Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 132

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгч Л.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915002470155 дугаартай, 163/2019/0132/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны  өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг оршин суух, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 189 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х  овогт Л.А.        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 05 дугаар сарын 10-ны үед Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг "Асаг" гэх уулнаас зөвшөөрөлгүйгээр 1.6 м3 хэмжээтэй шинэс төрлийн  мод хууль бусаар  бэлтгэж, байгаль экологид 172800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1915002470155 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч Я.А ын өгсөн: “...Би Булган аймгийн ... багийн байгаль орчны хяналтын байцаагчаар 2019 оны 02-р сараас хойш томилогдон ажиллаж байна. Надаас өөр байгаль орчны байцаагч манай багт мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй. Л.А  нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Монгол Улсын шадар Сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаал, Аймаг сумын Засаг даргын захирамж гарсан болохоор би сумынхаа болон өөр иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. 03 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд ойд үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Ойн санд учируулсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-30 тал/,

Гэрч Б.Г гийн өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сумынхаа багуудаар Байгаль орчны багц хууль, Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж эргүүл, шалгалт хийх үед Булган аймгийн Орхон сумын Халиун хоёрдугаар багаар явж байхад туе багийн “Нүхт” гэх газар хууль бусаар 60 ширхэг 4 метрийн урттай хуурай сургааг Орхон сумын 2-р багийн иргэн Л.А  гэх хүн бэлтгэсэн байсаныг илрүүлсэн. Би тухайн үед А аас модны эрхийн бичиг авсан талаар асуухад мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй бэлтгэсэн гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-32-р тал/,

Гэрч Ц.Г гийн өгсөн: “...Манайх багийнхаа айлуудын хуц ухныг хариулдаг юм. 2019 оны 05 дугаар сарын 10-ны үед би хэд дэх өдрийг сайн санахгүй байна. Манай гэр өвөлжөөндөө байсан. Тухайн үед хүүхдүүд Орхон аймагт сургуульдаа сурч байсан. Тэгээд өглөө нь нөхөр хониндоо явсан би гэртээ байж байтал өдөр А  мориндоо хэдэн ширхэг шургааг чирчихсэн “хуц ухны хашаа хийх гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэр өдөр нөхөр мориороо хэд хэдэн ширхэг шургааг чирж зөөж авчиран гэрийн гадаа буулгасан. Нөхрийн авчирсан шургаанууд хуурай, хатсан шургаанууд байсан. Яг хэдэн ширхэг шургаа авчирсаныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 34-р хуудас/,

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот дүгнэлтэд: Шинэс төрлийн хэрэглээний хуурай мод 1.6 м3 , нийт хохирол 172800 төгрөг гэх дүгнэлт /хх-45 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын Халиун  2 дугаар багийн нутаг “Асаг” гэх уул байх ба уг уул нь голдуу хатаж гандсан шинэс мод, мөн үндсээрээ булгарч унасан хуурай, хатсан шинэс моднуудтай байв. Уг моднуудаас хөрөөдсөн ...гэх модны үзүүр болон хожуулуудынх нь зургийг аву бэхжүүлэв ...гэжээ /хх-8-9 тал/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэлд: ... 10 тал, 1 талдаа 6 ширхэг шургааг байв... шургаанууд нь хатсан, хуурай байна гэжээ /хх-13 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, эд мөрийн баримт болох моторт хөрөө, түүнийг хураан авсан тогтоол, шургааг болон морь битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-19-25 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-47-48 тал/, адууны  үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-36-41 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирол төлсөн баримт зэрэг хувийн байдлын талаарх баримтууд /хх-52-62 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад  

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л.А  нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт "Асаг" гэх уулнаас шинэс төрлийн 1,6 м3 хэмжээтэй хатсан, хуурай шинэс мод бэлтгэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Л.А ы хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 172800 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон  Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.  

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Л.А ы дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 172800 төгрөгийн  шууд хохирол учирч, шүүгдэгч Л.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан нөхөн төлбөрийн хамт 518400 төгрөгийн хохирлыг төлсөн байна.

Шүүгдэгч Л.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.А  нь ямар нэг шунахайн сэдэл бүхий зарж борлуулах зорилгогүй хуц, ухна болох эцэг малын хариулага маллагааны онцлог байдлаас шалтгаалан “Асаг” гэх уулнаас хатаж гандсан, мөн үндсээрээ булгарч унасан хуурай, хатсан шинэс моднуудаас бэлтгэж хуц, ухны хашаа барьсан нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байна.     

Иймд гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирлын хэр хэмжээ зэргээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хэрэгт битүүмжлэгдсэн 4 метр урттай 60 ширхэг шургааг буюу малын хашаа болон морийг түүний өмчлөлд үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн моторт цахилгаан хөрөөг хурааж, үнийг Улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х  овогт Л.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Л.А д оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 90000 /ерин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч Л.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, прокурорын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5/06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 4 метр урттай 60 ширхэг шургааг буюу малын хашаа, хүрэн зүсмийн нэг тооны морийг тус тус шүүгдэгч Л.А ы өмчлөлд үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг хурааж, үүнийг Улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД