Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0194

 

 

“К б” ХХК дахь Банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ч.Э нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2 дахь зүйлд заасныг баримтлан “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, тус Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь зүйлд зааснаар нэхэмжлэгч “К б” ХХК дахь Банкны эрхийн хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.А шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүхээс хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргын “К б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зүйлд заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дүгээр захирамж нь хууль бус болохыг тогтоосон хэрнээ энэ нь уг захиргааны актыг хүчингүй хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж буруу дүгнэсэн.

Шүүх дээрх үндэслэлээ “К б” ХХК-ийг татан буулгасан шийдвэр гарсан учир “К б” ХХК-ийн Газрын тухай хуульд заасан нөхцөл, болзол, журмын дагуу хэрэгжүүлэх тухай газрыг эзэмших, ашиглах эрх сэргээгдэх боломжгүй болох нөхцөл байдал тогтоогдож байгаа нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Учир нь шүүх “К б” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн үйл баримтыг татан буулгасан гэх үйл баримттай хольж хутгасан. Татан буулгахаар шийдвэрлэх үйл баримтын үр дагавар нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Банкны эрхлэх үйл ажиллагаа”-г явуулахгүй болох бөгөөд энэ тохиолдолд “К б” ХХК-ийн эрх зүйн чадвар нь хэвээр байна. Өнөөдрийн байдлаар “К б” ХХК улсын бүртгэлээс хасагдаагүй, эрх зүйн чадвартай хэвээр байгаа болно.

2. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй. Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй байдаг.

Гэвч хариуцагч Замын-Үүд сумын Засаг дарга нь “К б” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, шүүхээс хариуцагчийн үйлдлийг зөвтгөж байгаа нь газар эзэмшигчид хуулиар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхийг нь шууд зөрчсөн үр дагаврыг үүсгэж байна.

Үүгээр зогсохгүй цаашид аливаа банкийг татан буулгах тухай шийдвэр гарсан даруйд захиргааны байгууллагаас түүнд эзэмшүүлсэн газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шууд цуцлах жишиг, үр дагаврыг үүсгэж байна.

Нөгөө талаар шүүх татан буулгасан шийдвэр гарсан тул газрыг эзэмших эрхийг сэргээх боломжгүй гэж дүгнэх нь цаашид захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар маргах, акт хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэх ойлголт, жишгийг тогтоох сөрөг үр дагавар үүсгэлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт,захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасан.

Шүүх хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргын “К б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дүгээр захирамж нь хууль бус болохыг тогтоосон хэрнээ түүнийг хүчингүй болгохгүй хэвээр үлдээж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Дээрх үндэслэлүүдээр гомдлыг хангаж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулсан ч, шийдлийн хувьд маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгөөгүй, мөн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Анх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар захирамжаар Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 10000 м.кв газрыг ногоон байгууламж бүхий өндөр зэрэглэлийн зочид буудал барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх “К б” ХХК-д олгосон байна.

            Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны А/261 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн “К б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            “К б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Замын-Үүд сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар хүчингүй болгож, мөн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/110 дугаар захирамжаар дахин сэргээж, мөн тус сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжаар хүчингүй болгосныг мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар дахин сэргээж, 2018 онд газар эзэмших гэрчилгээг нөхөн олгосон байна.

            “К б” ХХК-ийн газар эзэмших эрхийг 2017 онд сэргээн шийдвэрлэснээс хойших хугацаанд захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигч “К б” ХХК-тай гэрээ байгуулаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж...” 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын даамал ... тухайн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж...”, 34.8-д “Газар эзэмших эрхийн гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч “К б” ХХК-тай хариуцагч газар эзэмших гэрээг байгуулаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга нь “К б” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулаагүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт газар эзэмшигчтэй “газар эзэмших тухай” гэрээ байгуулаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үүргийг газар эзэмшигч биелүүлээгүй гэж үзэхгүй бөгөөд хариуцагч тэрхүү үүргийг газар эзэмшигчээс шаардах боломжгүй юм.

            Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

            Гэвч анхан шатны шүүх хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны А/261 дүгээр захирамж нь хууль бус байх боловч уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэсэн нь буруу байна.

            Учир нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “К б” ХХК-ийг татан буулгаж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар М.А-ийг 1 жилийн хугацаатайгаар томилсон байна.

            Ийнхүү банкны эрх хүлээн авагч томилогдсон байхад Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг 39.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан “...“К б” ХХК-ийн Газрын тухай хуульд заасан нөхцөл, болзол, журмын дагуу хэрэгжүүлэх тухайн газрыг эзэмших, ашиглах эрх сэргээгдэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа нь дээрх захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Нөгөө талаар дараалан 2 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэл болгон,