Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/01735

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/04485 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 203,511,400 төгрөг гаргуулах тухай үндсэн,

290,418,610 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-ийн хэрэгжүүлэх Агро центр төслийн хүрээнд *******,*******,******* тоот Агро центр барилгын шилэн фасад, металл цонх, хаалганы ажлыг гүйцэтгэх, ******* ХХК нь ажлын төлбөрт нийт 393,011,400 төгрөгийг 50 хувийг бэлнээр, 50 хувьд нь тооцож барилгын 2 давхрын 1 тоот 46,13 м.кв талбайг бартераар ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний 1.5 дугаар зүйлд барилгын фасадын ажлын төсөвт өртөгт материалын үнэ, суулгалт, угсралт, тээвэр зэрэг орсон.

Гэрээний хавсралт №1-ийн 1 дэх заалтад гэрээний үнэ, материалын захиалгыг баталгаажуулсан, 2 дахь заалтад урьдчилгаа төлбөрийг бараа материал захиалж баталгаажуулсан өдрөөс хойш 1 сарын дараа бэлэн төлөхөөр заасан. Захиалгыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталгаажуулсан тул ******* ХХК нь БНХАУ-ын фасад, шил үйлдвэрлэгч харилцагч компани руу захиалгыг дамжуулсан. ******* ХХК нь урьдчилгаа төлбөрөө төлөөгүй тул үйлдвэрлэгч компани төлбөр төлөх хүртэл захиалсан барааг өөрийн агуулахад саатуулж, төлбөр төлөхийг шаардсан. Манай компани үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээний дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги, агуулахын төлбөр зэрэг их хэмжээний нэмэлт төлбөрийг өөрсдөө төлснөөр захиалсан зарим бараагаа авч ажлаа эхлүүлсэн. ******* ХХК 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 89,500,000 төгрөг төлсөн. ******* ХХК мөнгөө төлөөгүйгээс барилга угсралтын ажил удааширсан ******* ХХК нь гэрээнд заасан урьдчилгаа төлбөрөө төлөөгүйгээс ажил гүйцэтгэх график, гэрээний хугацааг талууд хавсралтаар батлаагүй. Мөн барилгын ажил гүйцэтгэх нөхцөлийг хангаагүйгээс ажил удааширч байсан тул бид энэ талаар ******* ХХК-д удаа дараа бичгээр мэдэгдэж байсан. манай компани ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж дууссан. ******* ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 89,500,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төррөг, нийт 189,500,000 төгрөгийг төлж, 7,005,700 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түүнчлэн, бартерын байрыг гэрээний ажил дуусаж, улсын комисс хүлээн авсан боловч шилжүүлээгүй. Иймээс гэрээний урьдчилгаа төлбөрт 7,005,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.2. ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээнд төлбөр тооцоог 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шилэн фасад, металл цонх, хаалга угсралтын барилгын ажлын гэрээний бартерын нөхцөлөөр хийгдэх, мөн үүргээ захиалагч тал бүрэн биелүүлсэн нөхцөлд үйлчилгээний талбайг өмчлөх эрхийг захиалагч талд шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар тохиролцсон. Шилэн фасад, металл цонх, хаалга угсралтын гэрээний хавсралт №1-ийн 4-т гэрээт ажлын гүйцэтгэл 100 хувь хийж дуусаж улсын комисст хүлээлцсэний дараа бартерын талбайг хүлээлгэж өгнө гэж заасан. ******* ХХК гэрээт ажлаа бүрэн гүйцэтгэж дуусган Агро центр барилгыг улсын комисс хүлээн авсан. Дээрх гэрээнүүдийн дагуу ******* тоот Агро центр барилгын 2 давхрын 1 тоот 46,13 м.кв талбайг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү.

1.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа хариуцагчийн хариу тайлбар, нотлох баримтаас үзэхэд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн гэрээнд заасан ажлын хөлсөнд тооцон ******* ХХК-д шилжүүлэх ёстой ******* тоот Агро центр барилгын 2 давхрын 1 тоот 46.13 м.кв талбайг бусдад худалдсан байна. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлагатай тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг 196,505,700 төгрөг хариуцагчаас гаргуулахаар өөрчилж байна. 

Иймд хариуцагч Агро стэйт ХХК-аас ажил гүйцэтгэх эхний гэрээний үлдэгдэл төлбөр 7,005,700 төгрөг, 2 дахь гэрээний төлбөрийн 50 хувь болох 196,505,700 төгрөг, нийт 203,511,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

******* ХХК нь ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 7 дугаар сарын 16 өдөр байгуулсан бөгөөд ******* тоот хаягт байрлах Агро центр төв 10 давхар оффис, үйлчилгээний барилгын гадна шилэн фасад, металл хаалга, цонх угсрах гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Гэтэл ажил гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Үүнд:

-Гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүйгээс цаг хугацааны болоод эд хөрөнгийн ихээхэн алдагдалд орсон.

-Гэрээнд заасан материалаар ажил гүйцэтгээгүй гэрээг ноцтой зөрчсөн,

-Мэргэжлийн бус хүмүүсээр ажил гүйцэтгүүлж байснаас болж ажил удааширсан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажилд ил, далд ажлын акт байхгүй хүлээлцсэн баталгаажуулсан зүйлгүй ажлыг бүрэн дуусгалгүйгээр 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ажил хаяж явсан, гэрээт хугацааны турш манай компаниас ******* ХХК-д хандаж удаа дараалан албан бичгээр мэдэгдэж, алданги тооцох, сануулах, шаардах, гэрээг цуцлах, хариуцлага тооцох талаар албан бичгүүдийг өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* ХХК нь манай компанитай 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ******* тоот хаягт байрлах Агро центр төв 10 давхар оффис, үйлчилгээний барилгын гадна шилэн фасад, металл хаалга, цонх угсрах гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн боловч дуусгалгүйгээр орхин явсан. Манай компанийн зүгээс ******* ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/51-19 тоотоор алданги тооцож эхэлсэн, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр А/68-19 тоотоор гэрээ цуцлах тухай, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/11-20 тоотоор гэрээний хариуцлага тооцох тухай мэдэгдлийг тус тус албан тоотуудыг хүргүүлсэн.

3.2. ******* ХХК-ийн захирал ******* нь тус ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор дуусгана гэж 196,505,700 төгрөгийн урьдчилгааг ББСБ-аас зээлдүүлэн өгч энэхүү ажилд зарцуулах боломжтой хэмээн итгүүлж манай компанитай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэрээг байгуулсан. Тухайн үед захирал *******ын санал болгосон ББСБ-аас авах зээл бүтэлгүйтэж манай компани гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ цувуулан өгөхөөр хэлэлцэн тохиролцсон. Төлбөрийг захирал *******ын хүсэлтээр өөрийнх нь охин гэх ийн дансанд 7,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тухайн үед манай компанийн нярав хийж байсан ын данснаас шилжүүлсэн. Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 89,500,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөгийг тус тус төлж гэрээний мөнгөн дүнгийн 196,500,000 төгрөгийн санхүүжилтээ гүйцээсэн.

3.3. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №1/37 тоотоор ...үйлдвэр ажиллах хугацаа 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бөгөөд шилний захиалга 14 хоногт үйлдвэрлэгдэж 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатарт орж ирэх тул гэрээт ажил 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн дуусах хүсэлт ирүүлсэн. Сунгасан хугацаанд ******* ХХК-аас нийлүүлж байсан бараа материалууд нь хаяг, шошгогүй ирснийг JOYDON, REYNAERS гэж тайлбарласан. ******* ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/87 тоотоор хүлцэл өчсөн агуулгатай албан тоот болон баталгаа гаргах тухай албан бичгүүд ирсэн. Анхны тохиролцоогоор цонхыг 3 давхар шилтэй хийх байсныг 2 давхар шилтэй хийж гүйцэтгэсэн. ******* ХХК нь сунгасан хугацаандаа ажлаа бүрэн гүйцэтгэж өгөөгүй бөгөөд дутуу орхин явсан. .

Үүнээс болж Барилга ашиглалтад орох өдөр хойшлогдсон бөгөөд тус барилгаас талбай худалдан авсан байгууллага, хувь хүмүүст манай компани захиалгын гэрээний алданги торгууль хүлээх болсон. Гүйцэтгээгүй дутуу үлдээсэн ажилд Рояал пирамид ХХК-ийг хөлслөн ажиллуулж барилгыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтад оруулсан. ******* ХХК-ийг гэрээт ажлаа орхин явсан өдрөөс барилга ашиглалтад хүлээлгэн өгсөн өдөр хүртэлх нийт 229 хоногт гэрээний дагуу алданги тооцсон. 2020 он гарснаар ******* ХХК-тай хийсэн гэрээний биелэлт хангалтгүй байсан тул 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээний хариуцлага тооцох тухай албан тоотоор нийт 235,417,000 төгрөгийн зөрүүг тооцон нэхэмжилж байсан. Тухайн үед ******* ХХК-аас ямар нэгэн хариу өгөлгүй алга болсон тул бартерын тооцоонд өгөх байсан 196,505,700 төгрөгийн үнэ бүхий талбайг суутган үлдэгдэл 38,911,300 төгрөгийн тооцоог хаасан. Гэтэл ******* ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний хариуцлага тооцох тухай ******* ХХК-ийн албан тоот хүлээн авснаас хойш 1 жил, 6 сар өнгөрсний дараа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар ямар нэгэн арга хэрэглэлгүйгээр шууд шүүхэд хандан нэхэмжлэл үүсгэн явж байгаа нь илэрхий хууль зөрчсөн.

Иймд ******* ХХК-аас захиалга өөрчилснөөс гарсан үнийн дүнгийн зөрүү 123,019,000 төгрөгийг, алданги 89,999,610.60 төгрөгийг, дутуу орхисон барилгын ажлыг бусдаар гүйцэтгүүлсэнтэй холбоотой гарсан зардал 60,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10,400,000 төгрөг, ******* ХХК-ийн захирал ******* нь бусдаар дамжуулан авсан 7,000,000 төгрөг, нийт 290,418,610.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 236 дугаар зүйлийн 236.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага 203,511,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас 213,018,610 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 77,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  төлсөн 1,175,507 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,610,044 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,223,043 төгрөг, шинжээчийн зардал 6,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр манай компани ******* давхар Агро центр барилгын шилэн фасад, металл цонх, хаалганы ажлыг хийж гүйцэтгэсэн. Захиалагч ******* ХХК нь тус барилгыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн байдлаар бүх талбайгаа бусдад худалдан борлуулж дууссан, барилгад өмчлөгчид нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Манай компанийн хийж гүйцэтгэсэн шилэн фасад, цонхны эдэлгээ хэвийн, өнгө үзэмж муудаагүй, зориулалтын дагуу ашиглагдаж байна. Гэтэл хариуцагч ******* ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 50 хувийн төлбөр болох 196,505,700 төгрөгийг төлөхөөс зайлсхийж, ажлын гүйцэтгэлийг хүлээж авдаггүй, гүйцэтгэлийг үнэлдэггүй атлаа барилгаа хэвийн ашиглалтад оруулж, зарж борлуулж дууссан.

Харин шүүхэд хандсаны дараа ажлыг дутуу хийсэн, доголдолтой хийсэн, барилгын материал шаардлага хангахгүй гэх мэтээр баримт нотолгоогүй шалтгаанууд хэлж, ямар баримт, тооцоо үндэслэсэн нь тодорхойгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнээгүй, нотлох баримтыг хэт нэг талыг барьж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагыг зөрчсөн. Тодруулбал, хэргийн оролцогчдын хэлсэн нэг, хоёр үгийг барьж гуйвуулан тайлбарлаж, түүнийгээ үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хамгийн наад зах нь 10 давхар барилгын 776,66 м.кв шилэн фасад, 369,9 м.кв цонхыг бүхэлдээ түүхий шилээр хийсэн мэтээр тайлбарлаж, илэрхий үндэслэлгүй шийдвэр гаргасан. Гэтэл талууд энэ талаар маргаагүй, мөн барилгын гадна шилэн фасадыг түүхий шилээр хийх ямар ч боломжгүй.

5.2. Материалын үнийн зөрүү гэж 123,019,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд НР брэндийн 2 давхар шилтэй материал орлуулж нийлүүлсэнтэй холбоотой үнийн зөрүү 123,019,000 төгрөг гэж нэхэмжилснийг анхан шатны шүүх гуйвуулан түүхий шилээр хийсэн материалын зөрүү төлбөр... гэж тайлбарлан хангаж шийдвэрлэсэн. Бүтэн 776,66 м.кв шилэн фасад, 369,9 м.кв гадна цонхыг түүхий шилээр хийсэн гэж хэн, хаанаас нотлоод байгаа нь тодорхойгүй. Хэрэв түүхий шил байсан бол өвөлдөө -40 градус хүрдэг Улаанбаатарын өвлийг өдий 6 жил битгий хэл 1 жил ч давахгүй байх байсан. Шилний брэндийн хувьд НР брэндийн шил ашигласныг нэхэмжлэгч зөвшөөрдөг. Гэхдээ 2 давхар биш 3 давхар гадна фасадад зориулагдсан сайн чанарын шилийг ашигласан. Энэ талаар тус ажлыг гүйцэтгэж байсан гэрчүүд ч мэдүүлдэг. Захиалагч компанийн инженер, техникийн ажилтнууд ч өдөр тутмын талбай дээрх хяналтыг хийж байсны хувьд сайн мэдэж байгаа.

Нэхэмжлэгч нь тухайн ажлыг Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн, стандартад нийцсэн материалыг ашиглан хийж гүйцэтгэсэн нь Барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд шилэн фасадын хувьд асуудалгүй дүгнэгдсэнээр нотлогдоно. Материалын үнийн зөрүү гэх 123,019,000 төгрөгийн дүнг ямар тооцоо, баримт, задаргаа, анхан шатны баримтад үндэслэн гаргасан нь тодорхойгүй, хариуцагчаас энэ талаар ямар ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх баримтгүйгээр энэ дүнгээр шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг илтэд зөрчсөн. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн дээрх сөрөг шаардлагатай нь холбогдуулж Агро центр барилгад ашигласан материал тухай үеийн зах зээлийн үнийг хөрөнгийн үнэлгээний Лэндс үнэлгээ ХХК-аар тогтоолгон шүүхэд гаргаж өгсөн. Түүнчлэн, хөндпөнгийн мэргэжлийн байгууллагаар үнэлгээг гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан ч шүүхээс хангаагүй. Гэтэл дээрх хөрөнгийн үнэлгээг үнэлээгүй, үнэлгээ хийлгэх хүсэлтийг ч хангаагүй атлаа шүүгч ямар ч баримтгүйгээр хариуцагчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

5.3. Алдангид 89,999,610 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээ 2018 оны 7 сард байгуулагдсан ч захиалагчийн санхүүжилт хоцорч, 2018 оны 9 сард ажил эхэлсэн. Ингэхдээ урьдчилгаа санхүүжилт 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хэд хэд хуваагдан орж ирсэн ба нэхэмжлэгч ажлаа удаашруулахгүйн тулд өөрөөсөө санхүүжилтийг зохицуулж материалаа авч, ажлаа эхлүүлж байсан. Улмаар 2019 оны 4 дүгээр сар гэхэд фасадын ажил дуусч, барилга тухайн оныхоо 10 сард ашиглалтад орсон. Шилэн фасад, цонхны ажил зохих ёсоор хийгдсэн нь дараах үйл баримтуудаар тогтоогддог. Барилга нь гадна фасадны ажил бүхэлдээ хийгдэж дууссанаар дулааны хангамжаа авдаг. Тус барилга 2019 оны 4 дүгээр сар гэхэд дулаанаа авсан байсан. Үүнийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн а/20-19 тоот Агростейт ХХК-аас туслан гүйцэтгэгчдэдээ мэдэгдсэн мэдэгдлээс харж болно.

2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК нь манай компанитай оффис үйлчилгээний талбай захиалах гүйцэтгэх гэрээ байгуулж, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг тус баригдаж буй барилгынхаа 2 давхарт байрлах 46.13 м.кв үйлчилгээний талбайгаар бартер хийхээр тохиролцож байсан. Энэ нь талууд 2019 оны 8 дугаар сард гэрээний үүргийн биелэлтийг зөвшөөрч, төлбөр төлөх хэлбэрээ өөрөөр тохиролцож байсныг нотолно. Харамсалтай нь хариуцагч тус талбайг өөр этгээдэд худалдан борлуулсны улмаас энэ гэрээ хэрэгжих боломжгүй болсон. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гарсан ба ...Архитектур төлөвлөлтийн дугаартай даалгаврын дагуу ******* ХХК нь үйлдвэр үйлчилгээний зориулалттай 945 м.кв газарт 26*14 метр, консольтой 10 давхар зоорийн В1 давхартай оффис үйлчилгээний зориулалттай барилгыг гүйцэтгэсэн гээд 7-д шилэн фасад ******* ХХК-ийн эдгээр байгууллагууд ажилласан бөгөөд зураг төслийн дагуу захиалагч зураг зохиогчийн хяналт тавин сайн ажилласан гэж дүгнэсэн.

Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар тус техникийн комиссын акт, дүгнэлтийг үндэслэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гардаг болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, гэрчүүд ч ажлыг зохих ёсоор хийж дуусгасан болохыг мэдүүлдэг. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан. Гэтэл ямар үндэслэлээр, ямар хугацаанд алданги тооцоод байгаа нь тодорхойгүйн дээр захиалагчийн хугацаа хоцроож санхүүжилтээ шилжүүлсэн үйл баримт, ажлыг санаатайгаар хүлээж авахаас татгалзсан нөхцөл байдлуудыг харгалзаж үзэлгүйгээр нэхэмжлэгчээс алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас тус барилгад шилэн фасад, цонхны ажил хийгдсэн гэдэгтэй маргадаггүй. Улмаар барилгыг ашиглалтад оруулж, цаашид захиран зарцуулсан үйл баримттай ч маргаагүй. Харин ажлын гүйцэтгэлийг хүлээж авахаас санаатайгаар зайлсхийж, улмаар тодорхой баримт, нотолгоогүйгээр ажлын чанарын доголдолтой холбоотой асуудлыг тавьж маргадаг. Анхан шатны шүүхээс түүхий шил гэх үндэслэлгүй тайлбартайгаар ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзэн нэхэмжлэлийн шаардпагыг хэрэгсэхгүй болгосон. Гэвч дараах ач холбогдол бүхий үйл баримт, үндэслэлийг харгалзаж үзээгүй, үнэлээгүй. Үүнд:

-Захиалагч ажил хүлээж авах үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй, тус хуулийн 351.2-т захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан. Нэхэмжлэгч компанийн зүгээс ажлаа хүлээлгэж өгөх талаар удаа дараа ******* ХХК-ийн инженер, удирдах хүмүүст хандаж байсан ч үндэслэлгүйгээр татгалзсан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг, хандаж байсан мессеж зэргээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, захиалагч өөрөө ажил хүлээн авах үүргээ биелүүлээгүй нь гэрээний дагуу тохиролцсон төлбөрөө төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

-Захиалагч ажлын гүйцэтгэл, материалыг хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК нь манай компанитай оффис үйлчилгээний талбай захиалах гүйцэтгэх гэрээ байгуулж, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг тус баригдаж буй барилгынхаа 2 давхарт байрлах 46,13 м.кв үйлчилгээний талбайгаар бартер хийхээр тохиролцож байсан. Энэ нь талууд 2019 оны 8 дугаар сард гэрээний үүргийн биелэлтийг зөвшөөрч, төлбөр төлөх хэлбэрээ өөрөөр тохиролцож байсныг нотолно. Түүнчлэн, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтээр мөн сайн хийснийг баталгаажуулсан.

-Захиалагч ажлын гүйцэтгэл, материал зэрэгт тогтмол хяналт тавьж ажилласан. Ажил гүйцэтгэх гэрээний 2.2, 2.3 дугаар зүйл, 5 дугаар бүлэгт зааснаар захиалагч ажлын явц, чанар, гүйцэтгэлийг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах зэрэг эрхтэй. Энэ дагуу барилгын талбайд захиалагчийн инженер н.Тэмүүжин болон удирдлага, захирлууд тогтмол хяналт тавьж ажиллаж байсан талаар гэрчүуд ч мэдүүлдэг. Гэтэл энэ үед хүлээн зөвшөөрч байсан шилний брэнд зэргийг гэнэт шүүх дээр маргахад зориулан ашиглаж, гэрээний зөрчил гэж тайлбарлах нь үндэслэлгүй бөгөөд ёс зүйгүй үйлдэл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, нотлох баримтыг үнэлэхдээ үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлоо хэт дэвэргэн бичиж, хоёр зүйл хэсгээр гомдол гаргасан байна. Тухайлбал, ...маргааны зүйл гэхээсээ илүү хэргийн оролцогчдын хэлсэн нэг, хоёр үгийг барьж гуйвуулан тайлбарлаж, түүнийгээ үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. 10 давхар барилгын 776,66 м.кв шилэн фасад, 369,9 м.кв цонхыг бүхэлдээ түүхий шилээр хийсэн мэтээр тайлбарлаж, илэрхий үндэслэлгүй шийдвэр гаргасан. Гэтэл талууд энэ талаар маргаагүй, мөн барилга гадна фасадыг түүхий шилээр хийх ямар ч боломжгүй гэжээ. Шүүгч хэзээ ч хүний үгийг барьж, гуйвуулан тайлбарлан шийдвэр гаргадаггүй. Мөн шилэн фасад 3 давхар, цонх 2 давхар шилтэй. Хариуцагч Агро стэйт ХХК-аас тус ажил гүйцэтгэлийн шилнүүдийг бүхэлд нь түүхий шилээр хийсэн гэж маргаагүй, харин түүхий шилийг давхар шил бүрийн нэгэнд оруулан орлуулан хийсэн гэж маргасан. Шүүхийн шатанд хоёр удаа шинжээч томилогдон ажилласан. Эцэст нь энэ бүх ажиллагаанд нэхэмжлэгч талаас үр дүнтэй оролцоогүй бөгөөд шинжээчийн шаардсан зүйлсийг гаргаж өгөөгүй. Харин хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд түүхий шил оруулан хийсэн, мөн гэрээнд заасан гадна фасад, цонхны материалыг орлуулан хийсэн зэрэг үйлдлүүдийг анхан шатны шүүх хурлын асуулт хариултын шатанд тодорхой хэлэлцэн, нотлох баримтаар өгсөн фото зураг, гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан дүн шинжилгээ хийснийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэрчүүд шүүхэд мэдүүлэхдээ бид ганжуулсан шил, түүхий шилийг хараад л ялгаж чадна. Хатааж ганжуулсан шил хагарахдаа бутарч хагардаг, харин түүхий шил бол цуурч хагардаг гэж хэлсэн бөгөөд хавтас хэрэгт авагдсан материалд буюу шинжээчийн дүгнэлт хийсэн материалд бутарч хагарсан тпилний болон цуурч хагарсан шилнүүдийн фото зураг болон шинжээч нь давхар бүрийн түрээслэгч, эзэдтэй ярилцсан ярилцлагын тэмдэглэлд тодорхой тусгагдсан. ******* ХХК-ийн төлөөлөгч нараас шүүх хурлын үеэр шилнүүдийг бэлдэц болгон бэлтгэх үедээ түүхий шил болон ганжуулсан шилнүүдийг хольж, үнийн дүнг хэмнэж болох уу гэж асуулт асуусан бөгөөд тэд ч өөрсдөө энэ асуултад хариулахдаа үгүйсгэж чадаагүй. Өөрөөр хэлбэл, 3 давхар шил гэж гэрээнд зааж, мөнгөн дүнг тооцон авч хоёр шилийг ганжуулсан шилээр, 1 шилийг нь түүхий шилээр орлуулан хийсэн байх магадлалтай болохыг цуурч хагарсан фото зураг бүхий давхар бүрийн шилнүүд тодорхойлж байсан. Нэхэмжлэгч талаас түүхий шилээр хийсэн бодит байдалд няцаалт хийж чадаагүй.

6.2. Материалын зөрүү 123,019,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн. Энэхүү үнийн дүн бол захиалагчийн гэрээнд заасан Joydon брэндийн захиалгат барааг НР брэндийн материалаар орлуулан хийсэн материалын зөрүүг бодсон нягтлан бодогч болон барилгын инженер нарын гаргасан тооцоо судалгаат дүн юм. Энэ иргэний хэрэг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үүссэн бөгөөд үүнээс хойш шүүх хурлын үе хүртэл нэхэмжлэгч тал тус захиалгат бараа материалыг гэрээнд заасан Joydon брэндийнх хэмээн явсан бөгөөд гэрчүүд НР брэндийн материалаар хийснийг хэлэх хүртэл хоёр ч удаагийн шинжээч томилогдоход нуусан. Мөн шүүхээс томилогдсон шинжээчид шилийг ганжуулсан болон түүхий шилээр хийсэн талаар ямар ч үнийн дүнтэй баримт гаргаж өгөөгүй бөгөөд батлах ажилд оролцоогүй юм. Байгууллагын санхүүгийн баримтаар нотлох боломжтой гэдгийг шүүхийн процесс ажиллагааны явцад ч яригдсан. Энэ бол үнийн дүнд нөлөөлөх чухал хүчин зүйл бөгөөд нэхэмжлэгч өөрийгөө батлах ёстой бодит байдлын хэмжүүр байх байсан. Тэгэхээр Агро стэйт ХХК-ийн нягтлан бодогч, барилгын инженер нарын гаргасан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн актад туссан материалын зөрүү тооцсон баримтыг үгүйсгэх боломжгүй бөгөөд буруутгах үндэслэлгүй. Ямар үнэ цэнээр барилга босгохоо захиалагч мэдэх буюу ганжуулсан шилээр хийлгэх эсхүл түүхий шилээр хийлгэхээ захиалагч сонгоно. Түүхий шил -40 градуст хагардаг гэсэн баталгаа байхгүй, харин ганжуулсан шил хагарахдаа хүний эрүүл мэндэд хор хохирол учруулахгүйгээр хагарах ёстой буюу бутарч хагардаг гэдгийг захиалагч ойлгож байгаа тул тухайн материалаар хийлгэхийг хүссэн.

Алдангид 89,999,610 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ бол цэвэр гэрээнд заасан хариуцлага бөгөөд барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаанаас үүссэн төлбөр юм. Гэрчүүд ч мөн адил тус ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгалгүй, 90 гаруй хувьтай материалгүй болоод орхисон гэдгээ шүүхэд мэдүүлсэн. Бүрэн дуусгаж, актаар хүлээлцэхээр гэрээнд заасан байгаа болохоос орхиж явах талаар дурдаагүй. Барилгын тухай хууль, дүрэм журамд гүйцэтгэгч нь барилгын ажлын ил болон далд ажлын акт үйлдэж хүлээлцэхийг журамласан. Үлдэх ажилд өөр гүйцэтгэгч оруулан гүйцэтгүүлснээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдсан бөгөөд тус барилгыг улсын комисст хүлээлцэхэд Рояал пирамид ХХК хүлээлцсэн болно. Захиалагч Агро стэйт ХХК-иас ******* ХХК-нд гэрээний алданги тооцсон нь албан бичгүүдийг удаа дараалан өгсөн байх нь нотлогдож байгаа бөгөөд Барилгын ажил гүицэтгэх гэрээний 6.4-т заасан алдангийг 2019.04.20-оос 2019.12.05 өдөр хүртэлх нийт 229 хоногийн алданги болох 89,999,610.60 төгрөг гэрээнд нийцэж байна. Энэ алданги төлүүлэхээр 2020 оны 02 сарын 17-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт болон 2019 оны 02 сарын 01-ны өдөр 1/37 дугаартай албан тоотоор хүргүүлсэн байгаа нь баримтаар нотлогдож байна. ******* ХХК-д хүргүүлсэн албан бичигт тус компаниас ямар нэгэн хариу өгөөгүи тул зөрүү болон алдангийг хамтатган хохиролд тооцон суутгаж, компани хоорондын өр төлбөр тооцоог хаасан.

6.3. Захиалагч ажил хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэжээ. Гүйцэтгэгч нь ажлаа бүрэн хийсэн талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд барилгын гүйцэтгэгч нь аливаа ажлын ил болон далд ажлын акт гүйцэтгэх үүрэг хүлээдэг. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хэрхэн яаж хийсэн талаар ямар нэгэн акт бичиж тэмдэглэсэн зүйлгүйгээр хүлээлцэх тухай ойлголт хууль болоод гэрээнд байхгүй. Гүйцэтгэгч байгууллагаас гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгэж дууссан талаар албан бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй. Харин Агро стэйт ХХК-аас удаа дараагийн үйлдлээр буюу албан тоотоор улсын комисст хүлээлцэх болсонтой холбоотой гэрээний үүргээ бүрэн биелүүлж барилгын ажлыг гүйцэтгэж өг гэсэн албан бичгүүдийг удаа дараалан өгсөн. Захиалагч ажлын гүйцэтгэл, материалыг хүлээн зөвшөөрсөн, тогтмол хяналт тавьж ажилласан гэжээ. Материал эргэлзээтэй байгаа талаар тодорхой хэлсэн бөгөөд гүйцэтгэгч нь өөрсдийн хийж буй гэрээт ажлын материал нь Joydon брэндийн захиалгат бараа гэж баталгаа гаргасан албан бичгийг өгч байсан. Үүнээс өөр материалаар хийсэн бол гарах эрсдэл хариуцлагыг хүлээнэ хэмээн албан тоотоор өгч байсан бөгөөд гэрчүүд шүүхэд мэдүүлэг өгөх хүртэл Joydon брэндээр гүйцэтгэсэн хэмээн гүрийж байсан. Одоо НР брэндийн материалаар хийсэн, тухайн үед захиалагчийн төлөөлөгч мэдэж байсан гэх гомдол тайлбар үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 203,511,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 290,418,610 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг эвлэрлийн гэрээгээр хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 203,511,400 төгрөгөөс 70,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүнээс 60,000,000 төгрөгт тооцон маркийн тээврийн хэрэгсийг шилжүүлж, 10,000,000 төгрөгийг бэлнээр төлж, нэхэмжлэгч ******* ХХК нь үлдэх 133,511,400 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 290,418,610 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/04485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 203,511,400 төгрөгөөс 70,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүнээс 60,000,000 төгрөгт тооцон маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлж, 10,000,000 төгрөгийг бэлнээр төлж, нэхэмжлэгч ******* ХХК нь үлдэх 133,511,400 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 290,418,610 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ