| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/00818/И |
| Дугаар | 210/МА2025/01727 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01727
ХЗХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
*******ад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 96,566,817.05 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн,
2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 21,791,100 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХЗХ-ноос ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Гэтэл хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс төлөлт хийгээгүй, харин зээлийн хүү 20,979,510 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,589 төгрөг, нийт 21,791,100 төгрөг төлсөн. Улмаар тус хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо болон гүйцэтгэх албанаас удаа дараа зээлээ төлж барагдуулах шаардлагыг биелүүлээгүйгээс чанаргүй зээлийн ангилалд орж хоршооны санхүүгийн үйл ажиллагааг доголдуулсан. Иймээс хариуцагчаас үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 17,571,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,453,835 төгрөг, нийт 71,025,556 төгрөгийг гаргуулна.
1.2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа хариуцагч талаас шалтгаалан удаа дараа шүүх хурал хойшлогдсон тул 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 86 хоногийн зээлийн хүүнд 3,675,616.44 төгрөг, нэмэгдүүлсэн 735,123 төгрөг, нийт 4,188,959 төгрөгөөр, мөн манай талаас шалтгаалахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч анх нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 1 жил, 4 сарын хугацаа өнгөрсөн. Зээлийн гэрээний 2.4-т зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгосон хугацаанаас хойш 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 412 хоногийн зээлийн хүүнд 17,608,767.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,521,753.42 төгрөг, нийт 21,130,520.54 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 38,856,104.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,710,712.42 төгрөг, нийт 96,566,817.05 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь ******* ХЗХ-той 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг, сарын 2.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн гэж, улмаар 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 21,791,100 төгрөг төлсөн боловч уг мөнгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
2.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 412 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хийж шаардсан. Тухайлбал, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хүүнд 17,608,767.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,521,753.42 төгрөг, нийт 21,130,520.54 төгрөгийг нэмэгдүүлж шаардсан. Гэтэл уг хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шат шүүхэд буцаасан. Тиймээс хариуцагчаас үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунжирсан.
Иймд үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
Би зээлийн гэрээний дагуу 21,791,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлсөн боловч зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Тодруулбал, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт зээл олгох талаар тодорхой заасан. Гэтэл миний бие тухайн хоршооны гишүүн болоогүй байхад зээл олгосон нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн шаардлагыг баримтлаагүй, зээлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бололцоог үгүйсгэсэн шинжтэй хэлцэл хийсэн нь хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, ХЗХ нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ашгийн төлөө бус хуулийн этгээд байх ёстой атал надад зээл олгохын тулд гишүүнээр бүртгэн зээл олгох үйл ажиллагаа явуулсан нь үндсэн зорилгоо зөрчсөн гэж үзнэ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт ******* ХЗХ-д төлсөн 21,791,100 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Хариуцагч нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 болон хоршооны дүрмийн 47.1-д хоршооны гишүүний талаар тодорхой тусгасан. ******* 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хоршоонд элсэхээр гишүүний анкет бөглөж, хувь нийлүүлсэн хөрөнгөө кассаар бэлэн мөнгөөр тушааснаар гишүүний эрх үүссэн нь хэргийн баримтаар нотлогдсон.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.6 дахь хэсэгт заасны дагуу хоршоо гишүүдээсээ хадгаламж татах, зээлийн хэрэгцээтэй гишүүддээ зээл олгох үндсэн үйл ажиллагааг явуулдаг. ******* ХЗХ-нд 2023 оны 05 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар өндөр оноо буюу 1, 3 оноо авсан. Энэ нь хоршооны үйл ажиллагаа тогтвортой, хууль журмын дагуу явж байгааг үнэлсэн үзүүлэлт байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 28,208,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХЗХ-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 68,357,917 төгрөгт холбогдох хэсэг болон барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21,791,100 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 932,403 төгрөг, хариуцагчаас төлсөн 674,856 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч *******аас 298,994 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХЗХоршоонд олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэхгүйгээр талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь шүүх талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдож байна гэж дүгнэхдээ Хадгаламж зээлийн хоршоо нь сайн дурын үндсэн дээр гишүүнчлэлтэй, хоршооны гишүүн бүх гишүүдийн хуралд саналын нэг эрхтэй оролцох, сонгох, сонгогдох эрх эдлэх, мөнгөн хөрөнгөө хадгалуулах, зээл авах болон бусад үйлчилгээнд хамрагдах, хөрөнгө оруулах, өөрийн оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүүлэн хадгаламж зээлийн хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хөрөнгө авах зэрэг эрх эдлэх бөгөөд хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргаж гишүүнээр элсэх хураамж төлсөн ч эдгээр эрхийг эдлээгүй байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс дээр дурдсан эрхээ эдлээгүй, эдлэх боломжийг нэхэмжлэгчийн зүгээс хязгаарласан зүйл байхгүй, энэ талаар талуудаас маргаагүй байхад шүүх санаачилгаар баримтад үндэслэлгүй хийсвэрлэсэн дүгнэсэн. Мөн хэрэгт зээл олгосон, хадгаламж нээсэн, хувь хөрөнгө тооцсон талаар баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүх ямар тайлбар, баримтыг үндэслэн ингэж дүгнэсэн нь ойлгомжгүй, эрхээ эдлэх эсэх нь тухайн гишүүний сонголтын асуудал байхад бид албадан эдлүүлэх үүрэгтэй байсан мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Шүүхийн шийдвэрт хариуцагч нь хоршоонд гишүүнээр элсэх өргөдлийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, гишүүнээр элсэх хураамжийг тухайн өдөр төлсөн, улмаар Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай тогтоолоор хоршооны гишүүнээр элссэн, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг авсан үйл баримтаас үзэхэд гишүүний эрх үүссэн ч гишүүн гэж үзэх хангалттай нөхцөл бүрдээгүй байхад түүнд зээл олгосон нь зөвхөн зээл авах зорилготой байсан гэж үзэх үндэслэл болж байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бидний зүгээс хоршоонд гишүүнээр элсэж буй хүнийг ямар субьектив зорилготой байсныг урьдчилан таамаглах, түүнийг олж тогтоох үүрэг хүлээгээгүй. Харин ч нэгэнт хууль болон дүрэмд заасан журмын дагуу гишүүнээр элссэн иргэнд гишүүний эрхийг эдлүүлэх, зээл олгох нь хоршооны үүрэг юм. Шүүхээс хариуцагчийг гишүүнээр элссэн, гишүүний эрх эдлэх эрхтэй этгээд болохыг үндэслэлтэй дүгнэсэн боловч дээрх дүгнэлтээ үгүйсгэж зээл олгох нөхцөл бүрдээгүй байхад зээл олгосон гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Хуульд гишүүнээр элссэнээс хойш ямар хугацааны дараа гишүүний эрхийг эдлүүлэх буюу зээл олгох талаар тодорхойлсон, хязгаарласан журам байхгүй, гишүүнд зээл олгох эрхийг эдлүүлэх, ямар хугацаанд зээл олгох эсэх асуудал нь хоршооны дотоод эрх мэдлийн хүрээний асуудал байхад шүүхээс хуульд тавигдаагүй шаардлагыг бидэнд тулгаж зээл олгох үндэслэлгүй байсан гэж үзэж байгаад гомдолтой байна. Түүнчлэн, шүүхээс хариуцагчийг гишүүнээр элссэн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөг авсан гэж хэргийн үйл баримтыг нотлох баримтад үндэслэлгүйгээр буруу дүгнэж ноцтой алдаа гаргасан. Хэрэгт авагдсан манай хоршооны Хаан банк ХК дахь ******* тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хангалттай тогтоогдож байхад шүүхээс ямар баримтыг үндэслэж гишүүнээр элссэн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээл авсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй хэтэрхий нэг талыг барьсан, хариуцагчийн ...,зээл олгох үйл явц нь нэг өдөр хийгдсэн гэх худал тайлбар хөтлөгдсөн үндэслэлгүй шийдвэр болсон буюу шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлээ нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
6.2. Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолд зааснаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно гэж тайлбарласан. Манай хоршооны дүрмийн 5.1, 5.3-д зааснаар гишүүдийнхээ хүрээнд мөнгөн хөрөнгө нийлүүлэх, хадгаламж авах, зээл олгох замаар үйлчилгээ үзүүлж тэдний орлогыг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг гишүүддээ үзүүлж тэднийхээ нийтлэг болон эдийн засгийн хэрэгцээг хангах гэж мөн дүрмийн 6.1, 6.2, 6.3-д гишүүдээсээ мөнгөн хадгаламж авах, зээл олгох, хуулиар хориглоогүй санхүүгийн бусад үйл ажиллагаа явуулах гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, бидний зүгээс гишүүн этгээдтэй гэрээ байгуулж зээлийн үйл ажиллагаа явуулсан нь үйл ажиллагааны үндсэнд зорилгод нийцэж байгаа бөгөөд энэхүү хэлцлийг хийснээр байгууллагын оршин тогтнох, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ач холбогдолтой нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийсэн гэж үзэхгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасан зохицуулалт нь хуулийн этгээдийн үйл ажиллагааг нийгэм, эдийн засгийн харилцаанд тодорхой ойлгомжтой тогтвортойгоор явуулахад чиглүүлэхээс гадна хуулийн этгээдэд тодорхой хүрээ, хэмжээнд эдийн засгийн үйл ажиллагаагаа явуулах, хөгжих, ахиж дэвжих боломж, орон зай нээлттэй байлгахад чиглэсэн. Гэтэл шүүхээс манай байгууллагыг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсан мэтээр дүгнэж, хүү тооцох эрхийг үгүйсгэж, дээр дурдсанаар хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, ахиж дэвжих боломж орон зайг хаалттай мэтээр тайлбарлаж дүгнэж байгаа хүлээн зөвшөөрөхгүй.
6.3. Хариуцагч нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлээ гишүүнээр элсүүлээгүй байхад буюу гишүүн бус этгээдэд зээл олгосон гэж тайлбарладаг бөгөөд энэ нь хариуцагч 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хоршоонд элсэх хүсэлтээ гаргаж мөн өдрөө хууль болон дүрэмд заасны дагуу гишүүний заавал нийлүүлэх хувь хөрөнгийн доод хэмжээг нийлүүлсэн байдаг бөгөөд мөн сарын 24-ний өдөр Тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол гарч 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гишүүний эрх үүссэн болохыг баталгаажуулсан. Хариуцагчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хувь хөрөнгийн доод хэмжээг нийлүүлээгүй, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлсөн гэж маргадаг, хариуцагчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 200,000 төгрөг нь зээлийн үйлчилгээний хураамж бөгөөд энэ нь зээл олгосон өдөр, 21Ш гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, бусад гишүүдээс уг утгаар төлбөр шилжүүлсэн үйл баримт болон нэхэмжлэгчийн дансны хуулгаар үгүйсгэгдсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, тус хорооны дүрэмд заасан үндэслэл журмын дагуу гишүүнээр элсэж, бүртгүүлсэн, гишүүний эрхтэй болох нь түүний хувь хөрөнгийн доод хэмжээг нийлүүлсэн баримт, зээлийн хорооны шийдвэр, тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол зэргээр тогтоогдсон, түүнтэй байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм.
Хариуцагч нь зээлийг олгох эрхгүй этгээд буюу гүйцэтгэх захирал зээл олгохоор гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарладаг. Гэтэл хуульд заасны дагуу хариуцагчид зээл олгох тухай зээлийн хорооны шийдвэр гарч уг шийдвэрийг гүйцэтгэх алба буюу гүйцэтгэх захирал биелүүлж хоршоог төлөөлж гэрээ хэлцэл байгуулсан. Гүйцэтгэх захиралд хоршоог төлөөлөх хэлцэл байгуулах эрхийг олгосон болох нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль болон хоршооны дүрэмд тодорхой заасан байдаг бөгөөд гүйцэтгэх удирдлагын зүгээс дур мэдэн бие даан шийдвэр гаргаж өөрийн нэрийн өмнөөс хариуцагчтай гэрээ, хэлцэл байгуулаагүй. Нөгөөтэйгүүр, гүйцэтгэх захирлыг хоршоог төлөөлж гэрээ байгуулах эрхгүй болохыг төлөөлүүлж буй этгээдүүд болох хоршооны бусад этгээдийн зүгээс маргасан, төлөөлж байгаа гэдгийг хариуцагч мэдэх боломжгүй байсан тохиолдолд түүнийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Талууд хүсэл зоригоо илэрхийлж хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулж зээлийн эргэн төлөлтийн графикаар эхлээд хүү төлөх, зээлийн гэрээний хугацаа дуусах үед үндсэн зээлийг төлөхөөр харилцсан тохиролцсон бөгөөд үүний дагуу хариуцагч зээлийн хүүнд 21,791,100 төгрөгийг төлсөн, хариуцагчийн зүгээс хүү төлөх үүргээ хүлээн зөвшөөрч графикт гарын үсэг зурсан бичгээр гэрээг байгуулсан нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн байхад хүү тооцох эрхгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр талуудын байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
7.1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч гомдолдоо маргаагүй асуудлаар анхан шатын шүүх дүгнэлт өгсөн гэж дурдсан. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч талын байр суурийг тодорхойлох асуулт асуусан бөгөөд энэ нь хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Өөрөөр хэлбэл, ******* 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гишүүнээр элсэх үед болсон процесс болон ХЗХ нь дүрэм болон хуульд зааснаар ямар зорилготой, эрх үүрэгтэй эсэх, гишүүдийн оролцооны талаар тодруулсан байхад тухайн асуудалд маргаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. ******* нь тухайн хадгаламж зээлийн хоршоонд сайн дурын үндсэн дээр, өөрийн хүсэл зоригийн дагуу хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд нэгдэх зорилгоор элсэх өргөдөл өгсөн эсвэл өөр зорилготой байсан эсэх талаар шүүх хуралдааны явцад тодорхой тайлбарласан. ХЗХ нь зээл олгохын тулд гишүүн элсүүлсэн болохоос гишүүнээр элссэн этгээдэд зээл олгож байгаа үйл баримт хэрэгт авагдаагүй.
ХЗХ нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хадгаламж зээлийн хоршоо ямар зорилго, чиг үүрэгтэй талаар заасан. Хоршоо гэдэг нь гишүүдийнхээ эдийн засаг, нийгэм болон соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилготой бөгөөд зорилгын хүрээнд үйл ажиллагаа ашгийн төлөө бус явуулах ёстой. Тухайн зорилгын хүрээнд гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд оролцож байгаа этгээдүүд зээл олгох бөгөөд гишүүн бус этгээдэд зээл олгож болохгүй гэх агуулгатай зохицуулалт хуулийн үндсэн санаанд сууж өгсөн. Хадгаламж зээлийн хоршоо системээрээ асуудал болох үед яагаад гишүүн этгээдэд зээл олгодог, гишүүн бус этгээдэд зээл олгож болохгүй гэх асуудал хөндөгдөж, улмаар гишүүн этгээдүүдэд зээл олгож болохгүй гэх хуулийн зохицуулалт хийгдсэн. Тухайн хуулийн зохицуулалтыг ХЗХ урвуугаар ашиглан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч нь анкет бөглөж, улмаар гишүүнээр элсүүлэх өргөдлийг Тэргүүлэгчдийн зөвлөл явуулан тухайн өдөр зээл олгох хүсэлтийг авч, зээлийн хороо хариуцагчийн барьцаа хөрөнгийг үнэлж шийдвэр гарган зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийгдсэн.
Тэргүүлэгчдийн зөвлөл хууль болон дүрэмд зааснаар 30 хоногийн дотор тухайн этгээдийг гишүүнээр элсүүлэх эсэх талаар шийдвэр гаргана. ХЗХ нь Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар гишүүнээр элсүүлэх талаар шийдвэр гаргаагүй байсан. Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хураамж төлсөн гэж маргадаг бөгөөд цаг хугацааны хувьд аль нь урд эсвэл хойно болсон үйл явдлын талаар нэхэмжлэгч компани тайлбарлаж чаддаггүй. Нэхэмжлэгч компани нь 07 дугаар сарын 21-ний өдөр хураамж төлөгдсөн гэж үзэж байгаа бол цаг хугацааны хувьд аль процесс эхэнд хийгдсэн талаар тайлбар гаргаагүй. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* нь 200,000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Тухайн баримтад 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэх огноог нэхэмжлэгч байгууллага өөрөө гараар бичсэн байх бөгөөд *******ын бичиг биш юм. Хэрэгт авагдсан баримтаас *******ын бичсэн тэмдэглэгээг тодруулбал ялгаатай болохыг нотолдог. ХЗХ-ны тайлбарласнаар тухайн хорооны хураамж 150,000 төгрөг байсан. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б.Цэрэнбат 200,000 төгрөг төлсөн бөгөөд хураамжид 150,000 төгрөг, хадгаламжид 50,000 төгрөг төлсөн гэж ХЗХ-ны данс руу шилжүүлсэн. Зээлийн үйл ажиллагааны шимтгэл гэх үгийн товчлол байхгүй бөгөөд хураамж гэж байдаг. Хариуцагч тухайн төлбөрийг шилжүүлэхдээ ЗҮХ #625 гэж өөрийн бүртгэлийн дугаарыг бичсэн. Энэ нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хураамж төлсөн үйл баримт бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн гэх үйл баримт биш юм. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3-т шимтгэлийг бэлнээр төлнө гэж заасан. Шүүх хуралдааны явцад хариуцагч ******* гаргасан би шимтгэлийг бэлнээр төлсөн бөгөөд хураамжийг бэлэн бусаар буюу дансаар төлсөн. ХЗХ нь намайг хураамжид 150,000 төгрөг, хадгаламжид 50,000 төгрөгийг тус тус төлөх хэрэгтэй гэж хэлсэн. Иймд би 200,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарладаг. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар Б.Цэрэнбатыг ХЗХ-ны гишүүн болохыг тогтоож тогтоол гарсан.
Нэхэмжлэгч ХЗХ нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан гишүүний бүртгэлийн тухай заалтыг үндэслэдэг. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлд гишүүнээр элсэх тухай хуульчилсан бөгөөд ХЗХ нь дүрэмдээ тус заалтыг 17.1 гэж тусгаж өгсөн. Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүн элсүүлж авахдаа удирдах тэргүүлэгчдийн зөвлөлд өргөдөл гаргаж, Тэргүүлэгчдийн зөвлөлөөс шийдвэр гарсны дараа гишүүнээр элсүүлнэ. Шүүх хуралдааны явцад Тэргүүлэгчийн зөвлөлийн хурлаас өмнө зээл олгосон тохиолдолд тухайн хурлаар гишүүнээр элсүүлэх хүсэлтэд татгалзсан тохиолдолд яах талаар тодруулсан. Тэргүүлэгчдийн зөвлөл тогтоол гарч тухайн гишүүнийг хоршоонд элсүүлсэн тохиолдолд зээл олгоно. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дээр дурдсан процессыг нэг өдөр хийж, *******ад зээл олгож байгаа нь холбогдох хууль, дүрэм, журамд заасан зохицуулалтыг зөрчиж *******ыг гишүүн мэтээр харагдуулж, зээл олгох зорилготой хийсэн бүртгэл юм. *******ыг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тухайн хоршооны хураамжийг төлсөн гэж үзвэл ******* ХЗХ-ны үйл ажиллагаанд оролцож байгаагүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. ХЗХ нь *******ыг гишүүнээр элсүүлэх хүсэлтэй бус, зээл олгохын тулд хуулийн шаардлага хангах үүднээс бүртгэл хийсэн. Энэ үүднээс анхан шатын шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн нь зөв гэж үзэж байна. Практикт хадгаламж, зээлийн хоршоо нь гишүүн бус этгээдэд зээл олгох явдал байх бөгөөд үүнийг холбогдох хуулиар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
7.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа 07 дугаар сарын 27-ны өдөр зээл олгосон үйл баримтыг гишүүний тогтоол гарсны дараа зээл олгосон мэтээр буруу тайлбарлаж байна. Зээл олгох эрх зүйн үндэслэл нь 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ гэж анхан шатны шүүх хуралдааны явцад яригдсан. Бид талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бусд тооцуулах санал гаргаагүй. Тухайн зээл олгосон процесс хууль зөрчсөн бөгөөд ХЗХ нь үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчсөн. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдөр буюу ******* ХЗХ-ны гишүүн болохын өмнө хийгдсэн зээлийн гэрээ юм. 07 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн гэрээ нь 07 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн гэрээнд үндэслэж байгаа учир хариуцагч тухайн гэрээнд маргаж байгаа. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр *******ыг ХЗХ-д гишүүнээр элссэн тогтоол гарч, 07 дугаар сарын 27-ны өдөр зээл олгосон нь холбогдох хуулийн шаардлага хангасан гэх тайлбар гаргаж байгаа нь нэхэмжлэгч маргаж байгаа үйл баримтаа ойлгоогүй, буруу тайлбарлаж байна гэж үзэж байна. Тухайн хэрэг нь давж заалдах шатны шүүхээр 1 удаа, анхан шатны шүүхээр 2 удаа шийдвэрлэгдсэн бөгөөд шийдвэрлэгдэхдээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон.
Тухайн маргаан давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэх болсон үндэслэл нь гүйцэтгэх захирал тухайн зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй этгээд байсан эсэх асуудал яригдсан. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд зээлийн хорооны бүрэн эрх, гүйцэтгэх захирлын бүрэн эрх гэж тусдаа зохицуулагдсан. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зээлийн хорооны бүрэн эрхийн талаар заасан бөгөөд 38.8.2-т хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол зээл авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах, хянах, олгох эсэх асуудлыг шийдвэрлэх, зээлийн гэрээ байгуулах гэж заасан. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийн талаар хуульчилсан бөгөөд гүйцэтгэх захирал зээлийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрх байхгүй. Хадгаламж зээлийн хоршооны зээлийн хорооноос гүйцэтгэх захирал зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон баримт бичгийг гаргаж өгөөгүй бөгөөд зээлийн хороонд томилсон Тэргүүлэгчдийн тогтоолыг шүүхэд гаргасан. Тухайн Тэргүүлэгчдийн тогтоолд гишүүд нь тусгагдаагүй ба зөвхөн хорооны даргыг томилсон тогтоол байсан. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн хадгаламж зээлийн хоршооны шийдвэрт гүйцэтгэх захирал болон дэд хорооны гишүүдийн гарын үсэг зурагдсан.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч хадгаламж зээлийн хоршоо /цаашид ХЗХ/ нь хариуцагч *******ад холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 17,571,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,453,835 төгрөг, нийт 71,025,556 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг нийт 2 удаа ихэсгэн, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүүд 38,856,104.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,710,712.42 төгрөг, нийт 96,566,817.05 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 21,791,100 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ХЗХ-нд гишүүнээр элсэх өргөдлийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, мөн өдөр 150,000 төгрөгийн хувь хөрөнгө хоршоонд нийлүүлж, элсэлтийн хураамжид 10,000 төгрөг төлж, 50,000 төгрөгийн хадгаламж нээлгэсэн болох нь хэргийн 7-8, 73-74 дүгээр тал дахь хоршооны гишүүний анкет, гишүүнээр элсэх өргөдөл, кассын орлогын ордер зэрэг баримтаар тогтоогдсон. /1-р хх-ийн 7-8, 73-74/
3.2. Тус хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөлд хариуцагч ******* гишүүнээр элсэх өргөдөл 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасныг ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөл 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцэж 16 тоот тогтоол гаргаж ******* хоршооны 625 дугаар гишүүнээр, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс баталжээ.
3.3.Энэ өдөр хариуцагч ******* 50,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар зээл авах хүсэлтийг ХЗХ-ны гүйцэтгэх албанд гаргасан. Тус хоршооны зээлийн хороо 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хуралдан түүнд зээл олгохооор шийдвэрлэсэн байна.
3.4. Талууд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ХЗХ нь 50,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлдүүлэх, хариуцагч ******* нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. /1-р хх-ийн 13-14/
3.5. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр ХЗХ нь *******тай барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн ******* тоот хаягт байрлах 49.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1-р хх15-16/
3.6. Улмаар ХЗХ нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг ЕВ-625-р гишүүн *******ад зээл олгов гэсэн гүйлгээний утгатайгаар 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн нь хэргийн 1 дүгээр хавтасны 17-17, 100 дугаар тал дахь зээлийн тэмдэглэгээ, дансны хуулга, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон. /1-р хх-ийн 17-18, 100/
3.7. Хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 21,791,100 төгрөгийг нэхэмжлэгч ХЗХ-нд төлсөн байна.
4. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь ашгийн төлөө бус хуулийн этгээд байхаас гадна гишүүдтэй байж, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх, зөвхөн гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг үзүүлэх, харин гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татахыг хориглосноос гадна хоршооны гишүүнээр хуульд заасан журмын дагуу иргэдийг элсүүлэх ба гишүүнээр элсэгч нь хоршоонд заавал хувь хөрөнгө оруулах, гишүүний хураамж төлөх, үйл ажиллагаанд оролцох, ашиг авах, алдагдлыг хариуцах зэрэг эрх үүрэгтэй байхаар заасан.
4.1. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргаж, гишүүний хураамж төлсөн, улмаар ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор *******ыг хоршооны гишүүнээр элсүүлсэн байтал талууд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, энэ өдөр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар зээлийн хороо зээл олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.
Учир нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөл хуралдаж хоршооны гишүүнээр хариуцагч *******ыг элсүүлэх асуудлыг шийдвэрлээгүй байхад ХЗХ-ны зээлийн хороо 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээл олгохоор шийдвэрлэж, улмаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь Хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасантай нийцэхгүй байна.
4.2. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргасан, гишүүнээр элсэх хураамжийг төлсөн боловч зээл авах зорилгоор тус хоршоонд гишүүнээр элссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
4.3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч ******* нь хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргасан, гишүүнээр элсэх хураамжийг төлсөн боловч Хоршооны тухай хуульд заасан хоршооны гишүүний эдэлдэг бусад эрхийг эдлээгүй, хоршооны бусад үйл ажиллагаанд оролцоогүй байгаагаас үзвэл хоршооны гишүүн гэж үзэх үндэслэлгүй байна.
4.4. Нэхэмжлэгч ХЗХ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн шаардлагаа баримтлаагүй нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахаас гадна хуульд заасан үйл ажиллагааны хүрээнд ашиг олох зорилгогүйгээр өөрийн гишүүндээ зээл олгосон гэж үзэхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4.5. Түүнчлэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул уг гэрээний үндсэн дээр талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, гишүүний эрх үүссэн байхад нотлох баримтыг буруу үнэлсэн, гишүүн этгээдтэй гэрээ байгуулж зээлийн үйл ажиллагаа явуулсан нь үйл ажиллагааны үндсэнд зорилгод нийцсэн тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
5. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...тус хоршооны гишүүн болоогүй байхад зээл олгосон нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн шаардлагыг баримтлаагүй, мөн хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт ******* ХЗХ-д төлсөн 21,791,100 төгрөгийг буцаан гаргуулна... гэж тайлбарласан.
5.1. Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн тул уг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавартай байдаг. Иймд хариуцагчийн зээлийн гэрээний дагуу төлсөн 21,791,100 төгрөгийг түүний зээлж авсан 50,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 28,208,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсгийг зөрчөөгүй байна.
6. Анхан шатны шүүх хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч *******аас 28,208,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХЗХ-нд олгож, үлдэх 68,357,917 төгрөг болон барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21,791,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05781 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ