| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 128/2024/0821/З |
| Дугаар | 001/ХТ2026/0031 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2026/0031
Б.Б***-н нэхэмжлэлтэй, Дархан-Уул
аймгийн Шарын гол сумын Засаг дарга, Дархан-Уул
аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн
Нийтийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 114/ШШ2025/0046 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2026/0026 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б***, хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д***, хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгч М.С***, гуравдагч этгээд Г.М***, түүний өмгөөлөгч Ж.Ундармаа нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2026/0090 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэл байгаа эсэхийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Б.Б*** нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдуулан “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/***, Б/*** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшигч Г.М*** нь 109 санал буюу 50,5 хувийн санал авсан тул тухайн багийн Засаг даргаар томилуулахаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн.
2.2.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “... Г.М***-г Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргаар томилохоос татгалзаж, багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу зохион байгуулж ажиллана уу” гэсэн 01/*** дугаар албан бичгийг тус сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн. Үүний хариуд багийн иргэдийн Нийтийн Хурлаас “... хуралд оролцсон иргэдээс гомдол, санал гаргаагүй бөгөөд хуулийн хүрээнд зохион байгуулагдсан тул иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин зохион байгуулах үндэслэлгүй” гэсэн албан бичгийг Засаг даргад хүргүүлсэн байна.
2.3.Улмаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дугаар захирамжаар Б.Б***ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дүгээр захирамжаар Г.М***-г Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргаар томилжээ.
3.Нэхэжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
“... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг зөрчиж Хайрхан багийн иргэн Г.М*** нь Дархан багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшиж, Санжинт багийн иргэн М.С***, Шарын гол сумын иргэн биш П.А*** нар уг багийн Засаг даргыг сонгох сонгуулийн санал хураалтад оролцож санал өгсөн. Мөн сонгуулийн санал өгөх нэрсийн бүртгэл хаагдсаны дараа нэмж 3 иргэн санал хураалтад оролцож таслах эрх эдэлсэн нь дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2-т заасныг давхар зөрчсөн. Эдгээр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн. Засаг даргаас Г.М***-г томилохоос татгалзсан тул хуульд заасны дагуу дахиж сонгууль явагдана гэсэн ойлголттой, бас хүлээлттэй байсан. Гэтэл намайг хууль бусаар үүрэгт ажлаас чөлөөлж, Хайрхан багийн иргэн Г.М***-г Дархан багийн Засаг даргаар томилсонд гомдолтой. Хуульд байхгүй үндэслэл шалтгаанаар дахин нэр дэвшүүлэх үүргээ багийн иргэдийн Нийтийн Хурал биелүүлээгүй тул тус Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга тайлбартаа “... Дархан багийн Засаг даргыг сонгох санал хураалтад Б.Б*** 107, Г.М*** 109 хүний санал авсан ба Дархан багийн Засаг даргыг сонгох санал өгөх нэрсийн жагсаалтад Санжинт багийн иргэн М.С***, Шарын гол сумын иргэн биш П.А*** нар нь санал өгсөн. Мөн тухайн хуралд оролцохоор ирсэн иргэдийг хурлын ирц хаагдсан гэх шалтгаанаар оролцуулаагүй атлаа ирц хаагдсаны дараа нэр бүхий 3 иргэнийг хуралд оролцуулан санал өгүүлж тухайн багийн Засаг даргын сонгууль хууль бус болсон нь анхан шатны бүртгэл бусад баримтаар нотлогдсон тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасныг үндэслэн Г.М***-г томилохоос татгалзсан. Хуралд оролцсон иргэдийн эрх ашиг, нийт Дархан багийн иргэдийн сонгох, сонгогдох эрх ашиг хөндөгдөж байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй ... Маргаан бүхий иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны *** дугаар тогтоолыг илт хууль бус шийдвэр гэж үзэж байна” гэжээ.
5.Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэсэн болохоос зөвхөн багийн иргэд оролцоно гэж заагаагүй. ... Хэрэв бүртгэлгүй хүн байсан бол тухайн албан хаагчид бүртгэхгүй. Иргэдээс өргөдөл, гомдол ирээгүй. Тооллогын комиссын шийдвэр болон хуульд нийцүүлэн тус Хурлыг зохион байгуулсан тул хуралдааныг дахин зохион байгуулах үндэслэлгүй. Б.Б*** тухайн комиссын шийдвэр болон хурлын шийдвэртэй санал нийлэхгүй татгалзах саналтай байсан бол тухайн хурал дээр саналаа хэлж болох байсан. Мөн гомдлоо цаасан хэлбэрээр өгөх хангалттай хугацаа байсан боловч өгөөгүй. Сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэсэнтэй санал нийлэхгүй ...” гэжээ.
6.Гуравдагч этгээд Г.М*** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ...
Миний бие Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдсон иргэдийн төлөөлөл юм. Тэр утгаараа сонгох, сонгогдох эрхээ эдэлж багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн. Хуульд өөр багийн иргэн нэр дэвшиж болохгүй гэсэн заалт байхгүй. Би хуралд саналын эрхгүй оролцсон. Нэхэмжлэгчийн гомдолд нэр дурдсан таван хүн нь аль багийн иргэн, аль намын гишүүн гэдгийг би мэдэхгүй. Санал хураалт нууцаар явагдсан учир тэр хүмүүс хэнд санал өгснийг хэн ч мэдэх боломжгүй. Тэдгээр хүмүүсийг надтай холбож санал өгсөн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Намайг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9-т заасныг зөрчин 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр томилсон. Саналын дүнг үндэслэж гарсан маргаан бүхий иргэдийн Нийтийн Хурлын тогтоол үндэслэлтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 114/ШШ2025/0046 дугаар шийдвэрээр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.5, 32.5.2, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 56.5, 56.7, 56.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дүгээр захирамжийг хүчингүй болгож, үлдэх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
7.1. “... нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хувьд 2 хүний саналын зөрүүгээр Г.М*** олонхын санал авсанд тооцогдсон, ... тухайн багийн иргэн биш М.С***, П.А*** нарын хувьд хэнд нь санал өгсөн гэдгийг шүүхийн зүгээс мэдэх болон тогтоох боломжгүй тул үүнийг багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэхээр байна.
7.2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2-т зааснаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч багийн Засаг даргад тавигдах шаардлагыг хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргах эрхтэй ба тухайн хүн олонхын санал авсан бол багийн иргэдийн Нийтийн Хурал тухайн багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэхээр зохицуулсан болохоос багийн Засаг дарга нь заавал тухайн багийн сонгуулийн эрх бүхий иргэн байхыг шаардаагүй, түүнчлэн, хуулийн үзэл баримтлалд энэ талаар нарийвчлан тусгаагүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.5.2, 64 дүгээр зүйлд заасныг системчлэн тайлбарлавал, багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багийн сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй, ийнхүү оролцсон тохиолдолд асуудал шийдвэрлэхэд таслах эрх эдлэх талаар зохицуулсан болохоос багийн иргэн биш сонгуулийн эрх бүхий иргэн оролцох эрхгүй гэж хуульчлаагүй төдийгүй Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, огцрох үндэслэлд энэ талаар зохицуулаагүй тул багийн Засаг даргад тухайн багийн иргэн байх хуулийн шаардлага тавигдаагүй гэж үзлээ.
7.3.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэн В.Д***, А.С***, Ч.Б*** нар тухайн багийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд оролцохдоо хуралдаан эхэлснээс хойш санал хураалт явагдахаас өмнө бүртгүүлэн оролцож санал өгсөн болох нь тэдгээрийн өөрсдийн өгсөн гэрчийн мэдүүлэг, ирцийн бүртгэлээр тогтоогдсон. Иймд багийн иргэдийн Нийтийн Хуралд асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох эрхийг тухайн Хурлын оролцогч буюу багийн сонгуулийн эрх бүхий иргэн эдлэхээр хуульд тодорхой заасан байхад үүнийг зөрчиж өөр багийн хүмүүс оролцуулж, уг эрхийг эдэлсний улмаас багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үр дүнд нөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
7.4.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны Б/*** дугаар захирамж нь тус сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны *** дугаар тогтоолыг үндэслэсэн, уг тогтоол нь илт хууль бус боловч нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарах төдийгүй тодорхой хугацаанд эрхэлдэг, тухайн үед Дархан багийн Засаг даргын сонгууль болсон, нэхэмжлэгчийн хувьд түр томилогдсон тул маргаан бүхий 2025 оны Б/*** дугаар захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх үзэхээргүй байх тул дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
7.5.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны *** дугаар тогтоол нь илт хууль бус ба хуульд зааснаар гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул түүнийг үндэслэн гарсан хариуцагчийн 2025 оны Б/*** дүгээр захирамж хууль бус юм. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзээд Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны *** дугаар тогтоолоор багийн Засаг даргаар Г.М***-г томилуулахаар нэр дэвшүүлснийг хүлээн аваад томилохоос татгалзсан атлаа дахин хуульд заасан журмын дагуу нэр дэвшүүлэх ажиллагааг хийгээгүй байхад маргаж буй 2025 оны Б/*** дүгээр захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д нийцэхгүй, иймд хүчингүй болгох үндэслэлтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2026/0026 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
9.Гуравдагч этгээд Г.М*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...
9.1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй тухайд: Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д зааснаар “илт хууль бус” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4, багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас байгуулагдсан тооллогын комиссын шийдвэрүүд, хуралдааны даргыг сонгосон 02 дугаар тогтоолыг тус тус хууль ёсоор үндэслэн гарсан бөгөөд уг тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.3-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгосон, хуульд нийцсэн хүчин төгөлдөр акт юм.
9.2.Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд нийт 232 иргэн оролцсоноос 216 саналын хуудас бөглөгдөж, 100 хувь хүчинтэйд тооцогдсон бөгөөд Б.Б*** 107 санал (49.5%), Г.М*** 109 санал (50.5%) авсан нь санал тооллогын дүнгээр тогтоогдсон. Шүүх “өөр багийн иргэд санал өгсөн байж болзошгүй” гэх таамаглалд тулгуурлан, нууц санал хураалтын үр дүнг үгүйсгэсэн нь нотлох баримтыг бодитой үнэлээгүй, таамаглалд суурилсан дүгнэлт гаргасан ноцтой алдаа юм. Сонгуулийн нууцын зарчмын улмаас аль иргэн хэнд санал өгснийг тогтоох хууль зүйн боломжгүй байхад гуравдагч этгээд Г.М***-д санал өгсөн байж болзошгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
9.3.Хоорондоо уялдаа бүхий захиргааны актуудын талаарх шүүхийн дүгнэлт логикийн зөрчилтэй тухайд: Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа, тус захирамжийн хууль зүйн үндэслэл болсон 2025 оны *** дугаар тогтоолыг илт хууль бус хэмээн хүчингүй болгосон. Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны *** дугаар тогтоолыг үндэслэсэн. Үндэслэсэн акт нь хүчингүй болсон нөхцөлд түүнээс улбаатай захирамжийг хууль ёсны гэж үзсэн нь шүүхийн шийдвэр логик, эрх зүйн хувьд зөрчилтэй байна. Энэ нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчмыг ноцтой зөрчсөн.
9.4.Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдсан тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасны дагуу багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх нь тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын онцгой бүрэн эрх юм. Дархан багийн иргэдийн Нийтийн Хурал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, шууд ардчиллын зарчмаар хуралдаж, санал хураан шийдвэр гаргасан байхад шүүх уг бүрэн эрхэд хөндлөнгөөс халдаж хүчингүй болгосон нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
10.Нэхэмжлэгч болон хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар өгсөн, хариуцагч иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгч тайлбар өгөөгүй болно.
11.Хяналтын шатны шүүх гуравдагч этгээдийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
12.Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
13. Хэргийн үйл баримтын тухайд:
13.1.2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд 232 иргэн оролцсоноос 216 хүн саналын хуудас бөглөсөн, үүнээс хүчинтэй 216 (100 хувь), нэхэмжлэгч Б.Б***-д 107 (49.5%) санал, гуравдагч этгээд Г.М***-д 109 (50.5%) санал өгсөн тул тухайн өдрийн Хурлын *** дугаар тогтоолоор гуравдагч этгээд Г.М***-г Дархан багийн Засаг даргаар томилуулахаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.
13.2.Энэхүү Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багийн оршин суугч биш Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар багийн Санжинт ойн 2 гудамж, *** тоот хаягт бүртгэлтэй М.С***, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 6 хорооллын 24 дүгээр байрны *** тоот хаягт бүртгэлтэй П.А*** нар оролцож, Засаг даргыг сонгох сонгуульд санал өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
13.3.Засаг даргад нэр дэвшигч Г.М*** нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн оршин суугчийн бүртгэлтэй, уг үйл баримттай талууд маргаагүй болно.
14.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс “Засаг даргад нэр дэвшигч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид бүртгэлтэй оршин суугч иргэн байх шаардлагатай эсэх”-ийг тайлбарлах нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзлээ.
15.Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1-д зааснаар “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна”, иймээс Тавин долдугаар зүйлийн 1-ийн дагуу “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана”, эдгээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх удирдлага нь мөн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1-д зааснаар “нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”.
16.Үндсэн хуулиар баталгаажуулсан “төрийн байгууламжийн нэгдмэл байх зарчим”-ын хэрэгжилтийг хангах, иргэд орон нутгийн үйл хэрэгт шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцохтой холбогдох үүссэн харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулдаг.
17.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн”, 23 дугаар зүйлийн 23.1-д ”Багийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:”, 23.1.1-д “нутаг дэвсгэрийнхээ иргэдэд хуульд заасны дагуу хүргэх үйлчилгээ; …” гэх зэргээр заасан байх бөгөөд энэхүү анхан шатны нэгжийн удирдлага нь “нутгийн өөрөө удирдах байгууллага” болох багийн иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурал болон орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч Засаг даргаас бүрдэнэ.
18.Нутгийн өөрөө удирдлагыг хэрэгжүүлэх арга, хэлбэрийг дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32.5-т “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:” гээд, 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж тус тус заасан байна.
19.Дээрх хуулийн агуулгаас үзвэл, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд (цаашид Хурал гэх) тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэд биеэр хүрэлцэн ирж, таслах эрхтэй оролцохоор хуульчилсан, гэтэл энэ хэргийн тухайд, 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр болсон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд өөр багийн оршин суугч иргэд болох М.С***, П.А*** нар оролцож, тус багийн Засаг даргыг сонгоход санал өгсөн нь хууль зөрчсөн, энэ нь сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
20.Тодруулбал, Дархан багийн Засаг даргыг сонгох тухайн өдрийн Хуралд нэр дэвшигч нэхэмжлэгч Б.Б*** 107 санал, гуравдагч этгээд Г.М*** 109 санал авч, 2 саналын зөрүүгээр ялагч болсон, энэхүү сонгуулийн үр дүнд санал өгөх эрхгүй 2 иргэний санал нөлөөлөх боломжтой байх тул “сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн” гэж үзнэ.
21.Ийнхүү Хуралд оролцох эрхгүй иргэд оролцож, сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн байхад хариуцагч Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолоор нэр дэвшигч Г.М***-г багийн Засаг даргаар томилуулахаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн нь “илт хууль бус”, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.
22.Тодруулбал, багийн иргэдийн Нийтийн хуралд оролцох эрхгүй иргэд оролцож, сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн нь хуулиар баталгаажуулсан “нутгийн өөрөө удирдах ёс”-ны зарчим буюу тухайн орон нутгийн иргэд өөрсдийн удирдлагыг сонгох эрхийг нь зөрчсөн, энэ тохиолдолд хариуцагч Хурлаас маргаан бүхий тогтоолыг гаргах ёсгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” байхад гуравдагч этгээдийг Засаг даргаар томилуулахаар дээд шатны Засаг даргад уламжилсан нь илт хууль бус алдаанд тооцогдоно.
23.Мөн хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга дээрх Хурлын илт хууль бус тогтоолыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дүгээр захирамжаар гуравдагч этгээд Г.М***-г Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргаар томилсон нь хууль бус тул уг актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
24.Иймээс “... Хурлын тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4, тооллогын комиссын шийдвэрүүдийг үндэслэн гарсан, хуульд нийцсэн хүчин төгөлдөр акт байхад шүүх илт хууль бус гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ... шүүх “өөр багийн иргэд санал өгсөн байж болзошгүй” гэх таамаглалд тулгуурлан, нууц санал хураалтын үр дүнг үгүйсгэсэн нь нотлох баримтыг бодитой үнэлээгүй, таамаглалд суурилсан дүгнэлт гаргасан нь ноцтой алдаа юм, ... шүүх иргэдийн Нийтийн Хурлын онцгой бүрэн эрхэд халдсан ...” гэсэн агуулгатай гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг (Тодорхойлох хэсгийн 9.1-9.2, 9.4-т) хангах боломжгүй.
25.Хоёр шатны шүүхийн шийдэл зөв боловч “... багийн Засаг даргад нэр дэвшигч хуульд зааснаар бүрэн дундаас дээш боловсролтой, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн үндсэн 4 шаардлагыг хангах ёстой, харин заавал тухайн багийн сонгуулийн эрх бүхий иргэн байхыг хуулиар шаардаагүй байна ... ” гэх дүгнэлт буруу, хуулийн зорилгод нийцээгүй байна.
26.Учир нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн” гэж, 58 дугаар зүйлийн 58.1-д багийн Засаг даргын бүрэн эрхийг хуульчлахдаа “багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх; сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд сургуульд оруулах, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах; асрамж, халамж шаардлагатай иргэнийг асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах; нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судалж, хууль тогтоомжид заасны дагуу нийгмийн халамж, үйлчилгээг зохион байгуулах; гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед айл өрх, хүн, малыг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийг зохих үйлчилгээгээр хангах ...” гэх зэргээр заажээ.
27.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, хэдийгээр нутгийн өөрөө удирдах байгууллага гэж бүх шатны Хурлыг тухайлан заасан боловч Үндсэн хуулийн үзэл санаа ёсоор Засаг дарга Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцохдоо тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч болохыг уг хуулиар баталгаажуулсан, мөн орон нутаг дахь төрийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн хувьд харьяалах нутаг дэвсгэрийн иргэдэд өдөр тутамд төрийн үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байна.
28.Үүний тулд Засаг дарга өөрийн орон нутаг, иргэд, тэдэнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг бусдаас илүү мэддэг, орон нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээсэн, тэднийг төлөөлөх чадвартай, Хурлын шийдвэр болон төрийн үйлчилгээг өдөр тутамд хэрэгжүүлэх боломжтой байхын тулд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн (энэ тохиолдолд тухайн багийн) оршин суугч байх зайлшгүй шаардлагатай юм.
29.Ийм ч учир хууль тогтоогчоос орон нутгийн анхан шатны нэгжүүдэд, тухайлбал багт Засаг даргад нэр дэвшигчийн болзол хангах хүн хангалттай байдаггүй бодит нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) 56 дугаар зүйлийн 56.4.1 дэх хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой” иргэн нэр дэвшиж болохоор өөрчилсөн байдаг.
30.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хэдийгээр хуульд Засаг даргад нэр дэвшигч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугч (тухайлбал, багийн) сонгуулийн эрх бүхий иргэн байхыг тухайлан заагаагүй ч, холбогдох хуулийн агуулга, зорилгоос үзвэл, “Засаг дарга (нэр дэвшигч) нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суух иргэн байна” гэж тайлбарлахаар байна. Энэ агуулгаар хоёр шатны шүүхийн дүгнэлтийг залруулах нь зүйтэй.
31.“... Хариуцагч Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дугаар захирамж нь (нэхэмжлэгчийг Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн) Дархан багийн иргэдийн нийтийн Хурлын 2025 оны *** дугаар тогтоолыг үндэслэсэн. Уг үндэслэсэн актыг нь шүүх илт хууль бус гэж хүчингүй болгосон атлаа түүнээс улбаатай гарсан захирамжийг хууль ёсны гэж үзсэн нь логик алдаатай, эрх зүйн хувьд зөрчилтэй” гэх гуравдагч этгээдийн гомдлын тухайд, тухайн захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
32.Гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс, гуравдагч этгээд Г.М*** нь хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр Дархан багийн Засаг даргын сонгуульд дахин нэр дэвших эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
33.Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 114/ШШ2025/0046 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2026/0026 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ