Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2026/0023

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          Ц.Цогт   

Шүүгчид:                             Г.Банзрагч

                                                М.Батсуурь

                                                П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:               Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2025/0035 дугаар шийдвэртэй, хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Н.Э, П.Ц, Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Я.Ж, О.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, Ө.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д “Э” ТӨҮГ болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан хүдрийн овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй, орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, … түүнчлэн “А” ХХК болон “Э” ХХК (хуучин нэрээр)-ийн хооронд байгуулагдсан 2010, 2013 оны гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг “Э” ТӨҮГ-т нөхөн төлүүлэх овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, байгаль орчны нөхөн сэргээх төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулахыг холбогдох эрх бүхий хүмүүст тус тус даалгажээ.

2.2.“А” ХХК дээрх тэмдэглэлийн 26.5 заасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Монгол Улсын Засгийн газар маргаан бүхий акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчсөн буюу хуульд үндэслээгүй, эрх зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргах журам зөрчсөн. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан шийдвэрийг тэмдэглэл хэлбэрээр гаргасан ...” гэж,

4.Хариуцагчаас “... Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, маргаан бүхий Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн үр дагавар арилсан, нэхэмжлэгчид сэргээгдэх ашиг сонирхол байхгүй тул тус нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх үндэслэлгүй” гэж тус тус маргасан байна.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2025/0035 дугаар шийдвэрээр  “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.4, 30.5, 30.6, 30.7, 30.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

5.1.Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тэмдэглэлийн 2 дахь заалтын хүрээнд талууд хэлэлцээр хийхээр төлөвлөж, тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа энэ тохиолдолд тус заалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна.

5.2.Учир нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд биелэгдэх боломжтой, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхүйц байх ёстой.

5.3.Маргаан бүхий энэ тохиолдолд нэгэнт Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-ын 1, 2 дахь хэсэг нь эрх зүйн үйлчлэлгүй болсон, үүнээс гадна нэхэмжлэгч компани үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа буюу зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны сонирхол байхгүй байх тул шүүхээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 16 дугаар тэмдэглэлийн холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна” гэж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

6.1.Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх маргаан бүхий актын үйлчлэлийг дуусгавар болсон гэж буруу дүгнэлт хийсэн талаар: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэр буюу маргаан бүхий актын үйлчлэл дуусгавар болсон, эрх зүйн үйлчлэлгүй болсон, иймд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэсэн үндсэн дүгнэлт хийсэн. Энэхүү дүгнэлтийг хийхдээ, А.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэл гарсан, түүний хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын албан бичиг гарч, хязгаарлалтуудыг зогсоосон, Б.Талууд хэлэлцээр хийж байгаа гэсэн 2 үндсэн үйл баримтыг үнэлж дүгнэсэн боловч энэ нь дараах байдлаар алдаатай болжээ.

6.2.“Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэл болон түүний хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хэрэгжүүлсэн арга хэмжээний тухайд:

6.2.1.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэл нь “А” ХХК-ийн тасралтгүй 24/7 ажиллагаатай үйлдвэрийн уусмал хадгалах цөөрмөөс үүдэлтэй байгаль орчинд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, бууруулах талаар арга хэмжээ авахыг хариуцсан сайдад даалгасан агуулгатай байдаг.

6.3.Энэ хүрээнд,

6.3.1.Нэг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Чиглэл хүргүүлэх тухай” албан тоот гарч, тодорхой хязгаарлалтуудыг тодорхой хугацаанд буюу эрсдэл бүрэн арилтал зогсоох болсон. Хэдийгээр “А” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь дэд бүтцийн сайдын 2003 оны 112 дугаар тушаалаар батлагдсан “Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдваржилтын нэг ба хоёр дугаар зэрэглэлд хамрагдах шаардлагатай хэрэглэгчдийн жагсаалт”-ын 1 дүгээр зэрэглэлийн үйлдвэр бөгөөд цахилгаан, эрчим хүчээр тасалж болохгүй ангилалд хамаарч байсан. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлээр тасралтгүй 24/7 ажиллагаатай үйлдвэрийг зогсоосноос үүдсэн байгаль орчны эрсдэл өнөөдрийг хүртэл арилаагүй, үйл ажиллагаанд ноцтой хүндрэл учруулсаар байгаа. Түүнчлэн төрийн захиргааны байгууллага болон “Э” ТӨҮГ, “Э-Б” ТӨХК-уудын зүгээс “эрсдэл бүрэн арилсан” гэж үзвэл үйлдвэрийг хаах, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтуудыг дахин сэргээх боломж нь Засгийн газрын тэмдэглэлийн хүрээнд нээлттэй хэвээр байна.

6.3.2.Хоёр. Мөн маргаан бүхий актын “А” ХХК-д чиглэсэн шинж нь үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа, ус цахилгааны хязгаарлалтаар зогсохгүй, түүнээс гадна төрийн өмчит үйлдвэрийн газруудтай байгуулагдсан гэрээнүүдийг цуцлах, дахин гэрээ байгуулахгүй байх, хойшид компанид төрийн өмчийн эд хөрөнгө ашиглуулахгүй байх, ногдол ашиг нөхөн авах, байгаль орчинд хохирол учруулсан гэж шууд дүгнэх, түүний үнэлгээг тооцон гаргаж, төлбөр төлүүлэх гэх мэт өргөн хүрээг хамарсан байдаг. Өмнөх тэмдэглэлийг эрх зүйн үйлчлэлгүй болгосон гэх 25 дугаар тэмдэглэл 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гарснаас хойш “Э” ТӨҮГ-ын зүгээс маргаан бүхий актыг үндэслэл болгон 6 удаагийн албан тоот илгээж, тэмдэглэлээр өгөгдсөн үүргийг биелүүлэхгүй бол үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, ус цахилгааны хязгаарлалт тогтоох талаар байнгын шаардлага тавьсаар байгаа юм. Үүнтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тайлбар албан бичгийн хамт хүргүүлсэн болно.

6.4.Шүүх хуралдааны явцад ч энэ талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлийн агуулга нь бодит нөхцөл байдал дээр ч өмнөх буюу маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгосон шинжтэй гэж үзэх ямар ч боломжгүй байгаа юм.

6.5.Гурав. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр тус компанийн ТЭЗҮ-ийн тодотголыг “Э” ТӨҮГ-тай байгуулсан гэрээг хүчингүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаад байна.

6.6.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д ““үүсмэл орд ашиглах” гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх”-ээр заасан бөгөөд “Э” ТӨҮГ-аас маргаан бүхий 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэрийг үндэслэн гэрээг хүчингүй болгосон талаар мэдэгдлүүдийг ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан.

6.7.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэр, түүнийг үндэслэсэн “Э” ТӨҮГ-ын мэдэгдэл, албан бичиг, төр, захиргааны байгууллагуудын шийдвэр нь нэхэмжлэгчийн катодын зэсийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулахад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөөр байна.

6.8.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.” гэж зааснаас үзвэл маргаан бүхий 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлээр хүчингүй болгоогүй тул маргаан бүхий актыг эрх зүйн үйлчлэлгүй болсон гэж үзэх боломжгүй байна.

6.9.“А” ХХК болон Монгол Улсын Засгийн газар нь хэлэлцээр хийж байгаа тул маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэх дүгнэлтийн тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтад 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтийн дагуу байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох ёстой гэснийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд баталж, стратегийн ач холбогдол бүхий ордыг эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших эрх зүйн үндэс тавигдсан.

6.10.Гэхдээ энэхүү хувьцааны тодорхой хувийг эзэмших үйл явц нь төр болон орд эзэмшигчийн хооронд хэлэлцээрийн журмаар явагдах асуудал бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас “А” ХХК-д дээр дурдсан хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс албан ёсны хэлэлцээр хийх тухай урилга ирүүлж, улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт болон “Э” ТӨҮГ-т тусгай ажлын хэсгүүд байгуулагдан хэлэлцээр эхэлсэн.

6.11.Тодруулбал, тус хэлэлцээр нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтүүдтэй холбоотой, стратегийн орд эзэмшигч хуулийн этгээдийн хувьцаанаас төр эзэмшин үйл ажиллагаа явуулах буюу ирээдүйд чиглэсэн шинжтэй хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээр нь “Э” ТӨҮГ-ын үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг 3 компани буюу “Э” ХХК, “З” ХХК-уудтай ч хийгдэж байгаа бөгөөд маргаан бүхий акттай хамаагүй.

6.12.Харин маргаан бүхий акт буюу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэр нь хэлэлцээртэй хамааралгүй, харин өмнө хийгдсэн гэрээ, хэлцлийг цуцлах, түүнийг хууль бус гэж үзэх, үр дагаврыг нь арилгах, тухайлбал 2 дахь заалтаар “А” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд өмнө байгуулагдсан гэрээний дагуу ногдол ашиг нөхөн төлүүлэх, байгаль орчны хохирол, нөхөн төлбөрийн үнэлгээг гаргуулах, нөхөн төлүүлэх гэх мэт агуулгатай болно.

6.13.Иймд, Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбоотой хийгдэж буй хэлэлцээрийг, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5, түүний 2 дахь заалтад заасан асуудлыг шийдвэрлэх хэлэлцээр гэж үзсэн алдаатай дүгнэлт хийсэн болно.

6.14.Дүгнэлт: Маргаан бүхий акт болох Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5 дахь хэсэг нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавруудыг үүсгэж байгаа, түүний улмаас “А” ХХК-ийн эрх, ашиг сонирхол шууд хөндөгдсөн, зөрчигдсөн. Шүүхийн шийдвэрээс харахад, маргаан бүхий акт гарснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн боловч одоо бүрэн сэргэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, буруу юм.

6.15.Маргаан бүхий акт гарч, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн тасралтгүй 24/7 ажиллагаатай катодын зэсийн үйлдвэрийг хааж, цахилгаан болон ус хангамжийг хязгаарласнаар технологийн горим алдагдаж, уусмалын хүчиллэг чанар өсөж, цөөрмийн дүүргэлт 110 хувь хүртэл нэмэгдэн байгаль орчинд ноцтой хохирол учрах өндөр эрсдэл бий болж байсан. Аваарын нөхцөл байдлын улмаас үйлдвэрийг нээж, шаардлагатай арга хэмжээнүүдийг нэн даруй авахыг компанид үүрэг болгосон ба компани ажиллах хүч, хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж, технологийн хувьд бүхий л хүчин чадлаа гаргаж байгаль орчинд хохирол учрахаас сэргийлж чадсан боловч эрсдэл одоо ч арилаагүй буюу хүндрэл дуусаагүй хэвээр байгаа болно. Үүнтэй холбоотой тооцоолоогүй асар их хэмжээний нэмэлт зардал гарсан ба борлуулалтын орлого тасарсан байсан тул санхүүжилтийг зээлээр шийдвэрлэсэн. /Үүнтэй холбогдох материалууд хавтаст хэрэгт авагдсан/.

6.17.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэл нь “А” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг эрсдэл бүрэн арилгах хүртэл хязгаарлалтыг түр зогсоох агуулгатай байсан. Тус тэмдэглэлд Засгийн газрын өмнөх тэмдэглэл буюу маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгосон агуулга, зохицуулалт байхгүй. Мөн дефакто хувьд ч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг баримтлан, Засгийн газрын шийдвэрийг заавал даган мөрдөх зарчмын хүрээнд захиргааны байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газрууд маргаан бүхий актыг хэрэгжүүлсээр байгаа (дээр дурдсан олон удаагийн мэдэгдэл, шаардлага болон маргаан бүхий актаар гэрээ цуцлагдсан тул ТЭЗҮ батлахгүй, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, уусмал цэвэршүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх газар олгохоос татгалзах гэх мэт) нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлсөөр байгаа явдал юм.

6.18.Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.4-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

7.Хариуцагчаас нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

9.Монгол Улсын Засгийн газар маргаан бүхий актаар ““А” ХХК-тай байгуулсан овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй, орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг, үйл ажиллагаа явуулах шаардлагатай эх үүсвэрээр хангах гэрээнүүдийг цуцалж, дуусгавар болгон, гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг тухайн компанид ашиглуулахгүй байх талаар шуурхай арга хэмжээ авахыг, “А” ХХК болон “Э” ХХК /хуучин нэрээр/-ийн хооронд байгуулагдсан 2010, 2013 оны гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг “Э” ТӨҮГ-т нөхөн төлүүлэх болон овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, байгаль орчны нөхөн сэргээх төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад тус тус даалгаж” шийдвэрлэжээ.

10.Дээрх “Э” ТӨҮГ-ын овоолгыг гэрээний үндсэн дээр ашиглаж байсан “А” ХХК-тай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5 дахь хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана”, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ыг 11.5-д “Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай шийдвэрлэх асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж заасан шийдвэр гаргах ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад нийцсэн, үндэслэл бүхий байна.

11.Маргаан бүхий актыг биелүүлж “Э” ТӨҮГ “Овоолго ашиглуулах гэрээ”-г цуцалж, үйл ажиллагааг зогсоох тухай, байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажлыг гүйцэтгэж, учирсан хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх тухай, “Э-БТӨХК-аас “цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг цуцлах” тухай, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас “... үйл ажиллагааг зогсоож, эрчим хүчний хэрэглээг нь түдгэлзүүлэх” талаарх мэдэгдлүүдийг тус тус АХХК-д хүргүүлснээр 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч компанийн үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон үйл баримт нотлох баримтаар тогтоогджээ.

12.Энэ үйл баримт нэхэмжлэгч “А” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлснөөрөө Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5 дахь заалт гадагш чиглэсэн, нэг удаагийн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн зэрэг захиргааны актын үндсэн шинжийг бүрэн агуулж байна.

13.Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актыг эрх зүйн үйлчлэлгүй болсон гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалд нийцээгүй, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал бүрэн арилаагүй байгаад зөв дүгнэлт өгч чадаагүй байна.

14.Шүүх Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэл болон түүний хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг үндэслэн маргаан бүхий актыг эрх зүйн үйлчлэлгүй болсон гэж үзсэн нь учир дутагдалтай. Тодруулбал, дээрх 25 дугаар тэмдэглэл “А” ХХК-ийн тасралтгүй (24/7) ажиллагаатай үйлдвэрийн уусмал хадгалах цөөрмөөс үүдэлтэй байгаль орчинд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, бууруулах талаар арга хэмжээ авахыг хариуцсан сайдад даалгасан агуулгатай болохоос маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл түүний эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгосон зохицуулалт агуулаагүй байна.

15.Харин Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэрийн хэрэгжилтийг нөхцөлтэйгөөр түр хойшлуулсан шинжтэй, өөрөөр хэлбэл “эрсдэл бүрэн арилсан” гэж үзсэн тохиолдолд үйлдвэрийг хаах, цахилгаан, эрчим хүчний хязгаарлалтыг дахин сэргээх зэргээр уг тэмдэглэлийн үйлчлэлийг үргэлжлүүлэх, биелүүлэх боломжтой байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэл болон түүнийг хэрэгжүүлсэн сайдын дээрх албан бичгийг маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгосон гэж үзэхгүй.

16.Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” (пропорциональ) зарчмуудыг хэрэгжүүлээгүй нь буруу байна. Учир нь, захиргааны өмнөх шийдвэрийн дагуу хууль ёсны итгэл үүсэж, үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд чиглэсэн сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа  хариуцагч бодит нөхцөл байдлыг судалж, тухайн маргаантай асуудлыг нэхэмжлэгчийн хувьд хамгийн дарамт багатайгаар шийдвэрлэх боломжит хувилбар байгаа эсэхийг тодруулах ёстой.

17.Нөгөөтээгүүр, талуудын хооронд явагдаж буй хэлэлцээрийн явц, үр дүн, гэрээний харилцаанаас үүсэх эрх, үүргийн хүрээг тодруулах шаардлагатай байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “А” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцээр хийж, компанийн хувь эзэмшлийн тодорхой хэсгийг төрийн өмчид шилжүүлэх, цаашид уг хувь хэмжээг нэмэгдүүлэх, түүнчлэн өмнөх хугацаанд ногдох өгөөжийг тооцох асуудлыг хэлэлцсэн талаар нийтэд илэрхий нөхцөл байдал бий болсон бөгөөд талуудын эрх, үүргийн харилцаа бүрэн эцэслэгдээгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий харилцаа үргэлжилж байна.

18.Иймд маргаан бүхий актыг шууд хүчингүй болгох эсэхийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө хариуцагч захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг бүрэн тодруулж, зохих шийдвэрийг гаргах хүртэл хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар маргаан бүхий актыг дахин шинээр акт гаргах хүртэл тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

19.Хэрэв шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу маргаан бүхий акт хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болно.

20.Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангав.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2025/0035 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5 дахь хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хариуцагч Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д заасан шийдвэр хүчингүй болохыг мэдэгдсүгэй.” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ЦОГТ

                       ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                  М.БАТСУУРЬ   

                                                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ     

                                                                                                 Д.БАТБААТАР