Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 132

 

 

 

 

                       

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  И.Отгонсүрэн,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхээ

-шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт М.У-д холбогдох эрүүгийн 1934000310064 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 26 настай, эрэгтэй.бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Энержи Ресурс” ХХК-нд даампын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Хувьсгалчдын гудамж 607 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

-2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 549 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

-2014 онь 07 дугаар сарын 04-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргэн анхан шатны шүүхийн 864 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

-2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2724 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцогдож 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Г овогт М.У-д  /РД:__92070759/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г овогт М.У-нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 94-48 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл байдал хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тоохируулан сонгож явна”, мөн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч М.Очирбатын амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г овогт М.У-: “2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгаас гараад Улаанбаатар орох гэж байгаад осолд орсон. Миний буруугаас болж энэ осол болсонд харамсаж байна...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.500.000 төгрөг өгсөн..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 3-13 тал/, цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-17 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Сайнбаярын мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, гэрч Б.Хэрэвчулууны мэдүүлэг /хх-ийн 25 тал/, гэрч Р.Нямдаваагийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/, гэрч Б.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, гэрч Б.Батсайханы мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, замын цагдаагийн шинжээчийн №14 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 тал/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн №12 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-54 тал/, шүүгдэгч М.У-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-74 тал/ зэрэг болон шүүгдэгч М.У-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

Шүүгдэгч М.У нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 94-48 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл байдал хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тоохируулан сонгож явна”, мөн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч М.Очирбатын амь насыг хохироосон”  болох нь:

  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Сайнбаярын “Талийгаач нь миний төрсөн хүү байгаа юм, хүү маань 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө зам тээврийн осолд орж нас барсан...би 10.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 тал/,
  • Гэрч Б.Хэрэвчулууны “ Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр оройн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нөхөр М.Улаанхүүгийн 94-48 УНА улсын дугаартай Мицибуши Мирадж Динго маркийн тээврийн хэрэгслийг Улаанхүү жолоодож миний ээж Нямдаваа, талийгаач Очирбат дахиад 2 хүн суулгаад Улаанбаатар хот ороод Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум орохоор явж байсан. Тэгээд 04 цаг 25-30 минутын хооронд Төв аймгийн нутагт явж байгаад осолд орсон. Би тэр үед унтаж байсан болохоор сайн санахгүй байна, сэрэхэд миний ээж Нямдаваа мөн төрлийн дүү Очирбат нар машинаас шидэгдэн гадаа байж байсан. Тэгээд бид нар машинаас гараад гадаа байсан ээж, дүү хоёрыг үзэхэд ээж маань зүгээр, дүү маань хүйтэн байсан....тэгсэн хамт явж байсан Баяраа ах дүүгийн маань судсыг шалгаж үзээд нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
  • Гэрч Р.Нямдаваагийн: “...Би 2019 оны Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар явахаар өөрийн төрсөн охин Хэрэвчулууны нөхөр болох Улаанхүүгийн машинд Б.Очирбат, охин Пүрэвчулуун, хоёр танихгүй хүн, бид нар 18 цагийн үед явсан. Тэгээд явж байгаад Төв аймгийн нутаг руу орж ирэхэд би нойр хүрээд унтаж сэрээд явж байсан. Тэгээд би унтаж байгаад сэрэхэд би машины хойд талд нь байсан. Би босох гээд оролдоход миний бие өвдөөд босч чадаагүй...би унтаж явсан болохоор болсон үйл явдлыг мэдэхгүй байна...уг тээврийн хэрэслийг Улаанхүү жолоодож явсан...Улаанхүү эрүүл байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...талийгаач Б.Очирбат нь хойд талын жолоочийн арын суудал дээр сууж байсан...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/
  • Гэрч Б.Энхтуяагийн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суман дээр ирж Улаанбаатар орох машин хайгаад Улаанхүү гэх хүний машинд суусан. Тэгээд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд унтаад сэрээд явж байтал 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн өглөөний 04 цаг өнгөрч байхад миний хажууд сууж явсан танихгүй ах хүүе юу болж байна гэж хэлсэн. Тэгээд би удалгүй сэргэсэн, тэгтэл машин маань хажуу талаараа унасан байсан, миний сууж явсан машиныг Улаанхүү гэх хүн жолоодож явсан...гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
  • Гэрч Б.Баярсайханы: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед Өмнөговь аймаг Цогтцэций сумаас 94-48 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж Улаанбаатар хот руу явсан, би уг машинд унтаад явж байтал 04 цагийн орчимд Төв аймгийн нутаг замын Цагдаагийн пост өнгөрөөд даваа даваад явж байтал гэнэтхэн машин маань онхолдох шиг л болсон. Тэгээд сэрээд хартал машин маань хажуугаараа унасан байсан...машинд Энхтуяа, жолооч Улаанхүү болон эхнэр Хэрэвчулуун, тэгээд би, бид нар байсан...машины хажууд унасан талийгаач Очирбат дээр очиж үзэхэд амьсгалгүй байсан...талийгаач жолоочийн арын суудал дээр сууж явсан...жолооч архи уугаагүй эрүүл байсан, машин эвдрэл байхгүй, зүгээр явж байсан...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
  • Шүүгдэгч М.Улаанхүүгийн яллагдагчаар мэдүүлсэн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн 94-48 УНА улсын дугаартай Мицубуши Дино маркийн тээврийн хэрэгслийг би жолоодоод хамт эхнэр Хэрэвчулуун хадам ээж Б.Нямдаваа, эхнэрийн маань төрлийн дүү Очирбат, мөн Баярсайхан, Энхтуяа нарын хамт гараад явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 04 цагийн орчим замын хажуу руу онхолдсон...бид нар анх осол болсны дараа машинаас гараад гадаа харахад харанхуй байсан. Тэгээд дүү Очирбат нь машинаас хол хэвтэж байхаар нь хамт явж байсан Баярсайхан ах бид хоёр хамт очиж үзэхэд Баярсайхан ах нас барсан байна гэж хэлсэн...би болон бусад хүмүүс маань суудлын бүс хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/
  • Замын цагдаагийн шинжээчийн №14 дугаартай “...94-48 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл байдал хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан” гэх дүгнэлт /хх-ийн 44 тал/,
  • Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №12 дугаартай “...Талийгаачийн биед гавал ясны нийлмэл хугарал, тархины эдийн аалзан хальсан доорхи цус харвалт, биед язарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд гавал ясны нийлмэл хугарал, аалзан хальсан доорхи цус харвалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 тал/
  • 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн талийгаач М.Очирбатын өмсөж явсан гэх хувцсууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хувцсуудад урагдалт цоорхой илрэхгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-58 тал/
  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 тал/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 тал/
  • Осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13 тал/
  • Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /х-ийн 14-16 тал/
  • Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 тал/
  • Шүүгдэгч М.У-ийн урьд нь ял шийтгүүлж байсан гэх шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 76-84 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Шүүгдэгч М.У-ийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

          Шүүгдэгч М.У нь “94-48 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч М.Улаанхүү нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл байдал хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

           

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч М.Очирбатын амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

            Шүүгдэгч М.У-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч М.У-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насанд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Сайнбаяр нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохиролд 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.У нь 3.500.000 төгрөг төлсөн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч шүүхээс тогтоосон 6.500.000 төгрөгийг төлсөн байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас М.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хуульд заасан завсарлага авч бусдад учруулсан хохирлоо төлсөн учраас тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү” гэв.

- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “Хохиролд 6.500.000 төгрөгийг төлсөн. Дансаар 6.300.000 төлсөн, бэлнээр 200.000 төгрөг надад төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, тэнсэхэд татгалзах зүйлгүй гэж утсаар хэлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг хэрэглэх боломжтой” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч М.У-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч М.У-г тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Сайнбаярын “...хохирол төлбөр төлсөн, гомдол саналгүй, тэнсэхэд татгалзах зүйлгүй..” гэснийг,  гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч М.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг харъяа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу М.У-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

            Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1934000310064 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Улаанхүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №871091 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт М.У-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Г овогт М.У-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногодуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч  Г овогт М.У-д үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч  Г овогт М.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Г овогт М.У-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №871091 дугаарын жолоочийн үнэмлэх /1 ширхэг/-ийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  Г овогт М.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч  Г овогт М.У нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Сайнбаярт хохиролд 10.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Г овогт М.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА