| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0118/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Т.Оргил-Очир |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Т.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч У.М
Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-т холбогдох эрүүгийн 1920001960126 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, БНХАУ-ын Эрээн хотын олон улсын тээврийн компаний автобусны жолооч ажилтай, БНХАУ-ын Эрээн хотын Улаан хороололд оршин суудаг, урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, эрүүл Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Х нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын зорчих чиглэлээр гаалийн хяналтын бүсийн тээврийн хэрэгслийн хяналтын гарах чиглэлд зорчигч тээврийн ... дугаартай автобусны зүүн талын хойд хэсэгт Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолоор баталж, Засгийн газрын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаартай тогтоолоор нэмэлт оруулсан “Ховор ургамлын жагсаалт”-нд багтсан, Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4-т зааснаар гадаадад гаргахыг хориглосон “Дэрэвгэр жиргэрүү” гэх 16 кг хэмжээтэй ургамлыг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч У.М шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллагын зүгээс битүүмжлэгдсэн автобусаа авах хүсэлтэй байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.
Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би БНХАУ-ын Юан Сун компаний Бээжингийн автобусны хөтөч хийдэг, ажлаа хийгээд явж байсан. Гаалийн байцаагч шалгалт хийхэд манай автобуснаас хуурай сүү, шуудайтай модлог ургамал гарсан. БНХАУ-ын зорчигч тээврийн ... дугаартай автобусанд байгаа хайрцагтай хуурай сүү бол минийх, шуудайтай зүйлийг юу гэдгийг мэдэхгүй. Өглөө тээшин дээр нэг хүн бараа гаргуулах гэсэн юм гээд явж байсан, тэгэхээр нь би жолоочоо зааж өгөөд явуулсан. Жолоочид юу гэж хэлж өгснийг мэдэхгүй. Харин би өөрөө ажлын хажуугаараа өдөртөө сүү, унааныхаа мөнгийг олох зорилгоор бага хэмжээтэй сүү хүнсний зүйл авч гаргадаг. ...Би ийм ургамал авсан гэдгийг нь мэдээгүй..."/хх-13/ гэжээ.
Гэрч У.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Гаалийн улсын байцаагч БНХАУ-ын зорчигч тээврийн ... дугаартай автобусанд хяналт шалгалт хийж цагаан өнгийн 4 ширхэг жижиг шуудайтай зүйлсийг гаргах үед гэрчээр байлцсан. Минийхээр жижиг жижгээр хэрчсэн модлог ургамал байсан. Тухайн гарч ирсэн зүйлийг гаалийн байцаагч жинг нь гаргах үед хамт байлцсан...” /1хх-14-15/ гэжээ.
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-25/
Гэрч Д.Э “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр АЗНШНЦ-1-ын гарах чиглэлд батлагдсан хуваарийн дагуу хяналт шалгалт хийх явцад БНХАУ-ын ... дугаартай улаан өнгийн автобусанд үзлэг шалгалт хийхэд уг автобусны жолооч нь БНХАУ-ын иргэн Х гэх хүн байсан бөгөөд автобусны арын мотор байрлах хэсэгт жолооч талын хэсгийн мотор хөргөх зориулалт бүхий бүхээг хэсгийг онгойлгож үзэхэд 4 ширхэг цагаан өнгийн ууттай зүйл байсныг нээж үзэхэд дотор нь модлог ургамлын үндэс шиг жижиг болгож хэрчиж хийсэн зүйл байсныг илрүүлэн тухайн эд зүйл юу болох талаар жолоочоос асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн, монгол хэлээр ярьдаггүй хүн байсан тэгээд тухайн модлог ургамал бүхий зүйлийг “Дэрэвгэр жиргэрүү” ургамал байх магадлалтай байсан учраас хойшлуулшгүй ажиллагааг хийсэн юм. Бараа эд зүйлээ мэдүүлээгүй, тухайн хүн гаалийн мэдүүлэг деклараци бөглөөгүй, ямар нэг зөвшөөрөл болон холбогдох бичиг баримт байгаагүй. Тухайн жолооч бараа эд зүйлээ мэдүүлэх боломж нээлттэй байгаа” гэжээ. /хх-ийн 31-32/
2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд“...уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлцтан (Apiaceace Lindley 1836) овгийн жиргэрүү (Saposhnikovia Schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр жиргэрүү гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн. Монгол улсын Байгалийн тухай 1995, 2004/ хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг ургамал орсон болно. ...БОАЖ-ын сайдын тушаалаар 2023 оны 01-р сарын 01-ийг хүртэл түүж бэлтгэн хилээр гадагш нэвтрүүлэхийг хориглосон байдаг...” гэжээ. /хх-ийн 40/
А ХХК-ийн автомашин техникийн үнэлгээгээр ... улсын дугаартай 2014 онд үйлдвэрлэсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн ... маркийн автомашиныг 15.000.000 төгрөгийг үнэлгээтэй гэжээ. /хх-ийн 43-45/
А ХХК-ийн эд зүйлийн үнэлгээгээр “Дэрэвгэр жиргэрүү” 16 кг нь 800.000 төгрөг гэсэн шинжээч, үнэлгээчний дүгнэлт /хх-ийн 49-52/.
Иргэний нэхэмжлэгч Г.А-н “...Миний бие тухайн дүгнэлтүүдтэй санал нийлж байна. Уг Дэрэвгэр жиргэрүү гэх зүйлийн ургамлыг Замын-Үүд сум дахь захиргааны зөвлөлд шилжүүлж шийдвэрлүүлэх саналтай байна...”гэжээ. /хх-ийн 106/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Х нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын зорчих чиглэлээр гаалийн хяналтын бүсийн тээврийн хэрэгслийн хяналтын гарах чиглэлд зорчигч тээврийн ... дугаартай автобусны зүүн талын хойд хэсэгт Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолоор баталж, Засгийн газрын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаартай тогтоолоор нэмэлт оруулсан “Ховор ургамлын жагсаалт”-нд багтсан, Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4-т зааснаар гадаадад гаргахыг хориглосон “Дэрэвгэр жиргэрүү” гэх 16 кг хэмжээтэй ургамлыг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би БНХАУ-ын Юан Сун компаний Бээжингийн автобусны хөтөч хийдэг, ажлаа хийгээд явж байсан. Гаалийн байцаагч шалгалт хийхэд манай автобуснаас хуурай сүү, шуудайтай модлог ургамал гарсан. БНХАУ-ын зорчигч тээврийн ... дугаартай автобусанд байгаа хайрцагтай хуурай сүү бол минийх, шуудайтай зүйлийг юу гэдгийг мэдэхгүй. Өглөө тээшин дээр нэг хүн бараа гаргуулах гэсэн юм гээд явж байсан, тэгэхээр нь би жолоочоо зааж өгөөд явуулсан. Жолоочид юу гэж хэлж өгснийг мэдэхгүй. Харин би өөрөө ажлын хажуугаараа өдөртөө сүү, унааныхаа мөнгийг олох зорилгоор бага хэмжээтэй сүү хүнсний зүйл авч гаргадаг. ...Би ийм ургамал авсан гэдгийг нь мэдээгүй..." гэх мэдүүлэг /хх-13/, гэрч У.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Гаалийн улсын байцаагч БНХАУ-ын зорчигч тээврийн ... дугаартай автобусанд хяналт шалгалт хийж цагаан өнгийн 4 ширхэг жижиг шуудайтай зүйлсийг гаргах үед гэрчээр байлцсан. Минийхээр жижиг жижгээр хэрчсэн модлог ургамал байсан. Тухайн гарч ирсэн зүйлийг гаалийн байцаагч жинг нь гаргах үед хамт байлцсан...” гэх мэдүүлэг /1хх-14-15/, гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр АЗНШНЦ-1-ын гарах чиглэлд батлагдсан хуваарийн дагуу хяналт шалгалт хийх явцад БНХАУ-ын N8125 дугаартай улаан өнгийн автобусанд үзлэг шалгалт хийхэд уг автобусны жолооч нь БНХАУ-ын иргэн Наn jianzhong /Хан Жиэн жун/гэх хүн байсан бөгөөд автобусны арын мотор байрлах хэсэгт жолооч талын хэсгийн мотор хөргөх зориулалт бүхий бүхээг хэсгийг онгойлгож үзэхэд 4 ширхэг цагаан өнгийн ууттай зүйл байсныг нээж үзэхэд дотор нь модлог ургамлын үндэс шиг жижиг болгож хэрчиж хийсэн зүйл байсныг илрүүлэн тухайн эд зүйл юу болох талаар жолоочоос асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн, монгол хэлээр ярьдаггүй хүн байсан тэгээд тухайн модлог ургамал бүхий зүйлийг “Дэрэвгэр жиргэрүү” ургамал байх магадлалтай байсан учраас хойшлуулшгүй ажиллагааг хийсэн юм. Бараа эд зүйлээ мэдүүлээгүй, тухайн хүн гаалийн мэдүүлэг деклараци бөглөөгүй, ямар нэг зөвшөөрөл болон холбогдох бичиг баримт байгаагүй. Тухайн жолооч бараа эд зүйлээ мэдүүлэх боломж нээлттэй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/, А ХХК-ийн автомашин техникийн үнэлгээ болон эд зүйлийн үнэлгээний тайлан, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-25/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Х нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр үйлдэж, байгаль экологид 800.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Х нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хязгаарлалт тогтоосон барааг зохин зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан Дэрэвгэр жиргэрүү гэх 16 кг хэмжээтэй ургамлыг Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлж, нийт 800.000 төгрөгөөр, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай 2014 онд үйлдвэрлэсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн ... маркийн автомашиныг 15.000.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Эд мөрийн баримтаар хураагдсан ховор ургамлын жагсаалтанд орсон 16 кг хэмжээтэй Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 15.000.000 төгрөгний үнэлгээтэй, ... улсын дугаартай 2014 онд үйлдвэрлэсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн ... маркийн автомашин нь БНХАУ-ын Эрээн хотын Yuan Xun ХК нэр дээр бүртгэлтэй байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигч байгууллага болох Yuan Xun ХК-д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 15.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршиг байхгүй, тогтмол орлоготой, шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал, прокуророос санал болгосон ялын хэмжээ, төрлийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Торгуулийн хэмжээ, шүүгэдгчийн орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хязгаарлалт тогтоосон барааг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 800.000 /найман зуун мянга/ төгрөгний үнэлгээтэй Дэрэвгэр жиргэрүү гэх 16 кг хэмжээтэй ургамлыг хурааж, улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай ... маркийн авто машиныг эзэмшигч Y ХК-д буцаан олгож,тээврийн хэрэгслийн үнэ болох 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг шүүгдэгч Х-с гаргуулж улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц