Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01828

 

 

 

 

******** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/05428 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******** нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс 2,930 ширхэг барилгын хэв хашмал болон 251,980,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь манай компанид хүсэлт гарган барилгын хэв хашмал, тулаас түрээсэлж байсан ба түрээсэлсэн хэв хашмалаа буцаан авахаар мэдэгдэхэд танай барилгын хэв хашмал, тулаас ******-ийн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа барилга дээр байгаа, тэндээс очоод аваарай гэсэн.

Хэв хашмалаа авахаар 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******-ийн барилга дээр очиход оруулахгүй, хамгаалагч ажилчид нь саад хийсэн.

2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******-д хэв хашмалыг буцааж өгөхгүй бол түрээсэлснээр тооцон төлбөр авна гэдгийг албан тоотоор мэдэгдсэн.

****** нь манай компанийн өмчлөлийн нийт 2,930 ширхэг 163,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий хэв хашмалыг хууль бусаар эзэмшиж ашиглан үйл ажиллагаа явуулж байна.

Хэв хашмалаа гаргуулахаар шаардсан 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 251,980,000 төгрөг болсон.

Иймд ******-ийн хууль бус эзэмшлээс 2,930 ширхэг барилгын хэв хашмал болон 251,980,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

****** хотхон төслийн хүрээнд ****** нь *******-тай 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэрээний дагуу төлбөрөө бүрэн барагдуулсан боловч ******* нь гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэлгүй ажлаа хаяж явснаар манай байгууллагад их хэмжээний буюу 709,260,000 төгрөгийн хохирол учирсан.

Харин нэхэмжлэлд дурдагдаж буй *******-аас *******-ийн хүсэлтээр хэв хашмал, тулаас түрээсэлсэн болохыг ******-д аль аль нь мэдэгдээгүй. Мөн бараа хүлээлгэн өгсөн, хүлээж авсан акт үйлдээгүй.

******* нь барилгын ажил гүйцэтгэж байхдаа 2,907 ширхэг хэв хашмалыг ******-ийн хашаанд буулгасан ч үүнийг *******-ийн эд зүйлс гэж үзэж байна.

Бидний зүгээс *******-тай байгуулсан гэрээний дагуу манай байгууллагад учруулсан их хэмжээний хохирлыг барагдуулсны дараа тус барилгын талбайд үлдээсэн эд зүйлсийг буцаан өгнө. 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 24/187 дугаартай хариу мэдэгдэх хуудсанд дурдсанчлан бид *******-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тус хэв хашмалуудыг эзэмшиж ашиглаагүй тул түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******-иас 2,930 ширхэг барилгын хэв хашмал болон 251,980,000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,394,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,394,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага болох 2,930 ширхэг хэв хашмал нь бүгд нэхэмжлэгчийн өмч биш ба цаашлаад 2,930 гэдэг тоо хөдөлшгүй үнэн болох нь баримтаар нотлогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, хэв хашмалын тоог тодорхой болгох хүсэл зориг илэрхийлсэн боловч хүсэлтийг хангаагүй.

Нэхэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу хэв хашмал түрээслэх үйл ажиллагаа явуулж орлого олдог гэдгээ нотлохоор гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.2, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь хөдлөх эд хөрөнгө түрээслүүлж орлого олдог бол хуульд зааснаар орлогоо үнэн зөвөөр тайлагнаж татвар төлөх бөгөөд түрээсийн орлогоос татвар төлсөн талаарх татварын тодорхойлолт, татварын тайланг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоо дээрх хуульд зааснаар албан татвар ногдуулах орлогоо тодорхойлж, харьяалах татварын албанд төлсөн бол энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүний бусадтай байгуулсан гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн олох байсан орлогыг тодорхойлох нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь олох байсан орлого болох 251,980,000 төгрөгийг тооцоолохдоо 2,930 ширхэг хэв хашмалыг өдрийн 250 төгрөгөөр түрээсэлнэ гэж тооцоолсон.

1 өдрийн түрээс болох 250 төгрөгийг тогтоосон хөндлөнгийн үнэлгээний тайлан байхгүй. Мөн Монгол улсад хүйтний улирал буюу 11 дүгээр сараас дараа оны 3 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд барилга угсралтын ажил огт явагддаггүй. Гэтэл түрээсийн төлбөрийг шаардахдаа хүйтний улиралд түрээсэлж орлого олох мэтээр тооцоолол хийж нэхэмжилсэн нь бодит байдалд нийцээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Манай компанийн хэв хашмал, тулаасыг хариуцагч хууль бусаар эзэмшилдээ байлгасан гэх үйл баримтад маргадаггүй. Хариуцагчийн гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийн агуулга нь тоо ширхэг гэхээсээ илүүтэй хэн нь өмчлөгч болохыг тогтоолгох хүсэлт байсан тул шүүх хангаагүй нь үндэслэлтэй. Хариуцагч анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж, татгалзлаа нотлоогүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******-д холбогдуулан хууль бус эзэмшлээс 2,930 ширхэг барилгын хэв хашмал болон олох байсан орлого 251,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хариуцагчийн эзэмшилд буй барилгын хэв хашмалын тоо хэмжээг буруу тогтоосон байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

3. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь *******-иас барилгын хэв хашмал, дотор болон гадар булан түрээсэлж, улмаар ******-ийн барьж буй ****** хотхоны барилгын ажлыг гүйцэтгэхдээ ашиглажээ.

Харин ******* нь ******-ийн барилга дээр ажиллахаа болиход ****** дээрх хэв хашмалыг өөрийн эзэмшилд авч үлдсэн байна.

 

3.1. ******-ийн эзэмшилд буй хэв хашмалын тоо хэмжээнд талууд маргасан.

*******-ийн захирал ******* гэрчээр өгсөн мэдүүлэг, ******** 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, ******-ийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг болон хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 2,907 ширхэг хэв хашмал одоо хариуцагчийн эзэмшилд байгаа болох нь тогтоогдсон байна.

Харин үүнээс өөрөөр буюу 2,930 ширхэг хэв хашмал хариуцагчийн эзэмшилд байгаа гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

3.2. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдлоо.

 

4. *******-иар ажил гүйцэтгүүлэх явцад үүссэн маргаанаас үүдэн ****** нь барилгын ажилд ашиглаж байсан ******** өмчлөлийн хэв хашмалыг эзэмшилдээ байлгаж буйг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байна гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь өмчлөгч 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр анхны шаардлага гаргаснаар хариуцагч хэв хашмалын жинхэнэ өмчлөгчийн талаар мэдээлэл авсан тул түүнээс хойш хэв хашмалыг хууль ёсоор эзэмшсэн гэж дүгнэхгүй.

Мөн өмчлөгч өөрийн эд хөрөнгийг буцаан шаардаж буй тохиолдолд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэх зохицуулалт үйлчлэхгүй.

 

4.1. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн эзэмшилд буй барилгын хэв хашмалыг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.

Өмнө дурдсанчлан хэв хашмалын тоо хэмжээг шүүх буруу тогтоосныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

4.2. Хариуцагчийн зүгээс ******** *******-нд түрээслүүлсэн хэв хашмалд бусад этгээдийн хэв хашмал байсан гэх мэтгэлцээний байр суурийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авах үндэслэлгүй.

Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүхээс ******* нь түрээсийн гэрээний дагуу хүлээлгэн өгсөн хэв хашмалаа бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв.

 

4.3. Мөн хариуцагчийн гаргасан хэв хашмалыг тоолж, үүнээс аль нь ******** өмчлөлийнх болохыг үзлэгээр тогтоолгох хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/26215 дугаар захирамжаар хангаагүй нь үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүхээс үзлэг хийх замаар хэв хашмалын өмчлөгчийг тогтоох ойлголт байхгүй билээ.

Түүнчлэн, өөрийн эзэмшилд одоо бодитоор буй хэв хашмалын тоо хэмжээг баримтаар тогтоож, нэхэмжлэлийг үгүйсгэх үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид ногдоно.

Энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байхад барилгын талбайд байгаа хэв хашмалын тоо хэмжээг үзлэг хийж тогтоогоогүй гэж шүүхийг буруутгахгүй.

 

5. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Үүний дагуу, нэхэмжлэгч нь анхны шаардлага гаргасан 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэв хашмалаа бусдад түрээслүүлж олох боломжтой байсан орлого, үр шимийг 1 ширхэг хэв хашмалыг өдрийн 250 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн байна.

Хариуцагч нь өмчлөгч хөрөнгөө шаардсаар байхад эд хөрөнгөө ашиглах эрхийг нь хязгаарлаж, олох ёстой байсан орлого, үр шимийг алдагдуулсан нөхцөл байдлыг шүүх зөв үнэлж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Харин хариуцагчийн эзэмшилд буй хэв хашмалын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулж энэ шаардлагын хэмжээг 250,002,000 төгрөг /(өдрийн 250 төгрөг х 2,907 ширхэг хэв хашмал) x 344 хоног/-ийн хэмжээнд хангаж, тэмдэгтийн хураамжийг дахин хуваарилна.

Мөн нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулж, өөрчлөлт оруулна.

 

5.1. ******* нь *******-нд холбогдуулан барилгын хэв хашмал түрээсийн төлбөрт 217,772,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар тогтоогдсон.

Уг хэргийн маргааны хамрах хүрээ нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өмнөх хугацаанд байгааг дурдвал зохино.

 

5.2. Дараах үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Нэгэнт хариуцагч нь одоог хүртэл нэхэмжлэгчийн хэв хашмалыг өөрийн эзэмшилд байлгасаар байгаа тул үүнээс болж алдагдсан орлого, үр шимийг улирлын нөхцөл байдлыг харгалзан хязгаарлах үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа учир аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоос татвар төлсөн эсэх нь энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт өгсөн.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/05428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******-иас 2,907 ширхэг барилгын хэв хашмал болон 250,002,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,394,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,478,160 төгрөг, улсын орлогоос 906,775 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,395,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Т.БАДРАХ