Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2016/00494

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Э ХХК-ний /захирал Х.Ж, утас *****/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга /А.М, утас ****/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргаас гэрээний үнэ буюу хог ачиж, өөрөө буулгах машины үнэ болох 32504000 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Э ХХК-ний захирал Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Манай Э ХХК нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас 2014 оны 5-р сард зарласан хог ачиж, өөрөө буулгах машин худалдан авах ажлын тендер шалгаруулалтад оролцож ялалт байгуулснаар 2014 оны 7-р сарын 04-нд гэрээ байгуулан, гэрээний дагуу уг машиныг 2014 оны 7-р сарын 26-нд импортоор оруулан ирж захиалагч байгууллагад хүлээлгэнэ өгсөн юм. Гэвч Ногооннуур сумын захиргаа Гэрээний ерөнхий нөхцөлийн 14-р зүйлд заасан захиалагч Монгол улсын гаднаас санал болгосон барааны төлбөрийг нийлүүлэгчид нийлүүлэх журмыг ноцтой зөрчиж одоо болтол ямар нэгэн санхүүжилт өгөөгүй байна, одоогийн байдлаар манай компани их хэмжээний өр зээлтэй болж цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болтол хохирч байна. Уг нөхцөл байдлыг шийдвэрлүүлэхийн тулд хуулийн байгууллагад хандаж байна. Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас уг гэрээний үнийг удаа дараа төлөх тухай шаардсан боловч тус сумын Засаг даргын гарын үсгээр мөнгө гардаг тул олгох боломжгүй гэж байсан. Тэгээд миний бие тус сумын Засаг даргаас уг гэрээний үнийг төлж өгөх тухай удаа дараа шаардаж утсаар хэлсэн боловч өнөө маргааш төлж өгнө гэж хэлээд, төлж өгөөгүй өдрийн хүрсэн тул гэрээний үнэ буюу хог ачиж, өөрөө буулгах машины үнэ болох 32504000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ЭХХК нь анх гэрээг Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан байна. Иймд бид хариуцагчаар оролцох боломжгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-ний захирал Х.Ж нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргаас гэрээний үнэ буюу хог ачиж, өөрөө буулгах машины үнэ болох 32504000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Э ХХК-ний захирал Х.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь 2014 оны 06 дугаар сарын 27-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Төкений 80 дугаар албан бичгээр ... Э ХХК-д хог ачиж, өөрөө буулгах машиныг худалдан авах ажлын тендерт гүйцэтгэгчээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох болсон шийдвэрийг үүгээр хүргүүлж байна. Тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулахыг мэдэгдсэний дагуу захиалагч Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч Э ХХК-ний захирал Х.Ж нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №2014/02 дугаартай Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд хог ачиж, өөрөө буулгах машин худалдаж авах ажлын гэрээг байгуулсан байна.

Уг гэрээний 3-рт захиалагч нь барааны нийлүүлэлтийг 32504000 төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр, 4-рт нийлүүлэгч нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумд хог ачиж буулгах машиныг 2014 оны 07 дугаар сарын 20-оос 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгөхөөр болж гэрээ байгуулсан ба 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ногооннуур сумд нийлүүлсэн кама өөрөө буулгагч хогийн машиныг хүлээж авсан ажлын хэсэг акт үйлдэж ажлын хэсгийн бүрэлдэхүүн гарын үсэг зурж хүлээж авсан байна.

Дээрх нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Э ХХК-ний захирал Х.Ж нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №2014/02 дугаартай Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд хог ачиж өөрөө буулгах машин худалдаж авах ажлын гэрээг Ногооннуур сумын Засаг даргатай биш тус сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Ногооннуур сумын Засаг дарга уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №2014/02 дугаартай Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд хог ачиж өөрөө буулгах машин худалдаж авах ажлын гэрээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320450 төгрөгийг улсын орлогод болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргаас гэрээний үнэ буюу хог ачиж, өөрөө буулгах машины үнэ болох 32504000 төгрөг гаргуулахыг хүссэн тухайнэхэмжлэгч Э ХХК-ний захирал Х.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ