Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01702

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/05455 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Амины сууцны суурийн доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

*******-ийн захирал *******тэй уулзаж амины орон сууц захиалж бариулахаар харилцан тохиролцож, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн урьдчилгаа төлбөрөө төлж, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч тал миний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 700 м.кв талбай бүхий газарт нийт 60 м.кв талбайг 1 м.кв үнэ 1,100,000 төгрөг, 18 м.кв террас бүхий канад загварын орон сууцыг барьж надад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Суурийн бетоноо хэмжээ алдаж 70 м.кв талбайгаар цутгасан байсан тул бид террасаа больж 10 м.кв нэмж, 1 м.кв 900,000 төгрөг, мөн дээврийн зургаа гүйцэд ойлголцоогүйн зөрүү 1,500,000 төгрөг, нийтдээ 76,500,000 төгрөгөөр 70 м.кв бүхий өвөл, зуны амины орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргийг хүлээлгэсэн. Гэрээний 1.1, 1.3, 4.4-т заасны дагуу гүйцэтгэгч тал орон сууцыг 2022 оны 05 дyraap сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч материал тасалж, ажил зогссоор 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гадна сайдинг хийж эхлэхэд бид очиж үзэхэд мэдэгдэхүйц далий харагдаж тэр талаараа барилга барьж буй хүмүүс болон *******д хэлэхэд илт үгүйсгэж, өөрөө дуран тавьж хянасан ямар ч асуудалгүй гэсэн. Байшин нилдээ баруун урагшаа хазгай үүнээс улбаатай шал илт далий, цонх далийгаас үүдэж түгжигдэхгүй, хаалга далий учир нээхэд өөрөө хаагдана, өрөө хоорондын хаалганууд далий хүлээж авах ямар ч боломжгүй стандарт бус байсан. Иймд гэрээний дагуу бариулсан амины сууц нь доголдолтой байх тул *******-ийн гаргасан амины орон сууцны хазайлтыг янзлах үнийн саналыг үндэслэн 22,000,000 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Талууд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр м.кв нь 1,100,000 төгрөгөөр буюу нийт 60 м.кв орон сууцыг 66,000,000 төгрөгт барьж өгөхөөр тохиролцсон. Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Сантын аманд байрлах нийт 2 айлын газар дээр бариулсан. Тухайн газарт анх очиж үзэх үед газар нь намагтай голын эрэг дээрх газар байсан, энэ газар байшин барьж болно, гэхдээ алсдаа ямар нэгэн байдлаар байшин хөдөлгөөнд орж болзошгүй гэдгийг тухайн үед хэлж тайлбарласан боловч байшин бариулна, гомдолгүй гэх зүйл яригдсан учир талууд зориуд гэрээний сүүлийн хуудсанд нэмэлт нөхцөлийг гараар сууринаас үүдэлтэй хагарал, элдэв сөрөг нөлөөллийг ******* хариуцлага хүлээхгүй болно гэж гараар бичиж, захиалагч ******* нь хүлээн зөвшөөрсөн гарын үсгээ зурсан. Бид тэгш байшин бариад, энэ хүмүүст хүлээлгэж өгөөд 3 жил болж байна. Энэ хооронд зун болно, намаг сууна, өвөл болно, хавар болоод гэснэ гэх зэргээр тодорхой хэмжээний суурь нь хазайлт үүссэн бол манайх хариуцахгүй гэж байгаа, хазайлт үүссэн эсэх нь тодорхойгүй байна, үүссэн бол дээр дурдсанаар хариуцахгүй. Хазайлт үүссэн эсэхийг нэхэмжлэгч тал Барилга хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс шинжээч томилж 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг Барилга хөгжлийн төвөөс гаргасан. Үүний дараа дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг хариуцагч тал гаргаснаар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар Барилга хөгжлийн төвийг дахин шинжээчээр томилсон. Гэтэл тус газраас шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/256 тоот шинжээчээс татгалзах тухай албан бичиг ирсэн. Энэ албан бичигт Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар манай байгууллагаас шинжилгээ хийх эрх бүхий зөвшөөрөл авсан этгээд байхгүй учир шинжилгээ хийх боломжгүй байна гэх хариу ирсэн. Бидний зүгээс өмнө нь дүгнэлт гаргаж байгаа 2 этгээд нь хуульд заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд биш байсан юм байна гэх нөхцөл байдал үүссэн тул миний бие тухайн газарт албан бичгээр хандсан. Түүний 03 дугаар сарын 19-ний өдрийн хариу албан бичигт зөвшөөрөл авсан эрх бүхий албан хаагч манай байгууллагад байхгүй учир шинжээчээр ажиллах боломжгүй. Хүсэлтэд дурдаж байгаа өмнөх дүгнэлт гаргасан *******, ******* нар Шүүхийн шинжилгээний хуульд заасны дагуу сургалтад хамрагдаагүй гэж хариу өгсөн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу өмнө нь дүгнэлт гаргуулж ирүүлсэн өмнөх шинжээч *******, ******* нар Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу сургалтад хамрагдаагүй, мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргын тушаал, шийдвэрээр 5 жилийн хугацаанд шинжилгээ хийх эрх аваагүй этгээдүүд байгаа учир энэ хүмүүсийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-д холбогдох амины сууцын суурийн доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн гэрээгээр 70 м.кв талбай бүхий бетон суурьтай байшин бариулахаар харилцан тохиролцсон бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээж авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж тухайлан заасан байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацааг хэтрүүлсэн гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй дутуу дүгнэлт болжээ.

4.2. Барилгын ажил хүлээлцсэн буюу байшинг хүлээлцэж авсан хугацааг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэж тодорхойлсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд байгуулагдсан гэрээний дагуу байшинг хүлээлцэж авсан үйл баримт байхгүй атал шууд ийнхүү дүгнэлт хийж гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацааг өнгөрөөсөн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/02482 дугаартай шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

4.3. Анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.4-т зааснаар мэргэжлийн байгууллага буюу Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон атал хувь хүмүүс болох *******, ******* нарыг шинжээчээр томилсон мэтээр дүгнэж улмаар шинжээчийн сургалтад суугаагүй гэсэн үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхээс татгалзаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь Барилга хөгжлийн төвөөс шинжилгээ хийхээс татгалзаж бичгээр мэдэгдсэн тохиолдолд шүүх өөр байгууллагыг шинжээчээр томилох журамтай. Шүүхээс томилсон шинжилгээний байгууллага нь өөрийн нэрээр дүгнэлтээ гаргах бөгөөд үүндээ ямар албан тушаалтан, хүмүүсийг оролцуулахыг өөрсдөө шийдвэрлэх журамтай.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шинжээчийн дүгнэлтийг хэргийн бусад нөхцөл баримтуудтай харьцуулан үнэлэх ёстой тул анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Захиалагч 2022 оны 5 сард байшинг хүлээн авсан ба 5 сараас эхлэн байшиндаа нүүн орж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Энэ тухай ******* нь анхан шатны шүүхэд тайлбарлаж байсан. Хэдийгээр байшин хүлээж авсан гэх баримтыг үйлдээгүй боловч нэхэмжлэгч тал барьж дууссан байшинг хүлээн авч, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа учраас ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн авсан гэж бид үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйнхээ төлөө шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анх *******гийн хүсэлтээр Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон ба тус төвийн 2 шинжээч дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргасан 2 шинжээч нь дүгнэлт гаргах үедээ сургалтад хамрагдаагүй, эрх аваагүй, дүгнэлт гаргах эрхгүй этгээд байсан тул бид үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хоёр дахь шинжээч томилох хүсэлтийг манай тал гаргасан. Шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд байхгүй гэх үндэслэлээр татгалзсан тул бид дахин хүсэлт гаргаагүй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Суурь хөдлөх магадлалтай тухай анх байшинг барих үед танилцуулсны үндсэн дээр байшинг барьсан. ******* нь ямар нэгэн байдлаар гомдол санал гаргахгүй байшинг барьчих гэж хэлсэн тул гэрээний нөхцөл дээр энэ тухай нэмж гараар бичиж талууд гарын үсэг зурсан байдаг. Уг асуудлаар гомдол гаргахгүй гэж тохиролцсон тул энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Байшинг анх барихдаа далий барьсан гэх шаардлагаа нотлоогүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан амины сууцны доголдлыг арилгуулах зардалд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. ******* нь *******-тай байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Амины орон сууц захиалан бариулах гэрээ-гээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сандагийн аманд байрлах 1,400 м.кв талбай бүхий *******, нэгж талбарын дугаартай газар дээр канад загварын амины сууцыг захиалж, 1 м.кв талбайг 1,100,000 төгрөг, 70 м.кв талбайг 76,500,000 төгрөгөөр, гүйцэтгэгч ******* нь уг барилгыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулахаар талууд харилцан тохиролцсон.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байх тул уг алдааг залруулан, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

 

3.1. Хариуцагч ******* ажлыг гүйцэтгэж, нэхэмжлэгчид ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн, захиалагч ******* хөлсийг төлсөн эсэх талаар маргаагүй байна. Харин ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн доголдолд зохигчийн хэн нь буруутай талаар маргажээ.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж, маргаан бүхий амины сууцны суурийг тэгш бус барьсан эсэх асуудлаар дүгнэлт гаргуулсан байх боловч уг дүгнэлтийг гаргасан *******, ******* нарыг Шүүх шинжилгээний газрын сургалтад суугаагүй талаар Барилгын хөгжлийн төвөөс тодорхойлсон байна./хх34-35, 49-56, 137-139/

 

4.1. Дээрх дүгнэлтийг гаргасан Барилгын хөгжлийн төв нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т заасан мэргэжлийн байгууллага гэж үзэхээр байх боловч мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан гэж үзэхээргүй байх тул уг дүгнэлтийг үнэлэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

5. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т зааснаар гүйцэтгэгч ******* нь захиалагч *******д ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв уг үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагч нь мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар гүйцэтгэгчийн зардлаар тухайн доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх эрхтэй тул нэхэмжлэгч доголдлыг арилгахад гарах зардлыг шаардах эрхтэй.

 

5.1. Түүнчлэн, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3.б-д ажил гүйцэтгэгч нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэхээр заасан.

 

5.2. Гэтэл хариуцагч нь барилга барих газрын хөрсний асуудал нь тодорхойгүй, уг газар дээр барилга барихаар талууд харилцан тохиролцож барилгыг барьж гүйцэтгэснээс, уг барилгын суурь зохих хэмжээгээр хазайсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул уг доголдолд талуудын хэн алиныг буруутай гэж үзнэ.

 

5.3. Хариуцагч нь уг газарт очиж үзэхэд голын эрэг дагуу, хөдөлгөөнтэй, намаг цэвдэгтэй газар байсан тул манай зүгээс хөрсний шинжилгээ хийлгэх хэрэгтэй, шугаман сууриар биш гадсан сууриар байшингийн суурийг хийх шаардлагатай талаар хэлсэн. Гэтэл, нэхэмжлэгч нь өөрсдөө хариуцлагыг хүлээнэ гэж хэлээд суурийн цутгалтыг хийлгэсэн гэж тайлбарлаж байна. Түүнчлэн, талууд гэрээндээ сууриас үүдэлтэй хагарал, элдэв сөрөг нөлөөллийг ******* хариуцлага хүлээхгүй болно гэж тохиролцсон байна.

 

5.4. Маргаан бүхий хувийн сууцны барилгыг барьж эхлэх үед нэхэмжлэгч нь тухайн ажлыг гүйцэтгүүлэхдээ Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан захиалагчийн үүргээ биелүүлээгүй буюу тухайн барилга барих газрын нөхцөл байдлыг тодруулж, хөрсний шинжилгээг хийлгэх үүргээ биелүүлээгүй байна.

 

5.5 Мөн, хариуцагч нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу барилгыг зураг төсөвгүйгээр гүйцэтгэхийг хориглосон заалтыг хариуцагч тал зөрчиж, нэхэмжлэгчийн хөрсний асуудал нь тодорхойгүй газар дээр барилгыг барьсан буруутай байх тул талуудын хэн алиныг буруутай гэж үзэж, доголдлыг арилгах зардлын 50 хувийг ******* хариуцах нь зүйтэй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч нь Амины орон сууцны хазайлтыг янзлах ажлын үнийн санал гэсэн *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баримтыг үндэслэн байшингийн хана, суурийн хазайлтыг тэгшлэх, барилгын бат бэх байдлыг хангах, материалын зардал, ажлын хөлсөнд 22,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. /хх83/

 

Хариуцагч талаас, дээрх доголдлыг арилгахад гарах уг зардлыг татгалзаж, няцаасан баримтыг ирүүлээгүй байх тул *******-ийн баримтыг үндэслэн хариуцагч *******-аас 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-т заасантай нийцнэ.

 

6.1. Харин, анхан шатны шүүхийн шийдвэрт 355 дугаар зүйлийн 355.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна. Учир нь, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгуулах талаар нэхэмжлэл гаргасан байхад гэрээ цуцлах тухай Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй. Мөн, талуудын хооронд байгуулсан уг гэрээний ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан байхад анхан шатны шүүхээс уг хугацааг 6 сараар тооцож, гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж, гаргасан дүгнэлтийн ажлын хөлсөнд 1,537,140 төгрөгийг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүхээс уг шүүхийн зардлыг хуваарилаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардлыг зохигчдод хуваарилан, нэхэмжлэгч хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Барилгын хөгжлийн төвд олгосон заалтыг шийдвэрт нэмж оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/05455 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******-аас 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******-аас 190,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч *******гаас 768,570 төгрөг, хариуцагч *******-аас 768,570 төгрөгийг тус тус гаргуулж, Барилгын хөгжлийн төвд олгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ