Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1796

 

Ц.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 398 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Д , Ц.О , Б.П , Н.Д , Л.Н , А.Ө , Д.Н , Л.Э , Л.Ж , О.А , М.Х , М.М , Я.А , Т.Ө , Д.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Д , Т.А , Ц.Б , А.Б нарт холбогдох

 

“Х” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А.Б гийн хууль бус эзэмшлээс гаргуулах, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б нарын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулсан ээлжит бус хурал нь хууль бус болохыг тогтоолгох, мөн хурлаас гаргасан 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Н.Д , Ц.О нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б ,

Хариуцагч А.Б ,

Хариуцагч Т.А , С.Д , Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э ,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.О нар шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ц.А нь 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барсан бөгөөд нас барснаас хойш 2012 оны 5 дугаар сарын 27-ны өдөр А.Б нь өөрийн эгчийн хамт компанийн байранд ирж хүний нөөцийн ажилтан Е.О , эд хариуцагч нярав Ц.Э нарыг дуудан авчирч компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, захирлын тушаалуудыг авч явсан. Тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар авснаа ашиглан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртээ тамгыг дарж, хууль бус үйлдэл хийсээр байна. Нэхэмжлэгч Ц.О , Н.Д бид нар Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчид юм. Тус компанийн захирал Ц.А нь 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барж, хувьцаа эзэмшигчид болон захиргааны байгууллагын хооронд хувьцаа эзэмшигчдийн тоо, хувь эзэмшил, бүртгэлтэй холбоотой зөрчилтэй асуудлуудыг болон А.Б гийн хууль бус үйлдлүүдийг шийдвэрлүүлэхээр бүтэн 3 жил 8 сар болж байна. А.Б нь компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан байдлаа ашиглан 2 дахь удаагаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, өөрийгөө захирлаар томилон хувьцаа эзэмшигчид болон ажилчдыг хохироосоор өдий хүрлээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 104 тоот тогтоолоор “Х” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг 2001 онд бүртгэсэн улсын бүртгэл нь хуульд нийцсэн, 2007 онд бүртгэл нь хүчингүй болохыг тогтоосноор тус компани нь 29 хувьцаа эзэмшигчидтэй болсон. Гэтэл А.Б гийн зарласан хурал дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч, хурлын тооллогын комиссын гишүүн Э.Э “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 23 гишүүнтэй, улсын бүртгэлийн хувийг хэргийг үндэслээд М.Л нь 7.96 хувийн хувьцаа эзэмшдэг гэж тоолсон гэснээс үзэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар “Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчин хүчингүй болсон. 2007 оны бүртгэлээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Түүний зарласан энэ хуралд хувьцаа эзэмшигч С.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , Т.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , А.Б , М.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б , Е.Ё, Л.Х , Ц.Б , Б.Г нар суусан бөгөөд Н.Д , Б.П нар хууль бус хурал тул хурлыг хийхгүй байхыг хэлж Ц.О , Н.Д нарын шаардлагыг уншиж танилцуулаад, хуралд суухгүй гэдгээ мэдэгдэж хурлаас гарч явсан байна. Компанийн 20 буюу 1230 ширхэг хувьцаа эзэмшигч А.Б , 1 буюу 116 ширхэг хувьцаа эзэмшигч М.Б , Б.Г нь өвлөх эрхийн гэрчилгээгээ бүртгүүлээгүй байгаа учир хуралд суух эрхгүй, 1 буюу 116 ширхэг хувьцаа эзэмшигч Л.Х , 1 буюу 116 ширхэг хувьцаа эзэмшигч Н.Д , 1 буюу 116 ширхэг хувьцаа эзэмшигч Ц.Б , 3.16 хувийн хувьцаа эзэмшигч М.Л гэж байгаа боловч зөвхөн хувь эзэмшдэг саналын эрхтэй хувьцаа эзэмшдэггүй, 4 буюу 464 ширхэг хувьцаа эзэмшигч С.Д , 2 буюу 232 ширхэг хувьцаа эзэмшигч Т.А нар ирсэн нь компанийн саналын эрх бүхий хувьцааны 3 596 ширхэг буюу компанийн саналын эрх бүхий хувийн 34.44 хувийн хувьцаа эзэмшигчид ээлжит бус хуралд ирснээр Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50 хувиас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэсэн заалтыг зөрчиж хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц хүрэхгүй тул уг хурал болон түүнээс гаргасан 02 тоот тогтоол хүчингүй. Иймд “Х” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А.Б гийн хууль бус эзэмшлээс гаргуулж “Х” ХХК-д олгуулах, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б нарын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулсан ээлжит бус хурал нь хууль бус болох, хурлаас гаргасан 02 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ компанийн хувь нийлүүлэгч, энэ барилгын компани үүссэн цагаас хойш нормчин хийсэн. А.Б гийн хэлснээр энэ компанид нэг муу вагончик бий. Гэхдээ тэнд бид ажиллаж, компанийнхаа үйл ажиллагааг явуулж ирсэн юм шүү. Би яагаад 1 хувьцаа эзэмшигч 0.54 хувьтай болчихвоо гэдэгт байгаа юм. Гэтэл 39 хувь нь 39 хувьцаатай байгааг шударга бус гэж хэлээд байна. Анх үүсгэн байгуулагдахад 90 гишүүнтэй байсан. Дараа нь 29, 23 гэхийн. Аль аль талд буруу бий. Компани бичиг баримтаа цэгцэлж, хэн хувьцаагаа зараад явсан, хэн нь хувьцаатайгаа байгаа талаар нэг ч баримт үйлдсэн нь тодорхойгүй. Энэ хувьцаа эзэмшигч дотор хувьцаагаа зарсан хүмүүс ч бий. Тэдгээрийн талаар тэмдэглэсэн баримт байддаггүй. Олон хүний эрх зөрчигдөөд байна. Мөн 3, 4 жил нийгмийн даатгал, жирэмсний амралтын мөнгө бичүүлж чадахгүй өнгөрөхдөө цалингаа авч чадахгүй бурхан болсон хүн бий гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б: Хувьцаа эзэмшигчийн хурлыг хариуцагч тал 2007 оны бүртгэлээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан нь хуулийг ноцтой зөрчиж хувьцаа эзэмшигчийн хурлыг зарласан бөгөөд хувь нийлүүлсэн ирцээр хуралдуулсан байдаг нь ноцтой зөрчил болж байна. 90 ширхэг хувьцаа нь нэрлэсэн үнэ бүхий 10 440 ширхэг хувьцаа байна. 90 хувьцааг 100 хувь гэж үзээд 45-аас дээш хувьцааны саналтай байж хурал хүчин төгөлдөр байх ёстой байтал хуралд ирсэн хүмүүсийг жагсаагаад үзэхэд н.П, Н.Д 2 энэ хурлыг битгий хийгээч гэсэн шаардлага хүргүүлэх гэж очсон боловч хурлын ирцэд авсан байдаг. М.Л , С.Д гэдэг 2 хүн өнөөдөр хувьцаа эзэмшигч гэдэг нь тодорхой бус байгаа боловч хуралд орсон хүнээр авч бүх хүмүүсийн хувьцааг нийлүүлэхэд 32 ширхэг хувьцаа болж 45-аас дээш гарах боломжгүй тул хурлын ирцийг хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд аав нас бараад, хуулийн дагуу “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г авсан. Тамга тэмдэг, гэрчилгээ чинь аав компанийн захирал байсан учраас манайд анхнаасаа байсан. Ц.О гийн хувьд компанийн нягтлан бодогч, өөрөө энэ компанид маш их буруу зүйл хийж байсан. Хурлыг хуулийн дагуу зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, урилга, хурлаар хэлэлцүүлэх асуудлуудыг бүгдийг бэлдэн, хувьцаа эзэмшигчдэд тарааж, өөрийн биеэр зарим нэгэнд хүргэж өгч гарын үсэг зуруулсан. Иймд хуралдаан хуулийн дагуу болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 3, 4 жил энэ талаар явж байна. Энэ хуралдааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хуралдуулсан. Шүүхийн шийдвэрт компани 23 хувь нийлүүлэгчтэй байна гэж тусгасан. Мөн 2006 оны Улсын эрхийн гэрчилгээнд 23 хувь нийлүүлэгчтэй гэдгийг бичиж, та нар энэ эрхийн гэрчилгээг хууль бус гэж үзэж гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Ц.О нарын нэхэмжлэлтэй, С.Д нарт холбогдуулан “Х” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А.Б гийн хууль бус эзэмшлээс гаргаж “Х” ХХК-д гаргуулан өгөх, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б нарын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулсан ээлжит бус хурал нь хууль бус болох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож  шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Д , Ц.О , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тоггоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Гэтэл Багануур дүүргийн анхан шатны шүүх нь Улсын Дээд шүүхийн 104 тоот тогтоолоор нэгэнт хүчингүй болсон 2007 оны “Х” ХХК-ийн дүрмийг үндэслэж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 104 тоот Улсын Дээд шүүхийн тогтоолоор Ц.О нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ, “... “Х” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг 2001 онд бүртгэсэн улсын бүртгэл нь хуульд нийцсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн. Харин улсын бүртгэлийн байгууллага “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн жагсаалтад 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрчлөлт оруулж тус компанийг 23 үүсгэн байгуулагчтай гэж, мөн хувьцаа эзэмшигчдийн талаар зөрүүтэй мэдээлэл агуулсан бүртгэлийг хийхдээ “Х” ХХК үүсгэн байгуулах баримт бичигтээ өөрчлөлт оруулсан шийдвэр бүртгүүлэх хүсэлт гаргаагүй байхад бүртгэлд өөрчлөлт хийсний зэрэгцээ тухайн үед бүртгэлийн ажлыг эрхэлж нөхөж бүртгэхдээ Н.Д , Т.Ө болон Ц.О гийн төлөөлж буй 10 иргэний эзэмшиж буй хувьцааг бүртгэлд оруулаагүй нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна гэж дүгнэж, “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн жагсаалтад 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрчлөлт оруулсныг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Улмаар “Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтын үүсгэн байгуулах баримт бичгийн өөрчлөлтийн бүртгэлд дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу 2007 онд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болсныг Хэнтий аймгийн бүртгэлийн газар бүртгэсэн билээ. Гэтэл Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “...2006 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд “Х” ХХК нь 23 хувь нийлүүлэгчтэй гэж бүртгэгдсэн байх тул хариуцагч нар 23 хувьцаа эзэмшигчдэд хурлын зарыг мэдэгдсэн нь үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг бүх талаас бүрэн дүгнээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг” гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол нэг хувьцаа саналын нэг эрхтэй байна” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг нь саналын эрхийг тодорхойлдог. Гэтэл Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хувьцааны тоо ширхэг болон дүрмийн санд эзлэх хувийн хооронд зөрүүтэй байхад дүрмийн санд эзлэх хувийг үндэслэсэн нь Компанийн тухай хуулийн дээрх заалтуудтай зөрчилдөж байна. Ингэхдээ тус шүүх нь “…39 хувийн хувьцаа эзэмшигч А.Б , 0.54 хувийн хувьцаа эзэмшигч Б.Г, Л.Х , Н.Д , Ё.Егүүр, Б.П , Ц.Б …нийт 58.48 хувийн хувьцаа эзэмшигчид хуралд оролцсон…” гэж дүгнэжээ. Гэтэл 2001 оны “Х” ХХК-ийн дүрмийн дагуу А.Б 20 ширхэг, Б.Г 1 ширхэг, Л.Х 1 ширхэг, Н.Д 1 ширхэг, Ё.Егүүр 1 ширхэг, Б.П 1 ширхэг, Ц.Б 1 ширхэг, С.Д 4 ширхэг, Т.А 2 ширхэг тус тус хувьцаа эзэмшдэг бөгөөд нийт 90 ширхэг хувьцааны 32 ширхэг байгаа юм. Энэ нь нийт хувьцааны 34.44 хувийг эзлэж байхад тус шүүх 54.48 хувийн хувьцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хувьцаа эзэмшигчдийг хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл 2001 оны “Х” ХХК-ийн дүрмийн дагуу 29 хувьцаа эзэмшигч бүртгэлтэй байхад 23 хувьцаа эзэмшигчид мэдэгдэж 6 хувьцаа эзэмшигчид хурлын зарыг хүргүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан. Гэтэл 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулсан ээлжит бус хуралд дурдсаны дагуу 90 ширхэг хувьцааны 32 ширхэг хувьцаа эзэмшигч нар оролцсон. Энэ нь нийт хувьцааны 34.4 хувийг эзлэж байх тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргааныг зохицуулсан Компанийн тухай хуулийн зохицуулалтуудыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Д , Ц.О , Б.П , Н.Д , Л.Н , А.Ө , Д.Н , Л.Э , Л.Ж , О.А , М.Х , М.М , Я.А , Т.Ө , Д.Д нар нь С.Д , Т.А , Ц.Б , А.Б нарт холбогдуулан “Х” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А.Б гийн хууль бус эзэмшлээс гаргуулах, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б нарын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулсан ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох, мөн хурлаас гаргасан 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь “Х” ХХК-ийг улсын бүртгэлд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн бүртгэлээс Н.Д , Ш.С , Б.П , Ж.Б , Т.А , Н.Д , Ё.Егүүр, М.Х , М.М , А.Өдөр, Л.Э , Т.Ө нарын компанид оруулсан хөрөнгө, хувийг өөрчлөн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх “Х” ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 2001 онд улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

/хэргийн 1 дэх хавтас 75-94 дүгээр тал/

 

Түүнчлэн хариуцагч А.Б г Захиргааны хэргийн 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.А гийн 39 хувийн хувьцааг түүний хууль ёсны өв залгамжлагч А.Б гийн нэр дээр бүртгэхийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ. /хэргийн 1 дэх хавтас 99-105 дугаар тал/

 

Эдгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу дахин нотлох шаардлагагүй юм.

 

Хэрэгт авагдсан тус компанийн 2001 оны дүрмийн хуулбар нь нотариатчаар гэрчлүүлсэн байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтын шаардлагын хангаагүй байх боловч уг компанийн дүрэмд 29 хувьцаа эзэмшигч бичигдсэн талаар зохигчид маргаагүй байна. Энэ дүрмийн 9.3-т “Хувь нийлүүлэгч /үүсгэн байгуулагч/-дийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн 60, 62 дугаар зүйлд заасны дагуу хуралдуулж болно” гэж заажээ. /хэргийн 1 дэх хавтас 162 дугаар тал/

 

Компанийн дээрх дүрэмд өөрчлөлт орж, улсын бүртгэлд бүртүүлээгүй талаар зохигчид маргаагүй бөгөөд 2011 оны Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана”, 60.3 дахь хэсэгт “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна” гэж тус тус заасан байна.

 

Мөн Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.9 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь энэ хуулийн 61.4-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдын ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд санал, шаардлага хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн хурлыг хуралдуулна.” гэж заасан байх бөгөөд хариуцагч буюу тус компанийн хувьцаа эзэмшигч А.Б гийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гаргасан санал, шаардлагыг үндэслэн хувьцааг эзэмшигч А.Б , Т.А нар нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагт хуралдуулсан хэдий ч Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хурлын зарыг компанийн нийт хувьцаа эзэмшигч нарт мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь тус компанийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг 29 хувьцаа эзэмшигчийн 6 хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан нь хэрэгт авагдсан хурлын зарыг мэдэгдсэн баримт, хариуцагч нарын анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар 23 хувьцаа эзэмшигч нарт хурлын товыг мэдээлж үлдэх хувьцаа эзэмшигч, тэдгээрийн өв залгамжлагч нарт хурлын товыг мэдэгдээгүй болох нь тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна.” гэж, мөн хуулийн 64.4 дэх хэсэгт “Бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр болон хувьцаа эзэмшигчдийн хурлын зард заана” гэж, 64.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт нь хувьцаа эзэмшигч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүний эзэмшилийн хувьцааны төрөл, тооны талаарх мэдээллийг агуулсан байна” гэж тус тус заажээ.

 

Гэтэл хариуцагч А.Б гийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Өдрийн сонин”-д өгсөн зард дээрх хуульд заасан мэдээллийг тусгаагүй байх тул уг хуралд оролцох хувьцаа эзэмшигч нарыг эрхээр нь хангаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл компанийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигч, тэдгээрийн өв залгамжлагч нарыг уг хуралд оролцож, компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгоход санал өгөх талаар зохицуулсан Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй байна. /хэргийн 2 дахь хавтас 99 хуудас/

 

Иймээс “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б , Б.Г, Л.Х , Н.Д , Ё.Егүүр, Б.П , Ц.Б , хувьцаа эзэмшигч М.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б , хувьцаа эзэмшигч С.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , хувьцаа эзэмшигч Т.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарын ирцтэйгээр хийсэн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусад тооцож, уг хурлаар  А.Б г гүйцэтгэх захирлаар томилсон 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцох үндэслэлтэй юм. /хэргийн 1 дэх хавтас 9, 14, 2 дахь хавтас 73 тал/

 

Нэгэнт “Х” ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хүчин төгөлдөр бус тул уг хурлын ирц, түүний хувийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.

 

Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигдийн хурлыг зарлаагүй” гэснээр нэхэмжлэгч нарын шаардлагын зарим хэсгийг хангах  үндэслэлтэй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэхдээ хуулийн уг  зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу болжээ.

 

Харин тус компанийн гүйцэтгэх удирдлага томилогдоогүй нэхэмжлэгч нар нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, хариуцагч нарын адил компанийн хувьцаа эзэмшигч тул хариуцагч А.Б гаас компанийн тамга, тэмдэг, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар шаардах эрхгүй юм. Тиймээс уг шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 398 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар “Х ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, А.Б г тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон мөн өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Х” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг А.Б гийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч Ц.О гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ      

        

                                                           ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

                 

                                                                                                          С.ЭНХТӨР