| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/01509/и |
| Дугаар | 209/МА2025/00067 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 209/МА2025/00067
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 307/ШШ2025/01402 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******эд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээг шинээр нотариатаар батлуулахыг хариуцагчид даалгуулах, газрын шилжилт хөдөлгөөнийг зөвтгөж бүртгэхийг бүртгэлийн хэлтэст даалгуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
2020 оны 07 дугаар сарын 02-нд , нараас олгогдсон итгэмжлэлийн дагуу ******* би *******тэй үл хөдлөх эд хөрөнгө (Ү-******* дугаартай) худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус хөрөнгийг 100 сая төгрөгөөр худалдсан ба ******* нь тухайн үед намайг өвчтэй байхад нотариатаар орж тус үл хөдлөх эд хөрөнгийг 20 сая төгрөгөөр худалдан борлуулж байгаа гэдэг бичиг дээр гарын үсэг зуруулсан байсан. Би тухайн үед бичиг баримтад гарын үсэг зурахдаа уншиж танилцалгүй, учир холбогдлыг нь ойлголгүй гарын үсэг зурсан. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг 20 сая төгрөгөөр худалдан борлуулж байгаа гэж төрийн байгууллага, нотариатыг хуурсан үйлдэл нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль гэх зэрэг олон хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд: Хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэлд буюу 56.1.5-д заахдаа хууль зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна. Зарагдаж байгаа үнийн дүнгээс бага үнийн дүнгээр гэрээ байгуулж байгаа нь татвараас зайлсхийсэн хууль зөрчсөн үйлдэл юм.
Мөн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т хэлцэл дүр эсгэсэн бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ. Бодит үнийн дүнг нууж өөр үнэ заасан бол үүнийг дүр эсгэсэн буюу хуурамч хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн практикт татвараас зайлсхийсэн олон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож байсан байна.
Иймээс энэхүү төрийн байгууллагыг хууран мэхэлж, татвар төлөхөөс зайлсхийж хийсэн хэлцлийг зөвтгөж, хуульд нийцүүлэн хийх зайлшгүй шаардлагатай байна. Миний зүгээс энэхүү худалдан борлуулах гэрээ, хэлцэлд хайнга хандаж ийм асуудал үүсгэсэндээ харамсаж байгаа ба одоо төрийн эрх бүхий байгууллагаар, хариуцагчаар энэхүү хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Э-******* дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг 100 сая төгрөгөөр худалдсан гэрээний үнийн дүнг 20 сая болгож нотариатын байгууллагыг хуурсан үйлдлээ зөвтгөж 100 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу шинээр нотариатаар батлуулахыг хариуцагч эд даалгах, татвараас зайлсхийсэн үйлдлээс улбаатай, Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Э-******* дугаартай газрын шилжилт хөдөлгөөнийг зөвтгөж бүртгэх ажиллагааг эхнээс нь хуульд нийцүүлэн дахин бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /
2. Хариуцагч *******ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
... Нэхэмжлэгч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн 2025 оны 06 сарын 23-ны өдөр шүүхэд өгсөн нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг хийж байна.
Миний бие ******* нь *******тай 2020 оны 04 сард анх Дархан-Уул аймгийн Хонгор суманд нэг объект байгаа түүнийг ямар ч нөхцөлөөр авч болно. Ашиглаж чадахгүй энэ объект бүүр балгас болоод дуусах нь. Ах нь мөнгө төгрөгийг нь яаруулахгүй гэж хэлсэн. Манай гэр бүл ирээдүйд хөдөө аж ахуйн бизнес эрхлэх төлөвлөгөөтэй байсан болохоор ******* ахтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 07 сард Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах нурсан объектийг нэг зуун сая төгрөгийг тодорхой хугацаанд хуваарийн дагуу төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан.
Худалдагч ******* нь тэртээ тэргүй балгас юм чинь татвар бага төлөх үүднээс 5 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулъя гэхээр нь за ахаа арай ч дээ объект шүү дээ гээд 20 саяар гэрээ байгуулсан. Татварын асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд худалдагч тал татвараа хариуцах ёстой байсан ч тухайн үед ******* ах санхүүгийн боломж муу байна гэж гуйсан учраас бид татвар болох 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг тушаасан. Гэтэл ******* нь төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад объектод засвар хийгээд дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэсний дараа худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандаж 3 шатны шүүхээр 4 жилийн турш маргаан үүсгэж, эцэст нь дээд шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.
Энэ хугацаанд ******* нь ******* намайг болон манай гэр бүлийг шалгуулаагүй гомдол гаргаагүй газар гэж байхгүй. Ямар ч үндэслэлгүйгээр худал мэдээллээр байнга Цагдаа, прокурор, АТГ-т өгч шалгуулдаг бөгөөд энэ нь бидний бизнес ажил хэргийн нэр хүнд, үйл ажиллагаанд байнга саад болж сөргөөр нөлөөлж байдаг.
Энэ удаагийн *******гийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, мөн нэхэмжлэгч гэгч хүн хэн болох, бидэнд ямар хамааралтай, яагаад түүнийг ******* төлөөлж байгаа нь тодорхойгүй, худалдах, худалдан авах хэлцлийн үүрэг дуусгавар болж төлбөр тооцоог (100,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан) төлж дуусгасан байхад ямар шалтгаанаар шүүхэд ийнхүү хандаж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ. / х.х 27 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******эд холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээг шинээр нотариатаар батлуулахыг хариуцагчид даалгуулах, газрын шилжилт хөдөлгөөнийг зөвтгөж бүртгэхийг бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а. Шүүгч Д.Алтантуяа нь өмнө нь энэ хэргийг нэхэмжлэгчийн эсрэг шийдэж байсан ба шүүгчийг татгалзах хүсэлтийг хангаагүй. Шүүгч өөрийн өмнө нь гаргасан шийдвэрээ хамгаалж нөлөөнд орж, эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь шүүгчийн нөлөөнд орох тангаргаа зөрчсөн. Шүүгч нөлөөнд орох өмнө нь шийдсэн хэргээсээ өөрийн ёс зүй, ухамсраараа татгалзах үндэслэлтэй байсан.
б. Нэхэмжлэлийн шаардлага Монгол улсын хэд хэдэн хууль зөрчигдсөн үйлдлийг зөвтгөх шаардлага гаргасныг мушгин гуйвуулж, шийдсэн хэрэгтэйгээ хамруулан хариуцагчийн эрх ашигт үйлчилж, нөлөөллийн гэрээг зөрчиж байгаад гомдолтой байна.
в. Хууль зөрчсөн үйлдлийг халхавчлах зорилгоор өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэж дүгнэж, хууль зөрчиж хийсэн, зөвтгөх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө хууль зөрчиж байгаа шүүгчид гомдолтой байна.
г. Хууль зөрчигдсөн үйлдлийг зөвтгөн шударгаар шийдвэрлэх ёстой шүүгчийн гаргасан шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим заалт нь Монгол улсын хуулийн эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна.
д. 100 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг 20 сая төгрөгөөр зарсан гэх үйлдэл нь Монгол улсын хууль зөрчсөн эсэхийг тогтоолгон зөвтгөх гэсэн шаардлагыг шүүгч өөрийн өмнө нь гаргасан шийдвэрээ хамгаалах зорилгоор нөлөөнд орж, хуулийн дагуу асуудлыг шийдээгүйд гомдолтой байна.
е. Шүүгч Иргэний хуулийн 56, 58, 59-р зүйлүүдэд дур мэдэн өөрөөр тайлбар хийж, тайлбар хийх ёстой УДШ-ийн бүрэн эрхэнд ноцтойгоор халдаж хуулийг гуйвуулж хэрэглэж нэхэмжлэгчийг хохироож байгаад гомдолтой байна.
ё. Тухайн хэлцэл хууль зөрчигдөж хийснийг илрүүлж зөвтгөх хүсэлтийг давж заалдах шатны шүүх хамааралгүй гэж үзэн зөрчигдсөн хуулийг зөвтгөөгүй орхисноос болж, магадлал гаргасан шүүгч нарын магадлалыг өмнөө барьж буруугаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
ж. Хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. / х.х 71 /
5. Хариуцагч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн боловч шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг шинээр нотариатаар батлуулахыг хариуцагчид даалгуулах, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын шилжилт хөдөлгөөнийг зөвтгөж бүртгэхийг бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэргээс судлан үзвэл:
9. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/01151 дугаартай шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба тус шийдвэрээс үзвэл ..., нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах 0000******* дугаар гэрчилгээ бүхий Э-******* улсын бүртгэл бүхий газар, 800 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч 20,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь уг гэрээг Иргэний хуулийн 56,58,59 дүгээр зүйл заалтуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дээрх шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гомдлоор давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байх ба хяналтын шатны шүүх хэлэлцүүлэхээс татгалзаж, улмаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 28, 46-54/
11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв хэдий ч хариуцагч нь нэхэмжлэгчийн ямар эрхийг хэрхэн зөрчсөн, зохигчдын хооронд байгуулсан гэрээний үнийг бууруулж бичсэнээр нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн болон нэхэмжлэгчийн шаардлагад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж байна.
12. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Хамгаалалт хийх эрх гэдэг нь эрх бүхий этгээд өөрийгөө болон бусад этгээдийг хамгаалах зорилгоор тодорхой үйлдэл хийх, ашиг сонирхлоо хамгаалуулах иргэний субьектив эрх. Энэхүү эрх нь зөрчигдсөн этгээд бусад этгээдийн зүгээс эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээх явдал бөгөөд хамгаалалтын нэг хэлбэр нь шүүхийн журмаар хэрэгждэг.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж заасан.
Өөрийн эрхээ хамгаалуулахаар мэдүүлэх эрх нь хуулиар тогтоосон журмын дагуу хэрэгжих бөгөөд нэхэмжлэгч ******* нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хариуцагч *******эд холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
14. Нэхэмжлэгч гаргасан шаардлагаа 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг дахин байгуулах, нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх гэж тодорхойлжээ.
Зохигчдын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн гэрээнд нэхэмжлэгч нь худалдагчаас олгосон итгэмжлэлийн дагуу оролцсон этгээд болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тус гэрээ байгуулагдсанаар хариуцагч С. нь нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрхийг хэрхэн зөрчсөн, зохигчдын хооронд байгуулсан гэрээг дахин байгуулах ямар шалтгаан нөхцөл үүссэн нь тодорхойгүй байна.
15.Нэхэмжлэгч *******гийн хууль ёсны эрх хэрхэн зөрчигдсөн, зөрчигдөж болохуйц нөхцөл үүссэнээр шүүх түүний эрхийг сэргээх шаардлага үүснэ.
Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд тухайн хөрөнгийн шаардлага гаргаж байгаа нь өмчлөгчөөс гэрээтэй холбоотой маргаан үүсгээгүй, өөрт нь хууль болон гэрээгээр үүрэг үүссэн талаараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй.
16. Иймд нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй, өөрийн хууль ёсны эрх ашиг нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах “ тухай хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 307/ШШ2025/01402 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасынг баримтлан” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Г.МЯГМАРСҮРЭН