| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 307/2025/00180/и |
| Дугаар | 209/МА2025/00065 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 209/МА2025/00065
“*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 307/ШШ2025/00922 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын *******,
******* Б.Азжаргал нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “36,590,150 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...”*******” ХХК нь ******* Б.Азжаргалтай 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ДУАОНӨГ/20220305/ дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-г байгуулсан ба гэрээнд заасан ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ДУАОНӨГ/202203051/01 дугаартай ажлын хэсгийн акт, дүгнэлтээр авто замыг ашиглалтад оруулсан.
Уг ажлыг хийж гүйцэтгэх явцад гүйцэтгэгч нь зураг төсөвт тусгагдаагүй, далд байсан 6 кв-ын кабель шугамыг гэмтээсэн ба “*******” ХК нь уг гэмтсэн кабель шугамыг бүтнээр нь солиулах, хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж хариуцагчаар “*******” ХХК-ийг татсан.
Улмаар иргэний хэрэг үүсэж анхан болон давж заалдах шатын шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсний үндсэн дээр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 209/МА2024/00022 дугаартай магадлалаар “*******” ХХК-аас 35,732,184 төгрөг гаргуулж “*******” ХК-д олгохоор, түүнчлэн “*******” ХХК-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,611 төгрөг гаргуулах, “*******” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,355 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэсэн. “*******” ХХК-ийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн аваагүйн улмаас шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон байдаг.
Захиалагчаас гаргаж өгсөн ажлын зураг цахилгаан, кабелийн зураг тусгагдаагүй, мөн төсөвт цахилгааныг шилжүүлэх зардал байхгүй байсан болно. Захиалагч ийнхүү зураг төслөө алдаатай, дутуу гаргасны улмаас манай компани шүүхийн магадлалын дагуу 36,590,150 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Энэ талаар ******* Б.Азжаргалд мэдэгдэн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа албан бичгээр хүсэж байсан боловч хариуцагч хохирлыг барагдуулахаас үндэслэлгүйгээр татгалзсаар өдийг хүрсэн.
Иймд талуудын хооронд байгуулсан ДУАОНӨГ/20220305/ тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.4-т Захиалагчийн зураг төслийн алдааны улмаас үүссэн аливаа эрсдэлийг захиалагч хүлээнэ гэж, 8.10-т зураг төслийг захиалагч боловсруулсан бол зураг төсөлтэй холбоотой аливаа асуудлыг захиалагч хариуцна гэж, 10.26-д маргааныг зөвшилцөж, шийдвэрлэж эс чадвал Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тус тус заасныг үндэслэн зураг, төсөвт тусгагдаагүй дээрх гэмтлийн улмаас “*******” ХХК-д учирсан хохирол боох 36,590,150 төгрөгийг захиалагч буюу ******* болон Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 1-р х.х 1-2/
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
... а.Аймгийн Засаг дарга, “*******” ХХК-ийн хооронд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих “Анагаахын уулзвараас-Шинжлэх ухаан технологийн их сургууль чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажил ДУАОНӨГ/202203051 дугаартай төсөл арга хэмжээний гэрээ”-г 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан.
б. Дээрх төсөл нь Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган замын шинэчлэл 0.835 м.кв, объектыг ашиглалтад оруулах 1.4 км, анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган замын трасст орсон шугам сүлжээний хүчитгэл К71-К73 худгийн хоорондох дулааны магистрал шугамын трассын өөрчлөлт, Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган замын трасст орсон холбооны худаг сувагчлал кабел шугамыг хамгаалах угсралтын ажил, Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, дугуйн замын нэмэлт ажил 0.026 км ажлуудыг “*******” ХХК туслан гүйцэтгэгчийн хамтаар хэрэгжүүлсэн.
в. Аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар авто замын зураг төслийн “Засмал зам” ХХК зургийн шифр 06/22 Анагаахын уулзвараас Шинжлэх ухаан технологийн их сургууль чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын зураг төслийг боловсруулсан бөгөөд зургийн шатанд инженер хангамжийн байгууллагууд болох ““ ХК, “*******” ХК нартай зөвшилцөж булангийн хүснэгтэд гарын үсгээр баталгаажуулсан.
г. Зөвлөх үйлчилгээний явцад аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас тодруулга авдаг бөгөөд тухайн төсөл хэрэгжих ажлын трасст цахилгааны далд шугам байгаа тухай мэдээллийн санд байгаагүй болно. Учир нь “*******” ХХК-ийн гүйцэтгэсэн Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган замын трасст орсон шугам сүлжээний хүчитгэл К71-К73 худгийн хоорондох дулааны магстрал шугамын трассын өөрчлөлт хийх явцад “*******” ХК-д учирсан хохирол гэх нийт 36,590,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн төслийн шатанд зураг төсвийг хянан баталгаажуулсан, мөн аймгийн мэдээллийн санд цахилгааны далд шугамын мэдээллийг оруулаагүй зэрэг нь “*******” ХК өөрөө буруутай гэж үзэж байна.
д. “*******” ХХК нь Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Анагаахын уулзвараас-Шинжлэх ухаан технологийн их сургууль чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажил ДУАОНӨГ/202203051 дугаартай төсөр арга хэмжээний гэрээний хэрэгжилтийг хангаж байнгын ашиглалтад хүлээлгэн өгч гэрээ дүгнэсэн акт үйлдэн төслийг хааснаас хойш энэхүү гомдлыг гаргаж байгаа нь гэрээний хэрэгжилт гэрээ дүгнэсэн актаа зөрчиж байна.
Иймд аймгийн Засаг дарга, “*******” ХХК-ийн хооронд байгуулсан ДУАОНӨГ/202203051 дугаартай гэрээний хэрэгжилтийн хангах ажил гүйцэтгэх явцаа “*******” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан учирсан хохирол гэх 35,732,184 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,611 төгрөг болон 521,355 төгрөг нийт 36,590,150 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х 41 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар хариуцагч ******* буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас 17,866,092 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Цахим Бар Инженеринг” ХХК-д олгож, үлдэх 18,724,058 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,901 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж буюу 17,866,092 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 18,724,058 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
а. Хариуцагч алдаатай зураг төсөл гаргасан нь тогтоогддог. Хариуцагчийн баталж гаргаж өгсөн зураг төсөлд цахилгааны кабелийн шугам тусгагдаагүй буюу зураг төсөл алдаатай болох нь дараах нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогддог.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан "Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган замын зураг төсөл”-д цахилгаан, кабелийн шугам тусгагдаагүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын барилгын ажлын нэгдсэн төсөв”-т цахилгааны кабель шилжүүлэх зардал тусгагдаагүй.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 сарын 2-ны өдрийн 209/МА2024/00022 дугаар Магадлалын Хянавал хэсгийн 8.а-д Тодруулбал, ... ажлын зурагт цахилгаан, кабелийн зураг тусгагдаагүй гэж тогтоож өгсөн.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбараар нотлогддог болох нь Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 сарын 2-ны өдрийн 307/ШШ2025/00922 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3-т гэмтсэн кабелийн нэг хэсэг инженерийн санд бүртгэгдээгүй байсан тул зурагт тусгагдаагүй байдаг.'' гэж тусгагдсан.
Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 сарын 2-ны өдрийн 307/ШШ2025/00922 дугаар шийдвэрийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-р зүйлд “Хариуцагч нараас боловсруулсан ажлын зураг төслийн тодорхой алдааны улмаас буюу кабель шугам ажлын зурагт тусгагдаагүйгээс нэхэмжлэгч нь кабель шугамыг гэмтээн өр төлбөрт орсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч нар арилгах үүрэгтэй” болохыг тус тус тогтоосон.
Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч нараас боловсруулсан ажлын зураг төслийн алдааны улмаас буюу кабель шугам ажлын зурагт тусгагдаагүйгээс нэхэмжлэгч нь кабель шугамыг гэмтээн өр төлбөрт орсон болохыг тогтоосон боловч хохирол учрахад ажил гүйцэтгэхдээ зөвшөөрөл аваагүй гүйцэтгэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзсэн байдаг.
Гэтэл хариуцагчаас гаргаж өгсөн зураг төсөлд цахилгааны кабель тусгагдаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс газар доор цахилгааны кабель байгааг мэдэх боломжгүй байсан. Нэгэнт зураг төсөлд тусгагдаагүй, байхгүй гэж ойлгож байгаа кабелийн дээр ажил хийхдээ зөвшөөрөл авах ёстой байсан гэж шүүхээс дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2022 оны 5 сарын 26-ны өдөр байгуулсан ДУАОНӨГ/20220305/ тоот Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.4-т "Захиалагчийн зураг төслийн алдааны улмаас үүссэн аливаа эрсдэлийг Захиалагч хүлээнэ * гэж. 8.10-т Зураг төслийг Захиалагч боловсруулсан бол зураг төсөлтэй холбоотой аливаа асуудал (зураг төслийн үнэн зөв, түүнээс үүссэн ажлын доголдол гэх мэт)-ыг Захиалагч хариуцна гэж гэж тус тус заасан байдаг.
Талуудын хооронд хууль ёсны дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээний дээрх зүйл заалтад зураг төслийн алдаатай холбоотой эрсдэл, хохирол, зураг төслийн үнэн зөвийг захиалагч 100 хувь хариуцахаар тохиролцсон байхад анхан шатны шүүхээс хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Зураг төслөө буруу гаргасан хариуцлагыг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 100 хувь хүлээх үндэслэлтэй байсан.
Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 227.1 дэх хэсгийг үндэслэл болгосон байна. Талуудын хэн аль нь гэрээнээс татгалзаагүй байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
Иймд дээрх үндэслэлээр “*******” ХХК-д учирсан хохирол болох 36,590,150 төгрөгийг бүхэлд нь хариуцагч нар буюу Дархан- Уул аймгийн Засаг дарга болон Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 2-р х.х 38-40 /
5. Хариуцагч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Дархан-Уул ймгийн Засаг даргын *******, ******* Б.Азжаргал нарт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлэх явцад учирсан гэм хорын хохиролд 36,590,150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ. / 1х.х-1-2, 99-100 /
Хэргээс үзэхэд:
8. Нэхэмжлэгч “*******” ХХК нь ******* Б.Азжаргалтай 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ДУАОНӨГ/20220305/ дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаа бүрэн хийж дуусгасан учир 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ДУАОНӨГ/202203051/01 дугаартай ажлын хэсгийн акт, дүгнэлтээр авто замыг ашиглалтад оруулсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
Харин уг ажлыг хийж гүйцэтгэх явцад гүйцэтгэгч нь зураг төсөвт тусгагдаагүй, далд байсан 6 кв-ын кабель шугамыг гэмтээсэн ба “*******” ХК нь уг гэмтсэн кабель шугамыг бүтнээр нь солиулах, хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж хариуцагчаар “*******” ХХК-ийг татаж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 209/МА2024/00022 дугаартай магадлалаар “*******” ХХК-аас 35,732,184 төгрөг гаргуулж “*******” ХК-д олгохоор шийдвэрлэсэн. / 1х.х-7-12/
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 35,732,184 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857,966 төгрөг, нийт 36,590,150 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн гаргаж өгсөн алдаатай ажлын зургийн дагуу ажил хийсний улмаас учирсан хохирол гэж тодорхойлсныг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / х.х-1-2, 99-100/
9. Нэхэмжлэгч “*******” ХХК нь ******* Б.Азжаргалтай 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ДУАОНӨГ/20220305/ дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-г байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ДУАОНӨГ/20220305/ дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-ний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх явцад нэхэмжлэгч “*******” ХХК нь зураг төсөвт тусгагдаагүй, далд байсан 6 кв-ын кабель шугамыг гэмтээсний улмаас шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 35,732,184 төгрөгийг “*******” ХК-нд төлсөн учир хариуцагч нараас уг төлбөрийг гаргуулна гэж шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
10. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ДУАОНӨГ/20220305/ дугаартай гэрээгээр гүйцэтгэх ажлын зургийг гаргуулахдаа хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар нь “Засмал зам” ХХК-тай гэрээ байгуулж, зураг гаргуулсан бөгөөд уг ажлын зурагт нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гэмтээсэн гэх далд байсан 6 кв-ын кабель шугамын талаар тэмдэглэгдээгүй байна. / 1 х.х-161-240/
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хувьд хариуцагчийн гаргаж өгсөн зургийн дагуу гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хийж гүйцэтгэсэн бөгөөд зураг төсөвт тусгагдаагүй, далд байсан 6 кв-ын кабель шугамыг мэдэх боломжгүй, гэрээгээр хүлээсэн ажлаа эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн зургийн дагуу хийж гүйцэтгэх үүрэгтэй.
11. Зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ДУАОНӨГ/20220305/ дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.3.4-т “Захиалагчийн зураг төслийн алдааны улмаас үүссэн аливаа эрсдэлийг захиалагч хүлээнэ”, 8 дугаар зүйлийн 8.10-т “Зураг төслийг захиалагч боловсруулсан бол зураг төсөлтэй холбоотой аливаа асуудал (зураг төслийн үнэн зөв түүнээс үүссэн ажлын доголдол гэх мэт)-ийг захиалагч хариуцна” гэж тус тус заажээ. 1 х.х-105-125/
Нэхэмжлэгчийн гэрээний үүргээ хариуцагчаас гаргаж өгсөн зургийн дагуу гүйцэтгэж байх явцдаа бусдад хохирол учруулж, шүүхийн шийдвэрийн дагуу 35,732,184 төгрөгийг төлсөн байх тул гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж, алдаатай ажлын зургаар ажил гүйцэтгүүлсэн хариуцагч нар дээрх төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 35,732,184 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 857,966 төгрөг нь шүүхээс хуульд заасан үйлчилгээ үзүүлсний улмаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 857,966 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 02-ны өдрийн 307/ШШ2025/00922 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч *******, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас 35,732,184 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 857,966 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“...хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 336,611 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Я.ТУУЛ