| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/00321/И |
| Дугаар | 210/МА2025/01729 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01729
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/05649 дугаар шийдвэртэй
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох
Хохиролд 51,908,007 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ, мөн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулан худалдааны төлөөлөгчөөр ажилласан. Тэрээр ажиллах хугацаандаа харилцагч байгууллагын барааны төлбөрийг өөрийн дансаар хүлээн авч, мөн хуурамч харилцагч үүсгэн харилцагчийн нэр дээр зээлээр бараа гаргах зэргээр байгууллагад нийт 72,883,624 төгрөгийн хохирол учруулсан.Хариуцагч нь ажлаа хүлээлцэлгүй хаяж БНСУ руу явсан тул түүнтэй цахимаар холбогдоход дээрх өр төлбөр гаргасныг хүлээн зөвшөөрч 22,175,617 төгрөгийг төлж, үлдэгдэл 50,708,007 төгрөгийг төлөөгүй.
1.2. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан боловч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан. Талуудын байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 6.1-д Ажилтан ажил үүргээ зөрчсөнөөс компанид учирсан бодит хохирол, хохирлыг илрүүлэхэд шаардагдсан зардлыг зохих ёсоор төлж барагдуулна гэж заасан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй. Манай компанид учруулсан хохирлыг илрүүлэхээр санхүүгийн байгууллагаар аудит хийлгэж дүгнэлт гаргуулсан. Уг үйлчилгээний төлбөрт 1,200,000 төгрөг төлсөн.
Иймд хариуцагч нь албан үүрэгтээ хайнга хандан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс байгууллагад учруулсан хохирлын үлдэгдэл төлбөрт 50,708,007 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 1,200,000 төгрөг, нийт 51,908,007 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Би тус компанид 2008 оноос хойш ажиллах хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2019 онд ажлаас чөлөө авч ажлаа хүлээлгэн өгөх үед 12,000,000 төгрөгийн өр төлбөр гарсныг төлж барагдуулсан. 15,810,000 төгрөгийг компанид бэлнээр тушаасан. Надад холбогдуулан гаргасан 51,908,007 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Мөн санхүүгийн үлдэгдлийн дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримт ойлгомжгүй, аудитын дүгнэлтийн үнийн дүн зөрүүтэй, санхүүгийн анхан шатны баримт байхгүй, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтууд шаардлага хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт заасны дагуу *******эс 14,072,910 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 37,835,097 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,490 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 228,315 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчээс хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 44 харилцагч нартай тооцоо нийлсэн актуудын эх хувь хариуцагчид үүсгэсэн эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар тус тус нотлох баримтын шаардлага хангасан 2 хэлбэрээр хавтас хэрэгт авагдсан. Шүүхээс дээрх нотлох баримтуудыг дутуу үнэлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн 6 дугаар нүүрэнд дурдахдаа *******, *******, *******, *******, ******* хуулийн этгээдүүдтэй тооцоо нийлсэн актын бичилт тэмдэглэгээ гаргагдахгүй, дүгнэлт хийх боломжгүй нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй баримтууд гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авах эрхээ хэрэгжүүлээгүй, дээрх тооцоо нийлсэн актууд бичилтийн хувьд гаргагдахгүй байсан бол тухайн баримтуудын эх хувийг агуулсан эрүүгийн дугаар бүхий эрүүгийн хэргийг татаж хянах, эрүүгийн хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тооцоо нийлсэн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хавтас хэрэгт авагдсан хэлбэрүүдийг хооронд нь харьцуулж дүгнэх боломжтой. Үүнд:
-******* төвийн 1 дүгээр хавтаст хэргийн 63-71, 2 дугаар хавтаст хэргийн 162 дугаар талд баримтууд авагдсан бөгөөд дээрх харилцагч 17,500,000 төгрөгийн тооцоог хариуцагч *******д бэлэн өгсөн тухайгаа ехсеl праграмм дээрх тэмдэглэгээг тооцоо нийлсэн актны хамт хавсаргаж өр төлбөргүй болохоо бататгаж гарын үсэг, тамга дарсан баримт нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн. Хариуцагч тухайн харилцагчийн 17,500,000 төгрөгийг кассанд тушаасан баримт 2 дугаар хавтаст хэргийн 157 дугаар талд авагдсан бөгөөд ямар нэг харилцагчийн нэр дурдалгүй тушаасан. Хариуцагч кассанд тушаасан тухайн мөнгийг харилцагч руу буюу Мөнх Агий-Мөнх бөөний төвийн тооцооноос хаалгалгүй Батсарай гэх нэртэй харилцагчийн төлбөрөөс хаалгасан бөгөөд 111-3685 кодтай Батсарай нэртэй харилцагчийн төлбөр болох 17,500,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул хариуцагч тухайн дүнгээр өр төлбөр үүсгэсэн.
- 1 дүгээр хавтаст хэргийн 85, 2 дугаар хавтаст хэргийн 144 дүгээр талд харилцагч дээр хариуцагчийн үүсгэсэн өр төлбөр 256,440 төгрөг байх бөгөөд тухайн харилцагч тооцоо нийлсэн актанд өр төлбөргүй гэдгээ илэрхийлж гарын үсэг, регистрийн дугаар, утасны дугаараа бичиж тэмдэглэсэн. Нэгэнт харилцагч өр төлбөргүй гэдгийг тооцоо нийлсэн актанд тусгасан байх тул тухайн дүнгээр хариуцагчид төлбөрийг үүсгэсэн.
- 1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 148 дугаар талд харилцагчид үүсгэсэн тооцоо 201,700 төгрөг бөгөөд 60,000 төгрөгийг мобайлаар шилжүүлж, үлдэгдэл төлбөр тооцоог бэлнээр өгсөн гэж тооцоо нийлсэн акт үйлдсэн тул тухайн тооцоог хариуцагчид үүсгэсэн.
-******* 1 дүгээр хавтаст хэргийн 127, 2 дугаар хавтаст хэргийн 179 дугаар талд харилцагч тухайн тооцоо байхгүй гэдгийг баталж тооцоо нийлсэн актанд гарын үсэг, регистрийн дугаар, хаяг, утасны дугаар зэргийг бататган, иргэний үнэмлэхний хуулбараа оруулсан. Тухайн харилцагч дээр үүсгэсэн хариуцагчийн тооцоо 1,480,000 төгрөг гэх мэтчилэн нийт хариуцагчид 44 харилцагчтай нэг бүрчлэн тооцос нийлсэн актаар үүсгэсэн 48,080,630 төгрөгийн тооцоо, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 24 харилцагчийн 23,837,576 төгрөгийн шинэ харилцагч үүсгэж, тооцоо үүсгэсэн төлбөрийг хариуцагч үүсгэсэн байхад шүүхээс ижил арга хэлбэрээр бэхжүүлсэн зарим баримтыг дүгнэлгүй хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж зааснаар нотлох баримт шаардан авах эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн нотлох баримт дутуу үнэлсэн гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Тухайлбал 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу эрүүгийн хэргийн материалаас нотлох баримтыг гаргасан.
2025 оны 05 дугаар сард шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн захирамж гаргаж эрүүгийн хэргийг татан авахаар шүүх хуралдааныг хойшлуулж, эрүүгийн хэргийн архиваас холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой бөгөөд эдгээр үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд нотлох баримт гаргах талаар тодруулахад гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэх агуулгаар тайлбар өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар холбогдох нотлох баримтуудыг гаргуулж авсан. Нэхэмжлэгч гомдолдоо нотлох баримт дутуу үнэлсэн гэж дурдсан бөгөөд хариуцагч талаас эсрэг байр суурьтай байна гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон харилцагч байгууллагуудын хооронд 24 ширхэг тооцоо нийлсэн актаар хариуцагчийг 14,072,910 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож байна гэж үзсэн бөгөөд актад хоёр тал харилцан тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэлбэрийн шаардлага хангасан гэж дүгнэхдээ тооцоо нийлсэн актын агуулгыг болон баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхийг анхаарч үзсэнгүй. Тодруулбал, нотлох баримтын шаардлага хангасан гэх тооцоо нийлсэн актууд харилцагч байгууллагыг төлөөлж тооцоо хийх эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй, тамга тэмдгээр баталгаажаагүй. Үүнд: , , , , , , , , , дэлгүүр гэх зэрэг байсан. Мөн тооцоо нийлсэн гэх актад тодорхой бус тайлбарууд бичигдсэн байдаг. Тухайлбал, ...бүх тооцоог бэлнээр эсвэл өдөрт нь шилжүүлдэг тул хүлээн зөвшөөрөхгүй, ...ямар нэгэн тооцоо байхгүй , зээлээр авч байгаагүй, үлдэгдэл байхгүй...тухайн үед шилжүүлээгүй бол бэлнээр өгч явуулдаг гэх зэргээр авагдсан тайлбарууд, нотлох баримтад үндэслээгүй. Өөрөөр хэлбэл, харилцагч нараас барааны үнийг хариуцагч *******д бэлнээр өгсөн тухай гарын үсэг бүхий баримт, кассын баримт баримт авагдаагүй, тайлбар үнэн зөв эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн, , , , , , , , , , зэрэг 10 байгууллагын тооцоо нийлсэн актад өглөг авлагыг баталгаажуулах болон гарсан зөрүүг тооцсон хэсэгт тооцооны үлдэгдэлгүй 0 төгрөг гэж баталгаажуулсан атал шүүгч ямар баримтыг үнэлж үнийн дүнг тооцсон нь ойлгомжгүй.
6.2. Шүүхийн шийдвэр тооцооллын алдаатай болсон. Тухайлбал, ХХК-ийн актад 1,419,400 төгрөг гэж бичигдсэнийг 1,519,600 төгрөг гэж, -ийн актад 192,220 гэж бичигдсэнийг 482,680 гэж, ийн актад 122,900 төгрөгийг 123,000 гэж тус тус буруу дүн тавьж тооцсон. 24 акт нь шаардлага хангахгүй ч тавигдсан дүнг тооцоод үзэхэд нийт 8,568,930 төгрөг гэсэн дүн гарсан. Шүүх тооцооны 24 актыг үндэслэн хариуцагчаас 14,072,910 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүхийн тооцсон дүнг нэгтгэж үзэхэд 13,984,910 төгрөг болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тооцоо нийлсэн актаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх боломжгүй ба дээр дурдсан нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн бодитой дүгнэлтийг агуулаагүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.
6.3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад байгууллагад 14,072,910 төгрөгийн хохирол учруулсан тул хариуцагчид хариуцуулахаар шийдвэрлэсэн. Ажилтан, ажил олгогч талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэний үндсэн дээр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулан ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Ажил олгогч эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлохоос өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтооно, мөн хуулийн 132.4-т Ажил олгогч ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлэхийг хориглоно гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.9-д Компанийн ажилтантай улиралд 1-ээс доошгүй удаа эд хөрөнгийн тооллого хийн акт үйлдэнэ, ажилтан энэ зүйлийн 3.9-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тохиолдолд агуулахаас бүтээгдэхүүн татан авахыг хориглоно, 4.1.4-т Аливаа эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж хариуцсан эд хөрөнгө, бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, авлагын үнэн зөв эсэхэд төлөвлөгөөт болон гэнэтийн үзлэг шалгалт, тооллого хийх, сар бүр тооцоо нийлэх ажлыг хийнэ, 4.1.6-д Өр төлбөр, дутагдал, авлагын зөрүү гарсан тохиолдолд комисс томилон хохирлын хэмжээг тогтоож, дүгнэлт, шийдвэр гаргана гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хууль болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд ийнхүү ажил олгогчийн хүлээх үүргийг тодорхой заасан байхад шүүх хууль болон гэрээнээс зөвхөн ажилтны хүлээх үүргийг түүвэрлэн шүүхийн шийдвэрт дурдсанаас үзэхэд шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байдлаа хаацайлах зорилгоор ажилтныг ажлаа хаяж явсанаар тооцоо нийлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл ажил олгогч нь ажилтныг ажлаа хийж байх явцад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хариуцагчийн нийгмийн даатгалын лавлагаа. ажлаас чөлөөлсөн тушаал зэргээр тогтоогддог. Ажил олгогчийн хувьд ажилтантай тооцоо нийлдэггүй шалтгаан нь ажилтанд хамааралтай эсэх нь үл мэдэгдэх тодорхойгүй тооцоо, авлагыг ажилтнаар төлүүлэхээр шилжүүлж хаах байдлаар ажилтнуудын эрхийг ноцтой зөрчдөг ба ажил олгогч харилцагчтай өөрөө гэрээ байгуулахгүйгээр эрсдэлийг шууд ажилтанд хүлээлгэх байдлаар алдагдлыг нөхдөг болох нь тодорхой харагддаг. Гэтэл нэхэмжлэгч нь ажилтантай сар бүр тооцоо нийлж, өр төлбөр, дутагдал гарсан тохиолдолд комисс томилон хохирлын хэмжээг тогтоож дүгнэлт гаргах зэрэг үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй, шууд ажилтан ажил үүргээ биелүүлэх явцдаа хохирол учруулсан бол ажил олгогч хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
6.4. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн маршрутыг хариуцсан нягтлан тэй тооцоо нийлэхэд 2019 он хүртэл ******* дээр ямар нэгэн үлдэгдэл тооцоо байхгүй, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 12,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гарсан. Энэ талаар нягтлан хэргийг эрүүгийн журмаар шалгагдаж байх хугацаанд мэдүүлсэн нь прокурорын тогтоолд тусгагдсан. Хариуцагч нь 12,000,000 төгрөгөөс бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй талаар чатад үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан. Энэ дагуу ******* нь 12,400,000 төгрөгийг компанид төлж барагдуулсан. Хариуцагчийг ажлаас чөлөөлөгдсөний дараа компани цалин хөлс, эрсдэлийн сангийн суутгал, харилцагчийг шүүхэд өгч буцааж хаасан дүн, тооцооны залруулга хийж хаах зэргээр 16,291,971 төгрөг, нийт 28,691,971 төгрөгийг *******эс суутгасан талаар аудитын дүгнэлтэд тооцож гаргасан. Энэ талаар шүүх хасч тооцох байсан боловч шүүхийн шийдвэрт дурдаагүй, дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн шүүхийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээ шийдвэрт тусгаж чадаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байна. Дээрхээс үзэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаагүй буюу аман тайлбар, баталгаажуулаагүй, эх сурвалж тодорхойгүй хуулбар баримтуудад үндэслэсэн, тооцооллын зөрүүтэй байна.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр дүгнэлт гаргаагүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
7.1. ******* ХХК нь харилцагч байгууллагуудтай удаан хугацааны турш хамтарч ажилладаг байсан учир тооцоо нийлсэн актуудыг худалдагчтай биш хариуцсан эрх бүхий ажилтан, удирдлага, санхүүгийн алба, дэлгүүрийн эзэнтэй тооцоо нийлдэг. Тооцоо нийлсэн акт үйлдэхдээ харилцагчийн тухайн жилд авсан бараа бүтээгдэхүүнээс төлж барагдуулсан дүнг нэг бүрчлэн санхүүгийн дэлгэрэнгүй баримтад тусгадаг. ******* ХХК-ийн санхүүгийн бүртгэлийг харилцагчийн байгууллагын санхүүгийн бүртгэлтэй тулгаж, тооцоо нийлсэн акт болгоны ард талд харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримтыг хавсаргадаг. Тухайн хавсаргасан баримтад харилцагч байгууллага өр төлбөртэй байгаа эсэх, өр төлбөрөөс хэдэн төгрөгийг төлж барагдуулсан эсэх талаар дэлгэрэнгүй тусгагдсан учраас тодорхойгүй харилцагчтай тооцоо нийлсэн акт үйлдэх боломжгүй. Тооцоо нийлсэн акттай холбоотойгоор хариуцагч Б.Бат-Эрдэнийг эрүүгийн журмаар шалгуулсан бөгөөд прокуророос тогтоол гарсан. Тухайн тогтоолд ....******* нь 2018 оноос 2019 оны үед зөвхөн өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаараа 35,367,926 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт тогтоогдлоо... гэж тусгагдсан.
Тухайн үед ******* нь Монгол Улсын хилээр гарсан байсан учир түүнийг шалгуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгож хаасан. Тухайн эрүүгийн хэрэгт тооцоо нийлсэн акт эх хувиараа авагдсан бөгөөд энэ талаарх нотлох баримтыг ******* ХХК дахин гаргаж өгөх боломжгүй байсан учир шүүхийн журмаар хүсэлт гаргаж Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хуулбар үнэн тэмдэгтэй баримт явуулсан нь хэрэгт авагдсан. Мөн шүүх хуралдааны явцад ******* ХХК нь тооцоо нийлсэн актуудыг нотариатаар гэрчлүүлж шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан баримтыг үнэлэхэд хангалтгүй шалтгаанаар үнэлээгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр баримтыг үнэлээгүй үйл баримт байхгүй. Хариуцагч Б.Бат-Эрдэнийг ажлаа хаяж БНСУ руу явсан үед ******* ХХК-аас тухайн маршрутад шалгалт хийсэн.
7.2. Тооцооллын алдааны хувьд анхан шатны шүүгч тухайн 14 баримтад үндэслэн техникийн алдаа гаргасан байх гэж үзэж байна. Нийт үнийн дүнгээр хэргийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр хариуцагч тал гомдол гаргасан. Нягтлан бодогч тухайн үед жирэмсэн байсан бөгөөд тухайн оны 09 дүгээр сард жирэмсний амралтаа авах зорилгоор ажлаа хүлээлцсэн. Тухайн үед ******* 12,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан бөгөөд түүнийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Прокурорын тогтоолд н.Даваадулам гэх этгээд бичигдсэн бөгөөд Дэлгэржаргал гэх нэртэй нягтлан ийн ажлыг хүлээж авсан. Нягтлангийн зүгээс *******тэй удаа дараа холбогдож төлбөрийн үлдэгдлийн талаар тайлбарласан бөгөөд энэ талаарх үйл баримтыг прокурорын шатанд мэдүүлсэн. ******* нь очно гэж худал тайлбар хэлж, 11 дүгээр сард БНСУ руу явсан. Түүнийг явсны дараа хяналт шалгалт хийхэд дээрх төлбөр тооцоо нэмэгдэж 72,883,624 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан болох нь илэрсэн. Аудитын эхний дүгнэлтээр 72,883,624 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гэж гарсан. ******* ХХК-ийн зүгээс эрүүгийн журмаар гомдол гаргахдаа дээрх үнийн дүнгээр гаргасан. Үүнээс хойш Б.Бат-Эрдэнийн цалин, барьцаа хөрөнгө, хуримтлал зэргээс өр төлбөрийг хассан. ******* ХХК нь Б.Бат-Эрдэнийг БНСУ-д байхад холбогдсон бөгөөд тухайн үед нэхэмжлэгч өр төлбөрийг хүлээн зөвшөөрсөн талаар илэрхийлж 12,400,000 төгрөгийг төлж, нийтдээ 27,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 50,708,007 төгрөг төлж барагдуулах дутуу байгаа гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан хохирол 50,708,007 төгрөг, аудитын үйлчилгээний төлбөр 1,200,000 төрөг, нийт 51,908,007 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоосон. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******тэй 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь ******* ХХК-д худалдааны төлөөлөгчийн ажил албан тушаалд 500,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллахаар харилцан тохиролцсон. /хх-ийн 3-5/
3.2. Мөн талууд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. /хх-ийн 11-12/
3.3. Нэхэмжлэгч байгууллагын захирлын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 17 дугаар зүйлийн 17.1.10 дахь хэсгийг баримтлан Улаанбаатар борлуулалтын албанд худалдааны төлөөлөгч ажилтай ******* нь ажлаа хаяж явсан гэсэн үндэслэл заан 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 6/
3.4. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* тус компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 72,883,624 төгрөгийн хохирол учруулсан гэх гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан бөгөөд уг гомдлыг шалгаад мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал ирүүлснийг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. /2-р хх81//
3.5. Эрүүгийн журмаар шалгах ажиллагааны явцад ХХК-аас 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлт гарч, дүгнэлтээр худалдааны төлөөлөгч ******* нь ******* ХХК-ийн маршрут 111 /, , / хариуцан ажиллаж байхдаа нийт 79,399,979 төгрөгийн тооцоотой байснаас 2019 оноос 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 28,691,971 төгрөгийг төлж барагдуулан 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 50,708,008 төгрөг төлөөгүй байна гэжээ. /2-р хх-ийн 107-131/
3.6. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай прокурорын тогтоолд ******* нь 2019 онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 35,367,926 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт тогтоогдсон. Харин гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг хаасан байна. /2-р хх132-134/
Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, мөн ажил үүргийн онцлогтой уялдаж Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.
4. Талуудын хооронд байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.3-т ажилтан бүтээгдэхүүний төлбөр тооцоог компанийн санхүүд тухай бүр тушаан баримт үйлдэж баталгаажуулна, 3.4-т тооллого тооцоогоор зөрчил дутагдал гарч ажилтан буруутай болох нь тогтоогдвол тэрээр хохирлыг заасан хугацаанд бүрэн барагдуулна, 3.8-д ажилтны гаргасан зөрчил ноцтой бол түүнд хариуцлага хүлээлгэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ гэж тохиролцсон. Иймд Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т зааснаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хүлээн авч үнийг буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ХХК-ийн аудитын тайланг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан 24 харилцагчтай тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагчаас 14,072,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь эрүүгийн журмаар шалган шийдвэрлүүлэх ажиллагааны явцад гарсан ХХК-ийн аудитын тайланд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Маршрут 111 /, , Цайз 16/ хариуцан ажиллаж байсан худалдааны төлөөлөгч ******* нь зээлээр 2018 онд 2,891,586,356 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 2,732,724,151 төгрөг буюу нийт 5,624,310,507 төгрөгийн барааг борлуулсан. Тэрээр зээлээр борлуулсан барааны орлогыг тухай бүрт нь тушаадаггүй бөгөөд 2019 оны 01 дүгээр сард 1,298,040 төгрөг, 2019 оны 02 дугаар сард 227,600 төгрөг, 2019 оны 03 дугаар сард 576,400 төгрөг, 2019 оны 06 дугаар сард 1,538,730 төгрөг, 2019 оны 08 дугаар сард 22,015,122 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 48,081,100 төгрөг, 2020 оны 05 дугаар сард 4,496,272 төгрөг, 2020 оны 07 дугаар сард 240,000 төгрөг, нийт 79,371,478 төгрөгийн авлага үүсгэсэн байна. Үүнээс 2019 оноос 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 28,691,971 төгрөг төлж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 50,708,008 төгрөг төлөгдөөгүй байна гэжээ. /1-р хх-ийн 149-173/
4.2. Мөн ХХК-ийн аудитын тайланд хуулбар үнэн тэмдэг дарагдсан хэлбэрээр хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.
4.3.Түүнчлэн, хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актыг эрүүгийн журмаар шалгах ажиллагааны явцад гарсан ХХК-ийн аудитын тайланд үнэлсэн, хариуцагчаас уг тайланг зөвшөөрөхгүй талаар гомдол гаргаагүй байхаас гадна иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх тооцоо нийлсэн актыг нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг анхаарч үзээгүй, тооцооллын алдаатай, хэт нэг талын барьж шийдвэр гаргасан... гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт шаардах авах эрхээ хэрэгжүүлээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хангахгүй.
4.4. Харин шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас аудитын үйлчилгээний төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Иймд хэрэгт авагдсан аудитын тайланг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хариуцагчаас 50,708,008 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
5. Мөн шүүх маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг баримталсан хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулна. Учир нь хэргийн үйл баримт 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байхаас гадна хөдөлмөрийн тухай хуулийн 2021 оны шинэчилсэн найруулгад хуулийг буцаан хэрэглэх талаар зохицуулаагүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүхэд харьяалуулан шийдвэрлүүлэхээр зохицуулсан тул уг зохицуулалтыг баримтласан өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/05649 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан хариуцагч *******эс 50,708,008 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ...228,315 гэснийг ...411,490 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 228,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 419,490 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ