Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01747

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/06165 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр, алдангид 39,836,617 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь *******-тай 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 22169376, СА21/16/22 тоот эд хөрөнгийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан хамтран ажилласан. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *******-ийн КFС Энхтайван салбарт ашигладаг С/А Неnnу Реnnу 4 Неаd тахианы мах шарагчнаас гал гарч, шатсан бөгөөд компанид 16,332,692 төгрөгийн хохирол үүссэн. Бид гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр *******-ийн КFС 32 салбарт ашигладаг Неnnу Реnnу Е60017 тахианы мах шарагчаас гал гарч, шатсан бөгөөд компанид 19,761,420 төгрөгийн хохирол үүссэн. Манай гэрээний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Дээрх гал нь даатгалын тохиолдол бөгөөд энэхүү тохиолдол үүссэнтэй холбоотойгоор талуудын байгуулсан гэрээний 9.1.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллага болох *******-аар дүгнэлт гаргуулсан. Гэвч хариуцагч ******* нь дээрх 2 даатгалын тохиолдолд талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.15.а-д заасны дагуу элэгдэл, хорогдол учирсан гэж үзэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, талуудын байгуулсан эд хөрөнгийн даатгалын гэрээний 7.1-т эд хөрөнгийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь өөрсдийн бүхий л эд хөрөнгийг 100% өртөг үнээр буюу анхны худалдан авсан үнийн дүнгээр нь даатгуулсан болно. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас нийт 39,836,617 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

*******-ийн Энхтайван салбарт ашиглаж байсан С/АНеnnу Реnnу 4 НеасР загварын А1Ч1906082 серийн дугаартай даралтат тогоонд акт тогтоох тухай *******-ийн албан тоотод Тухайн тоног төхөөрөмжид үзлэг хийж оношлоход бүтээгдэхүүн шарах хэсэг буюу тос агуулах сав нь гагнаас хэсгээрээ цууралт өгснөөр тос алдаж, халаах хэсгийн гол руу урсан орсноор гал гарч, даралтат тогоо шатсан. Цаашид ашиглахад гал авалцах магадлал өндөр, засварлах боломжгүй тул акт тогтоож байна гэжээ. Дээрх үйл баримтыг дүгнэж үзвэл шарагч тогоо нь гадны шууд нөлөө байхгүй бөгөөд, эдэлгээний явцад гагнаас хэсгээрээ цууралт өгсний улмаас төхөөрөмжид гал авалцах ослыг бий болгосон нь тогтоогдож байна. Даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 5.2.15а-д ...Хэвийн элэгдэл, хорогдлын улмаас гарсан гэмтэл, хохирол... гэх заалтад хамаарч байх тул тус заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно. Даатгуулагчийн өөрийн гаргаж өгсөн Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу галын нөхцөл байдлын анхдагч эх үүсвэр нь төхөөрөмжийн өөрийн элэгдэл хорогдлоос үүдэлтэй нь тогтоогдсон тул энэхүү тохиолдол нь нэхэмжлэгч талаас мэдүүлсэн даатгалын гэрээний 5.1.1 буюу галын эрсдэлийн хүчин зүйлд хамаарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

КFС 32 салбарт ашиглаж байсан Неnnу Реnnу Е600Г загварын АШ003047 серийн дугаартай даралтат тогоонд *******-ийн хийсэн үзлэгийн тухай албан тоотод Тухайн тоног төхөөрөмжид үзлэг хийж оношлоход бүтээгдэхүүн шарах хэсгийн тос агуулах сав нь гагнаас хэсгээрээ цууралт өгснөөр тос алдаж, халаах хэсгийн гол руу урсан орсноор гал гарах шалтгаан болсныг тогтоолоо. Цаашид тухайн тоног төхөөрөмжийг ашиглахад гал авалцах магадлал өндөр, засвар хийж ашиглах боломжгүй тул акт тогтоож байна гэжээ. Энэхүү тохиолдолд мөн л мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу галын нөхцөл байдлын анхдагч эх үүсвэр нь төхөөрөмжийн өөрийн элэгдэл хорогдлоос үүдэлтэй нь тогтоогдсон тул энэхүү тохиолдол нь нэхэмжлэгч талаас мэдүүлсэн даатгалын гэрээний 5.1.1 буюу галын эрсдэл-ийн хүчин зүйлд хамаарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн дээрх хоёр тохиолдлын хувьд даатгуулагч төхөөрөмж цуурсан буюу эвдрэл үүссэн байхад гагнаасыг засахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т заасан даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэнд хамаарч байгаа. Иймээс дээрх эд хөрөнгийн хохиролд нөхөн олговор олгохгүй гэх шийдвэр нь үндэслэлтэй болно. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас даатгалын нөхөн төлбөр 36,094,112 төгрөг, алданги 3,742,505 төгрөг, нийт 39,836,617 төгрөг гаргуулан *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 357,134 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******-аас тэмдэгтийн хураамж 357,134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Зохигч талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 7.8-д Даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгааныг мэргэжлийн эсхүл эрх бүхий байгууллага тогтооно гэж заажээ.

******* болон *******-ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эд хөрөнгийн багц даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний 7.8-д Даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгааныг мэргэжлийн эсхүл эрх бүхий байгууллага тогтооно гэх заалтын мэргэжлийн эсхүл эрх бүхий байгууллага гэдгийг тус даатгалын гэрээний 2.13-т Эрх бүхий байгууллага гэж даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөлд хуулийн дагуу тухайн тохиолдлыг шалгах, баримтжуулах шалтгааныг тогтоох, шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтныг, 2.27-т Мэргэжлийн байгууллага гэж даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөлд хуулийн дагуу тухайн тохиолдлыг шалгах, баримтжуулах, шалтгааныг тогтоох, дүгнэлт гаргах мэргэжлийн хуулийн этгээд, даатгалын хохирол үнэлгээчин гэж тус тус тайлбарлажээ.

Тодруулбал, тухайн чиглэлээр дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн этгээд гэмтлийн шалтгаан нөхцөлийн талаар дүгнэлт гаргах бөгөөд тус гэмтлийг засварлах болон солиход хэчнээн төгрөгийн зардал гарах вэ гэдгийг СЗХ-оос тусгай зөвшөөрөл авсан хохирол үнэлгээний компани гаргадаг. Гэтэл *******-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь гадаад худалдаа бөгөөд гал тогооны тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ, зочид буудал, мэдээлэл технологийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.

Тухайн чиглэлээр дүгнэлт гаргах эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй компанийг *******-тай Хүнсний тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх үзлэг болон засвар үйлчилгээний гэрээ-тэй гэдэг үндэслэлээр мэргэжлийн эсхүл эрх бүхий байгууллага гэж үзнэ гэсэн шүүгчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтад нийцэхгүй байна.

4.2. Гал гарсан дуудлагын дагуу очиж, үзлэг оношилгоо хийсэн гэх *******-ийн инженерүүд болох *******, ******* нар нь тухайн чиглэлээр дүгнэлт гаргах эрхгүй болох нь хариуцагчийн хүсэлтээр хэрэгт нотлох баримтаар авсан тухайн ажилтнуудын мэргэжлийн дипломоор тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, ******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийг хөдөө аж ахуйн инженер механикаар төгссөн, ******* нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийг газрын тосны өрөмдлөг мэргэжлээр тус тус төгссөн байна.

Даралтат тогоог засварлах боломжгүй гэх дүгнэлт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа ямар хууль, ямар дүрэм журам, стандартыг үндэслэж байгаа нь тодорхойгүй бөгөөд гэрчийн мэдүүлэг авах үед энэ талаар тодруулахад тухайн ажилтнууд нь хариулж чадахгүй байсан болно.

Хариуцагчийн зүгээс даралтат тогоонд гарсан гэмтлийг засварлах эсхүл солих уу гэдгийг хэргийн оролцогч нартай хамааралгүй хөндлөнгийн, дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагаар тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч тухай бүр үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Мөн хариуцагчийн зүгээс шинжилгээ хийх боломжтой газруудтай холбогдон учир шалтгааныг тайлбарлахад тухайн үеийн үзлэгийн тэмдэглэл байвал тогтоох боломжтой гэсэн хариу өгсний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тухайн үед дуудлага өгч, үзлэг хийсэн эсэх талаар лавлагаа авах хүсэлт, дахин шинжээч томилуулах хүсэлт, тухайн тогоонд ямар хэмжээний хохирол учирсан талаар хохирол үнэлгээний тайлан гаргуулах хүсэлтүүдийг тавьсан ч бүх хүсэлтийг хангаагүй.

*******ын гэрчийн мэдүүлэгт Өмнө нь гацаад тос доошоо алдсан байсан, цууралт үүсээгүй. ... хэдэн хоногийн давтамжтай гацсан бэ гэхэд 7 хоногийн зайтай, тахиа шардаг тогоон дотор сетик унаад гацсан тэрийг нь аваад арилгаад явж байсан... тахиа шарж байх явцад тос нь гоожоод халуун хүйтэн харшиж салсан гэж мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлгээс харахад тогоонд хэд хэдэн удаа юм гацаж тосгүй халж байсан бөгөөд тосгүй халснаар гагнаас хэсгээр цуурах шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл, даатгуулагч даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг бүрдүүлсэн байгаа нь тогтоогддог ч шүүгч уг нотлох баримтыг үнэлээгүй.

4.3. Эд хөрөнгийн багц даатгалын гэрээний 7.1-т Эд хөрөнгийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө гэж заасан. Бодит хохирол гэдэг нь тухайн эд хөрөнгийн эвдэрч гэмтсэн эд ангийг засахад зарцуулагдах даатгуулагчид учирсан хохирлыг хэлнэ. Тахианы мах шарагчийн хувьд эд ангийг засварлах боломжтой ч эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн дүгнэлтээс харахад уг тогоонд учирсан хохирлыг мэргэжлийн хохирол үнэлгээчнээр үнэлүүлэн гарсан дүнг бодит хохирол гэж үзнэ. Тухайн эд хөрөнгийн залгуур эвдэрлээ гээд анх худалдаж авсан дүнгээр нь даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцоогүй болно.

Даралтат тогооны үнийг даатгалын гэрээнд заасан үнэлгээгээр тооцож олгох ёстой бөгөөд тэр үнийн дүн буюу даатгалын үнэлгээ тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн үндсэн хөрөнгийн бүртгэлийн үнийн дүнгээр нөхөн төлбөр олгох ёстой гэсэн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

4.4. Даатгалын гэрээний 9.2-т Нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 16,332,692 төгрөгийн алданги 1,469,942 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.

Бид даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөрийн материалыг хүлээж авснаас хойш даатгалын гэрээний 9.3-т заасан Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал И-мэйлээр даатгуулагч талд мэдэгдэж хугацааг сунгаж болно гэх зохицуулалтын дагуу даатгуулагчаас нэмэлтээр баримт шаардах, даатгалын зүйлийн талаарх дэлгэрэнгүй жагсаалтыг гаргуулах, нөхөн төлбөрийн асуудлаар биечлэн уулзах зэргээр удаа дараа ажиллагаа хийсэн бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацааг хэтрүүлээгүй тул алданги төлөх үндэслэлгүй юм.

Мөн тогоо шатсан тохиолдлууд нь хоорондоо 1 сарын зайтай байх бөгөөд хоёулаа гагнаас хэсгийн цууралтаас болж тогоо шатсан буюу засвар үйлчилгээний компаниас дуудлагын дагуу 7 хоногийн өмнө хавхлаг янзалсан тухай, хавхлагийн эвдрэл цууралтад нөлөөлсөн тухай мэдүүлсэн зэрэг нь тухайн тогооны хэвийн элэгдэл, хорогдол, нөхцөл орчин бүрдүүлсэн зэрэг шалтгаануудын улмаас даатгалын тохиолдол бий болсон гэж үзсэн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэрэгт авагдсан ямар баримтаар, хариуцагчийн тайлбар, татгалзал хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож, үгүйсгэгдэж байгаа талаарх дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтын дагуу хийж үнэлэх ёстой боловч шүүгч хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэлгүй хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүх шинжилгээний ерөнхий газар нь шинжилгээ хийх боломжгүй, мэргэжлийн хүмүүсээр нь хийлгэх талаар хэлээд татгалзсан. Механик инженерийн сургуулийн шинжээчээр томилуулах тухай албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Тухайн албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй. Хуулбар үнэн гэсэн баримтад хариуцагч байгууллагын тамга, тэмдэг дарагдсан. Хариуцагч байгууллага нь галыг энгийн элэгдэл, хорогдлоос үүссэн гэж тайлбарладаг. Гэрээний 2.16-д галын эрсдэлийн талаар заасан. Гэрээг хязгаарлаагүй бүх төрлийн галыг галын эрсдэлд тооцохоор зохицуулсан. Гал гарсан тохиолдолд галын эрсдэлд хамааруулан үзээд талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. ******* нь тусгай зөвшөөрөлтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.27-д заасан мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хуулийн этгээд гэх үндэслэлд хамаарна. Мэргэжлийн байгууллагаар галын дүгнэлтийг гаргуулж гэрээний 9.1-т заасны дагуу даатгуулагч талдаа өгсөн. Гэтэл хариуцагч байгууллага нь нэмэлт баримт шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Даатгалын гэрээний 7.1-т эд хөрөнгийг өртгөөр буюу түүний бүрэн үнээр даатгуулсан тохиолдолд гарсан бодит хохирлыг 100 хувь нөхөн төлөх ёстой. Мөн гэрээний 9.2-т алдангийн талаар заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, алдангид 39,836,617 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ КFС Энхтайван салбарт ашигладаг С/А Неnnу Реnnу 4 Неаd тахианы мах шарагч, КFС 32 салбарт ашигладаг Неnnу Реnnу Е60017 тахианы мах шарагчаас тус тус гал гарч, шатсан бөгөөд даатгалын тохиолдол бий болсон тул даатгалын нөхөн төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэжээ.

 

1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Галын тохиолдол нь шарах тогооны хэвийн элэгдэл, хорогдлын улмаас гарсан тул даатгалын эрсдэлд хамаарахгүй, дүгнэлт гаргасан байгууллага нь мэргэжлийн эрх бүхий байгууллага биш тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас даатгалын зүйлд гарсан галын шалтгааныг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх ба шүүхээс уг хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

 

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч КFС Энхтайван салбар болон КFС 32 салбарын шарах тогоонуудын тос агуулах савны гагнаас ямар шалтгааны улмаас цууралт өгснийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/09958 дугаар захирамжаар шинжээчээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14/3800 дугаар албан бичгээр шинжилгээ хийхэд физикийн шинжилгээний лаборатори нь багаж, техник хэрэгсэлгүй, стандарт ажлын заавар байхгүй тул шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй гэх хариуг ирүүлсэн байна. /2хх66/

 

3.2. Үүний дараа хариуцагч талаас 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр галын шалтгааныг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлтийг дахин гаргасан/2хх78/ байх боловч мөн өдрийн огноотой шүүгчийн захирамжаар талуудын эвлэрэн хэлэлцэх тухай санал шийдэгдсэний дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж тухайн хүсэлтийг шийдвэрлэхгүй орхижээ./2хх82-83/

 

3.3. Түүнчлэн, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс шинжээч томилуулах зорилгоор Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженерийн сургуульд хүсэлт гаргасан тухай баримтаа ирүүлж, өмнө гаргасан хүсэлтээ дэмжсэн байхад уг хүсэлтийг шийдвэрлээгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4. Иймд, шүүх даатгалын зүйлд гарсан галын шалтгааныг тогтоолгох тухай хариуцагчийн гаргасан ач холбогдол бүхий хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/06165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,133 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ