Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 116

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч, М.Б  түүүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын  хяналтын пркоурор хууль цаазын дэд зөвлөх Д. Сүрэнхорын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б ад холбогдох эрүүгийн 1915001960120 дугаартай, 163/2019/0116/Э индэкстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сумын бүрэн дунд сургуулийн уурын зууханд машинист ажиллтай, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгэлгүй,  Х овогт М.Б,  

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн О.О ын байшинд нэвтэрч нууцаар 2 ширхэг мөнгөн аягийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 530000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М. Б ын өнсөн:  Хулгай хийсэн талаар мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.                                                                         

1715001160093 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч М.Б ын өгсөн: Би 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр архи уусан согтуу байсан учир О  ахынд орсон талаараа мэдэхгүй байгаа, гэхдээ согтуу хүн сохор ухаантай гэгчээр 2 ширхэг мөнгөн аяга гал зуухны өрөөний ширээн дээрээс авсан гэдгийг мэдээд байгаа боловч 2 аягыг аваад буцаагаад яасан талаараа мэдэхгүй байгаа. Би тухайн үед тасарчихсан мэдэхгүй байгаад байгаа. Гэтэл 2 хоногийн дараа аяга нь малынх нь хашаанаас олдсон байсан гэх мэдүүлэг /хх-45-46 тал/

Хохирогч О.О ын өгсөн: “Би 2019.05.06-ны өдөр гэртээ байж байгаад 14 цаг болох гэж байхад сумын төв руу банк орох гэж явсан. Энэ үед гэрт эхнэр Ц.Л  үлдсэн. Тэгээд 17 цагийн үед  гэртээ ирсэн. Тэгээд орой хоол ундаа идэх гэтэл манай өдөр тутамдаа хэрэглэдэг 2 мөнгөн аяга минь байхгүй болсон байсан. Ингээд гэр орноороо  болон бусад газраар хайсан боловч олдоогүй. Тэгтэл 2019. 05.08-ны өглөө 11 цагийн үед хонины хашаан дотор маань 2 аяга маань байсан. ...Тийм ээ зөндөө хайсан боловч олдоогүй. Харин тэр өдөр л тийшээ аягыг маань шидсэн байх гэж бодож байна. Жижиг мөнгөн аяга нь манай эхнэрийн өвөөгийн аяга бөгөөд 3 үе дамжин ирсэн хуучны аяга байгаа юм. Ёроол хэсэгтээ Хятад улаан бичигтэй. Харин дунд гарын мөнгөн аяга нь 2000 онд Улаанбаатар хотоос 170,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай эхнэр болон охин О. Б , ач 2 настай Х  нар байсан. Гэрийн хаалга үүд зүгээр хэвийн байсан манай гэрийн хаалга онгорхой байсан юм. Манайд хөрзөн ухах гэж ирсэн хамаатны хүү Л.Ч  олж харж надад хэлсэн. Тухайн үед хөрзөн ухах гээд Л.Ч  түүний эхнэр Д.Б , Т , охин Б  нар байсан. Танай хөрш М.Б ыг сэжиглэж байна, тэрээр манайд байнга орж гардаг бөгөөд нохой минь ч таньдаг болсон. Тэрээр аяга алга болсон өдөр намайг банк руу явсан хойгуур манай хашаан дотор согтуу явсныг эхнэр маань харсан байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 10-11, 12-13/

            Гэрч Ц.Л гын “... Намайг гадаа хог цэвэрлэж байхад А , Б  2 манай хашаааны баруун талд буюу Б ын хашаан дотор архи уугаад сууж байсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа М.Б  нь манай хашаан дотроос гэр руугаа чиглэлтэй явж байсан. Би энэ үед хойд хашаагаар гэр руугаа орох гэсэн боловч Б ыг хараад буцаад явсан юм. Учир нь тэрээр архи уусан үедээ дандаа манайхаар ирж мөнгө зээлээч гэж гуйгаад байдаг юм. Манай хөрш М.Б ыг сэжиглэж  байна, тэрээр тухайн өдөр гэрийнхээ хашаан дотор архи уугаад сууж байсан бөгөөд дараагаар нь манайхаас гараад явж байгаа бололтой хашаан дотор минь явж байсан юм.  Тухайн өдөр өөр манайхаар хүн ирээгүй. Би тухайн өдөр цай уучихаад  хогондоо гарахдаа ширээн дээр байхыг нь харсан. Нөхөр бид хоёр тухайн мөнгөн аягануудыг өдөр бүр хэрэглэж хоол цайгаа иддэг байсан. Согтуу л явсан байх тэрээр хашаандаа архи ууж байсан.  ...15 цагийн үед байхаа 14 цагийн  үед гэрээсээ хог цэвэрлэх гэж гарсан бөгөөд 15 цаг 30 минутад би гэртээ орж  ирээд зурагтаа асаасан юм.  ...Манайх хашаан дотроо өөрсдөө байгаа тохиолдолд гэрээ цоожилдоггүй юм. Өөр хүн ороогүй, манай нохой их том бөгөөд дандаа сул гэрийнхээ үүдэнд хэвтэж байдаг юм. Ийм учраас хүмүүс манайд айгаад орж ирдэггүй юм. ...” гэх мэдүүлэг /хх-н 16 тал/

Гэрч О.Б гийн “... Тэгтэл тэнд юм хийж байсан Ч  “юун цагдаа нар ирчихвээ” гэхээр нь би түүнд хандан “манай аав 2 мөнгөн аяга алга болчихсон шүүдээ” гэхэд тэрээр “танай хонины хашаан дотор аяга байна лээ шүү дээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н 23/

Гэрч Л.Ч ын “...Б  эгч надад хандан “аавын 2 аяга алга болчихсон юм. ...Тэгээд О  ахад хэлээд хонины хашаан дээр очиж заахад тэрээр манай алдагдсан 2 мөнгөн аяга байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-24 тал/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-05 тал/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх- 06-07 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50 тал/, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн ... оршин суух иргэн О.О ын амьдрах байшинд нэвтэрч  2 ширхэг мөнгөн аягийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 530000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг  нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч О.О ын мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч, Ц.Л , О.Б , Л.Ч  нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, А ХХК-ийн 2019 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн №ТХҮ-519/040 эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.     

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч  гаргажээ. 

 Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих  байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч М.Б ыг байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч О.О ын гэрт хууль бусаар нэвтрээгүй, онгорхой байхад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн зүйлчлэлийг өөрчлөн  хөнгөрүүлж шийдвэрүүлэх хүсэлт гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол гэж заажээ.

Хүн амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэдгийг:... түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалганы түгжээ эвдэж, цуургыг суглах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно.

Дээрхи хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд Хохирогч О.О ын өгсөн: “Би 2019.05.06-ны өдөр гэртээ байж байгаад 14 цаг болох гэж байхад сумын төв руу банк орох гэж явсан ба эхнэр Ц.Л  гэрт үлдсэн.  Орой хоол ундаа идэх гэтэл манай өдөр тутамдаа хэрэглэдэг 2 мөнгөн аяга минь байхгүй болсон гэр орноороо  болон бусад газраар хайсан боловч олдоогүй. Тэгтэл 2019. 05.08-ны өглөө 11 цагийн үед хонины хашаан дотор маань 2 аяга маань байсан. Гэрийн хаалга онгорхой байсан юм.  Тэрээр аяга алга болсон өдөр  манай хашаан дотор Д. Б  согтуу явсныг эхнэр маань харсан байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 10-11, 12-13/

            Гэрч Ц.Л гын “...   Манай хөрш М.Б ыг сэжиглэж  байна, тэрээр тухайн өдөр гэрийнхээ хашаан дотор архи уугаад сууж байсан бөгөөд дараагаар нь манайхаас гараад явж байгаа бололтой хашаан дотор минь явж байсан юм.  Тухайн өдөр өөр манайхаар хүн ирээгүй.  ...Манайх хашаан дотроо өөрсдөө байгаа тохиолдолд гэрээ цоожилдоггүй юм. Өөр хүн ороогүй, манай нохой их том бөгөөд дандаа сул гэрийнхээ үүдэнд хэвтэж байдаг юм. гэх мэдүүлэг /хх-н 6/

Гэрч О.Б гийн “... Тэгтэл тэнд юм хийж байсан Ч  “юун цагдаа нар ирчихвээ” гэхээр нь би түүнд хандан “манай аав 2 мөнгөн аяга алга болчихсон шүүдээ” гэхэд тэрээр “танай хонины хашаан дотор аяга байна лээ шүү дээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н 23/

Гэрч Л.Ч ын “...Б  эгч надад хандан “аавын 2 аяга алга болчихсон юм. ...Тэгээд О  ахад хэлээд хонины хашаан дээр очиж заахад тэрээр манай алдагдсан 2 мөнгөн аяга байна гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б. Б ын хохирогч О ын байнга амьдрах орон байранд нэвтэрч 2 мөнгөн аягыг хулгайлсан болох нь тогтоогдож,  зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлэх өмгөөлөгчийн хүсэлт няцаагдаж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 530000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.О ын хохирлыг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Харин тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хуурагдаж ирсэн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг /аяганы доторхи хэсэг нь харласан, гаднах хэсэг нь дундуураа хүрэн өнгийн модтой, ёроол хэсэг нь гадна талаараа модтой,  аяганы амсар 13 см хэмжээтэй /, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг / Аяганы доторхи бага зэргийн  харласан, гаднах хэсэг нь дундуураа хүрэн өнгийн модтой, ёроол хэсэг гадна талаараа  мөнгөөр хийсэн, хээтэй, аяганы амсар 16 см хэмжээтэй/ хохирогч О.О т олгохыг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг оногдуулах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч М.Б  нь энэ хэрэгтэй цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Х овогтой М.Б ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3 -т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар шүүгдэгч М.Б ыг  1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Б ад оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг /аяганы доторхи хэсэг нь харласан, гаднах хэсэг нь дундуураа хүрэн өнгийн модтой, ёроол хэсэг нь гадна талаараа модтой,  аяганы амсар 13 см хэмжээтэй /, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг / Аяганы доторхи бага зэргийн  харласан, гаднах хэсэг нь дундуураа хүрэн өнгийн модтой, ёроол хэсэг гадна талаараа  мөнгөөр хийсэн, хээтэй, аяганы амсар 16 см хэмжээтэй/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.О т олгохыг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт  даалгаж, шүүгдэгч М.Б  нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭРЭНДУЛАМ