Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүрэгт ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух, оюутан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт А.Э-д холбогдох эрүүгийн 1920000230031 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч  А.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд сумын 2 дугаар баг МЧ-3 явдаг зам дээр ... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3., 12.1, 12.3 дугаар зүйлүүдэд заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж, хохирогч А.Б-н биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр найзтайгаа хамт ээжийн машинтай мянганы замаар явж байгаад урд явж байсан хоёр машиныг гүйцэж түрүүлэх гэтэл урдаас УАЗ-469 маркийн машин гэрэлгүй орж ирэхээр нь би машиныхаа рулийг замын хажуу руу дарж осол гаргасан. Осол болсны дараа Б машины хажууд ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгч цагдаа руу шилжсэн гэв.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. О-тай facebook-ээр гадуур гарах уу гэж мессэжээр асуухад О за тэгье манайд хүрээд ирье гэж хэлэхэд би О-н гэрийн гадаа очиход цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад бид гурав Э машин бариад сумын төвөөр явж байгаад Шунхлай шатахуун түгээх станцын хажуугаар гараад урд талын засмал замаар явсан. Тэрнээс хойш ямар нэг зүйл санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан…” гэжээ. /хх-ийн 22-24/

 Иргэний нэхэмжлэгч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт : “...Тухайн үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. А.Э-с нэхэмжлэх зүйл байхгүй...”гэжээ. /хх-ийн 26-27/

Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн орой 19 цаг 30 минутын үед манай найз Э чатаар гарах уу гэж надаас асуухад чи машинтай явж байгаа юм уу гэсэн чинь манай найз Э би ээжийн машинтай явж байна гэж надад хэлсэн. Тэгээд манай найз манай гэрийн хаягийг аваад манай гэрийн гадаа ирээд гэрт орж ирж манайхаас намайг аваад манай гэрээс хамт гарсан. Тухайн үед Э-н машинд суугаад манай урд байдаг Б-г утсаар дуудаад гэрээсээ гараад ир гэж хэлсэн. Тэгтэл Б удалгүй гарч ирсэн. Тэгээд бид гурав  манайхаас хөдлөөд 600 гаруй метр яваад хар замд ороод хөдөлгөөнд оролцоод явж байсан. Тухайн үед би гар утсаараа оролдоод явж байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гэнэт машин эсрэг урсгал руу ороод хазайх үед урагшаа харсан чинь урдаас цайвар шаргал өнгийн УАЗ-469 маркийн машин ирж явсан. Тэгээд манай найз Э сандраад баруун гар талруу дарсан чинь машин нь бөгсөө хаяад замын хажуу руу онхолдсон. Онхолдох үед замын хажуу талын далан хэсэгт цохигдоод 2-3 удаа хөрвөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Хариулт 1. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн гурав. жолоочийн үүрэг 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хариулт 2. Тухайн үеийн үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын фото зургийн үзүүлэлтээс үзвэл жолооч А.Э нь тухайн үед зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж үзнэ.

Хариулт 3. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх А.Э нь жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь цагдаагийн байгууллагын нэгдсэн хайлт лавлагаагаар тогтоогдож байна.

Хариулт 4. Тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь жолооч замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 122, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гарсан гэж үзнэ.

 Хариулт 5. Уг зам тээврийн осол нь А.Э-н буруутай үйлдлийн улмаас гарсан байна.

Хариулт 6. Тухайн үеийн хурдыг тогтоох боломгүй байна гэжээ. /хх-ийн 33/

А ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-41/

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлтэнд

Хариулт 1. Тус тээврийн хэрэгсэл 2018-12-10 өдөр Замын-Үүд сумын тээврийн хэрэгслэл түр саатуулах хашаанд байгаа байдлаар бол техникийн хувьд бүрэн бус байдалтай байна.

Хариулт 2. ... улсын дугаартай ... арлын дугаартай ТОЕОТА ПРИУС-20 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын АТҮТ-ийн Замын-Үүд салбарын техникийг хяналтын үзлэгийн төвд 2018-05-22 өдөр орсон ба тухайн үед техникийн хувьд бүрэн бүтэн гэсэн техникийн дүгнэлт гарсан байна.

Хариулт 3.4.5 асуултанд нэгтгэж хариулахад: уг тээврийн хэрэгслийн гэмтэл нь ослоос болж үүссэн болох нь нотлогдож байна. Харин уг авто машины осол техникийн элэгдэл хорогдлын улмаас үүсэх шалтгаан байхгүй болно гэжээ. /хх-ийн 45-47/

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/0119 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд”

1. А.Б-н биед тархины зүүн тал бөмбөлөгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн цус хуралт, зүүн тал бөмбөлөгийн ховдол доторх цус харвалт, баруун хацар ясны хугарал, хоншоор ясны хугарал, баруун нүд хацар орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. А.Б-н биед учирсан тархины зүүн тал бөмбөлөгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн цус хуралт, зүүн тал бөмбөлөгийн ховдол доторх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чавдар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

 4. Баруун хацар ясны хугарал, хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

 5. Баруун нүд хацар орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн зулгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 61-62/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5/

Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6/10/

Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 11-12/

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 12-16/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/20/

 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/0121 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84/

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/0120 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94/

Хохирогч Б.Б-н хохирлын талаарх баримтууд /хх-ийн 105-111, 132-135/

 Шүүгдэгч А.Э-г урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 125-126/

Хохирол төлбөр төлсөн талаарх Х банкны дансны хуулга /хх-ийн 136-139/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

 Шүүгдэгч Б овогт А.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд сумын 2 дугаар баг МЧ-3 явдаг замд ...  улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйл жолоочийн үүрэг 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж хохирогч А.Б-н биед учирсан тархины зүүн тал бөмбөлөгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн цус хуралт, зүүн тал бөмбөлөгийн ховдол доторх цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулжээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч А.Э-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... би О-н гэрийн гадаа очиход цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад бид гурав Э машин бариад сумын төвөөр явж байгаад Шунхлай шатахуун түгээх станцын хажуугаар гараад урд талын засмал замаар явсан. Тэрнээс хойш ямар нэг зүйл санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “… Тэгээд бид гурав  манайхаас хөдлөөд 600 гаруй метр яваад хар замд ороод хөдөлгөөнд оролцоод явж байсан. Тухайн үед би гар утсаараа оролдоод явж байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гэнэт машин эсрэг урсгал руу ороод хазайх үед урагшаа харсан чинь урдаас цайвар шаргал өнгийн УАЗ-469 маркийн машин ирж явсан. Тэгээд манай найз Э сандраад баруун гар талруу дарсан чинь машин нь бөгсөө хаяад замын хажуу руу онхолдсон. Онхолдох үед замын хажуу талын далан хэсэгт цохигдоод 2-3 удаа хөрвөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 33/,  2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хх-ийн 45-47/, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/0119 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч А.Э нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулан,  бусдын эд хөрөнгөд 6.055.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Доноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч А.Э нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч  хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын биед хүнд хохирол учруулсан гэм хорын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Э.Ариунсанаа нь уг хэргийн улмаас хохирсон хохирлоо шүүгдэгч А.Э-с нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч А.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч А.Э-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Э нь хохирогч А.Б-н биед учруулсан гэмтэл болон гэм хорын төлбөрт нийт 1.600.000 төгрөгийг төлсөн болох нь Э.А-н дансны Х банкны хуулга /хх-ийн 137-139/ нотлогдон тогтоогдож байна. Хохирогч А.Б нь тус шүүхэд “Миний биеийн байдал дунд зэрэг, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан боловч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч энэ талаар шийтгэх тогтоолдоо тусгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Э.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Э-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмждэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг  нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирогчийн биед учруулсан гэмтлийн эмчилгээний төлбөрийг бүрэн төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой бөгөөд шүүгдэгч нь Улаанбаатар хотод оюутан тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Э-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах учрыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Д.Ц