Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1809

 

Ж.Р-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00238 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТӨХ-нд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Р ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х , З.У ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ЦДҮС” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 35 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон. Би тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш ажил, албан үүргээ сайн гүйцэтгэж ирсэн.

ТӨХноос гүйцэтгэх захирлын 2014 оны гэрээний биелэлтийг дүгнэх асуудлыг ТӨХны хурлын хэлэлцэх асуудалд оруулаагүй, гэрээний биелэлтийг үнэлүүлж, дүгнүүлэх боломж олгоогүй. Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ТӨХ-ны хурал болсон бөгөөд тус хурлаар бүх Цахилгаан эрчим хүчний системийн 18 компанийн гүйцэтгэх захирлуудыг байлцуулан ажлыг дүгнэсэн.

Ингэхдээ компанийн тайлан хэлэлцэнэ гээд гэнэт намайг ганцааранг гадаа үлдээсэн бөгөөд удахгүй Эрчим хүчний яамны төлөөлөл болох Төрийн нарийн бичгийн дарга Д.Д, Уул уурхайн үйлдвэрийн яамны төлөөлөл болох Төрийн нарийн бичгийн дарга Д.А , Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Н , Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б нар хурлыг орхиод гарсан учраас би хурал хийгээгүй гэж үзэж байгаа. Мөн уг хуралд намайг оролцуулна гээд оролцуулаагүй юм. Гэтэл ТӨХны 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 384 тоот тогтоолоор намайг ээлжийн амралттай байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.

ТӨХ нь “ЦДҮС” ТӨХК-ийн 39 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд энэ нь гүйцэтгэх захирлыг бие даан дангаар чөлөөлөх бүрэн эрхгүйг харуулж байна.

Миний гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дууссан. ТӨХ нь Төлөөлөн удирдах зөвлөлд санал өгөх эрхтэй болохоос чөлөөлөх, өөрчлөх эрх эдлэхгүй. Манай компани нь 100 хувь төрийн өмчийн компани мөн. ТӨХ нь Төлөөлөн удирдах зөвлөлд санал өгөх эрхтэй. Манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй. Үүнд Эрчим хүчний яамнаас 3, ТӨХ-2, Сангийн яам-1, хараат бус гишүүн 3 /энэ нь эрчим хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүс/ байдаг.

Миний нэг сарын цалин 1 200 124 төгрөг мөн. Үр дүнгийн шагнал нь үндсэн цалингийн 60 хувиар олгогддог. Би ТӨХ-ны 2015 оны 5 дугаар сарын 377, 378 дугаар тогтоолыг шүүхэд ирсэн үед танилцаж мэдсэн. Би эхний үед мэдэхгүйн улмаас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд ажлаас буруу халсан тухай гомдол гаргасан. Тэгээд сүүлд мэдээд тус дүүргийн шүүхэд гомдол гаргасан юм.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Д , Б.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТӨХны 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 384 дүгээр тогтоолоор Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.Р ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт ТӨХны бүрэн эрхийг хуульчлахдаа төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байхаар заасан.

Мөн ТӨХны 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журам”-ын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хувь нийлүүлэгчдийн хуралд таслах эрхтэй оролцох төрийн өмчийн төлөөлөгчийг Хорооны шийдвэрээр томилж, удирдамжийг батлан, итгэмжлэл олгоно гэж заасан байдаг.

Засгийн газрын 2001 оны 164 дүгээр тогтоолын 5 дахь заалтад зааснаар төрийн өмчит эрчим хүчний компанийн хувьцааны 41 хувийг Эрчим хүчний яам, 39 хувийг ТӨХ, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшдэг байсан.

Иймд ТӨХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6, ТӨХны 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан журмын 5 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус үндэслэн төрийн өмчит эрчим хүчний компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд таслах эрхтэй оролцох төрийн өмчийн төлөөлөгчөөр Сангийн яамнаас 1, Эрчим хүчний яамнаас 1, ТӨХноос 1 ажилтныг томилсон. Энэ эрх хэмжээний хүрээнд ТӨХ нь 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 127 дугаар тогтоолоор Сангийн яам, ТӨХ-нд ажиллаж байгаад ажлаасаа гарсан 2 хүний оронд холбогдох албан тушаалтнуудыг шинээр томилсон. Харин Эрчим хүчний яамны төлөөлөгчөөр урьд нь томилогдон ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга Д.Дыг хэвээр үлдээсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 6-д Төрийн өмчийн төлөөлөгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн төрийг төлөөлөх гишүүнээр томилогдсон этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс баталсан удирдамж, зааврыг баримтлан ажиллана. Удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь түүнийг томилох шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно, 11 дүгээр зүйлийн 11.2-т ТӨХноос өгсөн удирдамж, заавар энэхүү журмыг хүндэтгэх шалтгаангүйгээр зөрчсөн буюу удирдамжийн эсрэг санал өгсөн бол төрийн өмчийн төлөөлөгчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг өөрчилнө гэж заасан.

Гэтэл Эрчим хүчний яамны төлөөлөл болох Д.Д, Сангийн яамны төлөөлөл болох М.Б, ТӨХны төлөөлөл болох В.Д нар нь 2015 оны 4 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд болсон Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохдоо ТӨХны удирдамж, зааврыг зөрчсөн тул ТӨХны 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар тогтоолоор тэднийг чөлөөлсөн.

Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулахаар заасан.

Мөн түүнчлэн Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журмын 1.2-т заасны дагуу Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх чиг үүргийг ТӨХ гүйцэтгэнэ /ТӨХ/ гэсний дагуу “ЦДҮС” ХК нь 100 хувь төрийн өмчит компанийн хувьд төрийн өмчийн төлөөллийн эрх нь ТӨХ-нд бүрэн шилжсэн юм.

Нөгөө талаас ТӨХ-ны гишүүнийг Засгийн газраас томилдог бөгөөд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, тэр дундаа Эрчим хүчний яам болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ТӨХ-ны гишүүн байдаг. Өөрөөр хэлбэл ТӨХ-ны хуралдаан нь хувьцаа эзэмшигчийн төлөөлөл оролцож, саналаа өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д заасан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаар тогтоолоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” /ЦДҮС/ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийг чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл “ЦДҮС” ТӨХК нь хувьцаа эзэмшигчийн төлөөлөлгүй төдийгүй Төлөөлөн удирдах зөвлөлгүй болсон. Хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

ТӨХны эрх залгамжлагч нь Сангийн яам мөн.

ТӨХ-ны 66 дугаар тогтоолын Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд таслах эрхтэй оролцохоор, Засгийн газрын 2001 оны 164 дүгээр тогтоолоор төрийн өмчит эрчим хүчний компанийн хувьцааны 41 хувийг Эрчим хүчний яам, 39 хувийг ТӨХ, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшихээр зохицуулсан.

ТӨХноос таслах эрхтэй Төрийн өмчийн этгээдийн төлөөлөгчийг томилдог. ТӨХны хуралдаан нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-т зааснаар бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрхтэй тул Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг үүргээс нь чөлөөлснөөр ТӨХ төлөөлөлгүй болсон.

Иймд ТӨХ төрийн өмчийн төлөөллийг өөрөө хэрэгжүүлж, гүйцэтгэх захирлын хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан үүрэг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг 2015 оны 5 дугаар сарын 384 дүгээр тогтоолоор гаргасан юм.

Гүйцэтгэх захирал Ж.Р нь ээлжийн амралт эдлэх хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй тул түүнийг ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэх үндэслэлгүй юм.

Иймээс ТӨХ хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд компанийн захирлыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 зүйлийн 364.1-т зааснаар гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болсон байx тул нэxэмжлэгчийн нэxэмжлэлийн шаардлагаас гэрээ дуусгавар болоx хүртэлx хугацааны хөлсөөр ажиллаx гэрээний хөлс 2 386 623 төгрөгийг хариуцагч Сангийн яамнаас гаргуулж, нэxэмжлэгчид олгож нэxэмжлэлээс 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс одоог хүртэлх нэг жил нэг сарын ажилгүй байсан хугацааны цалин гэх 56 881 188 төгрөгийн шаардлагыг хэрэгсэxгүй болгож,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1,3, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 2, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүхээс тогтоосон дээрхи 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх ажлын 12 өдрийн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Сангийн яаманд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамж тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53 136 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Р давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалтууд нь хэрэгт үйл баримтад огт хамааралгүй. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан “төрийн өмчийн төлөөлөгч” гэдэгт “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал хамаарахгүй.

Шүүгч дээрх хуулийн зохицуулалтуудыг ямар зорилгоор шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тусгасан нь ойлгомжгүй байх бөгөөд хэрэв “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн захирлыг “төрийн өмчийн төлөөлөгч” гэж үзээд ТӨХ-г “Хөлсөөр ажиллах гэрээ”-г цуцалж, ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд гэж үзсэн бол хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй дүгнэлт гаргажээ.

Шүүх “ ...компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.8, “ЦДҮС” ТӨХК-ийн дүрмийн 9.1, 9.3.9, 9.16, 10.3, 10.5-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, чөлөөлөх гүйцэтгэх захиралтай хөлсөөр ажиллах гэрээг байгуулах зэрэг бүрэн эрхийг ТУЗ хэрэгжүүлнэ”, 4 дэх заалтаар “...Ийнхүү дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд Хөлсөөр ажшлах гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээ хугацаанаас өмнө цуцлах үндэслэл тогтоогдоогүй байхад уг гэрээний хугацааг дуусгавар болж байгаа гэсэн үндэслэлээр Ж.Р ийг тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Тус компанийн ТУЗ-өөс гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой” гэж тус тус зөв дүгнэсэн хэрнээ талуудын хооронд байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-г ТӨХ цуцалсныг нь ямар үндэслэлээр зөвтгөж ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй нь ойлгомжгүй байна.

2. Шүүх “Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан, хэрэгт авагдсан нотлох баримтаар Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д зааснаар гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох үндэслэл тогтоогдоогүй болно...” гэж өөр хуулийг хэрэглэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүхээс “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний нэрийг үндэслэн талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ нь “Хөлсөөр ажиллах гэрээ” гэсэн нэртэй боловч талуудын хооронд үүсэх харилцаа, гэрээний агуулга, зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасанчлан байнгын ажлын байранд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ юм. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байхад өөр хуулийг буюу Иргэний хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна.” гэсэн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь хэдийгээр нэршлийн хувьд Хөлсөөр ажиллах гэсэн боловч зохицуулагдаж байгаа харилцаа нь Хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болох контракт юм. Өөрөөр хэлбэл гэрээний төрлийг шүүх буруу тодорхойлон ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлоогүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Р нь хариуцагч ТӨХ-нд холбогдуулан “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлтэй цуцалсан гэж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ТӨХ-г Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор татан буулгаж, уг байгууллагын эрх, үүрэг Сангийн яаманд шилжиж, улмаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэснээс хойшхи хугацаанд буюу Улсын Их хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолоор Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газар нь Ерөнхий сайдын эрхлэх хүрээн дэх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус шилжсэнээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТӨХ /Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газар/-ын эрх залгамжлагчаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулсан болно.

 

Нэхэмжлэгч Ж.Р нь “ЦДҮС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон байх бөгөөд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /Д.Д/ нь түүнтэй 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатайгаар “Хөлсөөр ажиллах” нэртэй гэрээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулжээ. /хэргийн 33, 34-39 дүгээр тал/

 

Монгол Улсын ТӨХны 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 384 дүгээр тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6, 9 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт, 6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Р ийг хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр “ЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хэргийн 227 дугаар тал/

 

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9, “ЦДҮС” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын 07 дугаар тогтоолоор батлагдсан тус компанийн дүрмийн 8, 9.3.9, 9.3.10-т тус тус зааснаар гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах, цуцлах нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Гишүүдийн хуралд төрийг төлөөлж оролцохоор томилогдсон төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.” гэж, Төрийн өмчийн төлөөлөгч нь мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “гишүүдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох”, 2-т “төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаар санал боловсруулж төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оруулах”, 3-т “олгогдсон эрх хэмжээнийхээ дотор төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх” эрх, үүрэгтэй байхаар зохицуулсан нь компанийн гүйцэтгэх удирдлагатай хамааралгүй, тусдаа этгээд  байна.

 

Иймээс хариуцагчид нэхэмжлэгч болон “ЦТС” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг цуцлах эрх хэмжээ олгогдоогүй ба тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний дуусах хугацаа буюу 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр болоогүй байхад 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр уг үндэслэлээр гэрээг цуцлаж, дуусгавар болгож, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.

 

Нэхэмжлэгч болон “ЦТС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хөлсөөр ажиллах гэрээ” гэж нэрлэгдсэн гэрээний нийтлэг үндэслэлийн талаар 1.1-д “Компанийн хувь нийлүүлэгчдийн эд, хөрөнгийг үр ашигтай эзэмшин, ашиглаж, захиран зарцуулснаар компанийн үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх талуудын харилцааг зохицуулах, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход энэхүү гэрээний зорилго оршино” гэж, Төлөөлөн удирдах зөвлөлийн үүргийн талаар 2.1-д “Төрийн өмчит хувьцаат компанийн нийт 282 989 377,9 төгрөгийн хөрөнгийг гүйцэтгэх захиралд томилогдсон өдрөөр тасалбар болгон зохих журмын дагуу хүлээлгэж өгнө. Жил бүр жилин эцсийн тайлан тэнцэлийн дүнгээр хөрөнгийг баталгаажуулж, гэрээний сунгалтанд тусгаж байх” гэж, гүйцэтгэх захирлын үүргийн талаар 3.1-т “Компанийн тухай хууль, холбогдох хууль, дүрмийн хүрээнд компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, аж ахуйн менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, тухайн жилийн эдийн засгийн үзүүлэлт, зорилтод түвшинг биелүүлэх, үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, осол аюулгүй ажиллагааг хангаж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэж, ажиллагдсан нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж ажиллах” гэж тус тус тохиролцсон байгаагаас үзэхэд талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна.” гэж заасан контрактын агуулгын тодорхойлолтод нийцжээ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “өмчлөгч… өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авъяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэж зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн контрактын харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт, зарчим, журамд үл хамаарах Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Контракт нь хөдөлмөрийн гэрээний нэг онцлог төрөл бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон уг гэрээнд тусгайлан зааснаас бусад асуудалд Хөдөлмөрийн тухай хуулийн зарчим, зохицуулалт үйлчлэх юм.

 

Нэхэмжлэгч Ж.Р-ийн гүйцэтгэж байсан “ЦДҮС” ТӨХК-ийн Компанийн гүйцэтгэх удирдлагатай контракт байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж заасныг зөрчихгүй юм. 

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Контракт нь таван жил хүртэл хугацаатай байна.” гэж заан контрактын хугацааны дээд хэмжээг тогтоосноос доод хэмжээг зохицуулаагүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт контрактыг цуцлах үндэслэлийн талаар тодорхой заасан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д зааснаар ажил олгогч контрактад заасан үндэслэл бий болсноор хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Хөдөлмөрийн тухай  хуулийн 41 дүгээр зүйлд заасан үндэслэлээр контракыг цуцалсан эсэх талаар талууд маргаагүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Харин хариуцагч нь гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлийг татгалзалдаа заасан байх бөгөөд контрактад заасан гэрээний шаардах хугацаа болох 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө нэхэмжлэгчийг ажлаас халсан нь тогтоогдсон, гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Р-ийн сарын үндсэн цалинг талуудын дээрх гэрээ, “ЦДҮС” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар тогтоолоор 1 200 120 төгрөгөөр тогтоосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 17 сар 7 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 20 792 770 төгрөгийг олгох үндэслэлтэй юм. Харин ажил үүрэг гүйцэтгээгүй хугацааны олговорт ТУЗ-өөс ажил дүгнэж, шагнал урамшууллын нэмэгдэл хөлсийг тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нэхэмжлэгч Ж.Р ийг эгүүлэн томилсонтой холбоотойгоор түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д даалгах нь зүйтэй юм.

 

Нэхэмжлэгчид гэрээнд зааснаар цалин хөлс олгох эрх бүхий байгуулага нь ажил олгогч буюу “ЦДҮС” ТӨХК тул тус компаниас дээрх олговрыг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй бөгөөд буруутай этгээдээс нэхэмжлэгчид олгосон уг олговрыг хуульд зааснаар жич нэхэмжлэх нь компанийн хувьд нээлттэй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00238 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Р ийг “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-аас 20 792 770 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 475 041 хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Р-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д даалгасугай” гэж,

3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 900 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж.Р ид олгож, хариуцагч ТӨХны эрх залгамжлагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 261 913 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Р оос төлсөн 512 560 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ      

        

                                                   ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

                 

                                                                                                 С.ЭНХТӨР