| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/05001/И |
| Дугаар | 210/МА2025/01728 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01728
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хэргийн шүүх хуралдаанаар,
*******ы нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгилтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******,*******,*******,******* орон сууцыг Банкны өр барагдуулах газраас надад мэдэгдэлгүйгээр шинжээч томилж зах зээлийн үнээс хэт доогуур буюу 167,000,000 төгрөгөөр үнэлсэн нь хөрөнгийг үнэгүйдүүлж, эрх зүйн байдлыг дордуулсан.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тогтоолоор *******, ******* нараас 42,918,465 төгрөгийг гаргуулж ХХК-д олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын дугаартай, *******,******* /13321/, 55А дугаар байрны 37 тоот, 54.88 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн ч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тогтоолоор хураан авч, талуудад үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн , тоот албан бичгээр хүргүүлэхэд заасан хугацаанд ирүүлээгүй тул Файн-Эстимэйнт ХХК-ийн шинжээч ийг томилсон.
2.2. Шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 167,000,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг талуудад 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/2049, 3/2050 тоот албан бичгээр болон биечлэн төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. Төлбөр төлөгч *******, ******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэ болох 167,000,000 төгрөгийн 70 хувь буюу 116,900,000 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5/10 дугаар тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 3/2244 тоот мэдэгдлийн төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид биечлэн 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдсэн. Тухайн зарлагдсан өдөр төлбөр төлөгчийн хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.
2.3. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын, өртгийн, жишиг үнийн аргуудыг хослуулан Олон Улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зохицуулсан. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний орлогын, өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлэн хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлэх зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна, тохижилт, байршилтай, ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ы хариуцагч *******т холбогдох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,******* /13321/, да хүрээ гудамж 55а байрны 37 тоот орон сууцыг 167,000,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай 4 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд үнийн санал өгөх сүүлийн өдөр амралтын өдөр байхад дараа өдрийн даваа гараг буюу 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасныг мөрдөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тоот үнийн санал авах тухай албан бичигт үнийн саналаа 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдэлдээ хуанлийн тодорхой өдөр заасныг тус шүүх 4 хоногийн хугацаа заасан гэж тайлбарласан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь дуусах сүүлийн хоногийн 24 цагт дуусна гэж заасныг баримтлан 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч томилсон нь хуулийн дагуу байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* тоот хаягт байршилтай, 54.88 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 167,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас 42,477,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг *******ы өмчлөлийн ******* тоот хаягт байрлах, 54.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 41-57/
3.2. Төлбөр төлөгч нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх-ийн 36-37, 59/
3.3. ******* нь *******ы өмчлөлийн ******* орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 68-70, 75-76/
3.4. Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн , тоот албан бичгээр үнийн санал ирүүлэх мэдэгдлийг талуудад монгол шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/26 дугаартай тогтоолоор ХХК-ийн үнэлгээчин ийг шинжээчээр томилон эрх, үүргийг тайлбарласан. /хх-ийн 85-86/
3.5. Шинжээч нь ******* тоот хаягт байршилтай, 54.88 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 167,000,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3/2049 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн... гэж тайлбарласан.
4.1. Үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан байна.
4.2. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ өртгийн, орлогын, зах зээлийн хандлагаар үнэлээд үнэлгээнээс зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлсэн үнэлгээг илүү ач холбогдолтой гэж үзээд барьцааны зүйлийн эд хөрөнгө болох ******* тоот хаягт байршилтай, 54.88 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 167,000,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн гэж үзнэ.
4.3. Түүнчлэн, шинжээч ХХК-ийн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдсон байхаас гадна нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд хариуцагчийн ...хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль болон үнэлгээний олон улсын стандартад нийцсэн... гэх татгалзал үндэслэлтэй байна. /хх-ийн 109/
5.Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай 4 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд үнийн санал өгөх сүүлийн өдөр амралтын өдөр байхад дараа өдрийн даваа гараг буюу 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч томилсон нь талуудыг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцуулах ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Учир нь нэхэмжлэгч үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүлээж авсан талаар маргаагүй байхаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнийн санал гаргаагүй болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл шүүх талуудын шүүх хуралдаанд мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж зохицуулсан.
6.1. Хэргийн баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч томилсон бөгөөд шинжээч нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээний обьектэд үзлэг хийсэн болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Гэвч нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, түүний шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан гэх баримтгүй байна.
6.2. Мөн төлбөр төлөгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, ******* нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу мөн оны 05 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргах байтал уг хугацааг 15 хоног хэтрүүлжээ.
7. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох, ******* орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 167,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ