| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/01805/и |
| Дугаар | 209/МА2025/00066 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 209/МА2025/00066
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШШ2025/01381 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүрэгт 64,394,500 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний бие ******* нь *******той 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийт 899 тн нүүрс нийлүүлснээс 270 тн нүүрсийг хорогдолд хасаж, зөрүү 629 тн нүүрсний 1 тн-ыг 90,000 төгрөгөөр тооцож бэлтгэн нийлүүлсэн ба худалдан авагч ******* нь нүүрсний үнэ 56,610,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
Гэвч ******* нь нийт нүүрсний үнэ 54,410,000 төгрөгөөс 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 10,000,000 төгрөг төлж, үлдэх 44,410,000 төгрөгийг төлөлгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлж, элдэв шалтаг шалтгаан заасаар төлөлгүй өдийг хүрсэн.
Бид гэрээндээ гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн хэмжээгээр алданги төлөхөөр тусгасан.
Иймд *******оос үндсэн төлбөрийн дүн 44,410,000 төгрөг, алданги 19,984,000 төгрөг, нийт 64,394,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. / х.х 1 /
2. Хариуцагч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:
Миний бие ******* нэхэмжлэгч *******тэй 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээг байгуулж, гэрээний дагуу 1 тн нүүрсийг 90,000 төгрөгөөр тооцож, 629 тн нүүрсийг 56,610,000 төгрөгөөр тооцож, бэлтгэн нийлүүлж, төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон нь үнэн. Гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ар гэрт хүндэтгэн үзэх шалтгаан гарснаас үүдээд төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Үлдэгдэл төлбөр болох 44,410,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алданги болох 19,984,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. / х.х 15 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******оос 44,410,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,984,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497,922 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч *******оос 44,410,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэснийг зөвшөөрч, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 19,984,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******той 2025.01.03-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 1 тн нүүрсийг 90,000 төгрөгөөр тооцож, 629 тн нүүрсийг бэлтгэн нийлүүлэх, хариуцагч ******* нь нүүрсний нийт үнэ 56,610,000 төгрөгийг 2025.04.30-ны дотор төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож, гэрээний үүргээ хугацаа хэтрүүлсэн тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээндээ тусгасан.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нүүрсний 1 тн тутмыг 90,000 төгрөгөөр тооцож, нийт 56,610,000 төгрөгөөс тээврийн зардал 2,200,000 төгрөг, 2025.05.20-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг тус тус хасаж төлөгдөөгүй гэрээнд засан хугацаа хэтрүүлсэн 44,410,000 төгрөгийг алдангийн 19,984,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож гаргуулахаар нэхэмжилж байгаа талаар тайлбарласан.
Мөн талууд 10,000,000 төгрөг өгч авалцсан болон хариуцагч ******* нь гэрээний зүйлийн үнэ 44,410,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа буюу 2025.04.30-ны дотор төлөх үүргээ зөрчиж, үлдэгдэл 44,410,000 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсэн талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлөөгүй 120 хоног хэтрүүлсэн гүйцэтгээгүй үнийн дүн 44,410,000 төгрөгийн хоног тутамд 0,5 хувиар тооцоход 26,646,880 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан хязгаарлалтын дагуу 19,984,000 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь хуульд нийцсэн гэж үзэж байна.
Гэтэл шүүхээс “нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ыг 10,000,000 төгрөг хэзээ төлсөн баримтыг ирүүлээгүй”, ‘Худалдаа хамтын ажиллагааны гэрээний”-ний 6.1-д заасан хүлээсэн төлбөрөө хугацаанд нь биелүүлээгүй бол 0,5-ийн алданги бодно” гэх заалт нь 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, “хариуцагчийн гүйцэтгээгүй үнийн дүнг хэдэн төгрөгөөр тооцож хэдий хугацааны алданги нэхэмжилсэн нь тодорхойгүй”, “алдангийн тооцоолол тодорхойгүй” гэх агуулгаа бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 19,984,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна
Талууд гэрээндээ “хүлээсэн төлбөрөө хугацаанд нь биелүүлээгүй бол 0,5-ийн алданги бодно” гэх талуудын тохиролцоо нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, энэ гэрээгээр тохиролцсон алдангийг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд алданги нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүснэ гэж үзэж байна. Алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх бөгөөд үндсэн үүрэг дуусгавар болсон бол энэхүү арга хэрэгжих боломжгүй болно.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******оос гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн алданги 19,984,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ / х.х 31-32 /
5. Хариуцагч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан нүүрсний үнэ 44,410,000 төгрөг, алданги 19,984,000 төгрөг нийт 64,394,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх ба хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 44,410,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, алданги 19,984,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан байна.
8. Анхан шатны шүүх хариуцагч *******оос 44,410,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 19,984,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
9. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад зохигчид “...үндсэн төлбөр 44,410,000 төгрөг түүний алдангийн зохих хувь болох 9,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, энэ талаар бид харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн болно” гэх эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
10. Зохигчид өөрсдийн хүсэл, зоригоо илэрхийлж, “эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцлийг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
11. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, ... бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан.
12. Түүнчлэн зохигч эвлэрэн хэлэлцсэнээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, мөн энэхүү зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учиртай болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.5, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 257,870 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг хуульд зааснаар буцаан олгохгүй тул Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШШ2025/01381 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******той харилцан тохиролцож, хариуцагч нь үндсэн төлбөр 44,410,000 төгрөг, түүний алдангийн зохих хувь болох 9,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрлэн хэлэлцсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Г.МЯГМАРСҮРЭН