Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2016/00497

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 02 дугаар багт оршин суух, ****** регистрийн дугаартай, Ш овогт Хы Ры хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Р, орчуулагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 321842 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1975-1978 онд цэргийн алба хаасан ба цэргийн батлахад дурдсан овог нэр Гүрэмханы Рахамжаа гэж архиваас гарсан тул 321842 дугаар цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч Хы Р мөн болохыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Хүсэлт гаргагч Х.Р шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие хөдөө мал маллаж амьдарч байгаад цэргийн албанд татагдаж, 3 жил цэргийн алба хааж ирсэн юм. Сүүлд цэргийн алба хааж байсан жилүүдийг ажиллаж байсан байдалд нэмж тооцох байсан боловч миний цэргийн батлахын үнэмлэхэд аавын нэр Х гэдгийг Гумархан гэж буруу бичсэн учраас би цэргийн батлахын үнэмлэхийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргасан юм. Шүүхээс миний гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Р нь 321842 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн АДХГ захиргааны цэргийн хэлтсээс олгосон 321842 дугаар Цэргийн батлахад овог Хилкей нэр Р / овог Хилкей гэдэг дээр нь Х гэж засварлаж бичсэн / байх ба аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 223 дугаар албан бичгээр ирүүлсэн Х.Ры ХААТР-1 (Б) маягтын 17-рт эцэг,эх, эхнэр ( нөхөр) 16 хүртэл насны хүүхэд гэдэг дээр эцэг Заки Х, эх Нугмар Хилкей гэж бичигдсэн ба хүсэлт гаргагчийн эх нь Хилкей болох нь тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон 321842 дугаар Цэргийн батлахад түүний эцгийн нэрийг эхийн нэр болох Хилкейгээр бичигдсэн болох нь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 223 дугаар албан бичгээр ирүүлсэн Х.Ры ХААТР-1 ( Б ) маягтаар нотлогдож байна.

2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/1149 дугаар Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаанд: Гүрэмхааны Рахамжаа нь Баян-Өлгий аймгаас НАХЯ-ын орлогч сайд, Хилийн ба ДЦХЭГ-ын даргын 1975 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж,0214 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаар тушаалаар 06 дугаар сарын 20-нд халагдсан талаарх лавлагаа олгосон ба хүсэлт гаргагч Х.Р нь 0214 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь түүний 321842 дугаар цэргийн батлахын дэвтэрт бичигдсэн бичилтээр нотлогдож байна.

2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/1149 дугаар Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын архивын лавлагаанд хүсэлт гаргагчийн эцгийн нэрийг Гүрэмхаан, өөрийн нэрийг Рахамжаа гэж дуудлагаар янз бүрээр бичигдсэнийг 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон иргэний үнэмлэхэд бичсэнээр Х Р гэж зөвтгөж, 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн АДХГ захиргааны цэргийн хэлтсээс олгосон 321842 дугаар Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Хы Р мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн АДХГ захиргааны цэргийн хэлтсээс олгосон 321842 дугаар Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Шеруши узынмылтых овогт Хы Р мөн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Х.Ры улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ