрээг дээрх үндэслэлээр цуцлах мэдэгдэл ирүүлсэн нь үндэслэлгүй.

1.4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хариуг хүлээн авсан атлаа өнөөдрийг хүртэл бичгээр хариу өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч талд утсаар холбогдон тодруулж асуухад танайд хариу өгөхгүй, гэрээ цуцлагдсан гэх тайлбарыг амаар хийсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нь одоо барилгыг барьж дуусган ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байх бөгөөд гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдын нэр дээр шилжүүлж гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс зайлсхийж, нэхэмжлэгчийг хохироох нөхцөл байдал үүсээд байна. Орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн боловч буцаагаад 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөнгийг буцааж ав гэдэг байдлаар удаа дараа хандсан ч тайлбар өгөөгүй.

Иймд орон сууц захиалгын гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөр болох 56,784,000 төгрөгийг хүлээн авч, *******,*******,*******, А блок 8 дугаар давхар 804 тоотод байрлах 70.98 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах , байрлах 70.98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус *******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт заасныг тус тус баримтлан *******, ******* тоот, 70.98 м.кв талбайтай 3 өрөө, ******* тоот, 70.98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнуудын өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 740,220 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 599,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт гэрээгээр орон сууцны үнийн ихэнх хэсгийг гэрээ байгуулахдаа төлсөн. Үлдэгдэл төлбөрийг дараах байдлаар буюу барилга барих угсрах гэрээ байгуулагдах 8,517,600 төгрөг, гадна бохир хийх зөвшөөрөл хийх үед 5,678,000 төгрөг, дотор сангийн ажил хийх үед 4,258,000 төгрөг, гадна тохижилт эхлэхэд 4,258,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах үед 5,678,000 төгрөг гэж тус тус төлөхөөр заасан ба ажлын гүйцэтгэлийн үеийг тодорхойлох, төлбөрийн нэхэмжлэх ирүүлэх нь хариуцагч ******* ХХК-ийн үүрэг байна гэжээ.

Гэтэл дээрх гэрээний харилцаанд төлбөрөө төлөх хугацаа олгосон, мөн ажил дуусгавар болсон ч нэмэлт хугацаа сунгасан боловч төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч гүйцэтгээгүй, талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 3.10 дугаар зүйлд гэрээний 2 дугаар зүйлд төлбөрийн хугацааг хэтрүүлсэн, төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаар гэрээнд заасан утас мессеж илгээх, мэйл илгээх зэргээр мэдэгдэж сануулна. Ийнхүү үүргээ биелүүлэх ёстой байсан хугацаанаас хойш захиалагч төлбөрийг төлөлгүй 14 хоног өнгөрвөл захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж барьцаанаас чөлөөлөх гэрчилгээ гаргуулах үүргийг гүйцэтгэгч хүлээхгүй, мөн гэрээний 3.11-д энэхүү гэрээний 3.10-т заасан захиалагчийн зөрчлийг бүх захиалагчдийн группд нээлтгэй байдлаар ил мэдээллэнэ гэж тодорхой заасан бөгөөд тус группд захиалагч ******* байдаг тул шүүх хариуцагчийн мэдэгдлийг бодитой үнэлж дүгнээгүй.

4.2. Тус хуралдаанд итгэмжлэл олгогдсон этгээд болох ******* ХХК-ийн гэрээний мэргэжилтэн ******* 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх, Сүхбатаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өглөө 11 цагт хуралд оролцсон бөгөөд хуралдаан урт хугацаанд үргэлжилсэн тул оролцох боломжгүй болсон болохыг хуралдаанаас өмнө шүүгчийн туслахад мэдэгдэж холбогдох баримтын хамт шүүх хуралдаан үргэлжилж байгаа мэдээллийг илгээсэн боловч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд заасан талуудыг мэтгэлцэх нөхцөл боломжоор хангаагүй.

4.3. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэж дүгнэсэн. Энэ нь шүүх тогтоогдоогүй үйл баримтыг дотоод итгэл үнэмшлээрээ тогтоогдсон мэтээр дүгнэсэн. Хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүйн улмаас нотлох баримт бүрдүүлж цуглуулж өгөх боломжийг хязгаарлагдмал болгосон.

4.4. Тус хэрэг маргааны хүрээнд нэхэмжлэгч байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гэрчилгээ гарснаар үүснэ. Тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд зарж борлуулан төлбөрийг *******т шилжүүлсэн, хөрөнгийн эзэмших, өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн байтал дээрх нөхцөл байдлыг үнэлж дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсэж байхаас гадна хариуцагч шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлэх боломжгүй, бусдын эзэмших ашиглах, өмчлөх эрхэд халдах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрийг урьдчилан баталгаажуулах арга хэмжээг авахуулах хүсэлт гаргаж шүүхээс захирамж гарснаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлэхгүй байх арга хэмжээ авагдсан. Хэрэгт үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн баримт байхгүй тул үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд хариу тайлбарыг хуулийн хугацаанд гаргаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэх болон гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 56,784,000 төгрөг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Зохигчид 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ******* болон ******* тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь ******* хотхоны А блокийн ******* тоот, 70.98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон ******* тоот, 70.98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх, захиалагч ******* нь 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцон хоёр орон сууцны төлбөрт нийт 255,528,000 төгрөг төлөх бөгөөд гэрээ байгуулах үед нийт 198,744,000 төгрөгийг төлж, үлдэх 56,784,000 /28,39200*2=56,784,000/ төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 10-15/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.

 

3.2. Дээрх орон сууц захиалгын хоёр гэрээний нийт үнийн дүн 255,528,000 төгрөг байх ба үүнээс нэхэмжлэгч нь орон сууц тус бүрийн үнэд 99,372,000 төгрөг буюу нийт 198,744,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байна.

 

3.3. Хариуцагч ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №24/110 болон №24/111 тоот албан бичгээр ...талуудын хооронд байгуулсан ******* болон ******* тоот гэрээний үүрэгт тус бүр 28,392,000 төгрөгийн дутуу төлөлттэй байгаа нь гэрээний дагуу нэг талын санаачлагаар цуцлах үндэслэл бүрдсэн ч захиалагчийн эрх ашгийг хүндэтгэн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах нэмэлт хугацааг олгож байна. Дээрх хугацаанд үлдсэн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд гэрээг нэг талын санаачлагаар цуцлахыг мэдэгджээ. /хх-ийн 16-17/

 

3.4. Дээрх хугацаанд нэхэмжлэгч ******* нь төлбөрийг төлөөгүй тул хариуцагч ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №24/116 болон №24/117 тоот албан бичгээр ...манай компанийн зүгээс дээрх үүргийн гүйцэтгэлийн зөрчлийг хангуулахаар нэмэлт хугацаа тогтоосон ч уг хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул нэг талын санаачлагаар гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн. /хх-ийн 18-19/

 

3.5. Нэхэмжлэгч нь хариуцагчид энэ өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны үлдэгдэл төлбөр болох 56,784,000 төгрөгийг шилжүүлсэн, харин хариуцагч нь гэрээ цуцлагдсан үндэслэлээр 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлжээ.

 

3.6. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дээрх гэрээг цуцалсан мэдэгдэлд ...төлбөрийн үүргээ биелүүлээгүй нь тус компанийн ажлын гүйцэтгэл ирүүлээгүйтэй холбоотой, төлбөрийн үлдэгдэл 56,784,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлж, төлбөр тооцоог дуусгасан... гэх хариуг хариуцагчид хүргүүлсэн байна. /хх-ийн 20-23/

 

Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн байх тул хариуцагч гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээний 2.2-т захиалагч тал орон сууцны үлдэгдэл төлбөрийг ажлын гүйцэтгэлтэй уялдуулан төлөх ба үүнд: 1/ ХТП барилга барих угсрах ажлын гэрээ байгуулагдах үед 30 хувь болох 8,517,600 төгрөг, 2/ гадна бохир хийх ажлын зөвшөөрөл олгогдох үед 20 хувь болох 5,678,400 төгрөг, 3/ дотор сангийн ажил болон ремонтны ажил хийгдэж эхлэх үед 15 хувь болох 4,258,800 төгрөг, 4/ гадна тохижилтын ажил эхлэх үед 15 хувь болох 4,258,800 төгрөг, 5/ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахаар улсын бүртгэлд хүлээлгэн өгч тухайн байрыг барьцаанаас чөлөөлснөөр 20 хувь болох 5,678,400 төгрөг төлөх, гэрээний 3.10-т захиалагч нь төлбөрийн хугацааг хэтрүүлсэн, төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь утас, мессеж, мэйл илгээх, шуудан илгээх зэргээр мэдэгдэх үүрэгтэй байхаар харилцан тохиролцсон.

 

4.1. Дээрх гэрээний тохиролцооноос үзвэл үлдэх төлбөрийг ажлын гүйцэтгэлтэй уялдуулж тодорхой үйл баримтаар төлбөр төлөх хугацааг тодорхойлж гэрээний гүйцэтгэлээр төлбөр төлөхөөр тохирсон талаар гэрээний талууд маргаагүй байхад худалдан авагчид төлбөр төлөх үүргийг хариуцуулах, мөн гэрээгээр тодорхойлсон үйл баримтын хугацаа болоогүй байхад худалдан авагчийг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

4.2. Хариуцагч нь гэрээгээр тодорхойлсон ажлыг гүйцэтгэж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэнээр тэрээр төлбөр төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нь гэрээгээр тодорхойлсон ажлыг гүйцэтгэсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлосонгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талуудын хоорондох гэрээний тохиролцоо болон гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа тогтоосон талаарх мэдэгдлийг үнэлээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.3. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагч гэрээнээс татгалзах эрхгүй. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

4.4 Нэхэмжлэгч *******т Хан-Уул дүүргийн*******, ******* хотхоны, А блок, ******* тоот, 70.98 м.кв талбайтай 3 өрөө, *******, 70.98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч *******аас орон сууцны үлдэгдэл төлбөр болох 56,784,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.3-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, мөн шүүхийн шийдвэрийн бодитоор биелүүлэх боломжгүй буюу гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн байхад хэргийг шийдвэрлэсэн... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

6.1. Тус хэрэгт анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарласан. Гэтэл хариуцагч тал шүүх хуралдаан болохоос өмнө өмгөөлөгч авах боломжит хугацаа өнгөрсөн тул хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Тиймээс анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч байгууллагаас хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй. Мөн гомдолд дурдсан үндэслэл буюу гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн талаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэлэлцэн дүгнэлт өгөх боломжгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04338 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримлан Хан-Уул дүүргийн*******, *******, А блок, *******, 70.98 м.кв талбайтай 3 өрөө, *******, 70.98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнуудын өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэгч *******аас 56,784,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...599,820 гэснийг ...740,220 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 1,435,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ