Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 130

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915002420152 дугаартай, 163/2019/0131/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Б.М.        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг "Ишгэн гуя" гэх газраас шинэс төрлийн 7.2539 м3 хэмжээтэй мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай, “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээг зөвшөөрч байна гэв.

Эрүүгийн 1915002420152 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Э ы өгсөн: “...Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Ишгэн гуя” гэх газар Б.М  нь хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Би гомдолтой байна, модны экологи эдийн засгийн үнэлгээгээр   гарсан   төлбөрийг   орон   нутгийн   орлогод   оруулмаар   байна. ..." гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,

Гэрч Ш.Д ийн өгсөн: “...Б.М  нь манай гэр бүлийн хүн. Би Б.М той 2008 онд гэр бүл болж хамт амьдарч байна. Манай нөхөр хөгжлийн бэрхшээлтэй, архи тамхи хэрэглэдэггүй. ...” гэх мэдүүлэг /хх-21 тал /,

Гэрч Ш.Х ын өгсөн: “...Б.М  нь миний хүргэн. Манай хүргэн элдэв янзын асуудал гаргаад байдаг нь бага, саяхан грүппт байж байгаад гарсан. Эхнэр хүүхэддээ халамжтай, их мөрөөрөө хүн байгаа юм. Сая гишүү ачиж яваад ийм асуудалд орчихлоо...” гэх мэдүүлэг /хх-22 тал/,

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот: **-** БУЛ улсын дугаартай автомашинд ачсан шинэс төрлийн хэрэглээний хуурай мод 0.6539 м3, шинэс төрлийн хэрэглээний хуурай мод түлээ 6.6 м3, нийт 7.2539 м3' , Экологи эдийн засгийн үнэлгээ 466621.2 төгрөг гэх дүгнэлт /хх-25-26 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2тал/,  тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7тал/, эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл, мод битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-10-11тал/, шинжээчийн дүгнэлт, түүнийг танилцуулсан тэмдэглэл /хх-25-42тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 46/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд /хх-56-64 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-72-73 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М  нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг "Ишгэн гуя" гэх газраас шинэс төрлийн 7.2539 м° хэмжээтэй мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай, “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Б.М ийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийн улмаас байгаль экологид 466621 төгрөгийн хохирол учирсан болох нь Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот дүгнэлт, модонд болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.  

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.М ийн эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, хууль бусаар бэлтгэсэн модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдсан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 466621 төгрөгийн  шууд хохирол учирч, шүүгдэгч Б.М  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар нөхөн төлбөрийн хамт 1399863 төгрөгийг төлсөн байна.

Шүүгдэгч Б.М ийн гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 7.2539 м3 мод болон түүнийг бэлтгэх, тээвэрлэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай, “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслийг тус тус шүүгдэгч Б.М оос албадан гаргуулж, үнийг Улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.М ид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4500000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг гурван сарын хугацаагаар тогтоосугай.    

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5/09 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 7.2539 м3 мод, **-** БУЛ улсын дугаартай, “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.М оос албадан гаргуулж, үнийг Улсын төсөвт шилжүүлсүгэй.  

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй,  хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД