Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210

 

Л.Лхамжавт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1393 дугаар шийтгэх тогтоолтой, 201201051408 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эмэгтэй, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн  эд хөрөнгө хурааж, 13,303,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2009 онд эдлээгүй үлдсэн 9,760,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлөгдсөн, хэрэг хариуцах чадвартай, Их монгол овогт Лхагваагийн Лхамжав нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг давтан үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Лхамжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Л.Лхамжавт оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэд: “...Яллагдагч Л.Лхамжав нь давтан үйлдлээр 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Отгоннэргүйгээс хүүхдийг нь Орос 3 дугаар сургуульд оруулж өгнө, зам өрдөг тендер авч өгнө хэмээн худал хэлж 13,020,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 2-оос 2015 оны 9 дүгээр сарын 9-ний хооронд иргэн С.Баянзулд гурилын үйлдвэрийн лиценз авч өгнө хэмээн итгэл төрүүлэх аргаар хуурч мэхлэн 2,500,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Б.Урангоод хүүхдээ сургуульд оруулна хэмээн худал хэлж 704,000 төгрөгийг залилж бусдад нийт 16,224,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан 201525021881 дугаартай эрүүгийн хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд 222 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Лхамжавт 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг насанд хүрсэн эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Л.Лхамжавын гомдлоор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд, 258 дугаартай магадлалаар “...шүүгдэгч Л.Лхамжав нь 2015 онд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийтгүүлсэн эсэхийг шалгах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлж болзошгүй тул энэ асуудлыг мөрдөн байцаалтаар шалгаж, хэрэгт зохих баримтыг хавсаргасны дараа шүүгдэгчид холбогдох гэмт хэргүүдийг нэмж нэгтгэн шийдвэрлэх эсэх, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхэд дүгнэлт хийх боломжтой...” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Мөнхзул хэргийг хүлээн авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1393 дугаартай шийтгэх тогтоолоор Лхагваагийн Лхамжавыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг давтан үйлдэж нийт 23,174,000 төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лхамжавт оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

201201051408 дугаартай эрүүгийн хэрэгт Л.Лхамжав нь 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын хооронд нийт 7 удаагийн үйлдлээр нэр бүхий иргэдэд нийт 23,174,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна.

Харин 201525021881 дугаартай эрүүгийн хэрэгт 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл давтан үйлдлээр нэр бүхий иргэдэд нийт 16,224,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх ба эдгээр хэргийг нэгтгэн шалгаснаар хохирлын хэмжээ 39,398,000 төгрөг болж хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхөөр байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1393 дугаартай шийтгэх төгтоолыг хүчингүй болгуулж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалган, Л.Лхамжавт ял нэмж сонсгон хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 360 дугаар зүйлийн 360.1, 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив…” гэжээ.  

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн дүгнэлтийг дэмжиж байна. Л.Лхамжав нь 2012-2014 оны хооронд бусдыг залилж, нийт 23,174,000 төгрөгийн хохирол учруулж, шүүхээр ял шийтгүүлсний дараа дахин залилангийн гэмт  хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн. Эдгээр хэргүүдийг нэгтгэн шалгаснаар хохирлын хэмжээнээс хамаарч, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхөөр байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1393 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Л.Лхамжав нь 2012-2014 он хүртэлх хугацаанд бусдыг залилан мэхлэж 7 удаагийн үйлдлээр нийт 23,174,000 төгрөгийн хохирол учруулж, уг гэмт хэрэгтээ 2015 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1393 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн байх боловч энэхүү гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ өөр 3 удаагийн залилах үйлдлээр бусдад 16,224,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байна. Хэргүүдийг нэгтгэн хохирлын хэмжээг нэмж хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, ял өөрчилж сонсгох зорилгоор мөрдөн байцаалт явуулахаар 1393 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг прокурор бичсэн боловч дүгнэлт хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Үүнд:

-дүгнэлт бичсэн прокурорын албан тушаалын болон хэрэгт хяналт тавьсан байдал, Улсын дээд шүүхэд дүгнэлт бичих албаны хамаарал тодорхойгүй байна;

-дүгнэлтэд 201201051408, 201525021881 дугаартай хэргүүдийг нэгтгэн шалгах шаардлагыг тусгасан байх боловч Л.Лхамжав нь чухам ямар үйлдлээр, Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийг үйлдэж 23,174,000 төгрөг, 16,224,000 төгрөгийн хохирлуудыг тус тус бусдад учруулсан талаар дурьдаагүй;

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлд заасан шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тохиолдлын чухам аль нь хэргийг хянуулах үндэслэл болсон болохыг тодорхойлоогүй байна.

Иймд прокурорын тухайн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзан хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1393 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ

                             ШҮҮГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                             ШҮҮГЧ                                            Ч.ХОСБАЯР