Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01759

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04155 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 36,168,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Хариуцагч ******* надаас 2022 оны 03 дугаар сараас 10 дугаар сарын хооронд бараа оруулж ирнэ гэж тодорхой хэмжээний мөнгийг авч байсан. Бид 2 хүү тохиролцож өгч авч байсан боловч хариуцагч нь миний мөнгийг 2022 оны 10 дугаар сараас эхэлж өгөхгүй үл ойлголцол үүсэж, улмаар би Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан юм. Ингээд хэргийг шалгах явцад аудитын дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтээр хариуцагч нь надад 36,168,880 төгрөгийг төлөх зээл хүүгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсоныг тэрээр хүлээн зөвшөөрч, хэргийг хааж иргэний журмаар шийдвэрлэхээр болсон. Иймд, хариуцагчаас 36,168,880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Би, нэхэмжлэгч *******тэй 2022 оны 01 дүгээр сард нөхрийн үеэл дүү н.*******ээр дамжуулан танилцаж байсан, 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 191,124,000 төгрөгийг нэхэмжлэгчээс дансаар авч, эргүүлэн 177,890,000 төгрөгийг төлсөн. Тухайн хугацаанд нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр утас эвдэрсэн гэх шалтгаанаар миний ******* дугаар дээр Мобиком корпорац ХХК-иас 1,239,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А-33 маркийн утас зээлээр худалдан авахуулж ашигласан. Миний бие уг зээлийг төлж барагдуулсан. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн *******, *******, ******* нарт нийт 52 удаагийн гүйлгээгээр 11,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Тодруулбал, үүнээс *******д 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр 5,600,000 төгрөг, *******д 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд 16 удаагийн гүйлгээгээр 1,920,000 төгрөг, мөн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр 1,440,000 төгрөг, Д.Насанжаргалд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 960,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би, нэхэмжлэгчид нийт 191,124,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 795,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 199 дүгээр зүйлийн 199.3-т заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******оос 30,568,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 310,794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч ******* нь эрүүгийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч ******* ХХК-ийн ....үндсэн зээл 13,234,000 төгрөг, хүү 22,934,880 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тооцооллын үндэслэлийн талаар маргаагүй, уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаар хариуцагч нь эрүүгийн журмаар маргаагүй тул энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хан- Уул дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч тал иргэний маргааны үндэслэл болгож байх учир нэхэмжлэгч нь дээрх аудитын дүгнэлтэд зээл болон хүүгийн төлбөрт 36,168,880 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй мэтээр дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг заавал бичгээр хийх ёстой ба уг шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах боломжгүй, тиймээс зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан өдрөөс л эхэлж зээлдүүлэгчид хүү шаардах эрх үүсэх юм.

Гэтэл зохигчдын хооронд зээлийн хүүд 22,934,880 төгрөгийг төлөхөөр тохиролцож бичгээр баталгаажуулсан гэрээ хэрэгт байхгүй атал анхан шатны шүүх нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхтэй мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд 22,934,880 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Мөн түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон ******* нь ...хариуцагч *******ыг танихгүй, тоот данснаас миний эзэмшлийн тоот данс руу орсон 5,600,000 төгрөгийг *******ийн данс руу хийсэн... гэж тодорхой мэдүүлсэн байх бөгөөд гэрчийн энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан хариуцагчийн Хаан банкны дансны хуулгаар давхар нотлогдсон атал шүүх *******ийн мэдүүлгийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага 30,568,880 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,168,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******т 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 191,124,000 төгрөгийг зээлдүүлсэн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч *******ийн Хаан банк ХК дахь тоот данснаас 118,834,000 төгрөг, Төрийн банк ХК дахь тоот данснаас 59,790,000 төгрөг, Хас банк ХК дахь тоот данснаас 12,500,000 төгрөг, нийт 191,124,000 төгрөг хариуцагч *******ын Хаан банк ХК дахь , тоот дансанд тус тус шилжсэн талаар зохигч маргаагүй. /х.х-ийн 12-15/

 

3.2. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 380 дугаар тогтоолоор *******ийн тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан *******т хүүтэй мөнгө зээлдүүлсэн боловч залилуулсан гэх гомдлыг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаж байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. /х.х-ийн 6-7/

 

3.3. Дээрх эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад ******* ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтээр нэхэмжлэгч нь хариуцагчид 191,124,000 төгрөгийг 28 хоногийн 12 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хариуцагч нь зээлийн төлбөрт 177,890,000 төгрөгийг төлж, 36,168,880 төгрөгийн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэлтэй гэсэн байна. /х.х-ийн 8-26/

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 191,124,000 төгрөгийг зээлснээс 177,890,000 төгрөгийг буцааж төлсөн талаар зохигч маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх үүнийг тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т түүнд зээлдүүлсэн 191,124,000 төгрөг дээр бичгээр байгуулаагүй боловч амаар тохиролцсон 12 хувийн хүү 22,934,880 төгрөгийг нэмээд 214,058,880 төгрөг төлөх ёстойгоос эрүүгийн хэргийн явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр төлөгдсөн үндсэн зээл 158,830,360 төгрөг, зээлийн хүү 19,059,642 төгрөгийг тус тус хасаад төлөгдөөгүй үндсэн зээл 32,293,640 төгрөг, зээлийн хүү 3,875,238 төгрөг, нийт 36,168,880 төгрөгийг нэхэмжилсэн нь зохигчийн маргааны зүйл болжээ.

 

5.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, талууд зээлийг хүүтэй байхаар харилцан тохиролцох бол энэ талаар бичгээр гэрээ байгуулах бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох журамтай.

 

Гэвч эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад шинжээчээр томилогдсон ******* ХХК-ийн дүгнэлтийг шууд нотлох баримтаар үнэлэн талуудын хооронд зээлийг хүүтэй байхаар тохиролцсон гэж дүгнэх боломжгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс 12 хувийн хүүтэй зээлсэн гэсэн үйл баримт бусад баримтаар нотлогдсон байх учиртай.

 

5.2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******ын данс руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр 28 өдөр гэж буцааж авах өдөр, аль эсхүл мөнгө зээлж байгаа хугацаагаа бичиж байснаас гадна 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3,400,000 төгрөгийг шилжүүлэхдээ 11.14 гээд 4,400 гэх утгаар, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2,700,000 төгрөгийг 10.20-нд 10 хувь 3,300 гэх утгаар, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг 9.25-нд 3,300 гэх утгаар тус тус шилжүүлж байжээ.

 

5.3. Мөн аас нэхэмжлэгч *******ийн дансанд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1,950,000 төгрөг, нийт 4,950,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг хариуцагч руу шилжүүлж, улмаар хариуцагч нь буцаан төлөхдөө руу 5,600,000 төгрөг шилжүүлсэн байна. /х.х-ийн 171, 175, 33-58/

 

Үүнээс дүгнэвэл хариуцагч нь 4,950,000 төгрөгийг зээлж аваад буцаан 5,600,000 төгрөг болгож төлж байгаа нь уг мөнгөн хөрөнгийг 13 хувийн хүүтэй зээлсэн гэж үзэхээр байна. /4,950,000 : 100= 49,500, 5,600,000 4,950,000=650,000 : 49,500=13/

 

5.4 Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан.

 

Хэргийн баримтаар энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.2, 5.3-т тус тус дурдсанаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ээс зээлж авсан мөнгөө буцаан төлөхдөө илүү дүнгээр төлж байгаа үйлдэл нь хүүтэй мөнгө зээлсэн болохоо өөрийн бодит үйлдлээр хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

 

5.5. Түүнчлэн тус хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч нь нэгэнт үүссэн үүргийн харилцааг хожим хүлээн зөвшөөрч өрийг төлсөн бол заавал бичгээр гэрээ байгуулахыг шаардахгүй.

 

Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 191,124,000 төгрөгийг хүүгүй зээлэх ойр дотно харилцаа холбоотой байсан талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй учир хариуцагчийн ...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй... гэсэн гомдлыг хүлээн авахгүй.

6. Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчид 177,890,000 төгрөгийг төлөхийн сацуу нэхэмжлэгчийн зөвшөөрсөн этгээдэд 11,200,000 төгрөгийг төлсөн байхад нэхэмжлэлийн шаардлагаас 5,600,000 төгрөгийг хасаж тооцоогүй нь буруу болжээ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь зээлийг буцааж төлөхдөө нэхэмжлэгч *******д өгөхөөс гадна түүний нэр заасан буюу зөвшөөрсөн этгээдэд өгсөн тохиолдолд үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөнд тооцно.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******оос *******гийн дансанд 3,360,000 төгрөг, Д.Насанжаргалын дансанд 2,240,000 төгрөг, *******ийн дансанд 5,600,000 төгрөг, нийт 11,200,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /х.х.-ийн 33-58/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон ******* ...*******ыг танихгүй, харин *******ийг танин, түүний санал, зааварчилгаагаар дээрх мөнгийг өөрийн дансанд аваад буцаад түүн рүү шилжүүлсэн, гадаад явах зорилготой өөрийн дансанд авдаг байсан... гэх мэдүүлэг, /х.х-ийн 149-150/

 

гэрч Д.Насанжаргал ...ын найз, түүнийг өөрийнхөө дансаар мөнгө авчих гэхээр нь *******оос мөнгө авсан... гэх мэдүүлэг, /х.х-ийн 189/

 

гэрч ын ...би *******гийн ээж, тэрээр *******д мөнгө зээлүүлдэг, уг мөнгийг ******* хүлээн аваад *******т өгдөг байсан, ******* нь зээлийг буцаан төлөхдөө над руу шилжүүлдэг байсан... гэх мэдүүлгийг тус тус өгчээ. /х.х-ийн 189-190/

 

Дээрхээс үзвэл хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ээс авсан зээлээ буцаан төлөхдөө түүний өглөгтэй этгээд болох т 5,600,000 төгрөг /******* 3,360,000 төгрөг, Д.Насанжаргал руу 2,240,000 төгрөг/-ийг шилжүүлсэн бол, *******ийн данс руу 5,600,000 төгрөг шилжүүлснийг тэрээр ******* рүү шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

 

Иймд, хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрсөн этгээдэд 11,200,000 төгрөгийг шилжүүлснийг нэхэмжлэгчээс авсан зээлийг буцаан төлсөн төлбөрт тооцож, хариуцагчаас 24,968,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна. /36,168,880-11,200,000/

 

8. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй заалт болох Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь заалтыг, мөн хариуцагчаас зээлийн хүүг багасгах талаар тайлбар гаргаж маргаагүй байхад тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос 24,968,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...310,794 гэснийг 282,794 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 310,794 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Н.ОЮУНТУЯА

 

Б.МАНДАЛБАЯР