Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 736

 

 

                                                           

 

 

 

 

 

    2019        9          27                                  2019/ШЦТ/736

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарилж овгийн Баатарсүрэнгийн Уртнасанд холбогдох эрүүгийн 1911012570917 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77-42 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шарилж овгийн Б. У. /РД:........../,

Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77-42 тоотод Б.Оюунбилэгтэй маргалдаж, улмаар түүний толгой руу чулуугаар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайд няцарсан шарх, хуйхан доорх шингэн хуралдалт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэлэх зүйл байхгүй ...” гэх

Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн : “2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай найз болох Мөнхбаяр нь архи ууж байгаад гэртээ нас барсан юм. Тэгээд өнөөдөр ажил явдал нь болоод би болон манай нөхөр ажил явдалд нь оролцох байсан боловч өглөөний 06 цагийн үед Оюунбилэг манай гэрт орж ирээд манай нөхөр Цэнгэлийг 08 цагийн үед дагуулаад гараад явсан. Оюунбилэг, Цэнгэл нар буцаад орж ирэхдээ 0,75 литрийн архи авч ирсэн бөгөөд уг архийг бид 3 хамтдаа хувааж уусан. Ингээд би унтчихсан байсан сэрэхэд Оюунбилэг, Цэнгэл нар дахиад 0,5 литрийн архи тавьчихсан уугаад сууж байхаар нь найзынхаа ажил явдалд оролцоогүй гэх мэтээр уурласан юм. Тэгээд Оюунбилэгийг гэрт архи уулаа гээд уурлаад гэрээс гараад явахад Оюунбилэг араас гарч ирэхээр нь би Оюунбилэг рүү чулуу аваад шидэхэд оноогүй бөгөөд дахин нэг чулуу аваад шидэхэд Оюунбилэгийн толгой руу оносон. Ингээд Оюунбилэгийн толгойноос нь цус гарахад нь бид нар түргэн дуудаад түргэний эмч толгойд нь 4 оёдол тавьсан...”/хх-ийн 34-35х/,

Хохирогч Б.Оюунбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өглөө эрт зүс таних Цэнгэл ахынх Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын гудамжинд байдаг бөгөөд яг хаягийг нь сайн мэдэхгүй байна. Цэнгэл ахын гэрт нь очсон юм. Цэнгэл ах бид хоёр ойролцоо байдаг айлд очиж хүний ажил явдалд оролцсон бөгөөд 10 цагийн орчимд Цэнгэлийн гэрт ирээд 1 шил 0,75 граммын “Хараа” нэртэй архийг Уртнасангийн хамт хувааж уугаад байж байтал Уртнасан нөхөр Цэнгэлдээ уурлаад байсан бөгөөд Цэнгэл ах Уртнасанг гадуур хоноод ирлээ гэж уурлах шиг болсон бөгөөд Уртнасан гараад явсан. Тэгээд Цэнгэл ах намайг гараад аваад ир гэхээр нь Уртнасангийн араас нь гараад очиход Уртнасан зайл гэж хэлээд над руу нэг чулуу шидэх үед нь би бултсан бөгөөд Уртнасанг бариад авах гэхэд гартаа барьсан чулуугаар миний толгойны орой хэсэгт нэг удаа цохичихоод зугтаад яваад өгсөн юм...”  /хх-ийн 17-18х/,

Гэрч Г.Цэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 04 сарын 17-ны өдөр эхнэр хүүхдийнхээ хамт гэртээ байж байтал өглөө 08 цаг өнгөрч байхад манай гэрийн ойролцоо байдаг Оюунбилэг ирсэн бөгөөд хажуу айлын хүн намайг ус аваад өгөөч гээд байхаар нь би машинаараа Оюунбилэгтэй хамт явж ус авч өгсөн болохоор надад 0,5 граммын “Стандарт” нэртэй архи авч өгсөн юм.Тэр архийг аваад гэртээ орж ирээд би Оюунбилэг болон Уртнасангийн хамт гурвуулаа уусан юм. Архиа хувааж уугаад Уртнасан согтоод ирэхээр нь би Уртнасанг чи унт гэж хэлсэн чинь би унтахгүй гарч цагдаа дуудлаа гэж хэлээд гараад гүйсэн. Энэ үед би Оюунбилэгт хандаад Уртнасанг очоод аваад ир гэж хэлээд гаргасан юм. Удалгүй гаднаас Оюунбилэг толгойгоо хагалуулчлаа Уртаа эгч чулуу шидчихлээ гэж хэлээд орж ирсэн бөгөөд толгойных нь баруун талаас нь цус гараад байхаар нь би хөнжлийн дэвсгэр даавуу ураад цусыг нь тогтоож өгсөн бөгөөд түргэн дуудаад үзүүлчихээд байж байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн. “...Оюунбилэг, Уртнасан нар нь урд өдөр нь хамтдаа архи уусан байсан бөгөөд тэр архи нь гараагүй байсан болохоор нэг шил архи хувааж уухад нилээд согтсон байсан...” /хх-ийн 23-24х/,

Шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр  сарын 23-ны өдрийн 4839 дугаартай дүгнэлт:

-Б.Оюунбилэгийн биед зулайд няцарсан шарх, хуйхан доорх шингэн хуралдалт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

-Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

-Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 27х/,

Шүүгдэгч Б.Угийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53х/,

Хохирогч Б.Оюунбилэгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 124х/,

Шүүгдэгч Б.Угийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 130х/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн131х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.У 240 /хоёр зуун дөчин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.

Энэ хэрэгт 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 17 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасч биечлэн эдлэх ялыг 104 цагаар тогтоов. 

Шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Шарилж овгийн Б. У.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дох хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Уртнасанд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Угийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 17 хоногийг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасч биечлэн эдлэх ялыг 104 цагаар тооцсугай.

5. Шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД