Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01669

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25ы өдрийн 197/ШШ2025/08579 дугаар шийдвэртэй

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

******* ХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 4,813,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 4,813,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нар 12,480,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлж, ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд ******* ББСБ ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэж, эзэмшил ашиглалтыг нэхэмжлэгч нарт үлдээсэн. /хх-ийн 68-71/

 

3.2. ******* нь ******* ХК-тай 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулж, гэрээгээр даатгагч ******* ХК даатгалын тохиолдол бий болсон үед даатгуулагч *******д учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч ******* даатгалын хураамж төлөхөөр тохирч, ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг 31,200,000 төгрөгөөр үнэлж даатгуулсан. /хх-ийн 14-15/

 

3.3. Даатгуулагч ******* нь даатгалын гэрээний хураамж болох 717,600 төгрөгийг даатгагч ******* ХК-д төлсөн нь хэрэгт авагдсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтогдсон. Энэ талаар хариуцагч маргахгүй байна.

 

3.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХК нарын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Даатгалын тохиолдол бий болсон эсэх, энэ талаар мэдэгдэх үүргээ даатгуулагч биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болсон.

 

4. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Өлзийт хороололд гэрлийн шон мөргөж тээврийн хэрэгсэлд хохирол учирсан даатгалын тохиолдол бий болсон байна.

 

4.1. Уг ослын улмаас нэхэмжлэгч нь ******* ХХК-аар тээврийн хэрэгслийн эвдрэлд хохирлын үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд тус компанийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын хэмжээг 4,813,000 төгрөгөөр тогтоосон. /хх-ийн 41-42/

 

4.2. Талуудын хооронд байгуулагдсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл, d-д биет зүйл мөргөх, шүргэх гэх эрсдэлийг нэрлэсэн.

 

4.3. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгох бөгөөд 8.4.1-д даатгуулагчийн өргөдөл, 8.4.2-т даатгалын баталгааны эх хувь, 8.4.3-т учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан дүгнэлт, акт материал, 8.4.4-т шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт гэж заасан.

4.4. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн дансны хуулга зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болсон талаар хариуцагч байгууллагын тусгай дугаарт тухайн осол болсон өдрийн 09 цаг 13 минутын орчимд дуудлага өгч мэдэгдэж, улмаар хариуцагч байгууллагын ажилтан осол болсон газарт тухайн өдөр нөхөн үзлэг хийсэн, нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөр авахаар холбогдох баримтуудыг бүрдүүлэн хариуцагч байгууллагад өгсөн. Харин хариуцагч байгууллагын нөхөн төлбөрийн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дараа хариуцагч байгууллагын ажилтан болох гэрч нь 3,000,000 төгрөгийн тохиролцооны санал гаргаж, улмаар нэхэмжлэгч ******* нь уг саналыг хүлээн зөвшөөрсөн өргөдлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргахад хариуцагч байгууллагын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан талаар нэхэмжлэгчид дахин мэдэгдсэн. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хохирлын үнэлгээг тогтоолгоход гарсан зардалд төлсөн 322,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

4.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлж даатгалын тохиолдол бий болсон талаар хариуцагч байгууллагад мэдэгдсэн, талууд даатгалын нөхөн төлбөрийг 3,000,000 төгрөгөөр тохиролцсон тул нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнээд энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...даатгалын тохиолдол бий болсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар даатгагчид мэдэгдээгүй, осол болсон эсэхийг эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй, нөхөн төлбөрийн талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон баримт байхгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/08579 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ