Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01651

 

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05007 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ад холбогдох,

87,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нар нь ******* аймаг, Дархан сум, 16 дугаар 2 дугаар байрны ******* хаягт байрлах, 42 м.кв бүхий 2 өрөө орон сууц болон гадна талдаа 6:7 харьцаатай үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчилдөг. Улмаар 2018 онд уг хоёр өрөө орон сууцаа худалдахаар зар тавьсан боловч зарагдаагүй. 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр *******ийн найз болох *******тай холбогдож байраа зарах талаар түүнтэй ярилцахад байрыг чинь хямд үнээр авах боломжтой хүн байгаа гэж *******тай утсаар холбогдсон. *******тай холбогдоход хариуцагч нь өөрийгөө танилцуулахдаа уул уурхайн компани ажиллуулдаг, гадаадаас хөрөнгө оруулалт орж ирнэ, тийм учраас байрыг чинь еврогоор худалдаж авна гэх санал тавьсан. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* Улаанбаатараас хотоос ******* аймагт очоод, нэхэмжлэгч нар нь хариуцагчтай анх удаа уулзсан. Тэгээд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байрыг шилжүүлэхээр болсон. Ингэхдээ тухайн тоот хаягт байрлах байрыг тохирсон үнээр биш 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Энэ нь ямар учиртай вэ гэвэл хариуцагч нь хэлэхдээ татвар бага төлөх учраас 20,000,000 төгрөгөөр тооцчихъё гэдэг байдлаар санал тавьж татвар бага төлөх зорилгоор худалдахаар тохиролцсон. Төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор гадаадаас хөрөнгө оруулалт ирэхээр төлнө гэсэн байдлаар тохиролцсон боловч ямар ч төлөлт хийгдээгүй.

Нэхэмжлэгч *******ийн хувьд мал аж ахуй эрхэлдэг малтай байсан ба түүний зүгээс 35 тонн үхрийн махыг 25,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан. Үүний дагуу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн мал болох 35 ширхэг үхэр буюу 5 тугалтай үнээ, 1 бүдүүн шар үхэр, 20 ширхэг шүдлэн, 4 бярууг амьдаар нь туугаад авч явсан. Мөн ажилчдын хоолны мах хэрэгтэй байна гээд худалдан борлуулах гээд бэлтгэсэн байсан 2 гулууз махыг 1 килограммыг 6,500 төгрөгөөр нийт 1,800,000 төгрөг болж Улаанбаатар хотоос ачиж авч явсан. Тухайн цаг үед цар тахалтай байсан учраас Цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр залилуулаа гэх байдлаар ******* аймгийн Цагдаагийн газарт өргөдлийг нэхэмжлэгч *******ийн зүгээс гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хөрөнгө болон малын үнэлгээг хийлгэсэн. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Капитал зууч гэх компанийн үнэлгээгээр хоёр өрөө орон сууц 60,000,000 төгрөг, 35 тонны үхэр 25,000,000 төгрөг, гулууз мах 1,800,000 нийт 86,800,000 төгрөг гэж тус тус гарсан. ******* аймгийн Прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 8 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан. Үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Залилан мэхлэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, гэмт хэргийн шинжгүй байна гэх агуулгаар хааж шийдвэрлэсэн. Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой татвар 400,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ийн зүгээс төлсөн. Харин, хариуцагч төлөх талаар шаардлага тавихад мөнгө байхгүй байна гэж шалтаг хэлдэг. Иймд, нийт 87,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие 2017 оны 12 дугаар сард Five winds asset management гэдэг олон улсын хөрөнгө оруулалтын компанийн талаар мэдсэн. Гадаадын брокерын талаар мэдээлэл авч , гэх хоёр захирлын сургалтад суусан. Энэ бизнесийн хөрөнгө оруулалтын зарчим нь хөрөнгө оруулагчийнхаа өмнөөс 21 улсын брокерын компаниуд зэрэг ажиллаад 7 хоног бүр оруулсан хөрөнгийн 5 хувийг ногдол ашиг болгож авдаг зарчмаар ажилладаг гэсэн сургалт авсан. Тухайн бизнесийг судлаад явж байхад Монголоос энэ бизнесийг хийж байсан хүмүүс ихэнхдээ Орос спонсоруудтай байдаг, электрон мөнгө нь данс хоорондоо шилжиж болдог учраас Оросуудаас мөнгө худалдаж аваад өөрсдөөр нь төлүүлбэл арай хямдхан ногддог. Харин, Монголоос евро худалдаж аваад компани руу шилжүүлэхэд арай үнэтэй тусдаг гэсэн мэдээллийн дагуу би өөрөө Орос руу наймаа хийдэг байсан учраас Орос улсад байдаг танилуудаас ийм төрлийн бизнес хийдэг хүн байна уу гэж асуусан. Тэгээд ******* гэх эмэгтэй ийм бизнес хийдэг юм байна гэхэд нь манай спонсорууд надад оросоос дотоод сүлжээгээрээ электрон мөнгө зээлээр авах боломжтой, зээлээр авчих, 7 хоног болгон 5 хувиар аккаунтад чинь бонус маягаар ногдол ашиг чинь орох учраас эргээд төлөхөд амар байдаг гэж зөвлөсний үүднээс ******* гэх хүнээс анх 100,000 евро зээлж тухайн бизнесийг эхлүүлсэн. Ингээд энэ бизнесийг хоёр найзтайгаа эхлүүлээд явж байхад 7 хоног болгон 5 хувийн ногдол ашиг электрон мөнгө хэлбэрээр дансанд байршаад байсан учраас болдог юм байна гэж ойлголттой яваад ногдол ашгийнхаа олсон мөнгөөр аав, ээж, ах дүү нарыгаа оруулаад явж байсан. Гэтэл нэг өдөр манай спонсорууд болох *******, , нар нь оффис дээр дуудаад яваад очиход нэхэмжлэгч ******* гэх хүн ирчихсэн байсан. Тэгээд энэ хүн ******* гэх хүний багт орох гэж байгаа, энэ хүнд зарах орон сууц байгаа юм байна гээд орон сууцыг электрон мөнгөөр авах санал тавьсан. Тухайн үед би үнийн саналыг сонсоод зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл би өөрөө ******* аймагт өссөн, 2 дугаар байр гэдэг нь хуучин фермийн байр, ийм өндөр ханшаар би буцаагаад зарж борлуулж чадахгүй учраас тухайн өдөр би зөвшөөрөөгүй, гараад явсан. Гэтэл над руу , гэх спонсорууд залгаад энэ хүнд нэмээд өгөх үхрүүд болон зарахаар бэлтгэсэн мах байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд үхрийг орон сууцтай нийлүүлээд тухайн үед аккаунт нь задгай мөнгөөр биш, 810,000-300,000 евро хүртэл аккаунт үүсгэдэг байсан. Тухайн үед 24,000, 25,000,000 төгрөгийн багц байдаг байсан. Ингээд энэ багцад нь орон сууц болон үхрүүд нэмж өгөөд наймаагаа тохиролцъё гэсэн би зөвшөөрсөн. Тэгээд надаас *******, ******* нар нь багцынхаа еврог шилжүүлж авсан. Би өөрөө компьютерын мэдлэггүй учраас спонсоруудаараа дотоод сүлжээг хийлгэдэг байсан. 2018 оны 05 дугаар сард орон сууцны гэрчилгээг очиж шилжүүлж авахад нэхэмжлэгч ******* эгчтэй нэг удаа, *******тэй 2 дах удаагаа тааралдсан. Тухайн үед орон сууцны 2 хувийн төлбөрийг зарж байгаа тал нь төлөх ёстой байдаг. Харин үхэр малын хувьд нэгдүгээрт надад аваачиж тавих газар байхгүй, хоёрдугаарт дөнгөж гарсан тугалууд нь тамиргүй байгаа гэж ******* хэлсэн учраас би дараа авъя гээд 8 дугаар сард малын ченж нартай ярьж байгаад аавыгаа явуулж авсан. Мөн ******* удаа дараа цагдаагийн байгууллагад худлаа мэдүүлэг өгч, надад орон сууцаа зээлээр өгсөн, намайг гадаадын уул уурхайд ажилладаг гэх мэтээр буруу мэдээлэл өгсөн байсан. Тэгээд нүүрэлдүүлэн байцаалтад хүртэл би малчин хүн, интернэт хэрэглэж мэдэхгүй гэж мэдүүлснийг нь би олон улсын бизнесийг Монгол улсад хийж байсан , нарын групп чатуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч ******* нь спонсорууд нь зохион байгуулсан хандив, аяныг уриалж оруулж байсан. Мөн манай спонсорууд миний аккаунтыг мэддэг байсан учраас надад хэлэхгүй миний данснаас хандив авсан байсан. Тийм учраас уг бизнесийг надаар дамжуулж биш манай спонсоруудтай танилцаж надтай өөрөө холбогдож, өөрийн хүсэлтээр бизнесийг хийсэн. Гэтэл одоо намайг өөрийг нь энэ бизнест уруу татаж оруулсан мэтээр яриад байгаад нь гомдолтой байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч *******ээс гадна олон олон хүмүүс ашиг олох шуналаасаа болж бүгд хохирсон. Мөн энэ бизнесийн талаар сургалт, мэдээлэл өгч байсан спонсорууд бүгд Америк улс руу гараад зугтаачихсан. Иймээс намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч *******аас 85,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,200,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 582,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын хүсэлтээр өмнө нь надад залилуулсан гэх утгатай ******* аймгийн цагдаагийн газраас шалгуулж, удаа дараа гомдож, ажиллагаа явуулсны эцэст ******* намайг залилангийн гэмт хэрэг үйлдээгүй, уг хэрэг нь нотлогдохгүй байна гэх үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож прокурорын удаа дараагийн тогтоолоор хааж шийдсэн хэргээс маш их нотлох баримтыг хэрэгт татуулсан. ******* нь тухайн үед өөрөө Five winds asset management Олон улсын хөрөнгө оруулалтын компанид шунахайн сэдлээр оролцож байсан болон намайг эдгээр хүмүүсийн хөрөнгийг залилж аваагүйг тогтоон 3 удаагийн Прокурорын тогтоолоор хаасан баримтуудыг хэрэгт гаргуулсан. Эдгээр баримтаар би энэ 2 хүнийг залилаагүй бөгөөд би тухайн цаг хугацаанд маргаан бүхий орон сууцыг болон 35 тооны үхрийн үнийг нийлүүлээд 24,000.0 еврогоор харилцан тохиролцож, *******ийн дээрх компанийн электрон дансруу нь өөрийн тус компани дахь электрон дансаар бөөнд нь шилжүүлж төлсний дараа надад хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн талаар би цагдаагийн газарт удаа дараа мэдүүлэг өгснөөр болон *******ийн өөрийн мэдүүлэг, бидний нүүрэлдүүлэн байцаалт, тухайн олон улсын хөрөнгийн компанийн үйл ажиллагааг шалгасан зэрэг олон тооны баримтуудаар тогтоогдсон. Гэвч эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн баримт нь иргэний хэрэгт яагаад нотлох баримтаар үнэлэгдэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Намайг төлбөр төлснийг нотлох баримтуудыг огт үнэлээгүй шийдсэнд маш их гомдолтой байна. Өмнө нь удаа дараагийн гомдлоор шалгагдсан эрүүгийн хэрэгт намайг ******* дахин нэмж төлөх төлбөртэй байсан эсхүл анхнаасаа хөрөнгөө шилжүүлж аваад огт мөнгө өгөөгүй бол залилангаар шалгах бүрэн боломжтой байсан. Миний хувьд өмнө нь төлсөн тохироо ёсоор өөрийнх нь дээрх олон улсын хөрөнгө оруулалтын компанийн электрон дансаараа авъя гэсэн хүсэлтийнх нь дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй бол энэ хүн огт мөнгөн төлөлтгүй үл хөдлөх хөрөнгийг өмчлөлийг надад шилжүүлэх боломжгүй байсанд бодит дүгнэлт хийж өгнө үү. ******* нь өмнө нь надаас 1 удаагийн гүйлгээгээр электрон дансаараа 24,000.0 евро буюу тухайн үеийн ханшаар 74,400,000 төгрөгөөр тооцож шилжүүлснийг хүлээн авсан нь эрүүгийн журмаар тогтоогдсон. ******* тухайн үед Дархан сумын хуучин хорооллын байрыг 24,000.0 евро зарна гэхэд нь би Дарханы хуучин байр тийм үнэд хүрэхгүй ээ гэж татгалзахад ******* нь надад 35 тооны амьд үхэр нэмж өгье гэж багцлаад 24,000,0 еврогоор аваач ээ гэж араас дуудаад гуйж байгаад энэ тохироог бид хийж байсан. Хамгийн хэцүү зүйл нь би тухайн үед электрон мөнгийг төгрөг болгож хувиргаад, өөрийн банкны дансаар шилжүүлээгүй нь энэ хүний шуналын сэдэлд өртөж, өнөөдөр давхардуулан дахин төлөх үүрэг хүлээх эрсдэлтэй болчхоод байна.

Хэдийгээр би тухайн үеийн төлбөрийг гүйцэтгэхдээ банкны данс ашиглаж төгрөгөөр шилжүүлээгүй ч гэсэн цагдаагийн газрын ажиллагаа болон хэрэгт ирүүлсэн гомдол хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоолуудаар намайг орон сууц болон 35 тооны үхрийн мөнгөө электрон мөнгөөр төлбөрөө гүйцэтгэсэн нь хангалттай тогтоогдоно гэж үзэж байна. Би түүнтэй анх тохирсон 24,000.0 еврог бүхэлд нь 1 удаагийн Five winds asset management Олон улсын хөрөнгө оруулалтын компанийн дансны гүйлгээгээр төлж барагдуулсан үйл баримтыг үнэн зөвөөр тогтоож, намайг 85,000,000 төгрөг төлүүлэхээр шийдсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбарласан койн нь Монгол улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй төлбөрийн хэрэгсэл байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон. -аас зах зээлийн үнэлгээг гаргасан. 35 толгой мал болон 2 гулуузыг үнэлсэн. 35 толгой малыг 3 удаагийн үйлдлээр авч явсан. Мөн мал эмнэлгээс ирүүлсэн гарал, үүслийн бичгээр тогтоогдож байгаа. Мөн 2 гулууз махыг хариуцагч авсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх бэлэглэсэн гэх агуулгаар дүгнэсэн. Нэхэмжлэгч нарын зүгээс бэлэглэсэн зүйл байхгүй. Монгол улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй төлбөрийн хэрэгсэл болохыг Улсын Ерөнхий прокурорын газраас дүгнэсэн. Мөн төлбөр төлөгдөөгүй болохыг тогтоосон. Нэхэмжлэгч нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулгын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл 20,000,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн. Тухайн мөнгийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Мал болон орон сууцны үнийг төлөөгүй болохыг дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь 87,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ ******* аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар байрны хаягт байрлах дугаарт бүртгэгдсэн 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 60,000,000.00 төгрөг, 35 тооны үхрийн үнэ 25,000,000 төгрөг, 2 ширхэг үхрийн гулууз махны үнэ 1,800,000.00 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварт төлсөн 400,000 төгрөг, нийт 87,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

 

1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлдээ маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 35 тооны малын үнийг Five winds asset management олон улсын хөрөнгийн оруулалтын компанийн эрхээр 24,000.00 еврогоор тооцож төлбөрийг төлсөн, 2 ширхэг гулууз махыг наймаа амжилттай болсонд талархаж надад бэлэглэсэн, үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан татварыг орлого олж байгаа тал хуульд зааснаар төлдөг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

 

2.1. *******, ******* нар нь *******тай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр ******* аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны хаягт байрлах дугаарт бүртгэгдсэн 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдах тухай хэлцлийг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх8, 105/

 

2.2. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Мал, амьтны эрүүл мэндийн гэрчилгээ гэх баримтаар 35 тооны малд үзлэг, шинжилгээ хийж гэрчилгээ олгож, малын эмчийн гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан. /хх12-14/

 

2.3. ******* аймгийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор иргэн ******* нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар байрны од байрлах 2 өрөө орон сууц, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 35 тооны үхэр, 2 үхрийн гулууз махыг бусдад залилуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн. Уг тогтоолд *******ийн өмгөөлөгч гомдол гаргаж, ******* аймгийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаар Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоолоор 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн./хх25-26, 28/

 

2.4. ******* аймгийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор иргэн ******* нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар байрны од байрлах 2 өрөө орон сууц, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 35 тооны үхэр, 2 үхрийн гулууз махыг бусдад залилуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн. /хх39-41/ Уг тогтоолд ******* нь гомдол гаргаж, ******* аймгийн прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/935 дугаар Гомдолд хариу өгөх тухай прокурорын хариу мэдэгдэх хуудсаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн талаар тус тус мэдэгдсэн. /хх42,43-44/

 

2.5. Хөрөнгийн үнэлгээний , ******* аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар байрны хаягт байрлах дугаарт бүртгэгдсэн 42 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 35 тооны үхэр, 2 ширхэг үхрийн гулууз махыг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 86,800,000 төгрөгөөр үнэлсэн баримт авагдсан./хх34-35/

 

3. Анхан шатны шүүхээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж маргаантай эрх зүйн харилцааг дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн дээр дурдсан бичгээр хийсэн гэрээнд 20,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч, орон сууцыг 60,000,000 төгрөгөөр, 35 тооны үхрийг 25,000,000 төгрөгөөр, 2 гулууз махыг 1,800,000 төгрөгөөр, нийт 86,800,000 төгрөгөөр худалдсан гэсэн бол, хариуцагч нь орон сууц, мал, махыг нийтэд нь 24,000 евро нэртэй электрон мөнгөөр худалдан авч, электрон мөнгийг нэхэмжлэгчийн аккуант руу шилжүүлж үнийг төлсөн гэж тус тус тайлбарлажээ. Талууд шилжүүлсэн зүйлийн үнийн тухайд болон уг үнэ төлөгдсөн эсэх асуудлаар маргасан байна.

 

3.2. Дээрх үйл баримт, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, маргаан бүхий орон сууц болон, 35 тооны үхэр, мах зэргийг хариуцагчид шилжүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэх боловч гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ орон сууц, мал, махыг нийтэд нь 134,800,000 төгрөгөөр, анхан шатны шүүхэд 86,800,000 төгрөгөөр, давж заалдах шатны шүүх хуралдаанд 106,000,000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч нь тухайн эд хөрөнгүүдийг цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ 43,200 еврогийн цахим мөнгөөр, анхан шатны шүүхэд 24,000 еврогийн цахим мөнгөөр худалдан авч, уг цахим мөнгийг нэхэмжлэгчид түүний аккуант руу шилжүүлэн төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэж өмчлөх эрхийг нь шилжүүлсэн дээрх эд зүйлүүдийн үнийн талаар өөр өөрөөр тайлбарладаг.

 

3.3. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх нь тухайн гэрээний гол нөхцөл байх ба талууд гэрээний зүйлийн үнийг тохиролцсон гэж үзэх нотлох баримтгүй байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

4. Хариуцагч нь маргаан бүхий орон сууц, мал, махны үнийг 24,000 еврогоор буюу 1 еврог 2,500 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн цахим мөнгөний аккуант руу еврогоор шилжүүлж төлбөрийг төлсөн гэж тайлбарладаг боловч, хариуцагчийн уг тайлбар болон эрүүгийн хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй. Түүнчлэн, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзлаа нотолсон баримтгүй байна.

 

4.1. Иймд, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй үндэслэлээр бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагчид өмчлөх эрхийг нь шилжүүлсэн маргаан бүхий орон сууцыг хариуцагч ******* нь бусдад дамжуулан худалдсан, 35 тооны үхрийг мөн худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж зааснаар хэрэгт авагдсан -ийн үнэлгээг үндэслэн, орон сууцыг 60,000,000 төгрөгөөр, 35 тооны малыг 25,000,000 төгрөгөөр тооцон, нийт 85,000,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцнэ.

 

5.1. Харин, нэхэмжлэлийн шаардлагаас 2,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргаагүй тул уг асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ