| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/02202/И |
| Дугаар | 207/ма2025/00090 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 207/ма2025/00090
| 2025 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 207/МА2025/00090 |
Г.”““““““гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч “““““““ ХХК-нд
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 1
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00576 шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.”““““““гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “““““““ ХХК-нд холбогдох,
“““““““ ХХК-тай байгуулсан талбай түрээслэх гэрээний дагуу 145 мкв талбайг өөрийн эзэмшилд байлгаж, үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоолгох, түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг “““““““ ХХК-нд даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “““““““ ХХК-ийн түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр 7,500,000 төгрөг, гэрээний дагуу алданги 3,750,000 төгрөг, 12 дугаар сараас нэмэгдсэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,300,000 төгрөг нийт 14,550,000 төгрөг гаргуулах, түрээсэлсэн 145 мкв талбайг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.”““““““, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ цахимаар, Ц.Мөнхбат цахимаар, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.”““““““гийн нэхэмжлэлийн агуулга:
...Миний бие Г.”““““““ нь “““““““ ХХК-ийн удирдлагууд болох ерөнхий захирал Ц.”““““““, түүний хүү М.”““““““ нартай 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр уулзаад 145 мкв хэмжээ бүхий үйлчилгээний зориулалтай талбайг спорт тоглоом буюу бильяард тоглоомын чиглэлээр 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 3 жил түрээслэн үйл ажиллагаа явуулах, түрээсийн төлбөрт сар бүр 2,500,000 төгрөг байхаар тохиролцсон. Түрээсийн талбай нь бильяард тоглоомын газар ажлуулахад бэлэн бус байсан тул тус чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь зориулан засвар хийх ажлыг би 2023 оны 11 дүгээр сарын сүүлчээс эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 1 сар гаруй хугацаанд 21,182,000 төгрөгийн материал зарцуулж тохижуулсан, үйл ажиллагаа явуулахад шаардагдах бильярдны ширээ 6 ширхэгийг БНХАУ-аас 1 ширээг 8,000,000 төгрөгөөр худалдан авч нийт 48,000,000 төгрөг зарцуулсан. Миний бие тухайн компанитай нийт 3 жилийн хугацаатай түрээслэн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон тул талбайн засвар, үйл ажиллагаа явуулахад шаардагдах тоглоомын ширээ хэрэгсэл зэрэгт нийт 78,352,000 орчим төгрөгийн зардал гаргасан. “““““““ ХХК-тай хэлэлцэн тохиролцсон ёсоор 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Бильяардны газар 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл “““““““ ХХК-иас 9976-9194 гэсэн дугаар өгөөд энэ утас руу холбогдоорой гэсэн ба 2024 оны 11 дүгээр сарын 10-нд холбогдоход түрээсийн төлбөрөө нэмж 4,000,000 төгрөг болгоно гэх зүйл ярих болсон, маргааш нь 11-ний орой Ц.”““““““ өөрөө ирээд 8,000,000 болгоно, гэхдээ дараа сараас 5,500,000 төгрөг болгоно гэх зүйлс ярих болсон. Анх ярилцан тохиролцсон гэрээний түрээсийн талбайн үнэ яагаад нэмэгдэж байгаа талаар тодруулахад бүх түрээслэгч нарын түрээсийн төлбөр нэмэгдсэн чамд түрээслүүлж алдагдалд орж байгаа гэх зүйл хэлсэн. Одоогоор түрээслүүлэгч “““““““ ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21/58 дугаартай мэдэгдэл өгч түрээсийн талбайг чөлөөлөх шаардлага тавьж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.1-д Иргэний эрхийг эрхийг хүлээн зөвшөөрөх аргаар хамгаална, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажилагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоор биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна. Иргэний эрх зүйн харилцаанд итгэл хамгаалах зарчим гэж үйлчлэх ба уг зарчим нь эртний Ромын эрх зүйн Расtа sunt servanda гэрээ заавал биелэгдэх ёстой хэмээх зарчмаас үүсэлтэй бөгөөд үүнийг миний бие төдийгүй түрээслүүлэгч талд ч хамааралтай гэж үзэж байна. Иймд “““““““ ХХК-тай байгуулсан талбай түрээслэх гэрээний дагуу 145 мкв талбайг өөрийн эзэмшилд байлгаж, үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тоггоолгох нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч “““““““ ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:
...Нэхэмжлэгч Г.”““““““ нь манай компанитай 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ажлын байр түрээслүүлэх гэрээ байгуулж, уг гэрээнд түрээслэгч нь түрээсийн төлбөрт 145м.кв талбайд нэг сарын түрээсийн төлбөрт 2,500,000 төгрөгийг сар бүрийн 05-ны өдөр төлж байхаар харилцан тохиролцсон ба түрээслэгч Г.”““““““ нь төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчиж байсан тул түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх талаар болон хугацаа хэтэрсэн хоног тутамд тохирсон алдангийг төлөх талаар удаа дараа амаар шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл бидний зүгээс тэдний үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулалгүйгээр хүлээцтэй хандаж ирсэн. Г.”““““““ нь 1. 2023.12.26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023.12.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024.05.11-ний өдөр 1,250,000 төгрөг, 2024.06.11-ний өдөр 4,000,000 төгрөг, 2024.06.11-ний өдөр 3,500,000 төгрөг, 2024.10.11-ний өдөр 1,250,000 төгрөг, 2024.11.10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024.12.10-ны өдөр 2,500,000 төгрөг нийт гэрээний хугацаанд 30,000,000 төгрөг төлөхөөс 22,500,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Мөн дээрх гэрээг байгуулахад талууд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3 дахь заалттай танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрч, талууд гарын үсэг зурсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт худалдааны төвийн дотоод журамтай танилцсан ба уг дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт үйлчилгээний төвийн аливаа үйл ажиллагааг өглөөний 09.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл нэгдсэн цагийн хуваарийн дагуу ажиллуулах ба талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгайлан цаг тохиролцсон нөхцөл бйхгүй болохыг анхаарах нь зүйтэй. Иймд түрээслэгч нь гэрээний түрээсийн төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн 3-аас дээш удаа төлбөрийг хугацаандаа төлөх тухай сануулга өгч байсан гэх үндэслэлээр гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд бичиж өгсөн шаардлагын үндэслэл адил. “““““““ ХХК-тай байгуулсан талбай түрээслэх гэрээний дагуу 145м2 талбайг өөрийн эзэмшилд байлгаж үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан, хуульд заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг “““““““ ХХК-д даалгах шаардлага гаргасан, мөн энэ шаардлагаа дэмжиж байгаа. Түрээсийн үнэ төлбөрийн асуудлаар талууд харилцан тохиролцсон. Түрээсийн төлбөрийг нэмэх асуудлаар “““““““ гэж хүн удаа дараа дарамт шахалт үзүүлж, хэл амаар доромжилсон асуудал үүссэн. Уг түрээсийн талбайг тохижуулан тасралтгүй үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр маш олон тооны хэрэглэгчийг өөртөө татсан. Энэ хэрэглэгчдийг авах зорилгоор “““““““, “““““““ нар түрээсийн төлбөрийг нэмнэ гэх асуудлыг ярьдаг. Түрээсийн гэрээг өөрчлөхгүйгээр түрээсийн төлбөрийг нэмнэ гэх хууль бус асуудал яригдсан тийм учраас нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хэлж буй байртай болох асуудал огт яригдаагүй, энэ бол бизнесийн үйл ажиллагаа тогтворжингуут тухайн бизнесийг булааж өөрсдөө эрхлэх хүсэл зоригийг агуулан дээрх зүйлийг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.”““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Цаг үеийн шинжтэй холбоотойгоор түрээсийн нэмэгдэл хөлстэй холбоотой маргаан үүссэн. Энэ талаар нэхэмжлэгч “““““““д танилцуулж нэмэгдэл хөлсөө бага багаар өгөх үү? гэхэд нэхэмжлэгч харилцан тохиролцох саналаас татгалзсан. “““““““ нь би орон байртай болоогүй байна, орон байртай болж байж танайд нэмэгдэл хөлс өгнө гэдэг. Түрээсийн төлбөрийг удаа дараа хоцруулж нэмэгдэл хөлсийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан илэрхий байдал үүссэн учраас арван дөрөв хоногийн дараа талбай чөлөөлнө үү? гэсэн мэдэгдлийг өгснөөс хойш өнөөдрийг хүрсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж харж байна. Түрээсийг талбайн үнийг үндэслэлгүйгээр хэт нэмэгдүүлсэн зүйл байхгүй бөгөөд тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй объектуудад харьцуулсан судалгаа хийсэн, хавсралтыг мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Эдгээр нотлох баримт дээр үндэслээд хэн нь үнэн ярьж байгаа эсэх нь харагдана. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр тэгш эрхтэй байх ёстой. Бид энд гэрээ гэдэг ойлголтыг ярьж байгаа учраас гэрээний үндсэн зарчим юу вэ? гэдгийг шалган тогтоох нь зүйтэй... гэв.
Хариуцагч “““““““ ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
...Тус шүүхэд хянагдаж буй Г.”““““““гийн нэхэмжлэлтэй, “““““““ ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Г.”““““““ нь энэ гэрээний хугацаанд 30,000,000 төгрөг төлөхөөс 22,500,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Үүний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, түрээсийн талбай чөлөөлж өгөх тухай мэдэгдэл хүргүүлсэн билээ. Иргэн Г.”““““““тэй байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ажлын байр түрээслүүлэх гэрээ гэрээг цуцалж, гэрээний дагуу түрээсийн төлбөрт төлөгдөөгүй 7,500,000 төгрөг, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх алдангид 3,750,000 төгрөг, 12 дугаар сарын нэмэгдсэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,300,000 төгрөг нийт 14,550,000 төгрөг гаргуулж, “““““““ үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 145 м.кв талбай бүхий түрээсийн талбайг албадан чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.”““““““ шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлдээ:
...Манай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол “““““““г талбай түрээслэн ороход нэг удаа шинээр эхэлж буй бизнесийг дэмжих зорилгоор хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр анх үзүүлсэн хөнгөлөлтийг 5 сар урвуулан ашиглаж зөрүү мөнгө 7,500,000 төгрөг нэмэгдэл хөлс төлөх хугацаа хэтрүүлсэн буюу түрээсээ тогтмол төлдөггүй байсан гэрээний үүргийн зөрчилд тооцоох алданги буюу гэрээнд зааснаар хоног тутамд 3,750,000 төгрөг, 12 дугаар сар хүртэлх нэмэгдүүлсэн төлбөр 3,300,000 төгрөг, нийт 14,350,000 төгрөгийг гаргуулах “““““““ худалдааны төвийн 2 давхарт байрлах 145м2 талбайг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
...”““““““ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал М.”““““““ нь анхнаасаа надад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх тухай тохиролцсон болохоо хожим нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цаг 46 минутанд ярьсан нь дууны бичлэгээр надад хадгалагдаж байгаа ба үүнийг нотлох баримтаар гаргаж өгөх болно. Уг дууны бичлэг дээр Ц.”““““““ нь хэрүүл хийж байгаа байдал болон хариуцагчийн төлөөлөгч М.”““““““гийн ярьж буй яриа бичигдсэн байгаа болно. Энэ төлбөр гэх 7.500.000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй, мөн уг дүнгээс бодсон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлд дурьдсан 12 сарын түрээсийн нэмэгдсэн төлбөр гэх 3.300.000 гэж нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг ойлгохгүй байна. хэзээ, ямар тохиролцоогоор 1мкв талбайг хэдээн тооцож яаж гаргасан түрээсийн төлбөр нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой, ойлгомжтой болговол энэ талаар тайлбар гаргах хүсэлтэй байна. Албадан чөлөөлүүлэх гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 3 жилийн хугацаагаар түрээслэнэ гэж надад итгэл үнэмшил төрүүлээд, өөрийн хөрөнгө засан сайжруулалт хийлгэж, улмаар гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, үйлчлүүлэгч болж хэрэглэгч татсаны дараа миний хүч хөдөлмөр, хөрөнгийг үнэгүйдүүлж, улмаар өөрсдөөминий спорт тоглоомын газрын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор ийнхүү нэхэмжлэл шаардпага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс “““““““ ХХК-ийн надад холбогдуулж гаргасан гэрээний төлбөр 7.500.000 төгрөг, алданги 3.750.000 төгрөг гаргуулах, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гус тус хэрэгсэхгүй болгож, харин 12 сарын түрээсийн нэмэгдсэнтөлбөр 3,300,000 төгрөг гаргуулах гэснийг тодруулж өгнө үү... гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 312/ШШ2025/00576 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.”““““““ нь шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Г.”““““““гээс 7,500,000 төгрөгийг гаргуулан “““““““ ХХК-нд олгож, үлдэх 6,950,000 төгрөгний хэсэг, түрээсийн гэрээг цуцлах, “““““““ үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 145 мкв талбайг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.”““““““гээс төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагч “““““““ ХХК-иас төлсөн 300,900 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.”““““““гээс 134,950 төгрөгийг гаргуулан хариуцагч “““““““ ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШЗ2024/06631 дугаар шүүгчийн захирамжаар 145 мкв түрээсийн талбайг суллах, цагийн хязгаарлалт тогтоох зэрэг гэрээнд заасан зориулалтаар үйл ажиллагаа явуулахад саад учруулахгүй байхыг даалгаж, шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо:
…Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс уг хэрэгт нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч надад шилжүүлсэн дуу-дүрсний бичлэгийг хуульд заасны дагуу хэрэгт бэхжүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүх хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн маргаагүй үндэсдэлээр буюу нотлох баримт бүрдүүлэхдээ хууль бусаар бүрдүүлж, цуглуулсан гэж хариуцагчид хууль зүйн туслацаа үзүүлэх замаар нотлох баримтаар хүлээн авахаас татгалзаж, нотлох баримтаас хасахаар шийдвэрлэсэн, Уг захирамжийг шүүх бүрэлдэхүүн хянаж, улмаар хүчингүй болгосон хэдий ч шүүгчийн зүгээс уг нотлох баримтыг шалгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтийг хангахаас татгалзаж, улмаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулж, улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх боломжийг шүүхээс илт үндэслэлгүйгээр хязгаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүилийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6,3, 6.4, 6.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 42 дугаар зүйлийн 42.2, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 107 дугаар зүйлийн 107,1, 107.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлүүлэхээр хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан шүүгчийн захирамжийг удаа дараа гаргасны үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан. Ийнхүү хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан атлаа сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлага болох 7.500.000 төгрөгийг хангаж шийдвэрлэхэд хүргэсэн байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзнэ.Хоёрдугаарт. Уг хэрэгт шүүгчийн нотлох баримтыг хүлээн авахаас татгалздаг, нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй байхдаа өөрийн дураар, хариуцагчид туслах замаар нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэж урьдчилан дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг ноцтой зөрчиж улмаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, түүнийг нотолсон баримт, нотолгооны хэрэгслийг урьдчилан дүгнэснээр мөн зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг тус тyc ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Гуравдугаарт. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан хүсэлтийн дагуу гэрч оролцуулах ажиллагааг явуулалгүй хэрэг хянан шийдвзрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байна. Тодруулбал, уг хэрэгт М.”““““““г гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүхээс хүлээн аваад хангаж 2024.11.28-ны өдрийн 6631 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба одоог хүртэл уг шүүгчийн захирамж хүчинтэй хэвээр байна. Гэтэл гэрч нь шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөх эрхээсээ татгалзах тухай мэдүүлэг өгөөгүй төдийгүй шүүхээс уг ажиллагааг хуульд зааснаар явуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах ажиллагааг явуулах боломжийг хязгаарласан хууль бус үйл ажиллагаа явуулсан. Үүнийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэх оролдлого хийгээгүй болох нь уг хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2024.11.28-ны өдрийн 6631 дугаартай шүүгчийн захирамж одоо хүртэл хучинтэй байгаагаар илэрхийлэгдэх ба уг захирамжийг хүчинтэй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж буй шүүх бүрэлдэхүүн гэрчийг дуудан мэдүүлэг авах ажиллагаа явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна. Дөрөвдүгээрт, Г.”““““““гийн нэхэмжлэлтэй, ““““““““” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2025.04.04-ний өдрийн 576 дугаартай шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118 дугаар зүйлийн 118.2-т зааснаар ‘‘шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана” гэснийг ноцтой зөрчиж нарийн бичиг болон шүүх хуралдаанд дуудсан гэрчийг нэрлэн заагаагүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрт хуулиар тавигдах наад захын шаардлага хангаагүй давж заалдах шатны шүүхээс залруулах хуульд заасан боломжгүй ноцтой алдаа гаргасан байна. Тавдугаарт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүх бүрэлдэхүүний шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан ...хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ бий болсон тухай... шүүх хуралдааны явцад мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 - д зааснаар гаргахад 2025.04.04-ны өдрийн шүүх хуралдаан даргалагч нь хуулийн 92.4-т “татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийи өмгөөлөгчийг тайлбарыг сонсмогц зөвлөлдөхгүйгээр “...татгалзлалыг Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар хүлээн авахгүй...” гэж тайлбарлаад шүүх хуралдааныг үргэлжүүлэн хэлэлцэж дуусгасан. Гэтэл энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хууль болон Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээгээр тунхаглагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон хараат бус, тал хардаггүй, хэргийн оролцогчийн хууль бус нөлөөлөлд автаагүй, нотлох баримтыг шүүхийн шийдвэр гаргахаасаа өмнө хариуцагч талд ашигтайгаар урьдчилж үнэлээгүй, хэргийн нэг талаас гаргасан нотлох баримтыг үнэлэхгүйгээр нөгөө талд ашигтайгаар тайлбарлаагүй шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан уг шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болно. Мөн хэргийн оролцогчийн гаргасан аливаа хүсэлт, түүний дотор өөрийг нь татгалзан гаргахаар гаргаж буй хүсэлт үндэслэлтэй эсэхийг Улсын дээд шүүхээс хууль зөрчиж, зөвлөлдөхгүйгээр, хариуцагч талаас нөлөөлсөн нөлөөллөөс болж тэдний хэлснээр шийдвэрлэхээр заагаагүй болно. Энэ агуулгаараа шүүх хуралдаан явуулах ерөнхий нөхцөл болон хүсэлт шийдвэрлэх ажиллагааг зөвлөдөхгүйгээр шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.Зургаадугаарт, хариуцагчийн өмгөөлөгч Цоохор овгийн Ц.Мөнхбат нь шүүгчид нөлөөлөхөөр оролдсон хууль бус оролдлогыг 2025.03.27-ны өдрийн шүүх хуралдааны төгсгөлд хэлж, шүүгчид нөлөөлөхөөр оролдсоныг шүүгч Б.Нармандах нөлөөллийн мэдүүлэг хөтлөх нөхцөл байдал бүрдээд байхад ийнхүү нөлөөллийн мэдүүлэг хөтлөхгүйгээр хэргийг хараат бусаар шийдвэрлэхийн оронд сахилгын хороонд шалгагдана гэх айдаст автаж улмаар нэхэмжлэгчийн эрхийг хууль бусаар хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн олон удаа гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна. Уг үндэслэлийг миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож, үндэслэл нотолгоо бүрийг нэг бүрчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар судлан танилцуулах болно. Уг ноцтой зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй төдийгүй, хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талуудад ижил тэгш эрхтэй мэтгэлцэх, нотлох баримтыг бүрдүүлэх, шинжлэн судлах адил тэгш оролцох, улмаар нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг гаргах шийдвэрлүүлэх бүхий л эрхийг хязгаарласан нь шударга щүүхийг эрэлхийлж шүүхэд хандсан иргэн шүүхээс хэтэрхий гэнэн, шударга бус шийдвэрийг хүлээн авахад хүргэж байгааг гомдолтой байна.Долоодугаарт, хариуцагчийн өмгөөлөгч Цоохор овгийн Ц.Мөнхбат нь шүүгчид нөлөөлөхөөр оролдсон хууль бус оролдлогыг 2025.03.27-ны өдрийн шүүх хуралдааны төгсгөлд хэлж, шүүгчид нөлөөлөхөөр оролдсоныг шүүгч Б.Нармандах нөлөөллийн мэдүүлэг хөтлөх нөхцөл байдал бүрдээд байхад ийнхүү нөлөөллийн мэдүүлэг хөтлөхгүйгээр хэргийг хараат бусаар шийдвэрлэхийн оронд сахилгын хороонд шалгагдана гэх айдаст автаж улмаар нэхэмжлэгчийн эрхийг хууль бусаар хязгаарлаж бүхий этгээдэд хандаж шийдвэрлэхгүйгээр орхигдуулж, хариуцагчийн хууль бус нөлөөлөлд автаж улмаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх атлаа, хүчин тогөлдөр бус гэрээний дагуу нэхэмжлэгчээс 7.500.000 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэж тал засаж байгаагаар илэрхийлэгдэж байна.Наймдугаарт, шүүх хуралдааны тэмдэглэл нь хуульд заасны дагуу гараагүй төдийгүй, талуудын гаргасан тайлбар, хүсэлтийг товчилсон утгыг нь өөрчилсөн, шүүгч өөрийнхөө ярьсныг заримыг нь тусгаж, заримыг нь нэмж тусгаж, яриагүй зүйлсийг ярьсан мэт болгож, яригдсан зүйлсийг яриагүй мэт болгох зэргээр хуульд зааснаар гаргаагүй байна. Мөн 2025.04.04-ний өдөр болсон шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүгчийн туслахаас нэхсээр байж 2025.04.07-ны өдөр буюу шүүх хуралдаан болсноос хойш 33 хоногийн дараа танилцлаа. Хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргасан мэт харагдах нь шүүгчийн хувьд ажлын үзүүлэлт сайтай харагдах “имидж” байж болох ч ард түмний татварын мөнгөөр цалин хангамжаа шийдвэрлүүлж тангараг өргөж шударга ёсыг тогтоох ариун үүрэгтэй шүүгч хүн энэ мэт маш тодорхой ойлгомжтой алдаатай шийдвэр гаргах замаар нэхэмжлэгчийг хохироолж байгаа үйлдэлд эвлэрэх аргагүй байна.Есдүгээрт. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаагүй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх ажиллагааны талуудын зарчмыг ноцтой зөрчиж талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоох хэсэгтээ баримталж нэхэмжлэгч, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхгүйгээр маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба, хариуцагч нь уг гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч харин хүчин төгөлдөр гэрээг цуцлах тухай сөрөг шаардлага гаргаж, мөн хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр чөлөөлсөн төлбөрөө гаргуулах, алданги гаргуулах зэрэг сөрөг шаардлага гаргаснаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний зохицуулалтыг нэрлэсэн мэт боловч талууд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар талуудын мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, үндэслэлдээ тусгаагүй маргаагүй асуудлаар дүгнэлт хийх замаар нэхэмжлэгч, хариуцагч нарын аль алиных нь эрхийг дордуулан шийдвэр гаргаж байгаа нь мөн л хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг ааны ноцтой зөрчил хамаарч байна.Аравдугаарт, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны олон тооны ноцтой зөрчил гаргаснаас гадна хэргийг хянан шийдвэрлэхдээ материаллыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй, улмаар үүнээс үүдэн талуудын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үр дагаварт хүргэж байна. 'Тодруулбал, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 -д зааснаар “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэж заасан шүүхээс “ ажлын байр түрээсийн гэрээ” гэж нэрлэсэн бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 -д зааснаар түрээсийн гэрээ байх учиртай гэсэн дүгнэлт нь хэтэрхий гэнэн дүгнэлт гэж үзнэ. Учир нь Г.”““““““ нь ““““““““’ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх бүхэлд нь түрээслээгүй болох нь тэдний хооронд байгуулагдсан гэрээгээр шилжүүлсэн 145 мкв талбай бүхий хэсэг болох уг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 2541 мкв талбайн 10 хувьд ч хүрэхгүй жижиг талбайг хэсэгчлэн эзэмшилд шилжүүлж өгсөн байдлаас үзвэл хариуцагч болон нэхэмжлэгч нар нь нийт талбайн хэсгээсээ 5.7 хувьд оногдох 145 мкв талбайн хэсгийг түрээслэн улмаар үүнийг улсын бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцлээр бүртгүүлэхийг хариуцагч хүсэхгүй нь тодорхой байхад нэхэмжлэгчийг буруутгасан дүгнэлт хийх замаар хариуцагчийн маргаагүй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, хуулийг зөв хэрзглээгүй гэж үзнэ.Мөн Иргэний хуульд зааснаар талуудын хүсэл зоригийг хэрхэн ойлгох тайлбарлах талаарх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхээс огт анхаараагүй төдийгүй хэрэглээгүй нь мөн л шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг харуулж байна. Тэгсэн атлаа шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 заасныг баримталж өөрийн санаачлагаараа хэний ч маргаагүй асуудлаар дүгнэсэн хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврын талаар дүгнэлт хийхдээ гэрээгээр тохиролцсон хөлсийг гаргуулахаар шийдвэрлэж улмаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь илт үндэслэлгүй байна Зүй нь шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хэн нэгний нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бусд тооцож байгаа бол уг хэлцлийн хүрээнд авсан өгсөн буюу нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн талбайн зарим хэсгийг хүлээн авснаа эргүүлж өгөх, хариуцагч эд хөрөнгөө эргүүлэн авч байгаа учраас урьд авсан төлбөрүүдээ бүгдийг нь буцаах учиртай. Энэ мэтээр анхан шатны шүүхийн талуудын хооронд үүссэн харилцаанд бодитой зөв дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Уг анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасныг баримтлан хэргийг бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Г.”““““““ “ ...талуудын хооронд байгуулсан талбай түрээслэх гэрээний дагуу 145 мкв талбайг өөрийн эзэмшилд байлгаж, үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоолгох“ тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг “““““““ ХХК-нд даалгуулах“-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, хариуцагч “““““““ ХХК нь “Гэрээний дагуу түрээсийн төлбөрт төлөгдөөгүй 7,500,000 төгрөг, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх алдангид 3,750,000 төгрөг, 12 дугаар сарын нэмэгдсэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,300,000 төгрөг нийт 14,550,000 төгрөг гаргуулж, “““““““ үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 145 м.кв талбай бүхий түрээсийн талбайг албадан чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.
3. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5., 318 дугаар зүйлийн 318.4., 492 дугаар зүйлийн 492.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Г.”““““““ нь шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Г.”““““““гээс 7,500,000 төгрөг гаргуулан “““““““ ХХК-нд олгож, үлдэх 6,950,000 төгрөг, ажлын байр түрээслүүлэх гэрээг цуцлах, “““““““ үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 145 мкв талбайг албадан чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн түүнчлэн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.
5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд “Ажлын байр түрээслүүлэх гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 10 ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 1095 хоногийн хугацаагаар түрээслүүлэх, 145 м/кв талбайд түрээсийн хөлс 2,500,000 төгрөг, түрээс төлөөгүй тохиолдолд 1 м/кв-т 5000 төгрөгийн алданги төлөх, гэрээг цуцлах тохиолдолд 2 тал 1 сарын өмнө мэдэгдэх, тухайн жилд 3 удаа сануулах арга хэмжээ авагдсан тохиолдолд гэрээг цуцалж, дахин сунгахгүй байх зэргээр гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй, гэрээнд заасан түрээсийн төлбөрийг нэмэгдүүлснээр талуудын хооронд маргаан үүссэн байна.
6. Хариуцагч “““““““ ХХК нь “““““““ үйлчилгээний төвийн 2 давхарт байрлалтай, 2541м/кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч ба тэрээр “Рэнж” бильярдын үйлчилгээ явуулдаг 145 м/кв талбайг нэхэмжлэгчид тодорхой хугацаагаар түрээслүүлсэн байхад шүүх талууд түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хуульд тусгайлан заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна, нэхэмжлэгч нь гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
7. Тухайлбал шүүх эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд тухайн маргааны үйл баримтын талаар хууль зүйн үүднээс бүрэн дүгнэлт хийхийн тулд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхой болгох, хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай.
8. Гэтэл шүүх түрээсийн гэрээний дагуу түрээслэж буй байр нь тус компаний өмчлөлийн 2541м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 145 м/кв талбайг түрээсэлсэн, эсхүл тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Бильярдын үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэсэн эсэхийг тодруулаагүй, гэрээний оролцогч талуудын үүргийн зөрчил хэзээ үүссэн, түрээсийн гэрээг цуцлах талаар хэрхэн мэдэгдсэн зэрэг нь тодорхой бус энэ талаар талууд мэтгэлцээгүй байна.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.Үүнд:
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн шүүхэд гаргасан “...дуу дүрсний бичлэгийг хуульд заасны дагуу хэрэгт хавсаргах” тухай хүсэлтийг “...хууль бус аргаар цуглуулж авсан...” гэсэн үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн “...2 дахь заалтыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн ба тэрээр дахин “...нотлох баримтаар өгсөн плаш дискэд бичигдсэн бичлэгт ярьж буй хүний дуу хоолой М.”““““““гийн дуу хоолойтой тохирч байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах “-аар хүсэлт гаргасныг өмнө нь хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ зааж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
11. Харин давж заалдсан гомдлын зарим хэсэг тухайлбал “шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй шүүх хуралдааныг үргэжлүүлсэн, “““““““г гэрчээр оролцуулаагүй, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсгийг дутуу бичсэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатыг шүүгчид нөлөөлөх оролдлого хийхэд нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, шүүх хуралдааны тэмдэглэл хугацаандаа гараагүй” гэх зэргийг хүлээн авах боломжгүй, уг зөрчлүүд нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.
12. Дээрх зөрчлүүдээс харахад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцлагагүй, хайнга хандсан өөрөөр хэлбэл шүүхийн тэмдэглэл хугацаандаа гарахгүй байх, шүүхийн шийдвэр алдаатай бичигдэх зэрэг зөрчил дутагдал гаргаж байгаад цаашид анхаарч ажиллахыг дурьдав.
13. Шүүх хуралдааны шатанд хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдуулан шүүгчийг татгалзсан тохиолдолд шүүгч заавал уг асуудлын талаар эрх зүйн акт гаргахгүйгээр шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж тэмдэглүүлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, хэргийн оролцогч шүүгчид нөлөөлөх оролдлого хийж байгаа асуудалд тухайн шүүгч өөрөө дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтлөхийг хуульд тусгайлан зохицуулсан тул Ц.Мөнхбатаас гаргаж буй оролдлогод шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй зэрэг нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
14. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “....хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00576 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ