| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2025/0759/З |
| Дугаар | 001/ХТ2026/0028 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2026/0028
“М***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн
татварын улсын байцаагч нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0681 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2025/0789 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2026/0064 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“М***” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт (цаашид “Татварын улсын байцаагч” гэх) холбогдуулан “... Татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-*** дугаар татварын нөхөн ногдуулалтын актын нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 442,449,226.88 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын тасгийн татварын улсын байцаагч нараас “М***” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2024 оны НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актаар ... 2022 онд компанийн 51 хувийн хувьцааг шилжүүлэхдээ эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулж, төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.2-т заасанд нийцээгүй гэж үзэн, 251,896,387.35 төгрөгийн нөхөн татвар, 100,758,554.94 төгрөгийн торгууль, 58,943,754.63 төгрөгийн алданги төлүүлэхээр акт үйлджээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.6-д заасныг тус тус баримтлан “М***” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, Б.Одонтуяа нарт холбогдуулан гаргасан ... “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, Б.Одонтуяа нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-*** дугаар татварын нөхөн ногдуулалтын актын нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 442,449,226.88 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0681 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй байна.
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2026/0064 дүгээр тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б*** шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ.
6.1.Татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-*** дугаар татварын нөхөн ногдуулалтын актаар нийт 854,047,923.8 төгрөгийн төлбөр ногдуулсныг манай компанийн хүлээн зөвшөөрөөгүй тул нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд нэхэмжлэл гаргасан.
6.2.Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолоор 411,598,686.92 төгрөгийг хүчингүй болгож, үлдэгдэл 442,449,226.88 төгрөгийн торгуулийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч гомдол гаргасан.
6.3.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас компанийн эцсийн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байсан хувьцааг шилжүүлэх замаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогод албан татварыг ногдуулж төлөөгүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэж “М***” ХХК-ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
6.4.2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр компанийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан хэдий ч уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4, 56.1.8-д заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 191/ШШ2025/00268 дугаар захирамжаар О.Т***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б***, “У***” ХХК нарт холбогдох компанийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон шүүгчийн захирамж гарсан.
6.5.Энэ нь “М***” ХХК-ийг эрх борлуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйг нотолж байгаа. Шилжүүлсэн гэж байгаа тусгай зөвшөөрлийг бусдад худалдан борлуулаагүй, шилжүүлээгүй манай компанийн нэр дээр одоог хүртэл байгаа нь татварын улсын байцаагч нарын гаргасан актыг үндэслэлгүй болохыг харуулж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7.Хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Нэг.Хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийн талаар:
9.Хариуцагч татварын улсын байцаагч Ц.Цолмон, Б.Одонтуяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунзулаас “... хариуцагч Ц.Цолмон 2026 оны ээлжийн амралтаар гадаад улсын их дээд сургуульд хүүхдээ хүргэж өгөхөөр явж байгаа, татварын хяналт шалгалтыг ахлан гүйцэтгэсэнтэй холбогдуулан шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг холбогдох баримтын хамт цахимаар ирүүлснийг шүүх 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 50 минут, 11 цаг 30 минутад тус тус хүлээн авч бүртгэсэн.
10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “Шүүх цахим баримт бичгийг үнэлэхдээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтална”, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол цаасан болон цахим баримт бичиг нь хууль тогтоомж болон стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлээр баталгаажна”, 38.3-т “Баримт бичгийн эх хувийг цаасан, эсхүл цахим баримт бичгийн хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан, эсхүл цахим баримт бичигт “хуулбар хувь” гэсэн тэмдэглэгээ хийнэ”, 38.4-т “Энэ хуулийн 38.3-т заасан “хуулбар хувь” тэмдэглэгээтэй баримт бичиг нь мэдээлэл, бүрдлийн хувьд баримт бичгийн эх хувьтай нийцэж байгаа тохиолдолд уг баримт бичгийг хүчинтэйд тооцно” гэж тус тус заасан.
11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтдээ “... татварын улсын байцаагчийн Ц.Цолмонгийн ээлжийн амралт эдлэх хүсэлт болон гадаад улсад зорчих хүсэлт, ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл” зэрэг баримтуудыг хавсаргасан боловч тус баримтуудад “хуулбар үнэн” эсхүл “хуулбар хувь” гэсэн тэмдэг дарж баталгаажуулаагүй байх тул дээрх хуульд заасан баримтын шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
12.Мөн маргаан бүхий татварын нөхөн ногдуулалтын актыг татварын 2 улсын байцаагч үйлдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг 2026 оны 02 дугаар сарын 26, 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд хэргийн оролцогчид мэдэгдсэн нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байхад хариуцагч, нэхэмжлэгч талаас аль аль нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
13.Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т зааснаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох үүрэгтэй буюу хариуцагч татварын улсын байцаагч Б.Одонтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунзул нар шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамаарахгүй.
14.Иймд хяналтын шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийн оролцогчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Хоёр.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тухайд:
15.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, “М***” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч, 51 хувийн хувьцаа эзэмшигч О.Т*** нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн хувьцааны 31 хувийг тус компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Б***-т[1], 20 хувийг “У***” ХХК-д Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай (06.28-ны өдрийн) гэрээний дагуу худалдсан[2], үүнтэй холбоотойгоор 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд[3] компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн бүртгэл хийгдсэн, мөн компанийн эцсийн өмчлөгч Ц.Б*** болж өөрчлөгдсөн нь тогтоогджээ.
16.Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актаар ... 2022 онд компанийн 51 хувийн хувьцааг шилжүүлэхдээ “эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулж, төлөөгүй” нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.2-т заасанд нийцээгүй гэж үзэн, 251,896,387.35 төгрөгийн нөхөн татвар, 100,758,554.94 төгрөгийн торгууль, 58,943,754.63 төгрөгийн алданги, нийт 411,598,696.92 төгрөгийн төлбөр тогтоосон байна.
17.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д ““эцсийн эзэмшигч” гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг” ойлгохоор заасан.
18.Дээрх зохицуулалтаас үзэхэд, хуулийн этгээдийн 30 ба түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо шилжсэн тохиолдолд уг хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч өөрчлөгдсөнд тооцох эрх зүйн үндэслэл бүрдэх бөгөөд нэхэмжлэгч “М***” ХХК-ийн эцсийн эзэмшигч буюу 51 хувийн хувьцаа эзэмшигч О.Т*** нь өөрийн хувьцааг бусдад шилжүүлж, үүний улмаас компанийн хувьцааны бүтэц болон эцсийн эзэмшигч өөрчлөгдөн бүртгэгдсэн нь улсын бүртгэлийн байгууллагын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон нөхцөл байдал нь мөн зохицуулалтад тусгагдсан “эцсийн эзэмшигч”-ийн өөрчлөлтөд хамаарахаар байна.
19.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно” гээд 7.4.3-т “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна:” гээд 10.1.2-т “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого”, 30 дугаар зүйлийн 30.1-д ““Эцсийн эзэмшигч” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно”, 30.2-т “Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно” гэж тус тус хуульчилсан.
20.Тодруулбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцаа, хувь оролцоог шилжүүлэх замаар эцсийн эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдон олсон орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого”-д тооцохоор зохицуулсан тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”-д албан татвар ногдуулж төлөх үүрэгтэй.
21.Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2022 онд компанийн хувьцаа шилжүүлэх замаар эцсийн өмчлөгч өөрчлөгдсөн буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжсэнтэй холбоотой орлогод албан татвар ногдуулж төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.2-т нийцээгүй учир хариуцагч татварын улсын байцаагч нарын “... 2022 онд компанийн 51 хувийн хувьцааг шилжүүлэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулж, төлөөгүй” үндэслэлээр 2024 оны НА-*** дугаар татварын нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь дээрх хуульд нийцсэн, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
22.Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, татварын нөхөн ногдуулалтын акт гарсны дараа буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 119/ШШ2025/00268 дугаар захирамжаар “2022.06.29-ний өдрийн хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдтэй холбоотой зохигчдын эвлэрлийг баталсан” боловч татварын хяналт шалгалт хийж, акт тогтоосон үеийн бодит (гэрээнүүд хүчин төгөлдөр байсан, компанийн эцсийн өмчлөгч улсын бүртгэлд өөрчлөгдөн бүртгэгдсэн) нөхцөл байдлыг үгүйсгэж, актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
23.Өөрөөр хэлбэл, хожим иргэний шүүхээс зохигчдын эвлэрлийг баталсан нь татварын акт гаргасан үеийн нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
24.Хяналтын шатны шүүх энэхүү маргааныг “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
25.Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0681 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2025/0789 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М***” ХХК-ийн төлөөлөгч Ц.Б***-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ