| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0693/Э |
| Дугаар | 725 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 725
2019 9 25 2019/ШЦТ/725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Мягмардоржийн Энхболдод холбогдох эрүүгийн 1911018960839 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Нийслэлийн түргэн тусламжын төвд сувилагч ажилтай, ам бүл 1 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-633б тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн М Э, /РД: ........../,
Шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41-633б тоотод М.Хасартай маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл баруун мөр, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч М.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх
Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...”, “...2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би найз Энхболд руу утсаар ярьсан энэ үед Хасар гэртээ ажилтай байна. Ажлаа дуусаад яваад очъё гэж хэлсэн. Манай найзын төрсөн өдөр нь 2019.07.01-ний өдөр болсон энэ үед манай найз Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байсан юм. Тэгээд төрсөн өдрийг нь тэмдэглье гэж дуудсан юм. 19 цаг өнгөрөөгөөд манай найз Хасар надруу залгаад найз охиноо дагуулаад очно гэж хэлсэн ба би ганцаараа хүрээд ирээч гэж хэлсэн ба найз охиноо аваад очно гэж хэлсэн. 21 цагийн үед Хасар найз охин Амартайвангийн хамтаар манай гэрт ирсэн. Би нэг том пиво 0,75 граммын архи авсан байсан ба тэрийг бид нар хувааж уусан ба ууж байхдаа хоол хийж идсэн. Гэрт байсан уух юм дуусахаар нь би хүн рүү залгаад мөнгө зээлээд дэлгүүр хаалттай болохоор нь караоке орсон. Караокед 5 шил пиво авсан би тооцоогоо хийчихээд өрөөрүүгээ ортол Хасар, Амартайван хоёр хоорондоо маргалдсан найз охин нь явлаа гээд байж байхаар нь би найз охиныг нь гараас нь бариад яваад яах юм бэ гээд хамт суусан. Би пиво аягалж байхад Хасар миний цээж рүү 3 удаа цохисон. Би яагаад байгаа юм бэ гэтэл дахин намайг шанаадсан. Би босоод 2 гарнаас нь барьтал намайг мөргөсөн ба би зөрүүлээд 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Би дээр нь гараад суусан ба энэ үед Хасар больё гэхээр нь би дээрээс нь босоод пиво аягалах гэтэл дахиад миний шанаа руу нэг удаа цохисон би яагаад байгаа юм гээд хэлтэл ширээг өшиглөөд пивонуудыг асгасан. Энэ үед найз охин нь гадаа гарсан байсан. Бид 3 караокеноос гараад манай гэрт очсон ба би тэр хоёрт ор засч өгөөд би өөрөө газарт унтсан. Өглөө Хасар босч ирээд толинд хараад нүд нь хавдсан байсан ба миний гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд ширээн дээр байсан аяга хагалаад үлдсэн пивоноос асгаад байхаар нь би багалзуурдаж байгаад нэг удаа алгадсан. Гэтэл Хасар найзыгаа уучлаарай гээд бид нар гарсан. Автобусны буудал руу алхсан ба энэ үед замдаа Хасар дэлгүүр ороод 100 гр архи авч уусан. Хасар найзруугаа яриад найзыгаа дуудсан ба би найз охиных нь хамтаар автобусанд суугаад явсан...”, “...Би М.Хасарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...”, “...Би одоогоор гэртээ ганцаараа байдаг эхнэртэйгээ маргалдаад манай эхнэр хүүхдээ аваад Сэлэнгэ аймаг руу явсан...” ”/хх-ийн 29-30х/,
Хохирогч М.Хасар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчим манай найз Энхболд надруу залгаад төрсөн өдөр тэмдэглэх гээд архи, пиво авсан байна хүрээд ирэх үү гэж хэлсэн юм. Би найз хүүхэн Амартайванг дагуулаад Энхболдын гэрт нь очсон юм. Бид 3 архиа уунгаа хоол хийж идээд караокед орсон ба пиво захиалсан. Би юунаас болж маргасан талаар сайн санахгүй байгаа ба манай найз миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Нэг мэдэхэд бид нар найзынхаа гэрт нь ороод ирсэн байсан. Тэгээд миний дээр гарч байгаад миний нүүр рүү мөн цохисон. Өглөө нь сэрээд би толинд харчихаад чи миний нүүрийг ийм болгоод байхдаа яадаг юм гээд ундаа уучихаад ширээ рүү нь шидтэл ширээн дээр байсан аяга унаад хагарчихсан юм. Тэгтэл Энхболд би танай гэрт байхдаа ингэдэггүй шүү гээд уурлаад миний толгой орой хэсэг рүү 3-4 удаа алгадсан. Би найзыгаа дуудаад найз маань ирээд намайг аваад явсан...”, “...Би Энхболдтой юунаас болж маргалдсанаа санахгүй байна...”, “...Өр авлага, өш хонзонгийн харилцаа байхгүй. Би гомдолтой байна. Би баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардал 6,958,000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” /хх-ийн 10-11х/,
Гэрч Ц.Амартайван мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энхболд за гаръя караоке оръё гээд бид 3 караоке орсон. Замдаа Хасар уурлаад байсан ба караоке ороод мөн Энхболдыг Хасар цохиод байсан ба Энхболд гарыг нь бариад автал Энхболдыг Хасар мөргөсөн. Тэгтэл Энхболд Хасрын нүүр рүү 2 удаа цохиод хоорондоо зодолдоод байхаар нь би гараад явчихсан юм. Удалгүй миний араас эвлэрээд гараад ирсэн. Бид 3 Энхболдын гэрт нь очсон. Энхболдын гэрт очоод байж байтал тэд хоорондоо маргалдаад байхаар нь би гэрээс нь гарсан. 10-20 минут гадаа зогсож байгаад эргээд ортол Хасарын нүүр нь хавдчихсан байсан...”, “...Хасар Энхболдын нүүр толгой руу нь 4-5 удаа цохисон, нэг удаа мөргөсөн. Энхболд Хасарын нүүр рүү нь 2 удаа цохиж байгаа харагдсан. Би бусад үйл явдлын талаар хараагүй. Гэрт маргаад байхаар нь гарчихаад ортол Хасарын нүүр нь хавдсан харагдсан...” / хх-ийн 16-17х/,
Шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8511 дугаартай дүгнэлт
М.Хасарын биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1–р шүдний эмтрэл, баруун мөр, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагын үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” / хх-ийн 20х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35х/,
Шүүгдэгч М.Эиргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Эхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Э хохирогч М.Хасарт хавтаст хэрэгт баримтаар авагдсан эмчилгээний зардал 358,900 төгрөгийг гаргуулж,
хохирогч М.Хасарт шүүгдэгч М.Эс цаашид эмчлүүлэхэд гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогтой М.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Энхболдыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Э нийт 358,900 /гурван зуун тавин найман мянга, есөн зуу / төгрөг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай 113-4 тоотод оршин суух, Цахар овгийн Магнайбаярын Хасар /РД:УУ89070130/-д олгож, хохирогч Ц.Хасар шүүгдэгч М.Энхболдоос цаашид эмчлүүлэхэд гарсан зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД