| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0120/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 131
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ч д холбогдох эрүүгийн 1915000070097 дугаартай, 163/2019/0120/э индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 сарын 30-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Булган аймгийн ... цагдаагаар ажиллаж байсан, одоо “Э” ХХК-д үл хөдлөх хөрөнгийн зуучлагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт О.Ч.
Шүүгдэгч О.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Булган аймгийн ... тоотод иргэн Ш.Б ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ч өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 4995000 төгрөгийг төлсөн, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
1915000040019 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:
Хохирогч Ш.Б ийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой Булган аймгийн Гурванбулаг сумын шинэ жилийн арга хэмжээ орой 20 цагаас эхэлсэн бөгөөд би тэр арга хэмжээнд оролцоод 00 цагийн үед Э гийн гэрт нь очсон, гэртээ дүү Н ын хамт байсан. ...Тэгээд би тэнд хонохоор болсон... намайг унтах үед Г гэдэг залуу Э гийнд ирээд мөн Н ын хажуугаар унтахаар хэвтсэн. Ингээд байж байтал гэнэт хаалга нүдээд босч хаалга онгойлгохын хооронд манай сумын цагдаа Ч орж ирсэн. Тэрээр нэг хүн л хайж яваа юм шиг байна лээ, бид нарыг бүгдийг нь “босоцгоо” гэж хэлэхээр нь бид нар бүгдээрээ босч хувцасаа өмсөцгөөсөн. Тэгтэл Ч цагдаа намайг учир зүггүй нүдсэн, хаа тааралдсан газраа л гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. ...Галын хайч авч миний нуруу руу цохьсон тэгээд юу болсоныг мэдэхгүй байна, нэг ухаан ороход сумын эмнэлэгт хэвтэж байсан...энэ хугацаанд ухаан орж гараад байсан бөгөөд нэг хоноод Улаанбаатар хот руу ирж Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн ба ухаангүй байсан. 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ...тархины хагалгаанд орж эмчлүүлж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан...миний хувьд эмчилгээний зардлаа буруутай этгээдээс гаргуулна гэх мэдүүлэг /хх1-33-37 тал/, ...гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2430000 төгрөг, цаашид эмчлүүлэх заралд 2565000 төгрөг, нийт 4995000 төгрөгийг бэлнээр хүлээж авлаа. Миний зүгээс гомдол, саналгүй болно гэх шүүхэд ирүүлсэн хүсэлт,
Гэрч Л.Г ийн өгсөн: “...Бид нарыг унтаж байхад өглөөний 04 цаг өнгөрч байхад сумын цагдаа Ч нь нэг жаахан хүүхэд дагуулж орж ирсэн бөгөөд хаалганы түгжээг мулт татаад ороод ирсэн. ...Тэр цагдаа залуу бид нарыг гараараа цохиж унагаагаад хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний өмдний тэлээг тайлуулж байгаад нүцгэн биен дээр ороолгосон. ...Б бид хоёрыг л голлож зодсон. ...Ер нь бол гар хөлөөрөө цохиод байсан. Мөн галын хайчаар хатгаад байсан бөгөөд миний өмдний тэлээгээр ороолгоод байсан. Б Э гийн гэрийн зурагтыг нь ойчингуут нь барьж аваад цааш нь тавихад Ч Б ийн араас нь толгой руу гараараа цохисон уу, хөлөөрөө өшиглөсөн үү ямар ч байсан цохиход Б унасан юм. Б нь уначихаад босоод “бие засчихаад ирье” гэж хэлээд гараад явсан бөгөөд Ч Б ий араас гарсан. Б нь үүдээр орж ирж байгаад ойчсон юм. Тэгэхэд Н , Ч хоёр чирж оруулж ирсэн бөгөөд орж ирчихээд бөөлжих гээд байна гэсэн боловч бөөлжилж чадахгүй байсан. Их юм гарахгүй байсан бөгөөд Б ийг хувьд сонин болчихоод байсан. Ухаантай ухаангүйн хооронд сонин болчихоод байсан бөгөөд дотор муухайраад байна гэж байх шиг байсан. Б нь зодуулахаасаа өмнө нь зүгээр байсан. ...” гэх мэдүүлэг / хх1-41-44 тал/,
Гэрч А.Э гийн өгсөн: “...Бос гэж хашгираад гэрийн хойморт авдрын өмнүүр газарт хэвтэж байсан Б ийг татаж босгоод бид нарыг авдрын өмнүүр эгнүүлж зогсоож байгаад захаас нь зодоод байсан. Эхлээд гараараа цохиод өшиглөж байснаа Г ийн тэлээг нь тайлуулж аваад бид нарыг ороолгосон. ... Б ийг гараараа толгой тархи, элэг бөөр лүү нь цохиод байсан. Мөн манай гэрт байсан галын хайчаар гар луу нь цохиод байсан. Толгой руу нь галын хайчаар бол цохиогүй. Б тэгж нэлээд удаан хугацаагаар зодуулснаа гэрээс гарсан бөгөөд дотор эвгүй оргиод байна гэж хэлээд гарсан. ...Гэрт байхад Ч цагдаа нь Б ий бөөр, нуруу руу нь өшиглөөд толгой руу нь гараараа тохойлдоод байсан. Тохойгоороо их хүчтэй цохиод байсан. Б гарч яваад 10 гаран минутын дараа нөгөө хамт явсан хүүхдийг дуудаад Б ийг дуудаад ир гэж явуулсан бөгөөд тэгэхэд тэр хүүхэд Б ах бөөлжөөд байх шиг байна гэж байсан. Тэгэхэд Ч зөрөөд гараад явсан бөгөөд Ч ийг гараад нэг минут ч болоогүй байхад Б саваад унасан. Гэрийн хаалга онгорхой байсан боловч гадаа харанхуй байсан учраас яаж цохисоныг нь хараагүй. Ямар ч байсан Б гэрийн хаяа налаад ар дагзаараа унасан. Түүнээс хойш ухаан алдсан байсан. Ч нь өөрөө Б ийг цээжин дээрээс нь заамдсан байдалтай бариад чирж гэрт оруулж ирээд, гэрийн баруун талын орны урдуур ташуулдуулж хэвтүүлсэн. Дэр дэрлүүлсэн бөгөөд Б нь тэгэхэд ямар ч ухаан байхгүй, гар нь татаад байх шиг байсан ...” гэх мэдүүлэг /хх1-50-53 тал/,
Гэрч А.Н ын өгсөн: “...Б ийг Ч нь гараараа толгой руу нь цохиод, хөлөөрөө өшиглөөд мөн суран тэлээгээр ороолгоод байсан. Б нь гуйваад бие засах гээд гарсан бөгөөд гарчихаад эргэж орж ирэхдээ манай үүдний довжоон дээр ухаан алдаад унахад нь чирч оруулж ирээд түүнээс хойш л цохиж зодохоо больсон. Тэгэхэд үүр цайчихсан байсан. Бараг 7 цаг болж байсан. ...Б ийн толгой руу цагдаа л цохисон. Тэр л цагдаа Б , Г бид гурвыг л зодоод байсан. Э ахыг болохоор гар муу байсан болохоор татаж унагаагаад ороолгосон...” гэх мэдүүлэг /хх1-62-70 тал/,
Гэрч А.Э гийн өгсөн: “...Тэгэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод Г ийн араас гарч очоод Э гээд төрсөн ахынхаа гэрт яваад орсон. Н ах намайг сумын цагдаа зодоод толгойруу өшиглөсөн гээд галаа түлээд зогсож байсан. Гэрийн хойморт Б ах шалан дээр ухаангүй хэвтэж байсан. Хоёр жавжаар нь цус гарсан харагдаж байсан. ...Сумын цагдаа зодсон талаар Э , Н нар надад хэлсэн. Мөн гартаа сумын цагдаа хүрэн өнгий тэлээ боогоод барьчихсан байсан. Ямар ч байсан архи үнэртчихсэн архи уучихсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг / хх1-54 тал/,
Гэрч Д.Ж ы өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 05 цагийн орчимд байх Б гээд ахынхаа гэрт мотоцикльтой очсон. Тэгээд гэрт нь ороод удаагүй үүдэнд явж байхад араас сумын цагдаа ороод ирсэн. Тэр сумын цагдаагийн нэрийг нь бол хэлж мэдэхгүй байна.Тэгтэл сумын цагдаа намайг гараад ир гэхээр нь Б ахын гэрээс дагаж гарсан. Тэгээд Б ахын гэрээс гарч хажуу талын Э ахын гэрт ороход Б цусаар бөөлжсөн, хүнд зодуулсан юм уу гэмээр байж байсан. Тэгтэл гэрт байсан Э , Н нар сая сумын цагдаад үхтлээ нүдүүллээ гэсээр байж байсан. ...Гэрт байсан Б , Э нар сумын цагдаа ирж зодсон гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх1-55 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Г ийн өгсөн: “...Тэгэхэд гэрийн баруун талын захаас Э , Б , Н , Г гэсэн дарааллаар явган суулгаж байгаад Г ахаас эхлүүлээд тонгойлгож байгаад Г ахын суран тэлээгээр нуруу руу нь тэлээгээр ороолгож эхэлсэн. Г ахыг 2-3 удаа тэлээгээр нурууруу нь ороолгож байгаад гэдэс хавьруу нь өшиглөсөн, тэрний дараа шууд Б ах дээр очоод цээж хэсэгрүү нь өшиглөсөн. Яг хэд өшиглөсөнг нь би хэлж мэдэхгүй байна. Тэгэхэд Б ах "болио” гээд байсан. Тэгээд мөн суран тэлээгээр тонгойлгож байгаад нурууруу нь 2 удаа ороолгосон. ...Тэгээд Ч цагдаа аргалын хувин дотроос галын хайч аваад галын хайчны үзүүр хэсгээр Б ахын нуруу хавьруу нь цохьсон. Яг хэдэн удаа цохьсонг нь би мэдэхгүй байна. Тэрний дараа Г ахын гар орчим газар нь 2-3 удаа цохиж авсан. Би одоо яг одоо аль гар гэдгийг нь санахгүй байна. Тэгж байхад Б ах өөрөө гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би араас нь гарсан. Гадаа гарахад Б ах гэрийн зүүн талд байх өрөөтэй модны хажууд бөөлжих гээд байгаа юм шиг тонгойчихсон сууж байсан. Ингээд намайг "ахын дүү гарнаас тат” гэхээр нь би баруун талынх нь гарнаас нь татахад Б ах босч чадахгүй хагас дутуу босч суугаад байсан. Тэгээд би хажуу талаас нь дамнаж байгаад гэрийн үүдэнд авч ирээд хаалга онгойлгосон чинь Б ах нуруугаараа үүдэнд унасан, тархи толгойгоороо бол юм мөргөөгүй зөөлхөн унасан. Тэгэхэд Ч гэрийн дотор талд хаалганы хажууд байсан ба Б ахыг унахыг харчихаад "пизда чинь баашлаад байна" гэж хэлээд цамцнаас нь татаад гэрлүү чирээд оруулсан. Ингээд гэрт оруулсан хойноо Б ахыг “баашлаад байна” гэж хэлээд гэдэс рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Тэгэхэд Б ах "би бөөлжих гээд байна, хувин дөхүүлж өгөөч” гэж хэлэхэд Н хувин авчирч өгсөн. Тэгэхэд гадаа хажуу талын айлд мотоцикль ирэх дуу чимээ гарахад Ч гэрээс гараад явахаар нь би дагаад тэднийхээс гараад явсан. ...Б ах бид нарыг гарахад хэвтэж байсан газраасаа хөдлөөгүй байсан ба хэвтэж байсан газраа бөөлжөөд, хурхираад байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-90 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3337 дугаартай:
1. Ш.Б ийн биед тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, цээжний цус хуралт, нүүрний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн
хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх1-114 тал/,
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1-12 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-13-16/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх1-17-21/, мэдүүлэг шалгасан тэмдэглэл /хх1-26-28/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх1-115, 125-128/, өвчний түүх /хх1-130-154/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх1-158-163/, шүүгдэгчийн иргэний үнэмлэх, Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа зэрэг хувийн байдлын талаарх баримтууд /хх1-178-215/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх1-216/, эмнэлгийн болон хохирлын талаарх баримт /хх2-73-133/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжээчийн дүгнэлттэй холбоотой, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ирүүлсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч О.Ч нь Булган аймгийн Гурванбулаг сумын цагдаагаар ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Булган аймгийн ... иргэн Ш.Б ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ш.Б , гэрч Л.Г , А.Э , А.Н , А.Э , Д.Ж нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3337 дугаартай дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн тухай өвчний түүх зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч О.Ч ийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа С. Б ийн халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бие, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ш.Б нь 2 427 412 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргасныг шүүх нотлох баримтын хамаарал, агуулга, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаж, 2336195 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 91217 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч О.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2430000 төгрөг, цаашид гарах эмчилгээний заралд 2565000 төгрөг, нийт 4995000 төгрөгийг төлснөөр хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч О.Ч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан бодит болон цаашид гарах хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, түүнчлэн бага насны олон хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран тэлээ, галын хайч тус бүр нэг ширхэгийг устгаж, баримтыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт О.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч ийг 10800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 800 000 /арван сая найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч д оногдуулсан 10 800 000 / арван сая найман зуун мянга / төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 300 000 /гурван зуун мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ч д сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.Ч нь хохирогчийн эмчилгээний зардалд 4 995 000 /дөрвөн сая есөн зуун ерин таван мянга/ төгрөгийг төлж, хохирогч Ш.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран тэлээ, галын хайч тус бүр нэг ширхэгийг устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД