Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8  дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Э-д холбогдох эрүүгийн 1820002880017 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С аймгийн Х суманд ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Т.Э,

Холбогдсон хэргийн талаар:         

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд орсон 38.8 кг дэргэвэр жиргэрүү нэртэй ургамлыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

Иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Улсын хилээр гаргахыг хориглосон дэргэвэр жиргэрүү гэх ургамлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр нь буюу 1-кг-ыг нь 50.000 төгрөгөөр бодож 38.8 кг буюу 1.940.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ./хх-ийн 42-43/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-8/

Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...надад хандаж хоёулаа айлын гаднаас шуудайтай юм аваад  нэг газар хүргээд өгчихье гэхээр нь би зөвшөөрч гудамжаар алхаж байсан чинь цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин зогсохоор нь харсан чинь Б зогсож байхаар нь түүний автомашинд бид хоёр суугаад гурвуулаа Замын-Үүд сумын 3 дугаар баг Төмөр замын ... гарамын зүүн талд байрлах гэрийн гадаа очоод хажууд байсан эвдэрхий кабин дотроос цагаан өнгийн шуудайтай 12 ширхэг зүйлийг автомашинд ачаад Замын-Үүд сумын 3 дугаар баг Э-н гэрийн гадаа буулгаад 3 шуудай нүүрс шуудайлаад гэртээ харьж амарсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: МЭШ: Гадаргуу нь, хүрэн бор, махлаг эд цайвар шаргал өнгөтэй, дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс.

Сорилтын лабораторийн шинжилгээний дүнгээр: 0.5-1.0 см-ийн голчтой хатаасан дэрэвгэр жиргэрүү, хөнөөлт шавьж илрээгүй.

Химийн шинжилгээгээр: Пестицидийн үлдэгдлээр Перметрин, 2.4D тус тус илрээгүй, Чийглэг 6,07%. Хадгалалтын горим алдагдсанаас чийглэг бага болсон.

Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү ISaposhnikovia divaricate/ ургамлыг уламжлалт эмийн түүхий эд болгон ашигладаг. ЗГ-ын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар ховор ургамлын жагсаалтад багтсан.

Мөн БОАЖ-ын сайдын дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж гадаад улсад экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай 2018 оны 03 дүээр сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаал “1. Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэргэвэр жиргэрүүг /Saposhnikovia divaricata Turz Schischk/ устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосугай” гэж хоригложээ. /хх-ийн 18-19/

Шүүгдэгч Т.Э-н урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ийн үнэлгээний тайланд 38,8 кг Дэргэвэр жигэрүү ургамлыг 1.940.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 45-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд орсон 38.8 кг дэргэвэр жиргэрүү нэртэй ургамлыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч П.Б-н“...надад хандаж хоёулаа айлын гаднаас шуудайтай юм аваад  нэг газар хүргээд өгчихье гэхээр нь би зөвшөөрч гудамжаар алхаж байсан чинь цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин зогсохоор нь харсан чинь Б зогсож байхаар нь түүний автомашинд бид хоёр суугаад гурвуулаа Замын-Үүд сумын 3 дугаар баг Төмөр замын ... гарамын зүүн талд байрлах гэрийн гадаа очоод хажууд байсан эвдэрхий кабин дотроос цагаан өнгийн шуудайтай 12 ширхэг зүйлийг автомашинд ачаад Замын-Үүд сумын 3 дугаар баг Э-н гэрийн гадаа буулгаад 3 шуудай нүүрс шуудайлаад гэртээ харьж амарсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, иргэний нэхэмжлэгч байгууллагын  хууль ёсны төлөөлөгч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Улсын хилээр гаргахыг хориглосон дэргэвэр жиргэрүү гэх ургамлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр нь буюу 1-кг-ыг нь 50.000 төгрөгөөр бодож 38.8 кг буюу 1.940.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/, Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-48/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна. 

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.Э нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, үйлдэж байгаль, экологид 1.940.000 төгрөгийн хохирол  учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8  дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Т.Э нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.

 Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хязгаарлалт тогтоосон барааг зохин зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан дэргэвэр жиргэрүүг 1 кг-ыг нь 50.000 төгрөгөөр, нийт 38.8 кг-ыг 1.940.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд эдгээр 38.8 кг ургамлыг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

 Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, эд хөрөнгө нь битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршиг байхгүй, тогтмол орлоготой, шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, олох орлого зэргийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Э-г 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д  зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ховор ургамлын жагсаалтанд орсон 1.940.000 /нэг сая,есөн зуун дөчин мянга/ төгрөгний үнэ бүхий 38.8 кг  дэргэвэр, жиргэрүү нэртэй ургамлыг хурааж, улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                  Д.Ц