Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01619

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/05666 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

48,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь ажлын хэрэгцээнд Hyundai 520 экскаваторыг өдрийн 20 цагаар 15 хоногт 30,000,000 төгрөгөөр түрээслэхээр *******тай тохиролцон, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны ******* тоот данс руу 20 цаг 43 минутад 20,000,000 төгрөг, 20 цаг 45 минутад 20,000,000 төгрөг, 22 цаг 29 минутад 8,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийг Хаан банкны ******* тоот данснаас шилжүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймагт байрлах уурхай ороход 45 км дутуу байхад 09 дүгээр сарын 11-ний өдөр *******ы оператор болон ******* өөрөө залгаад ...Тэнд чинь удахгүй цас орвол гол хаяалж хөлдчихвөл манайх техникээ буцааж татаж чадахгүй болно, Тиймээс одоо буцаалаа гэж хэлсэн. Дахиад нэг сарын барьцаа болох 60,000,000 төгрөг өгвөл техникээ цааш нь явуулна, мөн Улаанбаатарт ирж чадахгүй уурхайд техникийг нь сул зогсоовол түрээсийн төлбөрөө 30 хувиар бодож авна, мөн дараа жилийн хавраас үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэсэн. Иймд, бид хамтарч ажиллаж чадахгүй болсон тул техникээ буцаан татахыг зөвшөөрч, төлсөн мөнгөө буцаан авахыг удаа дараа шаардсан боловч худал хэлж сүүлдээ утсаа авахгүй болсон.

Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж төлсөн 48,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *******аас 48,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас 397,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Талуудын маргаж буй 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн механизм түрээслэх гэрээг хариуцагч ******* байгуулаагүй гэрээнд гарын үсэг зураагүй байна.

*******-ийн и-майл хаягаар техник түрээслэх гэрээг хятадын хөрөнгө оруулалттай *******-д илгээсэн.

Нэхэмжлэгч ******* нь хятадын хөрөнгө оруулалттай *******-ийн орчуулагч бөгөөд иргэн *******тай түрээсийн гэрээ байгуулаагүй болно. Орчуулагч ******* нь хятадын хөрөнгө оруулалттай *******-ийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлага гаргаж гэрээний төсөл дээр ******* гэж бичиж нөхөж гарын үсэг зурсан байна. Түрээсэлж байгаа техник нь *******-ийн өмч бөгөөд хавтас хэрэг дотор *******-ийн танилцуулга техникийн баримтыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгсөн.

Гэрээнд заагдсан техник нь иргэн ******* өмчлөгч биш учраас түрээсийн төлбөр авах, буцааж олгохыг ******* хариуцах ёстой, шүүх үүнийг үнэлээгүй байна. Мөн нэхэмжлэгч ******* нь хятадын хөрөнгө оруулалттай *******-ийн өмнөөс мөнгө нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхэд гэрчээр оролцож байгаа нь хэргийн талаар бодит байдал төлбөрийн талаар дурдсан боловч шүүх түүний яриаг үнэлэлгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Гэрээний 1.5 дээр техникийн тээврийн хөлсийг гэрээ цуцлагдсан тохиолдолд хариуцагч талд буцаан олгох ёстой байсан.

4.3. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч ******* нь шүүх хурал эхлээгүй байхад орсон боловч шүүгч нэхэмжлэгч талаас шүүх хуралд оруулах эсэхийг тодруулан асуухад хариуцагчгүйгээр хурлыг хийхээр шийдвэрлэсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр итгэмжлэл олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2-3 удаагийн шүүх хуралдаанд оролцсон атлаа тайлбар гаргаагүй. Хариу тайлбар ирүүлэх хүсэлтийг анхан шатны шүүхээр дамжуулан гаргасан боловч хариуцагч талаас тайлбар ирүүлээгүй. Мөн холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах санаа зорилготой байна. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 48,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гардан авч, зохигчийн эрх үүрэгтэй танилцсан/хх16-19/ байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны өөрийн ******* тоот данснаас, хариуцагч *******ы Хаан банкны ******* тоот дансанд нийт 48,000,000 төгрөг /20,000,000MNT+20,000,000MNT+8,000,000MNT/-ийг 3 удаагийн шилжүүлгээр HYUNDAI 520 экскаватор түрээсийн төлбөр гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. /хх6-8/

 

4. Талуудын хооронд HYUNDAI 520 маркийн экскаваторыг түрээслэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулахаар ярилцаж байсан гэх боловч хариуцагч талаас гэрээн дээр гарын үсэг зураагүй, түрээсийн төлбөрт 48,000,000 төгрөгийг шилжүүлсэн ч түрээсийн зүйлийг ашиглалгүй хариуцагч талд буцаан өгсөн үндэслэлээр уг гэрээнээс татгалзаж, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 48,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

5. Хэрэгт авагдсан дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд уг гэрээнээс татгалзсан үндэслэлээр гэрээгээр шилжүүлсэн түрээсийн төлбөр 48,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг дараах үндэслэлээр хангахгүй.

 

6.1. Талуудын маргаж байгаа 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн механизм түрээслэх гэрээнд гарын үсэг зураагүй, *******-ийн и-майл хаягаар техник түрээслэх гэрээг хятадын хөрөнгө оруулалттай *******-д илгээсэн. ******* нь *******-ийн орчуулагч бөгөөд иргэн *******тай гэрээ байгуулаагүй. Тухайн техник нь иргэн ******* өмчлөгч биш учраас түрээсийн төлбөр авах, буцааж олгохыг ******* хариуцах ёстой. Шүүх үүнийг үнэлээгүй. ******* нь *******-ийн өмнөөс мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн гомдлыг гаргасан байх боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь, хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч уг нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимтай бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, зохигчид шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцож, бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй байдаг.

 

Гэтэл хариуцагч нь дээр дурдсанчлан, тайлбар гаргаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг татгалзах талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

6.2. Түүнчлэн, хариуцагч нь гэрчээр оролцсон нь хэргийн бодит байдал, төлбөрийн талаар дурдсан боловч шүүх түүнийг яриаг үнэлэлгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэжээ. Хэргийн баримтаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцуулах тухай хүсэлтийг хариуцагчийн төлөөлөгч ******* гаргасан байх боловч шүүх хуралдаан товлосон хугацаанд өөрөө ирээгүй байдаг. Гэхдээ шүүх тухайн гэрчийг шүүх хуралд оролцуулан мэдүүлэг авсан байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид түрээсийн төлбөрт шилжүүлсэн мөнгийг хариуцагч ******* цааш нь дамжуулан хэнд хэрхэн шилжүүлсэн эсэх асуудал нь зохигчдын хоорондын маргаанд хамааралгүй байна.

 

Мөн, гэрч нь түрээсийн зүйлийн түрээслэгч тал нь ******* гэж мэдүүлсэн байх боловч уг мэдүүлэг нь хэргийн бусад баримтаар нотлогдоогүй, түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн зэргийг үндэслэн гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй тул гомдлыг хангахгүй.

 

6.3. Хариуцагчийн гаргасан хэрвээ шүүх 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн механизм түрээслэх гэрээг дүгнэсэн бол гэрээний 1.5-д техникийн тээврийн хөлсийг гэрээ цуцлагдсан тохиолдолд хариуцагч талд буцаан олгох ёстой байсан гэх гомдлыг хангахгүй. Тодруулбал, хэрэгт авагдсан уг гэрээнд хариуцагч тал гарын үсэг зурж, гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх нөхцөл бүрдээгүй ба уг гэрээнээс талууд татгалзсан үндэслэл тогтоогдсон бөгөөд гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл нотлогдоогүй.

 

6.4. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хурал эхлээгүй байхад орсон боловч шүүгч нэхэмжлэгч талаас шүүх хуралд оруулах эсэхийг тодруулан асууж, хариуцагчгүйгээр хурлыг хийсэн гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хурлын товыг талуудад мэдэгдсэн /хх77/ байх ба шүүх хурлыг 15 цаг 09 минутад эхлэхэд хариуцагч талаас төлөөлөгч ирээгүй байх ба ирцтэй холбоотой санал асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байна. Шүүхээс уг хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

6.5. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлөгчөөрөө дамжуулан оролцсон, түүнд нотлох баримтаа ирүүлэх, мэтгэлцэх эрх үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан гэж үзэхээр байх ба шүүхээс түүний эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт шилжүүлсэн 48,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/05666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ