Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01701

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/06334 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *******-тай 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан гадаад харилцааны мэргэжилтнээр ажилд орсон. Цаашид 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Б/38 дугаартай тушаалаар үндсэн ажилтнаар ажилласан. Гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах хугацаанд *******-ийн гүйцэтгэх захирал *******гийн үүсгэн байгуулсан гүйцэтгэх захирлаар ажилладаг *******-ийн бичиг хэргийн ажлыг нь хөдөлмөрийн гэрээнд нэмж заалгүйгээр давхар хариуцаж ажилладаг байсан. Гэтэл үндсэн ажилтнаар ажиллах болсноос хойш ашиггүй ажилласан үндэслэлээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр ******* нь татан буугдсан тул *******-ийн хуульч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уулзаж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлж байгааг мэдэгдсэн ба 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б/67 дугаартай ажлаас халах тушаал гарсан. Энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх гурван талт хороонд хандсан боловч харилцан зөвшилцөөгүй тул шүүхэд ханд гэсэн болно.

Иймд, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон өмнө эрхэлж байсан *******-ийн гадаад харилцааны мэргэжилтний албан тушаал дээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл өдрөөр гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

******* нь *******г анх ажилд орох үед ТУЗ-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Тус бүтэц, орон тоонд Гадаад харилцааны мэргэжилтэн гэх ажлын байр байгаагүй буюу гадаад харилцааны мэргэжилтэн гэх чиг үүрэг шаардлагагүй байсан. Харин гүйцэтгэх захирал *******гийн мөн гүйцэтгэх захирлаар ажилладаг *******-д гадаад харилцаа, баримт бичиг цэгцлэх, архивлах, тайлан гаргах чиг үүрэг бүхий албан тушаалтан хэрэгтэй байсан ба ******* нь татварын өртэйн улмаас байгууллагын данс битүүмжлэгдсэн, гэрээ байгуулж цалин хөлсийг олгох боломжгүй байсан.

Улмаар 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар *******-ийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, Гадаад харилцааны мэргэжилтэн гэх орон тоог нэмсэн болно. Өөрөөр хэлбэл, *******д цалин хөлс олгох тул орон тоог шинэчлэн баталсан. Иймд ******* нэхэмжлэлдээ ...Гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах хугацаанд *******-ийн бичиг хэргийг хөдөлмөрийн гэрээнд нэмж заалгүйгээр давхар хариуцаж байсан... гэж дурдсан нь үндэслэлгүй. Учир нь ******* ба *******-уудын ажлыг давхар хийж гүйцэтгэж байгаагүй, *******-ийн үйл ажиллагаатай холбоотой ажил хийхээр тохиролцсон болно.

*******-ийн цаашдын үйл ажиллагаа болон өр төлбөртэй холбоотойгоор 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсан. Гэвч тус хурлаар хувьцаа эзэмшигчид нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй буюу үйл ажиллагааг улам багасгах болсон. Иймд *******г цаашид ажиллуулах боломжгүй болсон ба энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, анх харилцан тохирсон, түүнтэй энэ талаар ярьсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т заасны дагуу харилцан тохиролцон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр ажил хүлээлцэх болсон.

Түүнчлэн, *******-ийн зүгээс хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй, *******г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар *******г *******-ийн гадаад харилцааны мэргэжилтэн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас 21,627,906 төгрөгийг гаргуулж *******д олгож, *******гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалтыг хийхийг *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар *******-аас 336,290 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй.Талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан тэтгэмжийг олгох эсэх дээр үүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1, 82.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь манай компаниас орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр тэтгэмж олгохыг шаардсан. Манай компанийн зүгээс бүтэц орон тоо хасагдсан, компани татан буугдсан зүйл байхгүй тул тус хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан журмыг баримталж ажилтанд тэтгэмж олгох үүрэг үүсээгүй тухай тайлбарласан. Түүнчлэн, манай компанийн хөдөлмөрийн дотоод журамд ажилтанд олгох тэтгэмж өгөх урьдчилсан нөхцөлийг хангаагүй тул ажилтанд ямар нэг тэтгэмж олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Бусдаар нэхэмжлэгч нь ажлаа хүлээлцэн, тойрох хуудсыг зуруулан ажлаас гарах өргөдлөө өгснөөр түүний хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр дуусгавар болсон.

Манай компанийн хувьд хуульд заасан тэтгэмж олгохтой холбоотой журмыг зөрчсөн зүйл байхгүй, харилцан тохиролцсон гэх үндэслэлийг хууль зөрчиж хэрэглэсэн зүйл байхгүй байхад шүүхээс маргааны бодит байдлыг харгалзаж үзээгүй, хуульд заасан үндэслэлийг хэрэглэхдээ ажил олгогчид хэтрүүлэн шаардлага тавьсан буюу хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдаанд оролцсон удаа байхгүй бөгөөд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******г өөр байгууллагад ажилд орсон эсэх талаар мэдээлэлгүй буюу *******гийн хүсэл зориг, эрх ашигт нийцүүлэн төлөөлөх эрхтэй эсэх нь мөн эргэлзээтэй байдаг. Гэвч шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхээс маргааныг зүйлийг тодруулах, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ биелүүлэлгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг эгүүлэн албан тушаалд нь томилох эсхүл өөр адил чанарын албан тушаалд томилох бодит боломж байгаа эсэхийг анхаарч үзээгүй, нотлох баримт, тайлбарыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлэлгүйгээр, шүүх өөрийн үзэмжээр шийдсэн.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

******* нь ******* татан буугдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэмж авах ёстой гэж бодсон учраас Нийгмийн даатгал руу залгаж ажлаас халагдсаны тэтгэмжийн тухай асуутал таны нийгмийн даатгалын шимтгэл 6 сараас хойш төлөгдөөгүй байна гэж хэлсэн. Үүний дагуу татан буугдсан байгууллагаас чөлөөлөгдөж байгаа учраас ажлаас халагдсаны тэтгэмж авах, 6 сараас хойш төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн тайлбарласан шиг харилцан тохиролцож ажлаас гарсан зүйл байхгүй, тийм хүсэл зориг илэрхийлээгүй. 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажлаас гарах өргөдөл өгсөн, 30-ны өдөр цохолт хийгдэж, ажлаас чөлөөлсөн тушаал 31-ний өдөр гарсан. Хэргийн 36 дахь талд ажил хүлээлцэх акт нотлох баримтаар авагдсан. Өргөдөл өгсөн өдрийн маргааш нь ажил хүлээлцсэн нь ажлын байрны дарамт байсныг илтгэж байна. Ажилтан үүнээс өөр байдлаар нотлох боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. Шүүх хэрэгт цугларсан баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

2.1. ******* нь *******тай 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ байгуулж, гадаад харилцааны мэргэжилтний албан тушаалд ажиллуулахаар харилцан тохиролцож, мөн өдөр *******тай, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан. /хх6-11/

 

2.2. *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг тус тус үндэслэн бизнес хөгжлийн газар гадаад харилцааны мэргэжилтэн *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг харилцан тохиролцсоны дагуу цуцалж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон. /хх2/

 

2.3. Дээрх тушаалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай хуралдааны тэмдэглэл, шийдвэрээр талууд тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон./хх3-5/

 

2.4. *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор компани болон түүний охин компаниудын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, улмаар *******, *******, болон -ийн зохион байгуулалт бүтэц, орон тоог баталж, уг тогтоолын 2 дугаар хавсралтад *******-ийн Бизнес хөгжлийн газрын Маркетинг, борлуулалтын хэлтэст гадаад харилцааны мэргэжилтний орон тоо 1 байхаар батлагдсан байна./хх33-34/

 

3. Хариуцагч тал, нэхэмжлэгчийг анхнаасаа *******-ийн гадаад харилцаа, бичиг хэргийн ажлыг хариуцахаар тохиролцсон, тус компанийн өр төлбөртэй холбоотойгоор цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул уг нөхцөл байдлыг түүнд хэлж тохиролцсоны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласнаас үзэхэд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч *******-ийн Бизнес хөгжлийн газрын Маркетинг, борлуулалтын хэлтэст гадаад харилцааны мэргэжилтний ажил, албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болох нь *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай тогтоол, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээ, гадаад харилцааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт/хх74/ зэргээр тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журам, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлийг баримталсан байх боловч, *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн В/67 дугаартай тушаалын энэхүү үндэслэл нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.1. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ажилтан, ажил олгогчийн хэн алины хүсэл зориг бодитой илэрхийлэгдсэн нөхцөлд талуудыг харилцан тохиролцсон гэж үзэх бөгөөд уг тохиролцох ажиллагаа нь аль нэг тал санал гаргах, нөгөө тал саналд хариу байр сууриа илэрхийлэх, хэлэлцээр хийх, зөвшилцөх, улмаар санал нэгдсэнийг баталгаажуулсан байх шаардлагатай.

 

5.2. Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн ажил хүлээлцэх акт/хх106-110/-аар нотлогдоно гэж хариуцагч тал тайлбарласан боловч уг баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажлын байрны эд хөрөнгө, баримт бичгийг хүлээлцсэн агуулгатай ажил хүлээлцэх комиссын баримт байх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох бүхий л тохиолдолд үйлдэгддэг тул талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг нотлох баримт гэж үзэхгүй.

 

5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дуусгавар болгох эрхтэй боловч хариуцагч талаас, нэхэмжлэгчийг *******-ийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Иймээс анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

6. Иймд анхан шатны шүүхээс, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21,627,906 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасанд нийцжээ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/06334 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ