Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1795

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05043 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Т , Д.Г нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Д.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т , Д.Г нарт 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 7 000 000 төгрөгийг нэг сар хүртэл хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Д.Т , Д.Г нар 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх зээлийн сарын хүү 700 000 төгрөгийг 2 сарын дараа 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Голомт банкин дахь нэхэмжлэгчийн 1209191482 тоот дансанд шилжүүлсэн. 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх зээлийн 2 сарын хүү 1 400 000 төгрөгийг 2 сарын дараа 2014 оны 10 дугаар 31-ний өдөр мөн дээрх дансанд шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 30-ны хүртэлх зээлийн 2 сарын хүү 1 400 000 төгрөгийг 2 сарын дараа 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкны дансанд тус тус үндсэн зээлийн 5 сарын хүүд нийт 3 500 000 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл 7 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 1 сарын хүү 700 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Зээлийн гэрээний 2.2-т зааснаар хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 20-ны хүртэлх 5 сарын алданги 3 500 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнээс 30 хоногийн хугацаатай мөнгө зээлж төлсөн. Ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Т , Д.Г нараас 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгаа чөлөөтэй тодорхойлох эрхтэй. Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 2.1-д зааснаар 7 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх тухай зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний 2.2-т зааснаар зээлдэгч нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл сарын 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий агуулгын хүрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлбол талууд зээлийн гэрээний хугацааг 1 сараар тогтоосон боловч уг хугацаа хэтэрвэл зээлийг төлж дуусах хүртэл гэсэн “тодорхой бус” хугацаатай болгохоор гэрээний нөхцөлийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар зээлийн хүүг төлж, үндсэн зээлийг төлөөгүй тул уг гэрээний 2.2-т зааснаар зээлийн гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Хариуцагч Д.Т , Д.Г нар нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 30-наас 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх зээлийн сарын хүү 700 000 төгрөгийг 2 сарын дараа 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Голомт банкин дахь нэхэмжлэгчийн 1209191482 тоот дансанд шилжүүлсэн. 2014 оны 7 дугаар сарын 30-наас 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх зээлийн 2 сарын хүү 1 400 000 төгрөгийг 2 сарын дараа 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдөр шилжүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 30-наас 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх зээлийн 2 сарын хүү 1 400 000 төгрөгийг 2 сарын дараа 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус тус үндсэн зээлийн 5 сарын хүү нийт 3 500 000 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл 7 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-наас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 1 сарын хүү 700 000 төгрөгийг голомт банкин дахь нэхэмжлэгчийн 1209191482 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн дээрх төлөлтөөс үзвэл хариуцагч нар нь үндсэн зээлийг буцаан төлсөн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх нийт 11 сарын хугацааны хүүд 7 700 000 төгрөг төлөх үүргээс 4 200 000 төгрөгийг төлж, 5 сарын хүү 3 500 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч Д.Д уг үүргийг гүйцэтгэхийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Т , Д.Г нараас 2015 оны 12 дугаар сарын 30-наас 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 5 сарын зээлийн гэрээний хүүд 3 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Д.Т , Д.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний хүү 3 500 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар нь эс зөвшөөрч, зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний 2.1-д нэхэмжлэгч нь хариуцагчид 7 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлэхээр тохиролцжээ. /хэргийн 3 дугаар тал/

Дээрх гэрээний дагуу хариуцагч Д.Т , Д.Г нар нь зээлийн хүүд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 700 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 400 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1 400 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үндсэн төлбөр, хүүд 7 700 000 төгрөг нийт 11 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

/хэргийн 5-12 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх зээлийн гэрээний 2.2-т “Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.2-т заасан хувийн хүүг төлнө. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цаашид зээлийн гэрээг тодорхой бус хугацаатайгаар байгуулсанд тооцож зээлийн хүүг төлнө. Зээлийн үүргийг шаардахад Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3 дахь хэсгийн заалт үйлчилнэ.” гэсний дагуу талуудын хооронд тодорхой бус хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн үүргийг тохирсон хугацаанд буцаан төлөх, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан байх тул шүүх тэдгээрийн байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-т “хугацаа 30 хоног” гэж тодорхой заасан байх тул уг гэрээг тодорхой хугацаатай байгуулсан гэж дүгнэсэн нь мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасан, гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утга, ерөнхий агуулга, бусад нөхцөл байдлыг харьцуулах замаар тодорхойлно гэсэнтэй нийцжээ.

 

Иймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хүү шаардах эрхгүй юм.

 

Талууд зээлийн гэрээний 2.3-т зээлийн үндсэн төлбөрийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор тохиролцсон байх боловч хариуцагч нь зээлийн хүүд төлсөн 4 200 000 төгрөгөөс 30 хоногийн хүү 700 000 төгрөгийг хасаж, үлдэх 3 500 000 төгрөгийг алдангид тооцож үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж шүүхийн дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Харин шүүх зээлийн хүү, алдангийг зохицуулсан нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05043 дугаар тогтоох хэсгийн 1 дэх заалтын “236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан” гэснийг “282 дугаар зүйлийн 282.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                           Т.ТУЯА

 

                                                                                                        С.ЭНХТӨР