Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Даваажавт холбогдох эрүүгийн

хэргийн тухай    

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Прокурор                                            Н.Цогтбаяр

Хохирогч                                            Ө.Энхтуяа, Ө.Энхтайван

            Хохирогчийн өмгөөлөгч                   Ц.Бат-Эрдэнэ

            Ялтны өмгөөлөгч                              Г.Энхбаяр М.Алтанчимэг

            Ялтан                                                 Д.Даваажав

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Даваажав, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, М.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Д.Даваажавт холбогдох 201503000387 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1953 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дамбын Даваажав /РД:АИ53050718/.

 

Д.Даваажав нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг Даш Овоо гэх газарт өөрийн хүргэн Ө.Авирмэдтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, толгойн тус газар нь сүхний иш модоор цохиж санаатай алсан гэмт  хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Даваажавт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн,  анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Дамбын Даваажавыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Д.Даваажавыг 10 /арван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж;

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Даваажавт оногдуулсан 10 /арван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Даваажавын цагдан хоригдсон 49 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож;

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.Даваажаваас 402100 /дөрвөн зуун хоёр мянга нэг зуун/ төгрөг гаргуулан хохирогч Ө.Энхтайванд олгож;

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн хүрз нэг ширхэг, сүхний иш нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлбөр болмогц устгаж;

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Даваажавт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж;

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Г.Энхбаярын гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн иргэн Дамбын Даваажавыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Д.Даваажав нь өөрийн төрсөн охин Д.Төмөр-очирыг нөхөр Ө.Авирмэд нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зодсон, мөн хадам ээжээ 2 удаа зодсон, Д.Даваажавыг өөрийг нь зодсон үйлдлүүдээс болж уурлаж талийгаачийн толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироосон нь үнэн хэдий ч энэ нь бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бөгөөд хадам эцгийгээ ийм байдалд хүргэхэд талийгаачийн зүй бус үйлдэл, гэр бүлийн харилцаан дахь ёс суртахуун, зан заншил, эцгийгээ хүндлэх хүндлэлгүй, ёс зүйгүй байдал шууд нөлөөлж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас сэтгэл санааны байдал хоромхон зуур алдагдаж өөрийн үйлдлийг удирдан жолоодох буюу өөртөө тавих хяналтаа алдсан үедээ хийгдсэн үйлдэл тул хэргийг бүхэлд нь хянаж зөвтгөж шийдэж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч М.Алтанчимэг миний бие давж заалдах гомдол гаргаж байна. Д.Даваажавыг анхан шатны шүүхээс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ө.Авирмэдийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим алдагдсан гэж гомдол гаргаж байна. Д.Даваажавын үйлдэл нь санаатай идэвхитэй үйлдлийг хийж  эрүүгийн хуульд заасангэм хорыг хэдий учруулсан боловч хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл юм. Хохирогч Ө.Авирмэд 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хэрүүл маргааныг өдөөж эхнэр Д.Төмөр-Очир, хадам ээж Ц.Эрдэнэчимэг нарыг зодож улмаар биед нь гэмтэл учруулж уг зодооныг таслан зогсоохоор гэрт нь орж зүй ёсны шаардлага тавьсан хадам аав Д.Даваажавыг хэл амаар доромжилж түүнийг өшиглөхөд Ө.Авирмэдийг 2 цохиод гэрээс гарч явдаг. Гэтэл араас нь Ө.Авирмэд гэнэт хүрз барьж ирээд Д.Даваажавыг цохиод авахад баруун гараараа хааж улмаар баруун мөрөнд нь цохиж авахад айлын хаяа шуусан байсан сүхний ишээр түүнийг цохиж амь насыг нь хохироосон. Д.Даваажав мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ / хавтаст хэргийн 133-р хуудсанд/ намайг хүрзээр цохиод байхаар нь амиа хамгаалах гэж л сүхний ишийг гэрийн хаяанаас авсан гэж мэдүүлсэн байдаг. Д.Даваажавын дээрхи үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ хэрэгжүүлж, хохирогчийн шүүгдэгч рүү хандсан нийгэмд аюултай хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах зорилгоор үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл болсон. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолд эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож Д.Даваажавыг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Ялтан Д.Даваажавын гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолоор Д.Даваажав намайг хүргэнээ санаатай алсан гэж шийтгэж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид шийтгэсэн. Би хүн алсан үйлдэлдээ маргахгүй хэдий ч хүргэнээ санаатай алсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй учир гомдол гаргаж байна. Манай хүргэн хэрэг болдог өдөр манай эхнэр Эрдэнэчимэгийг 2 удаа, мөн миний төрсөн охин Төмөр-Очирыг тус тус зодсон байсан ба намайг гэрт нь ороход намайг элдэв үгээр хэлж доромжилсон, өшиглөсөн улмаар гадаа гарч ирж хүрзээр цохисон зэрэг үйлдлүүдэд нь миний уур маш их хүрч уурын мунхагаас түүний толгойн тус газар нь сүхний иш модоор цохисон нь үнэн. Би энэ гэм буруугаа бүрэн ухаарч байна. Хохиролын 402100 төгрөгийг өгч барагдуулсан. Өөрийн хийсэн үйлдлээ гэмшээд харамсаад барахгүй байна. Хүргэнийхээ залуу сайхан насыг, хар залуугаар нь охиноо бэлэвсрүүлсэн, хоёр зээ хүүгээ өнчрүүлсэн гээд насныхаа эцэст ийм байдалд орсон зэрэгтээ маш ихээр харамсаж сууна. Би хүргэнийхээ өмнө нүгэлээ наманчилж эхнэр 2 хүүхдийг нь өөрийнхөө гар дээр тэтгэврийн хэдэн төгрөгөөр тэжээж байна. Талийгаачийн эхнэр 70 хувийн групптэй, ажил хийх боломжгүй байдаг. Мөн миний өөрийн биеийн байдал маш муу, даралт ихэсдэг, чих дүлий, зүрх өвддөг, байнгын эмчийн хяналттай, эмчилгээтэй байдаг. Би хүргэнээ өөрөө санаатайгаар алах зорилго байгаагүй, гэнэтийн уур бухимдалаас ийм байдалд хүрсэн учир хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Прокурор Н.Цогтбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй, зөв шийдвэр гарсан гэж үзэж байна. Тийм учраас ялтан, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Ялтны өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн өдөр Д.Даваажав гуай согтуу байсан, гэртээ зүгээр сууж байсан хүргэнийдээ ороод толгой руу нь цохисон гэж ярьж болохгүй. Д.Даваажав гуайг сумын төв яваад ирэхэд эхнэр нь зодуулчихсан, хөл нь доголчихсон байсан. Хохирогч Энхтайван зөв хэлж байна. Тухайн хэрүүл маргаан өглөөнөөс эхлээд орой болтол үргэлжилсэн. Талийгаачийн хууль бус үйлдэл өглөөнөөс эхлээд орой болтол үргэлжилсэн байдаг. Үүнийг хохирогч тал судлаад мэдчихсэн байна. Мөн охин нь зодуулчихсан байсан. Тэгэхээр нь Д.Даваажав гуай гэрт нь ороод болиоч гээд хэлэхэд Д.Даваажав гуайг талийгаач өшиглөсөн байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдана. Талийгаач Д.Даваажав гуайг зүгээр өшиглөөгүй, рам, шээс, гөлөг гэж дуудсан. Д.Даваажав гуай 7 охинтой, банди байхгүй хүн. Өндөр настай хүнийг элэг барьсан үйлдэл гаргасан. Ийм нөхцөл байдлуудаас л энэ хэрэг үүссэн. Д.Даваажав гуай сүхний иш мод бариад талийгаачийг цохих үед сэтгэл санаа нь цочрон давчдаагүй гэж хэн үзэх юм бэ. Ийм нөхцөл байдалтай байхад хүний уур хүрэхгүй байх уу. Уур гэж яг юу юм бэ. Уур хүрсэн үед өндөр настай, зүрх муутай хүн өөрийгөө удирдан жолоодох чадвар хэр байх юм бэ гэдгийг харах ёстой. Д.Даваажав гуайг хүрзээр цохих үед талийгаачийг сүхний иш модоор цохьсон юм уу, хүрзийг нь аваад явсны дараа цохьсон юм уу, яг хэзээ цохисоныг яаж тогтоосон юм бэ. Мөрдөн байцаалтын шатанд яг эгзэгтэй агшинг нарийвчилж тогтоогоогүй. Гэрч Эрдэнэчимэг мэдүүлэхдээ хүрзийг цаашаа аваад явсны дараа сүхний иш модоор цохиж байсан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг үндэслэлтэй гээд Д.Даваажав гуайг яллах гэж байгаа бол Эрдэнэчимэг гэдэг хүн харааны бэрхшээлтэй хүн. Өмнөх шүүх хурал дээр иргэдийн төлөөлөгчийн ширээнээс цаашаа шүүх хуралдааны танхимаас цаашхи зүйлийг харж чаддаггүй гэдгээ мэдүүлсэн. Маш зузаан линз зүүдэг юм билээ. Өмгөөлөгч миний зүгээс гэрч Эрдэнэчимэгийн харааны бэрхшээлийн байдлыг нь шалгуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлт хангагдаагүй. Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа. Д.Даваажав гуайн хувьд хүргэндээ хэт доромжлуулснаас болж, уур нь хүрч, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж энэ гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэргийн санаатай  бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй учраас хэрэгсэхгүй болгоё гэсэн саналаа дэмжиж байна гэв.

 

Ялтны өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн хэрэг болоход байсан гэрчүүдээс аль гэрчийн мэдүүлэг үндэслэлтэй, толгой руу хүрзний ишээр цохисны дараа хүрзний иш бариад явсан гэж үзэх гэдэг дээр гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Долгор гэдэг гэрч бол хүрз, сүх аль алиныг нь барьсан байхыг харсан байдаг. Ер нь бол хүрзээ орхиод цаашаа явчихсан бол Д.Даваажав араас нь гүйгээд гүйцэхгүй тийм нөхцөл байдал байгаа. Энэ үед довтолгоо үргэлжилж байсан. Сүхээ бариад байхад нь нэг удаа болиулсан гэсэн мөртлөө, хүрзний ишийг барьсан гэдэг нь энэ гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Энэ нь аргагүй хамгаалалт хийх байдалд хүргэсэн. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тэр хотонд хэн хууль бус үйлдэл гаргаад байсныг Төмөр-Очир хэлэхдээ тогоо нэрчихсэн байсан бөгөөд архийг авч яваад гол дээр уучихсан байсан гэдэг. Мөн Гантулга гээд сумын эмч мэдүүлэхдээ Ө.Авирмэд нь ухаангүй, их архи үнэртүүлсэн, биеийн байдал нь хүндэвтэр байсан гэдэг. Архи уугаад ахмад настай хүмүүсийнхээ зүй ёсны шаардлагыг эсэргүүцээд биед нь гэмтэл учруулж зодоон цохион үүсгэсэн хүн бол талийгаач байдаг. Гэрт нь зүв зүгээр байсан хүнд Д.Даваажав гуай 2-3 удаа цохиулах зүйл байхгүй. Эрдэнэчимэг мэдүүлэхдээ гэрт нь охинд агсан тавиад байна, чи орооч гэж хэлээд би орсон гэж Д.Даваажав мэдүүлсэн байдаг. Тэрнээс шалтаг шалтгаангүй ороод охиныг нь зоддог гээд тийм асуудал гаргахгүй. Талийгаачийн биед хэд хэдэн гэмтэл учирсан байдаг. Хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхээс учирсан гэмтлүүдийг хэн учруулсан болохыг тогтоох хэрэгтэй гэж буцаасан. Тогтоох боломжгүй байдлууд байгаа. Талийгаачийн биед хийсэн шинжээч эмчийн 66 тоот дүгнэлтээр хэд хэдэн гэмтэл учирсан байдаг. 3а-д тусгагдсан гэмтлүүд нь шинж байдлаараа шинэ гэмтлүүд бөгөөд нас барахаасаа 1-3 хоногийн өмнө үүссэн, 3б-д тусгагдсан хуучин гэмтлүүд нь шинж байдлаараа үүсээд 3-8 хоносон, 3в-д тусгагдсан гэмтлүүд нь шинж байдлаараа нас барсны дараа үүссэн гэжээ. Тэгэхээр талийгаач 1-3 хоногийн хооронд ямар гэмтэл хаана авсан бэ, 3-8 хоногийн хоооронд ямар гэмтлүүдийг хаана яаж авсан, яг аль гэмтлээс болж нас барсан нь тогдорхойгүй байгаа. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс үзэхэд нилээн хэд хоногийн өмнө авсан гэмтлүүд байдаг. Гэхдээ Д.Даваажав гуай талийгаачийн толгой руу 2 удаа цохьсон нь үнэн. Тухайн цохилтоос болж тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан гэж үзэж байгаа боловч, нас барахаас өмнө авсан гэмтлүүдийн яг аль гэмтлээс болж нас барсан гэдгийг тогтоох боломжгүй байгаа юм. Тухайн үед гарсан Д.Даваажав гуайн үйлдэл нь өөрийгөө хамгаалсан аргагүй хамгаалалтын шинж, үйлдэл байна. Анхан шатны шүүхээс хохирогчид 416.000 төгрөгийн хохирол төлбөр тогтоогдсон. Энэ хохирлыг Д.Даваажав гуайн талаас хохирогчид төлсөн. Үүнийг магадлалд дурьдаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

                                                                         

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

           

            Шүүгдэгч Д.Даваажав нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Даш овоо гэх газарт өөрийн охин Д.Төмөр-Очирыг зодлоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хүргэн Ө.Авирмэдтэй маргалдан, толгойн тус газар нь сүхний иш модоор цохиж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

           

            -хохирогч Ө.Энхбаатарын “... 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би Архангай аймгийн Төвшрүүлэх суманд гэртээ байж байтал орой 21 цагийн орчимд Банзрагч гэдэг залуу над руу утсаар яриад Авирмэд ах хадам аавдаа толгой руугаа юмаар цохиулчихаад унтаад байна, та хүрээд ир гэж хэлэхээр нь би орой 22 цагийн үед Авирмэдийн байдаг газар буюу Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт байдаг Даш Овооны өвөр гэдэг газарт иртэл Авирмэд орон дээрээ хэвтчихсэн нүүр нь хөхөрчихсөн байдалтай байсан. Тухайн үед Төвшрүүлэх сумын эмнэлгийн ажилчид ирчихсэн тархиндаа хүнд гэмтэл авсан байна гээд тархины хаван хөөх эмчилгээ хийж байна гэж хэлсэн. Авирмэд өөрийн гэсэн мэдрэлгүй болчихсон өмдөндөө шээчихсэн, амнаас нь цагаан хөөс гарчихсан байсан. Тэгээд шингэн хийж дуусахаар нь аймгийн эмнэлэгт авч ирээд эмнэлэгт хэвтүүлсэн. Талийгаач Архангай аймгийн эмнэлэгт 1 хоноод 2015 оны 08 дугаар сарын 12-ны 23 цаг 50 минутанд нас барсан. Талийгаачийг хадам аав нь болох Даваажав нь сүхний ишээр толгой руу нь цохисон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

           

            -хохирогч Д.Даваажавын “...Би 2015 оны 08 дугаар сарын 11-ний өглөө аймгийн төв рүү ажлаар явчихаад орой Цэнхэр сумын Буйлан багийн Даш-Овоо гэх газар гэртээ очсон. Эхнэр надад хүргэн намайг зодчихлоо. Эхнэртэйгээ маргалдаад зодоод байна. Чи ороод нэг юм хэлээдэхээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэнийдээ ороод чи одоо юу болоод байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд намайг өөдөөс элдэв хоёроор хэлээд хөл рүү өшиглөөд байхаар нь би түүнийг духан тус газар гараа атгаж байгаад 2 удаа цохьчихоод гэрээс нь гараад явсан. Тэгтэл араас гарч ирээд дахиад намайг элдэв хоёроор дуудсан. Тэгээд над руу хүрз барьж ирээд шууд цохихоор нь би баруун гараараа хаасан. Миний сарвуун дээр цохисон дахиад миний баруун мөр орчим цохисон. Тэгэхээр нь би уурлаад түүнийг сүхний ишээр цохисон. Талийгаач өөрөөр намайг дахиж цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

           

            -хохирогч Ц.Эрдэнэчимэгийн “...2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай хүргэн Авирмэд нь адуундаа явж ирээд надаас унаганы ногт хаана байна пизда минь гэж хэлээд асуусан. Би яаж мэдэх билээ цаагуур чинь байгаа байлгүй гэж хэлээд би хүүхдээ том гэртээ орхичихоод бага гэр лүү орж унаганы ногт хайлцсан чинь чи мэдэхгүй байхдаа яадаг юм бэ гэж хэлээд миний үснээс зулгааж шанаа руу цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гарсан. Бага гэрээс гартал Авирмэд миний үснээс зулгааж татаж унагаж байгаад миний зүүн гарын дал орчим руу нэг удаа өшиглөсөн. Хөл дээр гишгэсэн хөлийн хуруу хөхөрчихсөн хөндүүрлээд өвдөөд байсан. Унаганыхаа ногтыг олохгүй болонгуутаа уурлаад зодсон юм...Би гэрт ороод унаганы ногт хайж байхдаа ундааны савтай архи байхаар нь цааш нь тавих гэтэл талийгаач надад наадахаа яах гэж байна, нуух гэж байна уу гэхээр нь би яавал гэж надад ямар хамаа байдаг юм гээд түүн рүү шидсэн. Талийгаачийг тэр архи оносон эсэхийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар хуудас/

           

            -гэрч Ц.Вандансүрэнгийн “...Тэр орой талийгаачийг хадамдаа зодуулаад ухаан алдчихлаа гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгээд эмнэлэг дуудчихлаа гэж хэлсэн. Манай гэрийн хаяаг сөхчихсөн байсан сүхний иш модоор цохисон гэж байсан. Манайх тэр модоор гэрийнхээ хаяаг байнга шуудаг юм. Тэр модоор гэрийнхээ баруун хаяаг шуучихсан байсан. Тэндээс ирж авсан байх гэж бодож байна...Намайг уг асуудал болохын урьд өдөр тэдний гэрт ороход талийгаач надад өөрийнхөө цээжин хэсгийг харуулаад эхнэрийгээ самардаж, маажсан гэж хэлсэн. Мөн шөнө орон дотроо хас, цавь орчмоор чимхэж базагдаад байдаг гэж хэлсэн. Талийгаачийн цээжийг харахад самардаж, маажсан бололтой улайсан байсан. Тэгэхээр нь би Төмөр-Очирт яаж байгаа юм бэ гэхэд миний урдаас яадаг юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

-гэрч А.Долгорын “...2015 оны 08 дугаар сард би тэр өдрийг нь мэдэхгүй байна. Орой намайг гэртээ байж байтал Эрдэнэчимэг манайд гадаа зодоон болоод гэж хэлээд орж ирсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гартал талийгаачийн том гэр болон манай гэр хоёрын хооронд тэр хоёр нэг уурга 2 талаас нь барьчихсан дамнуулаад байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт та нар яах нь уу, бие биенийгээ сүлбүүлж алах нь уу гэж хэлээд нэг талаас нь чангааж хөлөө цохиулан байж арай хийж аваад уургыг гэрээс холдуулж тавьсан. Тэгээд буцаад гэр лүүгээ явтал талийгаач нэг улаан өнгийн хүрз барьчихсан байсан. Даваажав гартаа сүхний иш барьчихсан байсан. Би гэрлүүгээ дөхөөд иртэл тэр хоёр салчихсан байсан. Би уурга авах гэж ноцолдсондоо өөрөө айж, хямарсан байсандаа шууд гэр лүүгээ орсон. Тэгээд буцаад гэрээсээ гартал гадаа тэр хоёр байхгүй байсан. Дараа нь чимээгүй байж байтал талийгаачийг хямраад байна, эмнэлэг дуудах уу яах уу гээд пижигнээд явчихсан. Уг асуудал болохын урд өдөр талийгаач манайд орж ирээд хажуу талын охинтой хамт гол руу усанд яваад ирсэн чинь авгай хардаад намайг ингээд урчихсан, маажсан гээд хувцсаа сөхөөд гэдсээ харуулсан. Хүйснийх нь ойролцоо мөн хоолойн дээр урчихсан хумсны ором байсан. Би яахаараа чи ингээд уруулчихдаг юм, өөрийгөө хамгаалахгүй яасан юм бэ гэж хэлэхэд санаандгүй байж байгаад ингүүлчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

- гэрч В.Банзрагчийн “...2015 оны 08 сарын 11-ний өглөө талийгаач надтай манай гэрийн гадаа таараад надаас адуундаа юугаар явах вэ гэж асуусан. Би түүнд мориороо үхрээ тууна гэж хэлсэн. Талийгаач хажуу айлын мотоциклиор адуунд явахаар болсон. Тэр үед талийгаачийг том банди нь цуг явъя гээд дагаж уйлаад байсан. Талийгаач хүүдээ аав нь хол явна, миний хүү яах юм мотоцикль дээр унтчихдаг юм чинь яах юм бэ гээд авч яваагүй. Тэгээд хүүхэд нь уйлахыг нь хадам ээж нь, эхнэр нь сонссон. Хоёулаа гэрээс гарч ирээд эхнэр нь хүүхдээ наад шээсээ чи аваад яваач гээд талийгаачид хэлсэн. Талийгаач хүүхдээ орхиод мотоциклиор адуундаа явсан. Тэгсэн чинь хадам ээж нь наад янхан шээсдээ хэлээч хүүхэд орилуулаад гэх мэт хараалаар хараагаад байсан. Тэгснээ нэг бол тэр янхан шээсдээ хүүхдээ аваачиж өгөөч гэж хэлээд орилоод гэр лүүгээ орчихсон. Тэгээд талийгаач 1 цаг орчмын дараа адуугаа хөөгөөд ирсэн. Адуугаа хөөж ирэхийг нь би хараад өөдөөс нь унагаа уяахаар гүүн зэл рүү очсон. Надтай зөрөөд талийгаач унаганы ногтоо авахаар гэр лүүгээ орсон. Тэгсэн өөдөөс нь хадам ээж нь гэрээс гарч ирээд үхсэн хүний төмрийн сэг унаж давхиад үр хүүхэд тоосонгүй гээд орилоод байсан. Уг мотоцикпийнх нь эзэн хавар өвчний улмаас нас барчихсан юм. Талийгаач гэрээ тойроод яваад байсан. Би хурдлаач гэж орилоход унаганы ногт олдохгүй байна гээд хайгаад байсан. Талийгаач, Даваажав гуай хоёрынх нэг азаргатай 3 гүү нь талийгаачийнх, 2 гүү нь Даваажав гуайнх байдаг юм. Намайг гүүн зэлэн дээрээс харж байхад бага гэр лүүгээ талийгаач хадам ээж, эхнэрийнхээ хамт орсон. Удалгүй талийгаач хадам ээж хоёр нь зууралдаж барьцалдаж гэрээс гарч ирсэн. Тэгснээ хадам ээжээ түлхэж унагаагаад хальт өшиглөсөн. Тэгээд дараа нь эхнэрийгээ барьж авах гээд хөөцөлдөөд байсан. Тэр үед талийгаач эрүүл байсан. Нилээн уурлачихсан байсан. Тухайн үед эхнэр нь гадаа зогсож байсан манай аавыг тойрч гүйгээд баригдаагүй. Манай ээж талийгаачийг загнаад боль гэж хэлээд болиулсан. Би гүйж очоод яав гээд асуутал талийгаач нилээн уурлачихсан, унаганы ногт олдохгүй байна, өгөхгүй байна гэж хэлээд хадам ээждээ нилээн уурласан байсан. Хадам ээжийнхээ хэлсэн үгийг надад хэлээд байсан. Мөн талийгаач надад бага гэрт ороод унаганы ногт хайсан чинь араас монгол архитай саваар цохичихдог байна шдээ , эхнэр ч гэсэн гараас барьж зулгаадаг байна ш дээ гэж хэлээд хоёр гараа харуулсан. Тухайн үед талийгаач богино ханцуйтай подволктой байсан. Зүүн гаран дээр нь базагдсан оромтой, хумсны ором харагдсан. Надад харуулсан юм. Хадам ээж энүүгээр нуруу руу цохидог байна шдээ гэж хэлээд бага гэртээ оруулж харуулсан. Шалан дээр 1.5 литрийн ундааны савтай монгол архи байсан. Мөн хадам ээж намайг үхсэн хүний төмрийн сэг унаж явлаа гээд сонин юм яриад байдаг байна ш дээ, үхсэн хүний охинтой орооцолдож янхандаад яваад байна ш дээ гэж хэлэхээр нь уурлаад ээжийг түлхээд гэрээс гаргаж ирсэн юм гэж надад талийгаач өөрөө хэлсэн. Талийгаач дахиж надад юм ярихдаа ногтыг эд нар нуучихаад өгөхгүй байна, түрүүн надад янхан шээснүүддээ айраг өгөх гэлээ гээд орилоод байсан гэж хэлсэн. Ногт байхгүй гүүгээ уяагүй. Талийгаачтай хардаад байдаг манайхтай хамт байдаг охиных нь гүүгүй айл байдаг юм. Тэгээд удалгүй би гэртээ хэвтэж байтал 30 минутын дараа талийгаач манайд орж ирсэн. Орж ирэхдээ архи уусан бололтой архи үнэртүүлчихсэн байсан. Би гэртээ архи уучихлаа гэж бодсон. Тэр өдөр эхнэр нь тогоо нэрсэн байсан. Талийгаач өөр ийш тийшээ яваагүй юм. Тэр үед Даваажав гуай аймаг явсан байсан. Тэгээд үдээс хойш зүгээр байсан. Хадам ээж нь өөр хүргэнийх рүүгээ жаахан хүүхдийг нь тэвэрчихсэн алхаж явахаар нь би хараад хүргэнийд нь хүргэж өгсөн. Эрдэнэчимэг эгч Даваажав гуайг аймгаас ирэхээр цуг харьчихъя чи яв гэж хэлсэн. Эрдэнэчимэг эгч надаар хүргүүлэхдээ талийгаачийг муулаад энэ муу юутай ирсэн юм, 3 үхэр, 3 хонь, 3 ямаатай л ирсэн байхдаа, охиноо салгаж авна гэж яриад явсан. Тэгээд би гэртээ байж байгаад хониндоо явчихаад дараа нь үхэртээ яваад иртэл тэднийхэн байхгүй байсан. Талийгаачийг эхнэртэйгээ хамт голын ард ирсэн эмчид үзүүлэхээр явсан гэж байсан. Тэгээд би тугалдаа явсан. Тугалаа аваад гүвээ даваад гараад иртэл талийгаачийн машин гэрийнхээ гадаа ирсэн байсан. Талийгаач миний өөдөөс алхаад байсан. Талийгаач толгойгоо 2 гараараа 2 талаас нь бариад сонин алхаад байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь морьтой давхиад очтол талийгаачийн дух нь цус болчихсон, цамц нь цус болчихсон, баруун нүд нь доороо хөхөрчихсөн, баруун талын хөмсөгний дээд хэсэг нь их хавдартай байсан. Тэгээд надад уйлаад би их зовж байна ш дээ би яах ёстой юм бэ толгой их өвдөж байна, хадам намайг сүхний ишээр цохичихлоо ш дээ гэж хэлж байсан. Тэгээд би дагуулаад гэрийнхээ гадаа ирсэн. Би морио уяах гээд морины уяа луу явсан. Даваажав гуай Жаргалсайхан гэдэг айлаас дээгүүрээ нүцгэн гарч ирж байсан. Даваажав гуай их аархуу маягийн алхаа явдалтай, хэлж ярьж байгааг нь сонсоход чам шиг муу бандийн хувь надад байна гэж ярьж байсан. Согтуу байсан. Би талийгаачийг гэрт нь оруулж хэвтүүлсэн. Удалгүй талийгаач унтаад хурхираад эхэлсэн. Би Энхбаатар ах руу гар утсаар ярьж дуудсан. Эхнэр эмч дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

-гэрч Э.Хандсүрэнгийн “...Манай хоёрын гэр зайтай болохоор юунаас болж шуугиад байгааг нь би мэдээгүй. Би гэрээсээ гарч хартал Даваажав гуайн гэрийн үүдэн дээр талийгаачийг Даваажав гуай доороо хийгээд дарчихсан байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

            -гэрч Цэ.Эрдэнэчимэгийн “...Тэр орой би гэртээ хоолоо хийгээд байж байтал манай хотонд хүн орилж, хашгираад байгаа чимээ гарсан. Би гэрээсээ гараад хартал манай хотны баруун талын айлууд болох Даваажав, талийгаач Авирмэд хоёрын гэрийн урд талийгаач газар уначихсан Даваажав гуай гартаа мод барьчихсан толгой руу нь нэг удаа цохиж харагдсан. Даваажав гуайн эхнэр нь гэрлүүгээ цаашаа нэг хүрз барьчихсан явж байсан. Талийгаач залуу босч ирээд манай гэрийн үүдэнд духнаас нь цус гоожчихсон хүрээд ирсэн. Тэгэхээр нь ус хийж өгөөд нүүрийг нь угаалгасан. Талийгаач надад би яаж амьдрах юм бэ, би хоёр хүүхэддээ хорогдоод байна, би хадам аавдаа зодуулчихлаа гэж хэлсэн. Тэр асуудал болохоос 2-3 хоногийн өмнө талийгаач машинаараа усанд явж ирээд усаа буулгаж байхад авгай нь гэрээсээ гарч ирээд түүнийг гарнаас нь самардаад, нүүрнээс нь самардаад байсан. Нэг гараас нь цус гарч байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

-гэрч Ц.Эрдэнэчимэгийн “... Тэгтэл талийгаач нэг уурагны мод барьсан байхаар нь би очиж салгаж авсан. Долгор хамт салгалцаж авсан. Даваажав бас нэг мод барьчихсан байгаа харагдсан. Би очиж чадаагүй айж сандарч эргэж буцаж гүйгээд байсан, юу болсон, хэн хэнийгээ яаж цохисон талаар сайн мэдэхгүй байна. Тэгтэл цус нөжтэйгээ холилдоод салцгааж байгаа бололтой байсан. Тэгээд талийгаач цусаан угаагаад хөрш айлуудаар яваад байгаа бололтой байсан. 20 цагийн орчим талийгаач нэг сонин болоод байна гээд манай охин тэгэхээр нь яваад ортол талийгаач орон дээрээ суучихсан, толгой дух орчим нь хавдаад цус гарсан. Талийгаач солиотой юм яриад учир нь олдохгүй янз бүрийн юм яриад байсан. Удалгүй түргэн дуудаж үзүүлээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40 дугаар хуудас/

 

            -гэрч Д.Төмөр-Очирын “...Манай аав Даваажав гаднаас орж ирээд манай нөхөр Авирмэдийн толгой орчим нь гараараа нэг удаа цохиж гэр дотор зуухны зүүн хэсэгт тэр хоёр хоорондоо барилцаж аваад зууралдаад гэрээс гарсан. Би ч хойноос нь гарч хажуу айл руу орж эрэгтэй хүн байвал дуудаж тэр хоёрыг салгуулах гэсэн. Тэгсэн эрэгтэй хүн ч байхгүй байсан. Намайг хажуу айлд орчихоод гарч ирэхэд манай нөхөр Авирмэдийн нүүр амнаас нь цус гарсан. Аав бид 2 зодоон хийчихлээ гээд толгойгоо барьсан яваад байсан. Тэгээд Авирмэд, аав 2 гэртээ орж ирж суугаад хоорондоо юм яриад эвлэрсэн байсан. Тэгээд 30 орчим минут болоод байж байтал Авирмэд хэл ам нь ээдрээд ухаан алдсан. Манай нөхөр Авирмэд аав намайг сүхний ишээр толгой руу цохчихлоо гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/

 

            -гэрч З.Гантулгын “...2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед хүн цусаар бөөлжөөд байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу Буйлан нуурын ард Дашийн овоо гэх газар ирсэн. Ирэхэд Ө.Авирмэд нь ухаангүй, их архи үнэртүүлсэн, биеийн байдал хүндэвтэр, духны хэсгийг хамарсан хавантай, духны хэсэгт шалбархайтай, зүүн талын нүд хөхөрсөн, зүүн шанаа хавдсан, цээжний өвчүүний хэсэгт зулгарсан, доороо шээсэн, хурхирсан, артерийн даралт 110/70, пульс-73, уушги цулцангийн амьсгалтай, хүүхэн харааны рефлекс хариу өгөхгүй өргөн болсон, цочрол өгөхөд сэргэхгүй, дуудаж команд өгөхөд биелүүлэхгүй байсан. Авирмэд нь ухаангүй байсан. Даваажав гэдэг хүн өөрөө ах нь цохичихсон юм гэж хэлж байсан. Даваажав гэдэг хүн өөрөө архи үнэртүүлчихсэн юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/

 

-гэрч Н.Жаргалсайханы “...Тэр өдрийн өглөө Даваажав нь мотоциклио янзлуулахаар аймгийн төв рүү мотоциклио ачаад явсан байсан. Би тэр өдөр малд явсан байсан болохоор манай хот айлд юу болсон талаар мэдээгүй. Орой малд яваад уяан дээр бууж байхад Даваажав аймгаас ирчихсэн байсан. Дээгүүрээ цээж нүцгэн гартаа сүхний иш мод барьчихсан манай гэр лүү ирээд гэрийн хаалгыг шагайж харж байсан. Би морио уяачихаад гэртээ орж цай уучихаад гараад иртэл талийгаач Авирмэд хотноос хойд зүгт гарчихсан тугал тууж ирж байсан Банзрагч дээр оччихсон юм яриад зогсоод байсан. Тэгээд би үхэр хураачихаад иртэл Авирмэдийн бие нь муудаад хэвтчихлээ гэж байсан. Гэрт нь ороход зүүн талынхаа орон дээр ухаангүй, унтаж байгаа хүн шиг хэвтэж байсан. Би түүний биед байгаа гэмтэл шархыг хараагүй. Удалгүй түргэн ирээд авч явах гэтэл дороо шээсэн байсан. Би түргэн ирээд авч явтал нь гэрт нь хамт байсан. Манай хажуу айлын Эрдэнэчимэг болон Вандансүрэн ахын авгай Долгор эгч надад Даваажав хүргэнтэйгээ хоорондоо зодоон хийгээд сүхний ишээр цохисон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 183-184 дүгээр хуудас/

 

            -Д.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би Цэнхэр сумын Буйлан багийн Даш-Овоо гэх газар байх гэрээсээ мотоциклио янзлуулахаар аймгийн төв орж ирсэн. Тэгээд би мотоциклио янзлуулчихаад буцаад гэртээ очсон. Гэртээ очоод байж байтал манай хүргэн Авирмэд нь согтуу гэртээ агсан тавиад байсан. Манай эхнэр Эрдэнэчимэг гэртээ орж ирээд надад цаадах чинь авгай хүүхдээ зодоод байна, намайг зодчихлоо, чи ороодохооч гэж хэлсэн. Тэгээд би хүргэнийхээ гэрт орсон. Авирмэдийнх манайхтай хамт нэг дор байдаг юм. Би ороод хүргэндээ чи яагаад ингээд байдаг юм бэ гэж хэлэхэд Авирмэд миний урдаас муу араам, муу шээс минь чаддаг юм бол чи намайг зодчихооч гэж хэлээд урдаас пээдийгээд байсан. Тэгээд би маш их уур хүрээд түүнийг гараараа 2 удаа дух руу нь цохисон. Тэгээд би шууд гараад өөрийнхөө гэр лүү явтал араас Авирмэд гарч ирээд дахиад муу араам, шээс минь чи юу чаддаг юм гэж орилоод хүрз бариад ирсэн. Би түүнийг намайг арай цохичихгүй байх гэж бодтол шууд миний баруун мөрөн дээр хүрзээрээ цохичихсон. Тэгээд дахиад цохих гээд далайхаар нь би хүрзийг нь булаагаад авсан. Тэгээд намайг цохих гээд над руу дайрахаар нь газраас ойр байсан зүйлийг аваад цохисон. Уурандаа би хаана нь цохисноо мэдээгүй. Надад цохиулаад шууд газар ойчсон. Тэгэхээр нь би хүн алчихлаа, болохоо байлаа шүү гэж орилсон. Манай хотны айлын хүмүүс гараад ирсэн. Тэр даруйдаа би Төвшрүүлэх сумын эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирэхэд хүргэн ухаангүй байсан. Тэгээд сумын эмнэлэг аваад явсан. Би Авирмэдийг гэрт нь байхад дух руу гараараа 2 удаа цохисон, гадаа сүхний иш модоор 1 удаа цохисон. Тухайн үед биеийн аль хэсэгт цохисноо мэдэхгүй байна. Намайг хүрзээр цохиод дахиад цохих гээд дайраад байхаар нь би их уурлаж түүнийг цохих болсон...Би ял сонсгож байгаа зүйл ангийг ойлгож байна. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хүргэнээ алъя гэсэн санаа зорилго байгаагүй. Гэр бүлээ манай эхнэр, намайг зодоод байхаар нь тухайн үедээ гэнэт уур хүрээд цохисон нь үнэн. Би духанд нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Ингэж цохиход халцарч шалбарсан асуудал болсныг анзаараагүй. Сүүлд гэрийн гадаа сүхний ишээр хэд хэд цохисон байх. Хаана яаж цохисноо мэдэхгүй. Надад ингэж зодуулснаасаа болж тэр хүний биеийн байдал муудаж ухаан алдсан. Дээрх гэмтлүүд нь миний учруулсан гэмтэл байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-72,130-132 дугаар хуудас/

            -Иргэн Д.Бадамгараваас тус аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан “Төвшрүүлэх сумаас хүнд зодуулсан байдалтай тархиндаа хүнд гэмтэлтэй ухаангүй эрэгтэй хүн хүргэгдэж ирлээ” гэсэн мэдээлэл  /хх-ийн 3 дугаар хуудас/

-Шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1516 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-72, 188-191 дүгээр хуудас/

            -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

            -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 176-180 дугаар хуудас/

            -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Даваажавын үйлдсэн хэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаар, мөн хэрэгт мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Энхбаяр Д.Даваажавын үйлдэл бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хохирогч Ө.Авирмэдийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны байдал хоромхон зуур алдагдаж, өөрийн үйлдлийг удирдан жолоодох буюу өөртөө тавих хяналтаа алдсан үедээ хийгдсэн үйлдэл тул хэргийг бүхэлд нь хянаж, зөвтгөж шийдэж өгнө үү гэж, өмгөөлөгч М.Алтанчимэг Д.Даваажавын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ хэрэгжүүлж, хохирогчийн шүүгдэгч рүү хандсан нийгэмд аюултай хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах зорилгоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэж, шүүгдэгч Д.Даваажав хэргийн зүйлчлэлийг болон ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж тус тус давж заалдах гомдол гаргасан.

 

            Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Даваажавыг хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл түүний хууль бус бусад үйлдлээс өөрт нь буюу ойр дотных нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан, мөн аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсан гэж дүгнэх боломжгүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт ч зөв байна.

 

            Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл болон анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял тухайн хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарлаж байгаа байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Даваажав, түүний өмгөөлөгч М.Алтанчимэг, Г.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

 

       ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА

 

  •