Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 127

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

Хохирогч Д.Цэрэнлхагва

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн  

Шүүгдэгч Я.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д э овогтой Я.А-д холбогдох эрүүгийн 1834008270367 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, хоёр хүүхдийн хамтаар Төв аймгийн Аптанбулаг сумын 3-р баг “Бор үзүүр” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Д э овогтой Я.А /РД:__65040276/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Я.А нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч С.Саранцэцэгийн эзэмшлийн алдуул мал болох саран тамгатай, хонгор зүсмийн морь, мөн тус сумын нутагт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Д.Цэрэнлхагвын алдуул мал болох зуузай тамгатай цавьдар зүсмийн морь, саран тамгатай хонгор зүсмийн морь нийт 3 тооны адууг завшиж бусдад нийт 2.417.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг:  

Шүүгдэгч Я.А: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв. 

Хохирогч Д.Цэрэнлхагва: “2018 оны 01 сарын 21-ний өдөр адуугаа алдсан. Тэрнээс хойш хайсаар байж байгаад 10 сарын 22-ны өдөр хоёр морио олсон. Гомдол санал нь байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Д.Цэрэнлхагвын мэдүүлэг /хх-ийн 25-26тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Баасанжаргалын мэдүүлэг /хх-ийн 208-209 тал/, гэрч Дашдоржийн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, гэрч Түвшинжаргалын мэдүүлэг /хх-ийн 31 тал/, Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 33 тал/, алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 39-46 тал/, шүүгдэгч Я.Амарсайханы мэдүүлэг /хх-ийн 68-70 тал/ зэрэг болно.

         

          Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Я.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч Я.А нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч С.Саранцэцэгийн эзэмшлийн алдуул мал болох саран тамгатай, хонгор зүсмийн морь, мөн тус сумын нутагт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Д.Цэрэнлхагвын алдуул мал болох зуузай тамгатай цавьдар зүсмийн морь, саран тамгатай хонгор зүсмийн морь нийт 3 тооны адууг завшиж бусдад нийт 2.417.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулахыг завдсан болох нь:

  • Хохирогч С.Саранцэцэгийн: “Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Хужирт” гэх газар өнгөрсөн хавар байж байгаад адуугаа шуурганд уруудуулсан юм. Тэгээд тухайн үед чөдөртэй байсан хөндөлтэй саран тамгатай улаан хонгор морио хулгайд алдсан. Тэгээд тухайн үед нутгийн залуучуудаасаа асууж сураад байж байсан сураг гараагүй. Тэгээд 2018 оны 10-р сарын 22-ны өдөр хэдэн мал хийгээд Төв аймгийн Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулдаг түүхий эдийн цэг дээр махаа тушаах гээд очтол тухайн түүхий эдийн хашаанд манай хулгайд алдсан хөндлөн тамгатай хонгор зүсмийн морь зогсож байсан...би өөрийнхөө морийг зүс болон хөндөлтэй саран тамгаар нь таньж байна...уг адуу одоо Сэргэлэн сумын 2 дугаар баг Баруун хөшөөт гэх газар өөрийн адуундаа аваачиж тавьсан байгаа...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/
  • Хохирогч Д.Цэрэнлхагвын: “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн цасан шуурганаар хонгор азаргатай 11 тооны адуугаа уруудуулж алдсан. Тухайн үед эрэл сурал хийгээд адуугаа олоогүй. Тэгтэл 2018 оны 10 дугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Долоон гэх газар мал мах худалдан авдаг цэгт өөрийн эзэмшлийн хоньноосоо 1 тооны хонь зарах гээд очтол миний алдсан хонгор азаргатай 11 тооны адуунд цуг явсан зуузай тамгатай цавьдар морь, саран тамгатай хонгор морь хоёр уяатай байсан. Тэгээд тухайн үед мал мах авдаг эзэнтэй уулзаж ярилцахад Амараа гэх залуу портер маркийн машинтай 2018 оны 10 дугаар сарын 21-ний шөнө бойнд оруулах гээд ирсэн гэж хэлсэн...тухайн үед цасан шуурганаар адуу мал их уруудсан учраас би Говьсүмбэр, Дорноговь, Айраг, Сайхандулаан сум, Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил, Цагаандэлгэр, Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сум зэрэг газруудаар одоог хүртэл хайгаад сураг ер гараагүй..алдсан 2 тооны адууны үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
  • Хохирогч П.Баярбатын хууль ёсны төлөөлөгч П.Баасанжаргалын “...дүүгийн адууг маллаж байсан Цэрэнлхагва нь 2018 оны хавар шуурганд адуугаа алдаад эргэж олоход 11 тооны адуу байхгүй дутуу байсан. Тэгээд 2018 оны намар Цэрэнлхагва маань Сэргэлэн сумын малын бойн дээр 2 адуу нь байж байхыг хараад цагдаад дуудлага өгч хоёр адуугаа олж авсан...адуугаа хайхад зарцуулсан шатахууны зардалыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 218-219 тал/
  • Гэрч А.Дашдоржийн: “Манайх адуугаа 2017 оны 12 дугаар сард Говьсүмбэр аймгийн “Баянтал” гэх газар луу отроор авч явсан. Тэгээд тэнд байж байгаад адуугаа шуурганд алдаад би 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орчим адуугаа хамт бөөгнүүлэхэд манайх 200 гаран адуу бөөгнүүлээд манай хар азргатай адуунд нийлчихсэн байсан. Тэгээд манай адуунд байж байгаад 2018 оны 04 дүгээр сарын эхээр адуугаа Төв аймгийн Баян- Өнжүүл сумын нутаг руу татаад ирсэн. Тэр цагаас хойш манай адуунд байгаа хүмүүс эрэл сурлаар асууж ирээгүй удсан. Тэгээд манайх одоо адуугаа оторт явуулах гэж байгаа тул манай адууг дагуулаад ийш тийшээ явж магадгүй гээд аав барьж аваад уячих гээд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Долоон гэх газар түүхий эд авдаг бойны газарт авчирч буулгаад хашаанд нь уячихаад явсан. Тухайн морийг миний өөрийн эзэмшлийн Портер маркийн 68-48 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй аав Я.Амарсайханы хамтаар ачиж бойны хашаанд буулгаж орхичихоод гэр лүүгээ явсан...уг машин нь миний аавын нэр зээр байдаг машин...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
  • Гэрч Д.Түвшинжаргалын: “...Намайг ажил дээрээ байхад 2018 оны 10 дугаар сарын 22-ны 00 цаг өнгөрч байхад Я.Амарсайхан орж ирээд адуу буулгая гэхээр нь би махныхантай ярьж байгаад буулга гэсэн чинь махныхан хаалга тайлахгүй байна гээд буцаад ирсэн. Тэгэхээр нь би хүлээж аваад хашаанд оруулаад уясан. Тэгээд маргааш өдөр хүрч ирж уулзана гэж хэлээд явсан...гарал үүслийн гэрчилгээгүй малчныхаа тамга, жолооны үнэмлэх машины бичиг баримт зэрэг бичиг баримтаар нь бүртгээд мал, махыг нь авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/
  • Гэрч Б.Наранцэцэгийн: “Өмнө жил мал мах өгөхдөө гарал үүслийн бичигтэй ирдэг байсан. Сүүлийн үед гарал үүслийн бичиг баримтгүй ирж мал, махаа өгч байгаа. Я.Амарсайхан 2018 оны 10 сарын 21-ний өдөр надруу залгаад маргааш өглөө 2 тооны адуу аваачиж өгөх гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь тэгээ тэг гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2018 оны 10 сарын 22-ны өдөр 12 цагийн үед ирэхэд хашаанд морио уячихсан байсан.Тэгтэл Наран гэх хүн мал өгөх гэж ирээд хашаанд байсан морийг харчихаад манай алдсан морь мөн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тухайн морь нь хөндлөн саран тамгатай хонгор зүсмийн морь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/
  • Шүүгдэгч Я.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны хавар 4 дүгээр сард хонгор зүсмийн хөндөлтэй саран тамгатай 1 тооны адуу манай адуунд ирж нийлсэн. Би уг адууг хүнээс асууж сурсан. Эзэн нь олдолгүй одоог хүрсэн. Энэ хооронд би уг адууг маллаж байгаад 10 дугаар сарын 22-ны өдөр цагийг сайн санахгүй байна, би Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Бор үзүүр” гэх газраас өөрийн адуун дотроос хонгор зүсмийн хөндөлтэй саран тамгатай 1 тооны морийг өөрийн эзэмшлийн Бонго Портер маркийн 68-48 ТӨА машинд ачаад Сэргэлэн сумын нутаг “Долоон уул” гэх газар байдаг “Хатан” мал нядалгааны газар аваачаад тэдний хашаанд оруулаад машинаас буулгаад хашаанаас уясан. Тэгээд би явсан. Би уг адууг буулгачихаад маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 08 цагийн үед буцаад “Хатан” гэх мал нядалгааны газар уг адуун дээр очсон. Тэгээд байж байтал өдөр 15 цаг өнгөрч байхад Наран гэх хүн ирээд энэ морь миний алдсан морь байна гэхээр нь би таны алдсан морь мөн бол та аваа гэсэн. Тэгээд байж байхад цагдаа ирээд надыг аваад явсан. Би маллаж байхад уг адууны эзэн нь гарч ирээгүй их удсан. Уг адуу манай адууг дагуулж адуунаас салаад байхаар нь салгаж хөөгөөд явахгүй байсан. Тэгээд болохгүй болохоор нь “Хатан” гэх газар зарахаар аваачсан. Би уг адууг зарах гэж байгаа талаар хүү Дашдоржид хэлээгүй. Аавдаа туслаадах гээд л аваад явсан. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Манай хүүхэд мэдээгүй...2018 оны хавар 01 дүгээр сарын 10-ны үед манай хүү Дашдорж өөрийнхөө адууг алдаад 2018 оны 03 дугаар сарын 25-ны үед Дорноговь аймгийн Айраг сумаас адуугаа олоод 2018 оны 04 дүгээр сарын 10-ны үед Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Жилүүтэйн бууц” гэх газар өөрийнхөө өвөлжөөн дээр авчирхад зуузай тамгатай хүрэн цавьдар морь, босоо саран тамгатай хонгор морь энэ 2 адуу манай адуунд хамт ирсэн байсан. Би уг 2 адууг 2018 оны 04 дүгээр сараяс хойш хараад байж байсан. Тэгэхэд нэг удаа хүн асууж хайж ирээгүй. Би 2018 оны 10 дугаар сарын 22- ны өглөө өөрийнхөө 68-48 ТӨА тээврийн хэрэгслээр энэ 2 адууг зарахаар Төв аймаг Сэргэлэн сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хатан” мал нядалгааны газар аваачаад байж байхад эзэн нь ирээд манай адуу байна гээд аваад явсан. Би тэр хоёр адууг “Хатан” гэх газар зарахаар аваачсан...би эзэн нь ирээд авах байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй...би 11 тооны адуу аваагүй, 2 адуу манай адуутай хамт гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-73 тал/
  • “Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06/11 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 39-46 тал/
  • “Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06/10 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 54-58 тал/
  •  “Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09/40 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 95-105 тал/
  • Хохирогч Д.Цэрэнлхагвын мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллого /хх-ийн 116-118 тал/
  • Шатахууны баримтууд /хх-ийн 156-161 тал/
  • Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн  211-212  тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Шүүгдэгч Я.А-ы ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

            Шүүгдэгч Я.А-ыг алдуул малыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсан гэмт хэргийн нөхцөл байдал, түүнд оногдуулах ял шийтгэл, бусад нөхцөл байдлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Я.А нь алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

            Иймд шүүгдэгч Я.А-ыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Я.А-ыг алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч хохирогч С.Саранцэцэг, хохирогч Д.Цэрэнлхагва, хохирогч П.Баярбатын хууль ёсны төлөөлөгч П.Баасанжаргал нарын алдуул малыг тус тус буцаан олгосон, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэрэнлхагва нь “583.000 төгрөгийн бензиний төлбөр гарсан. 500.000 төгрөгийн хохирол төлсөн, бид нарын зүгээс хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа” гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Я.Амарсайхан нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Я.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480.000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга: “Шүүгдэгч нь хохирол төлбөрийг барагдуулсан. Энэ гэмт хэрэг нь төгсөөгүй гэмт хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан байгаа. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2/3 дахин багасгаж ял оногдуулна гэж заасан байгаа. Тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тийм учраас хөнгөрүүлэх хуулийн шаардлага байгаа.  450 нэгжээр торгох ял оногдуулах саналтай. Битүүмжилсэн Портер машины хувьд 7.5 дугаар зүйлд заасны дагуу энэ нь гэмт хэрэг  үйлдэж олсон хөрөнгө орлогыг битүүмжилсэн байна. Энэ гэмт хэргээс олсон орлого байхгүй. Бусдад төлсөн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Гэр бүлийн байнгын хэрэгцээний машиныг буцаан олгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна. Завдалт байгаа. Энэ хүн нь хулгайлсан гэмт хэрэг байхгүй. Алдуул малыг олоод буцаад ирэхэд нь энэ хүний маланд нийсэн байдаг. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бол ийм зүйл болохгүй байсан. Энэ хүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм учраас хөнгөрүүлж  харгалзаж үзнэ үү” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн: “А.Мөнхтулга өмгөөлөгчтэй санал нэг байна” гэх тус тус саналыг гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгч Я.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Я.Амарсайханд сануулав.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгийн гаргасан: “...Энэ гэмт хэргээс олсон орлого байхгүй, бусдад төлсөн хохирлыг бүрэн барагдуулсан тул гэр бүлийн байнгын хэрэгцээний машиныг буцаан олгож өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Я.А-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-48 ТӨА улсын дугаартай Бонго Портер маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Я.Амарсайханых болох нь: 68-48 ТӨА улсын дугаартай Бонго Портер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 105 тал/, шүүгдэгч Я.А-ы “...Бонго Портер маркийн 68-48 ТӨА улсын дугаартай машин нь миний өөрийн эзэмшлийнх, миний машин одоо гэрийн гадаа байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/ зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж,

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно“ гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тус тус хуульчилсан байна.

Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэдэг нь гэм буруутай этгээд нь гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, хөнгөвчлөх, хялбарчлах, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугатах, учирч болох саадыг арилгахын тулд ашигласан тээврийн хэрэгсэл юм.

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэхийн тулд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болон үнийг гэмт хэргийн бодит хохиролд тооцуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Я.А-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-48 ТӨА улсын дугаартай Бонго Портер маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна. 

              

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Я.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д э овогтой Я.А-ыг бусдын алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. ШүүгдэгчД э овогтой Я.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д э овогтой Я.А-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д э овогтой Я.А-ыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д э овогтой Я.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д э овогтой Я.А-ыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-48 ТӨА улсын дугаартай Бонго Портер маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын орлого болгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д э овогтой Я.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Цэрэнлхагвад шатахууны зардалд 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д э овогтой Я.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.