Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2016/00500

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, С овогт Х-ийн Хд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б төрийн бус байгууллагыг татан буулгахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль зүйн яаманд бүртгэлтэй Б төрийн бус байгууллага нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байх ба Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст олон жил тайлан мэдээ гаргаж өгөөгүй байна.

Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.8, 11 дүгээр зүйлийн 11.3 дугаар заалтуудыг зөрчсөн байх тул Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд тус тус зааснаар эдгээр хуулийн этгээдийг татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б төрийн бус байгууллага нь хуульд заасан хугацаанд шинэчилсэн бүртгэлд ороогүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу аймгийн Төрийн сан болон Татварын хэлтэст мэдээ, тайлангаа гаргаж өгөөгүй. Ийм учраас Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар уг төрийн бус байгууллагыг татан буулгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.4-д хуулийн этгээд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн бол улсын бүртгэлийн байгууллага нь тухайн хуулийн этгээдийг татан буулгах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу тус шүүхэд Б төрийн бус байгууллагыг татан буулгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газраас Б төрийн бус байгууллагыг татан буулгахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах болсон хууль зүйн үндэслэл нь:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үйлдвэрлэлийн хоршооллын Б төрийн бус байгууллага нь Аймгийн үйлдвэрлэлийн хоршооллын аж ахуйн нэгжүүд сайн дураараа эвлэлдэн нэгдсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2002 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын бүртгэлд бүртгүүлэхээр болж өргөдлөө гаргасан байна.

Б төрийн бус байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш өөрийн үйл ажиллагааг эрхлээгүй, санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, тус хэлтэст тайлан балансыг гаргаж өгөөгүй, хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй болох нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 213 дугаар Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын болон 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 5-03/1148 дугаар аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан бичгүүд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

2003 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон боловч уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т ...Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын дотор буюу 2005 оны 4 дүгээр сарын 01-ний дотор хуульд заасан баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ.. гэсэн заалтыг уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байхдаа Б төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч буюу эзэн Х.Х зөрчиж тухайн үед шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байна.

Иймд Х.Х эзэнтэй Б төрийн бус байгууллага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ тогтоомжийг удаа дараа дээрх үндэслэлээр зөрчсөн байх тул Х.Х эзэнтэй Б төрийн бус байгууллагыг татан буулгаж, нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар 135.2.14-т тус тус заасныг баримтлан Х.Х эзэнтэй Б Төрийн бус байгууллагыг татан буулгасугай.

2.Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн / шинэчилсэн найруулга / 24 дүгээр зүйлийн 24.3-д тус тус заасныг баримтлан улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэл хийхийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн албанд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК