| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2025/00032/И |
| Дугаар | 207/ма2025/00094 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 207/ма2025/00094
| 2025 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 207/МА2025/00094 |
2025 09 08 207/МА2025/00094
“““““““ ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Э.”““““““, С.”““““““ нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00836 шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “““““““ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.”““““““, С.”““““““ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,676,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагч С.”““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн цахимаар, хариуцагч С.”““““““, Э.”““““““, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч “““““““ ХК нь үндсэн зээл 4,890,347 төгрөг, зээлийн хүү 7,111,551 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650,622 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг нийт 12,676,519 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Э.”““““““ нь “...12,676,519 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж барагдуулна...” гэж, хариуцагч С.”““““““ нь “...зээлээр авсан “““““““ОРО улсын дугаартай машин нь Э.”““““““ы өмч, өөрөө зээлээ бүрэн хариуцна...” гэх тайлбарыг тус тус гаргаж, мэтгэлцсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна.
Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авснаас нийт 12,652,519 төгрөг төлсөн, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан, зээлийн гэрээний үүргийн зөрчил 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлсэн ба зээлдэгч нар өөрийн оршин суугаа хаягаа өөрчлөөгүй байна.
Нэхэмжлэгч “““““““ ХК нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1.1.-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд уг гэрээг хугацаанаас өмнө цуцлах эсхүл зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэхийг зээлдэгч нарт мэдэгдэх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд 2024 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргасан байгааг шүүх анхаарч үзээгүй байна.
Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү-5,214,657 төгрөг нийт 20,214,657 төгрөг төлөх үүрэг хүлээснээс зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 12,652,519 төгрөг төлсөн, үндсэн зээлээс 4,890,347 төгрөг төлөөгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй зэргийг тус тус харгалзан үзэж зээлдэгч нараас зээлийн хүүгийн төлбөр 7,111,551 төгрөгнөөс 50 хувиар хасч тооцож, зээлийн төлбөрт нийт 9,120,744 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,555,775 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хамтран зээлдэгч С.”““““““ нь хууль болон зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлдэгчийн адил зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг тул түүнийг зээлийн төлбөрөөс чөлөөлөх эсхүл хамтран зээлдэгчийг солих боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуульд нийцсэн байна.
Харин хариуцагч Э.”““““““ нь “...зээлийн төлбөрт бараг 18 сая төгрөг төлсөн, үндсэн зээлээ төлбөл зээлийг хааж дуусгаж болно гэж эдийн засагч утсаар хэлж байсан тул зээлийн хүү төлөхгүй, үндсэн зээл төлж дуусгая” гэж тайлбарлаж буй тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөхгүй.
Иймд хариуцагч С.”““““““ын гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 312/ШШ2025/00836 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Э.”““““““, С.”““““““ нараас үндсэн зээл 4,890,347 төгрөг, зээлийн хүү 3,555,775 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650,622 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг, нийт 9,120,744 төгрөг гаргуулан “““““““ны Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 мянгатын Ард төвлөрсөн тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 3,555,775 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтыг “217,774 төгрөг” гэснийг “160,882 төгрөг” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч С.”““““““ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 217,774 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ