Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01706

 

 

БНСУ-ын иргэн ******* /*******/-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05880 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн *******/*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******-д тус тус холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн ******* /*******/,

******* болон *******/*******/, ******* хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ”, уг гэрээг үндэслэн байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Барьцааны гэрээ”-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан гудамж 66 байрны ******* хаягт байршилтай, 242 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг, ******* хороо, Зайсан гудамж, 66 байрны ******* хаягт байршилтай, 242 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоолын өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн ******* /*******/-д шилжүүлэхийг БНСУ-ын иргэн ******* /*******/-д даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНСУ-ын иргэн *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 160825 дугаар зээлийн гэрээг 8 сарын хугацаатай байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* 180,000,000 төгрөгийг зээлдэгч БНСУ-ын иргэн ******* болон ******* нарт зээлдүүлэх, зээлдэгч нар тус гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Зээлийн гэрээний дагуу ******* нь *******, ******* нарт 180,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн хэдий ч шилжүүлэг огт хийгдээгүй.

Мөн *******, ******* нар нь зээлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд тус гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч *******ээс *******, ******* нарт мөнгө шилжүүлээгүй тул эргэн төлөлт огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, ******* болон *******, ******* нар 2016 оны 08 дугаар сарын 25 өдрийн зээлийн гэрээг /№160825/ хэлбэрийн шаардлага ханган байгуулж, улмаар тус гэрээнд үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээг /№5515/ байгуулсан боловч талууд зээлийн гэрээний дагуу бодит байдал дээр огт мөнгө өгсөн, авсан зүйлгүй болно. Ийнхүү ******* нь уг зээлийн гэрээний дагуу *******, ******* нарт мөнгө шилжүүлээгүй учраас зээлийг буцаан шаардаагүй өнөөдрийг хүрсэн.

Нэгэнт зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй тул зээлдэгч ******* нь барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр хариуцагчид удаа дараа хандсан. Гэвч ******* нь *******-ий ажилладаг байсан *******-тай өр төлбөрийн асуудлаар шалтаглан өнөөдрийг хүртэл орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхгүй байгаа тул шүүхэд хандах болсон. Мөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог.

Хэрэгт 68,000,000 төгрөгийн баримт л байна. 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа боловч нотлогдохгүй байна. Харин 68,000,000 төгрөгийг авснаа зөвшөөрч байгаа, 100,000,000 төгрөгийн тухайд *******нь баримтаар нотлогдож байна.

Иймд, зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцааны зүйл болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан гудамж 66 дугаар байр, ******* хаягт байрлах 242 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, хаягт байрлах авто зогсоолыг барьцаанаас чөлөөлж өгнө үү. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь *******-гийн эрх, ашиг сонирхолд харшлахгүй болно. Харин *******-д холбогдуулан гаргах ямар нэг тайлбар байхгүй гэжээ.

 

2. Хариуцагч *******ийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан. Хүсэл зоригийн үндсэн дээр бид гэрээ байгуулсан. Хариуцагч *******ийн хувьд *******-д бэлнээр 100,000,000 төгрөг, дансаар 30,000,000 төгрөг болон 38,000,000 төгрөг, нийт 168,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Манай зүгээс гэрээний үүрэгт 180,000,000 төгрөг шилжүүлсэн, баримтаар 168,000,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. *******ийн хувьд 12,000,000 төгрөг төлсөн баримтаа хайгаад олоогүй. Нэг удаа бэлнээр өгсөн гэж хэлж байсан. Бидний зүгээс байгаа мөнгө шилжүүлсэн баримтаа гаргаж өгсөн. Харин нэхэмжлэгч талаас буцааж шилжүүлсэн зүйл байхгүй. Төлбөр мөнгөтэй холбоотой нэг зээлдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар нас барсан тул *******ийн нөхөр БНСУ-ын иргэн тул уг асуудалд хүндэтгэлтэй хандъя гэж үзээд асуудал үүсгээгүй. Гэхдээ энэ талаар нэхэмжлэгчид хэлж байсан. Манай зүгээс шилжүүлсэн 100,000,000 төгрөгийн баримтын хувьд гэрээ байгуулагдсан өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэж бичигдсэн байгаа. Мөнгөн шилжүүлгийн баримт дээр ******* гэж бичигдээгүй боловч хүлээн авсан гэх хэсэгт *******, ******* нарын нэр байгаа. 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээ байгуулсан цаг хугацааны хувьд адилхан таарч байгаа. Одоо тус орон сууцыг ******* эзэмшиж, ашиглаж байгаа. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж ******* нь иргэд хооронд байгуулагдсан буюу иргэн ******* болон БНСУ-ын иргэн ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний оролцогч биш бөгөөд ямар нэгэн байдлаар гэрээний талуудын өмнө хариуцлага хүлээгээгүй.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *******-ийг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ хавтаст хэрэг авагдсан 100,000,000 төгрөгийн баримтад үндэслэн манай компанийг уг хэрэг маргаанд хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс ******* нь 100,000,000 төгрөгийг хүлээн авсан гэсэн байх тул гэх үндэслэлээр манайхыг хариуцагчаар татсан байсан, гэтэл миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйл баримтыг судалж үзэхэд *******-аас дээрх 100,000,000 төгрөгийг хүлээн авсан гэх баримт байдаггүй тул манай компанийг хариуцагчаар татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзэхэд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл нь *******-тай холбоотой ямар нэг шаардлага байхгүй байх бөгөөд ******* нь нэхэмжлэгчид ямар хохирол учруулсан, ямар үүрэг хүлээх ёстой байсан, ямар үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд ******* нь уг хэрэг маргаанд хариуцагчаар оролцох этгээд биш тул манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага, тайлбарын агуулга:

БНСУ-ын иргэн ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ******* хороо, Зайсан гудамж, 66-******* 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхрын гараашийн хамт барьцаалуулахаар өөрийн төрсөн ахын гуйлтаар БНСУ-ын иргэн *******-д барьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр барьцаанд тавих “Итгэмжлэл”-ийг олгосон.

Улмаар дээрх итгэмжлэлийг ашиглан хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”-ээр БНСУ-ын иргэн *******-д шилжүүлсэн талаар олж мэдсэн. Түүнчлэн, ******* нь дээрх хууль бус “Бэлэглэлийн гэрээ”-г ашиглаж *******тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байна.

БНСУ-ын иргэн *******-ий хувьд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2005 онд худалдан авч 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр албан ёсоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу хууль ёсны өмчлөгч болсон. Харин БНСУ-ын иргэн ******* нь анхнаасаа *******-г хууран мэхэлж компанид санхүүгийн асуудал учраад байгаа тул мөнгө хэрэгтэй байгаа гэж хэлээд түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эрхийг олж аваад уг эрхээ хууль бусаар ашигласан үйлдэл гаргасан болох нь илэрхий болсон.

БНСУ-ын иргэн ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийнх нь хийж өгсөн барьцаанд тавих зөвшөөрөл олгосон “Итгэмжлэл”-ийн дагуу барьцаанд тавьсан гэх ойлголттой ирсэн. Гэтэл өөрийнх нь хөрөнгийн талаар БНСУ-ын иргэн ******* гэх хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар олж сонсоод ямар учраас хүний өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлийнх гэж нэхэмжилж байгааг гайхаад энэ талаар хариуцагчаар татагдсан ******* гэх хүнтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан холбогдож асууж тодруулснаар өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг нь бусдад “Бэлэглэсэн” болохыг олж мэдсэн.

Иймд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгаж Хан-Уул дүүрэг, ******* хороо, Зайсан гудамж, 66-******* 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхрын гараашийн өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн *******-д шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас бие даасан шаардлагад гаргасан тайлбарын агуулга:

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, 2022 оны 08 дугаар сард дуусчихсан байхад 2023 онд шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. ******* нь эрх ашиг нь зөрчигдсөн, хууль бус гэж үзэж байгаа бол энэ олон жилийн хугацаанд өөрийн хөрөнгийн талаар мэдэх боломжтой байсан.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхийг заасан байгаа бөгөөд хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа. Иймд гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй байна. Итгэмжлэлийг хэзээ олгосон нь тодорхойгүй байна. Иймд бие даасан шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ий зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, болон хариуцагч *******-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БНСУ-ын иргэн *******ий 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг ******* хороо, Зайсан гудамж, 66-******* хаягт байрлах орон сууц, гараашийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг *******д даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,128,150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 723,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь, БНСУ-ын иргэн ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ******* хороо, Зайсан гудамж, 66-******* 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхрын гараашийн хамт барьцаалуулахаар өөрийн төрсөн ахын гуйлтаар БНСУ-ын иргэн *******-д барьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр барьцаанд тавих “Итгэмжлэл”-ийг олгосон бөгөөд дээрх итгэмжлэлийг ашиглан 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”-ээр БНСУ-ын иргэн *******-д шилжүүлсэн болохыг хожим нь буюу БНСУ-ын иргэн ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой олж мэдсэн. Энэ талаар мэдэх хүртлээ өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг *******, ******* бусадтай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байгаа гэсэн ойлголттой байсан. Гэтэл өөрийнх нь өмч хөрөнгө хууль бусаар *******-д шилжсэн болохыг мэдсэн даруйдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцсон.

Харин, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ БНСУ-ын иргэн ******* нь барьцааны зүйл болон орон сууц, гараашийн өмчлөгчөөр бүртгэлтэй байх бөгөөд нотариатын 209 дугаартай, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр БНСУ-ын иргэн *******-д тус 5 өрөө орон сууц, зоорийн давхрын гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын аль ч банк болон бусдад барьцаалж зээл авахтай холбогдуулан зээлийн гэрээ хийх зэрэг тодорхой үйлдлүүд хийх эрхийг олгосон байна. 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр БНСУ-ын иргэн ******* болон ******* хооронд орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулж, тус хаягт байрлах 5 өрөө орон сууц, зоорийн давхрын гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх *******-д шилжсэнээр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ БНСУ-ын иргэн *******-ий нэр дээр гарсан болохыг дурдсан.

7.2. Мөн бэлэглэлийн гэрээний талаар Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасныг дурдаад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр олгосон тодорхой үйлдэл хийх эрхийг хэтрүүлсэн гэх үндэслэлээр дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, дээрх итгэмжлэлээр зээл авахтай холбоотойгоор зээлийн гэрээ хийх, барьцаанд тавих эрхийг л олгосон бөгөөд бусдад бэлэглэх эрхийг олгоогүй бөгөөд энэ нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэл болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогддог.

Гэтэл шүүх тодорхой үйлдэл хийх эрхийг хэтрүүлсэн нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой үйлдэл хийх эрхийг хэтрүүлэн хэрэглэж байгаа субъектийн үйлдэл нь өөрөө хууль бус үйлдэл бөгөөд үүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор хуульчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь гуравдагч этгээдийн эрх ашиг хохироход хүргэж байна.

7.3. Түүнчлэн, Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан төлөөлөх, төлөөлүүлэх нэг талын хүсэл зориг бүхий хэлцлийн шинжийг агуулах бөгөөд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 63.4 дэх хэсэгт заасан төлөөлөгч бүрэн эрхээ шударгаар төлөөлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй, мөн итгэмжлэл дэх хүсэл зоригоос давуулж, төлөөлөл өгсөн этгээдэд хохирол учруулсан бол итгэмжлэлтэй холбоотой хохирлоо шаардах эрх нь төлөөлөгч, төлөөлүүлэгч нарын хооронд байна. Иймд итгэмжлэлээр олгосон эрхийг хэтрүүлсэн үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байна гэсэн хуулийн заалттай нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд итгэмжлэлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд болох БНСУ-ын иргэн ******* нь 2018 онд нас барсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээрээ хохирсон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох БНСУ-ын иргэн *******-ийг хэнээс хохирлоо шаардах талаар үндэслэл бүхий бодит дүгнэлтийг хийгээгүй.

Анхан шатны шүүх итгэмжлэлээр олгосон эрхийг хэтрүүлэн байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцохгүй гэсэн үндэслэл нь хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 168,000,000 төгрөгийг *******т гаргуулахтай холбоотойгоор буцаан төлөх маргаан байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд хариуцагч *******ийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Шүүх гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Бэлэглэлийн гэрээгээр дамжуулан бусдын өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлсэн талаар хариуцагч *******ийг шүүхэд дуудсаны дараа мэдсэн гэж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарладаг. Мэдсэн цагаасаа эхлэн шаардлагаа гаргасан бөгөөд 2016 онд энэ талаар мэдээгүй байсан. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй. БНСУ-ын иргэн *******, ******* нар нь бэлэглэлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Бэлэглэгч нь хууль бус итгэмжлэлийг үндэслэн бусдын өмчийг шилжүүлсэн байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хуульд хэтрүүлэн хэрэглэсэн гэх үг байхгүй гэх агуулгаар дүгнэсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэлд ямар хэлцлүүд хамаарах талаар нарийвчлан заасан гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд хариуцагч *******-аас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн *******/*******/ нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан ******* болон *******, ******* хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан гудамж, 66 дугаар байр ******* 242 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Гуравдагч этгээд БНСУ-ын иргэн *******/*******/, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг ******* хороо Зайсан гудамж 66 байр ******* хаягт байршилтай, 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоолын өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн *******/*******/-д шилжүүлэхийг БНСУ-ын иргэн *******/*******/-д даалгах тухай бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

 

2.1. Гуравдагч этгээд БНСУ-ын иргэн *******/*******/-ээс 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *******/*******/-ий өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан гудамж 66 байр ******* хаягт байршилтай, 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын аль ч банк болон бусдад барьцаалж зээл авахтай холбогдуулан зээлийн гэрээ хийх, бусад шийдвэр гаргах, бүхий л гэрээнд гарын үсэг зурах, мөнгө хүлээн авах, бусад бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт төлөөлөх, бичиг баримт бүрдүүлэх, өгөх, хүлээн авах, төрийн байгууллагад төлөөлөх зэрэг үйлдэл хийх эрхийг БНСУ-ын иргэн *******/*******/-д олгосон тухай итгэмжлэлийг монгол болон солонгос хэл дээр үйлдэж, нотариатчаар гэрчлүүлэн, нотариатчийн бүртгэлийн дэвтрийн 1628 дугаарт бүртгэж, төлөөлөгч болон төлөөлүүлэгч нар гарын үсэг зурсан./1хх49-50, 2хх40-42/

 

2.2. Гуравдагч этгээд БНСУ-ын иргэн *******/*******/-ээс 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *******/*******/-ий өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан гудамж 66 байр ******* хаягт байршилтай, 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, худалдан авах гэрээ хийх, гэрээнд гарын үсэг зурах, мөнгө хүлээн авах, бусад бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт төлөөлөх, бичиг баримт бүрдүүлэх, өгөх, хүлээн авах, төрийн байгууллагад төлөөлөх зэрэг үйлдэл хийх эрхийг БНСУ-ын иргэн *******/*******/-д олгосон тухай итгэмжлэлийг монгол болон солонгос хэл дээр үйлдэж, нотариатчийн  бүртгэлийн дэвтрийн 1629 дугаарт бүртгэж төлөөлөгч болон төлөөлүүлэгч нар гарын үсэг зурсан./1хх124, 126-130, 170-179, 2хх40-42/

 

2.3. БНСУ-ын иргэн *******/*******/-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч БНСУ-ын иргэн *******/*******/ нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан гудамж 66 байр ******* хаягт байршилтай, 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоолын зориулалттай, 99,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, хариу төлбөргүйгээр БНСУ-ын иргэн *******/*******/-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, тэрээр уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн./1хх124-131/

 

2.4. БНСУ-ын иргэн *******/*******/, *******/*******/ нар нь, *******тэй 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 180,000,000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон./1хх4/

 

2.5. БНСУ-ын иргэн *******/*******/ нь, *******тэй 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, БНСУ-ын иргэн *******/*******/-ий өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан гудамж 66 байр ******* хаягт байршилтай, 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1хх7-8/

 

2.6. Зээлдэгч БНСУ-ын иргэн *******/*******/, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан тухай эмнэлгийн дүгнэлт хэрэгт авагдсан. /1хх18-21/

 

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* болон  БНСУ-ын иргэн *******/*******/, *******/*******/ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна. Харин талууд зээлийн гэрээний зүйл болох 180,000,000 төгрөгийг шилжүүлсэн эсэх асуудлаар маргасан.

 

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч ******* нь Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай данснаас  нэхэмжлэгч *******/*******/-ий Төрийн банкны ******* дугаартай дансанд нийт 68,000,000 төгрөгийг 2 удаа “шилжүүлэг” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байна./1хх228-229/

 

Мөн хэрэгт “Төлбөрийн баримт” нэртэй “100,000,000 төгрөг, дээрх төлбөрийг 2016 он 8 сар 25 өдөр ******* зочид буудлын зээлсэн төлбөрөөс 100 саяыг авсан нь үнэн болно, 2016 он 8 сар 25 өдөр хүлээн авагч *******, *******” гэсэн баримтыг солонгос хэл дээр үйлдсэн/1хх230-231/ байх боловч, хариуцагч ******* нь 100,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр өгсөн, нэхэмжлэгч 100,000,000 төгрөгийг аваагүй, ******* зочид буудал авсан гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талуудын хэн аль нь уг баримтыг зээлийн гэрээний үүрэгт хамааралтай эсэх талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч ******* нь, нэхэмжлэгч *******/*******/-д үлдэгдэл 12,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх боловч энэ талаар нотлоогүй бөгөөд  нийт 180,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэр бүлийн хүн нь солонгос хүн байдаг ба зээлдэгч нар Солонгос улсын иргэд байсан, зээлдэгч *******/*******/ нь нас барсан зэрэг шалтгааны улмаас зээлийн төлбөрийг нэхээгүй өдий хүрсэн гэж тайлбарладаг.

 

3.3. Харин, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж тайлбарласан боловч уг гэрээний дагуу хариуцагч нь 68,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

4. Мөн, нэхэмжлэгч *******/*******/ болон хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлд зааснаар бичгээр үйлдэгдэж эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байхаас гадна зээлийн мөнгөн хөрөнгийн тодорхой хэсгийг хүлээн авсан баримт авагдсан тул нэхэмжлэгч талын гаргасан зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй гэх үндэслэлээр уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх, орон сууцны гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагын тухайд:

 

5.1. Гуравдагч этгээд нь, БНСУ-ын иргэн *******/*******/-д зөвхөн зээл авах зорилгоор итгэмжлэл өгсөн ба төлөөлөгч нь итгэмжлэлээр олгосон эрх хэмжээг хэтрүүлэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *******/*******/-тэй хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлага гаргасан.

 

5.2. Гуравдагч этгээд БНСУ-ын иргэн *******/*******/-ээс 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-ын иргэн *******/*******/-д олгосон дээр дурдсан итгэмжлэлийг үндэслэн ******* /*******/-д эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан гудамж 66 байр ******* хаягт байршилтай, 242 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр ******* /*******/ бүртгэгдсэн үйл баримт тогтоогддог.

 

5.3. Хэрэгт төлөөлөгчөөс, төлөөлүүлэгчид маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үйлдэл хийх эрхийг олгосон хоёр янзын итгэмжлэл авагдсан, уг хоёр итгэмжлэлийн нэг нь хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг олгосон байхаас гадна энэхүү итгэмжлэлийг хүчингүй болгосон аливаа шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул дээрх итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд итгэмжлэлээр олгосон эрхийг хэтрүүлсэн талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх талаар заасан боловч маргаан бүхий орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдоогүй байна.

 

6. Харин, анхан шатны шүүхийн баримталсан хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж шийдлийг хэвээр үлдээнэ. Тодруулбал, шийдвэрийн тогтоох хэсэгт үндсэн нэхэмжлэлийн хариуцагч *******ийн нэрийг орхигдуулсан, зээл болон барьцаа, бэлэглэлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсон. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлсон бол, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагыг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж шаардах эрхээ тодорхойлсон байхад шүүх мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 гэсэн ерөнхий заалтыг баримталсныг давж заалдах шатны шүүхээс алдааг залруулна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05880 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* /*******/-ийн хариуцагч *******, ******* нарт холбогдох ******* болон БНСУ-ын иргэн ******* /*******/, ******* /*******/ нарын байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Барьцааны гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, Зайсан гудамж 8 хаягт байршилтай, авто зогсоол, 242 м.кв талбайтай 5 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг,

Гуравдагч этгээд БНСУ-ын иргэн ******* /*******/-ийн нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* /*******/-д холбогдуулан гаргасан 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг, ******* хороо, Зайсан гудамж, 66 байрны ******* хаягт байршилтай, 242 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 723,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    О.ОДГЭРЭЛ

 

       ШҮҮГЧИД                                    Д.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ