Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2016/00495

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын** дугаар багт оршин суух, И овогт Хы Лийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Аын И өвөг эцэг Х.Д, эмэг эх Х.Л нарт 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үрчлэгдсэн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.Л шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нөхөр болох Х.Дын хамтаар төрсөн хүү Д.Аын хүүхэд болох А.Иыг үрчилж авахаар эцэг эхийн зөвшөөрлийг нь авч нотариатаар гэрчлүүлэн өөрсдөө Улаанхус сумын захиргаанд өргөдөл гаргаснаар сумын Засаг дарга 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр А/29 дүгээр захирамж гарган А.Иыг бидэнд үрчлүүлсэн билээ. Миний нөхөр Х.Д өвчний улмаас 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барсан юм. Үүний дараа А.Иыг бүртгүүлж гэрчилгээ авахаар иргэний бүртгэлийн байгууллагад хандахад үрчлэгч эцэг нь нас барсан гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. Иймд нотлох баримтуудыг үндэслэн ач охин А.Иыг өвөг эцэг Х.Д, эмэг эх Х.Л нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн иргэн Ители овогт Хы Л гэдэг хүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Х.Л нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ Х.Л миний бие нөхөр болох Дын хамтаар төрсөн хүү Аын охин болох Иыг үрчилж авахаар эцэг, эхийн зөвшөөрлийг авч нотариатаар гэрчлүүлэн өөрсдөө Улаанхус сумын захиргаанд өргөдөл гаргаснаар сумын Засаг дарга 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр А/29 дугаартай захирамж гаргаж бидэнд үрчлүүлсэн.

Миний нөхөр болох Д нь хэвтрийн өвчтэй байсан бөгөөд Иыг бүртгүүлэн гэрчилгээ авах асуудал хойшлогдсоор байтал нөхөр маань 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барчихсан.

Үүний дараа Иыг бүртгүүлж гэрчилгээ авахаар иргэний бүртгэлийн байгууллагад хандахад үрчлэгч эцэг нь нас барсан гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. Иймд нотлох баримтуудыг үндэслэн ач Иыг өвөг эцэг Д, эмэг эх Л нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгөх талаарх хүсэлт гаргасан. Энэ дээр Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр А/29 дугаартай захирамж, төрсөний гэрчилгээ, үрчлэгч талын өгч байсан нотлох баримт болох өргөдөл, гэр бүлийн гэрчилгээний хуулбар, мөн Д нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тухай нас барсны гэрчилгээ зэргийг хавсаргасан. Энэ нотлох баримтуудыг үндэслэн Д, Л нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгөх тухай хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг дэмжиж байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Лийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч Х.Л нь Аын Иыг өвөг эцэг Х.Д, эмэг эх Х.Л нарт 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үрчлэгдсэн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана, 55.8-д Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ хэмээн тус тус заажээ.

Хүүхэд үрчлэн авах тухай Х.Д, Х.Л нарын өргөдөл, хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн Д.А, Н.Манига нарын хүсэлт, тэдгээрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/29 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар А.Иыг өвөг эцэг Х.Д, эмэг эх Х.Л нарт үрчилж, бүртгэлийн ажиллагаа явуулахыг Улсын бүртгэгч Б.Бахытгүлд зөвшөөрсөн байна.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/29 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, өвөг эцэг Х.Д, эмэг эх Х.Л нарын хүүхэд үрчлэн авах тухай өргөдөл, хүүхдийн эцэг эх нь болох Д.А, Н.Манига нарын хүүхэд үрчлүүлэх тухай зөвшөөрлийн бичиг, мөн тэдгээрийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлага нь нотлогдож байгаа тул А.Иыг өвөг эцэг Х.Д, эмэг эх Х.Л нарт 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үрчлэгдсэн болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Аын И өвөг эцэг Х.Д, эмэг эх Х.Л нарт 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үрчлэгдсэн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Лийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК