Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Т.О

Шүүгдэгч П.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Хан-Уул дүүрэгт ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, зах зээл судлаач мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор /2002/ оны эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл Б овогт П.Т-д холбогдох эрүүгийн 1820000160135 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  П.Т нь 2016 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ч ХХК-ны Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хөнгөлттэй зээлээр хэрэгжсэн цэвэр ус ариутгах татуургын байгууламжийн засварын ажилд Ч ХХК-д хүлээлгэн өгсөн 15.000 долларыг өөртөө давуу байдал бий болгон авч хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хавтаст хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч П.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэгтээ: “...“Ч” ХХК нь Монгол улс, БНХАУ-ын засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд дэх хөнгөлттэй зээлээр хэрэгжсэн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд 4 багц хэрэгжүүлсэн. Уг багцын нэг ажил нь цэвэр ус, ариутгах татуургын багц юм. Энэ ажлыг 2015 он шиг санагдаж байна Ч ХХК нь төслийн ажлыг дуусгаад орон нутгийн ашиглах байгууллага “Ч” ХХК-д хүлээлгэн өгөхөөр болсон боловч “Ч ХХК-ийн зүгээс 90 гаруй ажил засварлах, нэмж янзлах шаардлагатай гэж үзсэн. “Ч” ХХК зөвшөөрч сум орон нутаг, “Ч” ХХК-д “....зардлыг нь шийдээд өгье, та нар өөрсдөө хийгээчээ...” гэхэд зөвшөөрсөн. Нийтдээ цэвэр ус, ариутгах татуургын багц ажлыг дуусгахад 90 гаруй төрлийн ажилд 15000 долларын зардал гаргана гэж тооцоод “Ч ХХК-д “Ч” ХХК өгөхөөр болсон. 2016 оны 05 дугаар сард Чөлөөт бүсийн төслийн ажилтан М надтай уулзаад “...Ч” ХХК-ийн засварт шаардлагатай, 15,000 доллар шүү үүнийг Ч ХХК-ийн захирал С-т өгөөрэй...” гэж хэлээр өгсөн. Энэ мөнгийг “Ч” ХХК-д өгөлгүй, миний бие хувьдаа хэрэглэж дуусгасан. Монгол мөнгөөр 30 гаруй сая төгрөг болсон. Надад мөнгө зарцуулах эрх байхгүй. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 100-101/

Иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэгтээ: “Хийж гүйцэтгэсэн ажлыг орон нутагт хүлээлгэж өгөхийн өмнө Ч ХХК-иас засаж, сайжруулахтай холбоотой 15.000 долларын санхүүжилтийг хүссэн. Энэ санхүүжилтийг Ч ХХК зөвшөөрч олгохдоо миний бие сумын П.Т-д бэлнээр 15.000 долларыг 2016 оны 05 сард өгсөн. Ингэж санхүүжилт авсан мөртлөө засаж сайжруулах 15.000 долларыг өртөгтэй ажил нь хийгдээгүй байна.Манай захиргааны хувьд П.Т-д өгсөн 15.000 долларыг нэхэмжилж байна” гэжээ. /хх-ийн 97/

Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Замын-Үүд сумын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд хийгдсэн ус хангамж, ариутгах татуургын ажлыг хүлээн авах улсын комисс ажиллаж Ч ХХК гүйцэтгэсэн. Гэтэл улсын комисс ажиллаад дутуу ажлуудыг Ч ХХК-иар хийлгэхээр тохиролцож Ч ХХК-иас үлдэгдэл ажлын санхүүжилтэнд 30 гаруй сая төгрөгний гэрээ, хэлэлцээр яригдсан байдаг. Тухайн 30 гаруй сая төгрөг уг компаниас гарсан мөртлөө Ч ХХК болон бусад холбогдох компаний дансаар ороогүй, ажлууд нь хийгдээгүй байдаг. Ингээд энэ мөнгийг олж өгнө үү гэж гомдол гаргасан гэжээ./хх-ийн 42/

Гэрч У.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Т-г танина. Т-с би ямар ч мөнгө төгрөг аваагүй, бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-ийн 15-17/

Ус цэвэршүүлэх болон бохир ус цэвэрлэх байгууламж, шугам сүлжээний дутуу болон хийгдээгүй ажлуудын гүйцэтгэл / хх-ийн 19-20/

Шүүгдэгч П.Т-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 111/

Шүүгдэгч П.Т-н урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 115/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б овогт П.Т нь 2016 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ч ХХК-ны Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хөнгөлттэй зээлээр хэрэгжсэн цэвэр ус ариутгах татуургын байгууламжийн засварын ажилд Ч ХХК-д хүлээлгэн өгсөн 15.000 /30.089.400 төгрөг/ долларыг өөртөө давуу байдал бий болгон авч хувьдаа ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ  хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “хийж гүйцэтгэсэн ажлыг орон нутагт хүлээлгэж өгөхийн өмнө Ч ХХК-иас засаж, сайжруулахтай холбоотой 15.000 долларын санхүүжилтийг хүссэн. Энэ санхүүжилтийг Ч ХХК зөвшөөрч олгохдоо миний бие сумын П.Т-д бэлнээр 15.000 долларыг 2016 оны 05 сард өгсөн. Ингэж санхүүжилт авсан мөртлөө засаж сайжруулах 15.000 долларыг өртөгтэй ажил нь хийгдээгүй байна“ гэх мэдүүлэг/хх-ийн 97/ гэрч У.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Т-г танина. Т-с би ямар ч мөнгө төгрөг аваагүй, бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Замын-Үүд сумын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд хийгдсэн ус хангамж, ариутгах татуургын ажлыг хүлээн авах улсын комисс ажиллаж Ч ХХК гүйцэтгэсэн. Гэтэл улсын комисс ажиллаад дутуу ажлуудыг Ч ХХК-иар хийлгэхээр тохиролцож Ч ХХК-иас үлдэгдэл ажлын санхүүжилтэнд 30 гаруй сая төгрөгний гэрээ, хэлэлцээр яригдсан байдаг. Тухайн 30 гаруй сая төгрөг уг компаниас гарсан мөртлөө Ч ХХК болон бусад холбогдох компаний дансаар ороогүй, ажлууд нь хийгдээгүй байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Т нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдэж бусдад 30.089.400 төгрөгний хохирол учруулсан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

 Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Т нь БХБ-ын яамны Дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргаанд учруулсан хохирол болох 30.089.400 төгрөгийн хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзнэ.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Шүүгдэгч  П.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, шүүгдэгчийн хувийн зан төлөв, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, олох орлого зэргийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Т-г нийтийн албанд томилох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5600 /таван мянга, зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч П.Т-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Т-с гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөрт 15.000 ам доллар буюу Монгол банкны 2016 оны 05 дугаар сарын ханшаар 30.089.400 /гучин сая,наян есөн мянга, дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч БХБ-ын яамны Дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргаанд олгосугай.

5. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Д.Ц