Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 207/ма2025/00089

 

 

 

2025 09 04 207/МА2025/00089

 

Б.”““““““гийн нэхэмжлэлтэй, хариуцагч

“““““““ дулаан түгээх  сүлжээ ОНӨХК-нд

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00611 шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.”““““““гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “““““““ дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд холбогдох,

““““““““ дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/169 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул тус компанийн хэмжүүрийн инженерийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа,  нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.”““““““гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

 

....Миний бие Б.”““““““ нь тус компанийн захирлын 2024.07.09-ний өдрийн Б/169 дугаартай тушаалаар ажлаас ажил олгогчийн санаачлагаар халагдсан. Ажил олгогч байгууллагатай өрсөлдөх ямар нэгэн үйл ажиллагаа бие даасан явуулаагүй, өрсөлдөөгүй, хэрэглэгч нарын зүгээс тоолуурын хэрэгцээ байгаа тухай байнга гомдол гарч, Улаанбаатараас тус тоолуурыг худалддаг байгууллагаас нь авах тухай хэлэхээр “хүнд сурталтай байгууллага”, “цахилгаан эрчим хүчээр хангахгүй байна” гэх мэтээр хэрэглэгчид гомдол гаргаж байсан ба энэ үед хангамж хариуцсан ажилтнууд нь ажлаа хийгээгүйгээс болж байгууллагын нэр хүнд унаж байсан тул миний бие тоолуур худалдаж байсан байгууллага болох ““““““““” ХХК-аас буцахдаа  үлдээсэн тоолуурыг нь хэрэглэгчдэд өгч, улмаар үнийг нь тус байгууллагад шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтойд тооцогдох зөрчил гэдгээр миний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт эрс харш байх төдийгүй, хохирол учруулах, хохирол учруулсан ноцтой үйлдэл байх ёстой. Иймээс сахилгын ноцтой зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа ““““““““ дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн захирлын 2024.07.09-ний өдрийн Б/169 дугаартай тушаал үндэслэлгүй байх тул намайг тус компанийн хэмжүүрийн инженерийн ажилд  эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагч ““““““““, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ын тайлбарын агуулга:

 

“...манай байгуулагад цахилгааны ухаалаг тоолуур хэрэглэгчид худалдаалсан НӨАТ өгөөгүй гэх хэрэглэгчийн гомдол ирсний дагуу шалгаж үзэхэд 2024 он гарснаас хойш 20 гаруй тоолуур худалдаалсан доод албан тушаалтны дансаар гүйлгээ хийдэг байсан нь тоолуурын ажилтан “““““““ болон “““““““гийн өөрийн тайлбараар нотлогдсон. “““““““ ХХК-иас Орхон аймагт ирж ажилласан хүмүүсийг тоолуур үлдээгээд явахад удирдпагуудад танилцуулаагүй тухайн тоолуурыг байгууллагад хүлээлгэж өгөхгүй хувьдаа борлуулсан. Уг зөрчил нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан 5.3.7 Бусад ажилтныг хууль бус үйлдэл хийлгэх зорилгоор хүсэлт шаардлага тавьсан, ятгасан, өдөөн хатгасан, дарамт шахалт үзүүлсэн, 5.3.21 дэх байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагаа буюу тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг үйлчилгээтэй шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ үзүүлсэн, эрхэлсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24.2. Хамтын хэлэлцээнд оролцож байгаа үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультан, ажилтны төлөөлөгчид хамтын хэлэлцээнд оролцсонтой нь холбогдуулж хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, цалин хөлсийг нь бууруулах, хэлэлцээний явцад болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар татан буугдсан болон энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглоно гэж заасны дагуу бид арга хэмжээ авсан болно.” гэжээ

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00611 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.”““““““г “““““““ дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 29,730,250 төгрөгийг хариуцагч ““““““““, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.”““““““д олгож, уг цалин хөлснөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг хариуцагч ““““““““, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, хариуцагч ““““““““, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-иас  376,801 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь албан тушаалын байдлаа ашиглаж орлого олсон, орлого олох нөхцөл бий болгосон, байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагаа буюу тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг үйлчилгээтэй шууд өрсөлдсөн давхацсан аливаа ажил үйлчилгээ эрхэлсэн, үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. Үүнтэй холбоотойгоор Б.”““““““ын тайлбар, /хх-ийн 36-р хуудас/ 2. Б.”““““““гийн тайлбар, /хх-ийн 43, 44 хуудас/. 3. ““““““““” ХХК-ын тайлбар /хх-ийн 159.160 хуудас/ Анхан шатны шүүх дээрх нотлох баримтанд ямар ч үнэлэлт дүгнэлт өгдөггүй, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заагаагүй. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д Албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа орлого олсон, орлого олох нөхцөл бий болгосон, 5.3.21-д. Байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагаа буюу тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг үйлчилгээтэй шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ үзүүлсэн, эхэлсэн гэж шууд нэрлэн заасан зөрчил гаргасан гэж ажил олгогч үзэж тушаал гаргасан нь үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 49 дүгээр зүйлийн 49.1.1-д зааснаар Б.”““““““тай 2023-03-01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй гэж маргасан. Б.”““““““ сайн дурын үндсэн дээр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг 2023 оны 03 сарын 01-ний өдөр байгуулж хөдөлмөрийн гэрээний хуудас бүрийн доор гарын үсэг зурсан байна.,,.Б.”““““““ хөдөлмөрийн гэрээний 1 хувийг авчихсан мөртлөө авсан тэмдэглэл хийгээгүй байгаа. Гарын үсгээ ар талд нь зураагүй бол танилцуулаагүй гэсэн байдлаар маргаж мэтгэлцсэн.. Ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй гэх байдал энэ байдлаар няцаагдаж байгаа юм. Үүнийг анхаарч үзнэ үү. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд ажилтны эрх, үүргийн хуульчилсан. 42.1.1 ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, 42.1.5 хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу өнгөрсөн хугацаанд гомдол гаргаж байгаагүй байна. Б.”““““““ нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ““““““““ ДТС” ОНӨХК-ийн нийт ажиллагсдын хурлаас тус компани нийт ажилтнуудын эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульд өрсөлдөж, улмаар 51.3 хувийн саналаар сонгогдсон ажил олгогчтой ямар нэгэн маргаан үүсгээгүй. Б.”““““““ хувийн компаний ажилтан биш орон нутгийн өмчид ХК-ийн ажилтан. Өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж байсан учраас өөрийн дансандаа мөнгө авалгүй өөрийн удирдлага дор ажилладаг хүний дансыг ашигласан үйлдэл тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4-т ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх үүрэгтэй гэх мэт энэ хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг  зөрчсөн үйлдэл. Иргэн Б.Алтаннавч 2024 оны 06 сарын 21-ны өдрийн тайлбарт “танай лабораториос ухаалаг тоолуур авсан НӨАТ өгөөгүй Төмөр-Очир “““““““ /5094375134/ гэсэн хувь хүний дансанд шилжүүлж тоолуураа авсан” гэсний дагуу шалгалт хийж, захирлын зөвлөл хуралдаж уг зөрчлийг илрүүлсэн. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,4-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00611 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Б.”““““““ нь “Эрдэнэт vc дулаан тугээк сүлжээ” ХК-тай ямар нэгэн байдлаар өрсөлдөөгүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж, улмаар иргэдэд хүнд суртал гаргахгүйгээр тоолуур худалдаж байсан, хариуцагч байгууллагад байхгүй тоолуурыг дамжуулж өгсөн нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж тооцогдох хууль зүйн үндэслэлгүй болно. Хэрэгт тогтоогдсон баримтаар ““““““““ ДТС” ОНӨХК харин тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тоолуур худалдахаар өөрсдөө иргэд хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд харин Б.”““““““ нь байгууллагын ажил хэргийн нэр хүндийг хамгаалах, хэрэглэгчдэд чирэгдэл учруулахгүйгээр үйлчилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасан сахилгын ноцтой зөрчилд тооцогдох үйлдэл хийсэн гэж үзэхгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн  хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар байгуулж, гүйцэтгэх ажил үүргийг нь танилцуулж, улмаар хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг, хуулиар тодорхойлсон гол нөхцлийг нэгийг танилцуулахгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасны дагуу үүсгэсэн эсэхэд хууль зуйн үнэлэлт дүгнэлт өгөхөд шууд хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдал болно. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ нь 2023.03.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба уг хөдөлмөрийн гэрээний “1.5-д ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүрэг...” гэж хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тодорхойлсон бол хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт нь 2021.05.07- ны гэх огноотой ажилтанд танилцуулаагүй, захирал болон хэлтсийн дарга нарын танилцсан, мөрдөж ажиллаж учиртай ажилтанд танилцуулаагүй нотлох баримтыг гаргаж өгсөн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шуүхэд гаргасан тайлбарыг нотолж байгаа ба энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Б.”““““““ нь тус компанид ажиллаж байхдаа нийт ажилтны хурлаас эдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдож, улмаар захиргаатай хамтын гэрээ байгуулах хэлэлцээр хийж ажилладаг ажилтан байсан болно. Хөдөлмөрийн сахилгын “ноцтойд тооцогдох зөрчил” гэдгийг хөдөлмөрийн эрх зуйн шинжлэх ухаан, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндэд эд хөрөнгөд хохирол учруулах үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан ба аливаа хохирол учруулаагүй, хохирол учруулахааргүй үйлдэл эс үйлдэхүйг сахилгын ноцтой зөрчилд тооцогдохгүй болно. Иймээс гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.”““““““ нь ““““““““ дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул тус компанийн хэмжүүрийн инженерийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах” тухай нэхэмжлэл тус тус гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг “...нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа цахилгаан тоолуурыг байгууллагад хүлээлгэж өгөхгүй иргэдэд худалдан  борлуулж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан тул ажлаас халах  арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх нэхэмжлэгч Б.”““““““г ““““““““ дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 29,730,250 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж нэхэмжлэгчид олгож,  уг цалин хөлснөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны шатанд  “...хариуцагч “““““““ ДТС ОНӨХК-аас нэхэмжлэгч Б.”““““““г хэмжүүрийн инженерийн ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, Б.”““““““ нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 29,730,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагаасаа тус тус татгалзаж,  уг нэхэмжлэлийн шаардлагын талаар дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй байх”-аар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээ нь бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагч ““““““““ дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д холбогдох  иргэний хэрэгт зохигч эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрэн хэлэлцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.”““““““гийн нэхэмжлэлтэй “““““““ ДТС ОНӨХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00611 шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, Б.”““““““гийн нэхэмжлэлтэй,  “““““““ дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,801.25 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.ҮҮРИЙНТУЯА

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.БАТТӨР

                                            ШҮҮГЧ                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ